Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00159

 

Ө.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01520 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1930 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ө.Э

          Хариуцагч: “... нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-т холбогдох

          Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19,887,970 төгрөг гаргуулах, 2017 оны ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Э, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч Ө.Э нэхэмжлэл болон тайлбартаа: “... анхан шатны шүүхийн 2017 оны 536 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1225 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2017 оны 1205 дугаар тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон, ажил албан тушаалд томилохыг хүссэн өргөдлөө хариуцагчид удаа дараа өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу “... нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2017-12-22-ны өдрийн 0/1045 тоот тушаал гаргасан хэдий ч намайг өнөөдөр хүртэл ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй, ажил хийлгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны буюу 2017-3-13-ны өдрөөс 2018-5-31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 19,887,970 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулж өгөн үү” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...3 шатны шүүхийн шийдвэрээр Ө.Эыг ажилд эгүүлэн тогтоож, олговорт 2,835,000 төгрөг гаргуулсныг 2018-01-сард олгосон.Хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаас хойш 2017-12-22-ны өдөр Ө.Эыг ажилд эгүүлэн авсан ба тэрээр одоогоор хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байна. 2017 онд гурван шатны шүүх нэхэмжлэгчийн өдрийн дундаж цалинг 35,000 төгрөгөөр тогтоож 81 хоногийн цалин хөлсийг гаргасан. Гэтэл Ө.Э 12,766,765 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагаа нэмэгдүүлж 19,887,970 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай байгууллага ажилгүй байсан хоног нь 300 өдөр байна гэж тооцоолоод дундаж цалин 35,000 төгрөгөөр бодоод 10,5сая төгрөг санал болгосон ч зөвшөөрөөгүй. Ө.Эын 2016 оны цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаанаас харахад нэг өдрийн дундаж цалин 27,000 төгрөг байгаа. Иймд энэ дүнгээр тооцох ёстой. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01520 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “... нэгтгэл” ОНӨААТҮГазраас 17,064,894 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг 2017 оны амралтын мөнгө гаргуулахыг хүссэн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1930 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна. 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн ИХШХШТХ-н 40.1, 40.2-р нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Хариуцагчаас хэрэгт нэхэмжлэгчийн 2016 онд авсан цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгсөн. Уг баримтаас харахад нэхэмжлэгч 2016-1 сард 21 хоног ажиллахаас 4 хоног ажилласан байна. 2016-11-11-ний өдөр шалгагчаар шилжүүлсэн тушаал гарсан. Тэхээр дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын дундаж цалинг тодорхойлохдоо 2016-10 сар 9 сар 8 сараар тооцох байсан. Нэхэмжлэгч 2016-10 сард бүгд цалин 465,300 төгрөг, 2016-9 сард бүгд цалин 2,064,512 төгрөг /энэ сард амралтын мөнгө давхар бодогдсон 899,112 төгрөг/ 2,064,512 – 899,112= 1,165,400 төгрөг байна. 2016-8 сард бүгд цалин 1,127,000 төгрөг авсан байдаг. 465,300+ 1,165,400+1,127,000= 2,757,700 төгрөг, 2,757,000 / 3 = 919,233 1 сарын дундаж цалин 919,233 /21.5 = 42,755 төгрөг 1 өдрийн дундаж цалин хөлс гарч байна.2017-03-13-ны өдрөөс 2018-05-29-ний өдөр хүртэл ажлын 301 хоногоор тооцоход 42,755* 301=12,869,255 төгрөг байна. Иймд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ө.Э 2018-02-21-ний өдөр шүүхэд хандан, “... нэгтгэл”  ОНӨААТҮГ-с 19,887,970 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2017 оны ээлжийн амралтын мөнгө шаардахдаа “.. ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан боловч ажил олгогч ажилд буцааж аваагүй тул ажлаас гарах хүсэлтээ өгсөн... иймд шүүхийн шийдвэр гарсан 2017-3-13-ны өдрөөс ажлаас халагдах хүсэлт гаргасан 2018-5-31-ний өдөр хүртэл хугацааны олговрыг амралтын мөнгөний хамт авна..” гэсэн үндэслэл заасан байна.   

     Анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх олговрыг 56,694 төгрөгөөр тооцож нийт 17,064,894 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагчаас гаргуулсан мөнгөний хэмжээг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хан-уул дүүргийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 536 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1205 дугаар тогтоолоор Ө.Эыг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд нь эгүүлэн тогтоосон боловч шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй нь нотлогджээ.      

       Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй бол ажилгүй байсан бүх хугацааны олговрыг ажил олгогч төлнө. Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69,46 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.        

        Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин,хөлсийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр тооцсон нь буруу биш тул энэ тухай гомдлоор  магадлал өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцэхгүй гэж үзлээ. 

         Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1930 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 243,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                             

 ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ