Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/01520

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

         Дугаар 183/ШШ2018/01520

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 56/1, 53 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Б овогт Өийн Э /РД:ОГ88102301/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байр, ЗОНӨААТҮГ /РД:5893704/-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 19 887 970 төгрөг гаргуулах, 2017 оны ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 536 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1205 дугаар тогтоолоор намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг хүссэн өргөдлөө хариуцагч байгууллагад удаа дараа өгсөн. Эдгээр шүүхийн шийдвэрийн дагуу З ОНӨААТҮГ нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0/1045 тоот тушаал гаргасан хэдий ч намайг өнөөдрийг хүртэл ажлаар хангаагүй, ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй. Намайг удаа дараа ажлаа хийе гэж ажилдаа очиход ажил хийлгээгүй. З ОНӨААТҮГ нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн. Иймд би анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны буюу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 19 887 970 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг З ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргаж байна” гэв.

 

Хариуцагч З ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ө.Э нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/291 тоот тушаалаар ЗОНӨААТҮГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажилд орсон ба 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 тоот тушаалаар нийтийн тээврийн автобусны шалгагчаар шилжүүлэн ажиллуулсан. Энэ тушаалыг Ө.Э хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж Ө.Эыг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 2 835 000 төгрөг гаргуулахаар тогтоосныг Ө.Эд ЗОНӨААТҮГ нь 2018 оны 01 дүгээр сард олгосон. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ө.Эыг ажилд эгүүлэн авсан ба тэрээр одоогоор хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байгаа болно. 2017 онд гурван шатны шүүх нэхэмжлэгчийн өдрийн дундаж цалинг 35 000 төгрөгөөр тогтоож 81 хоногийн цалин хөлсийг гаргасан. Гэтэл Ө.Э 2018 ны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 12 766 765 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалинд 19 887 970 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай байгууллагын зүгээс Ө.Эын ажилгүй байсан хоног нь 300 өдөр байна гэж тооцоолоод анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрээр тогтоосон Ө.Эын нэг өдрийн дундаж цалин 35 000 төгрөгөөр тооцон, нийт 10 500 000 төгрөг олгохыг санал болгосон боловч энэ саналыг Ө.Э хүлээн зөвшөөрөөгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 7 дугаар зүйлд хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж зааснаар хавтаст хэрэгт байгаа Ө.Эын 2016 оны цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаанаас харахад Ө.Эын сүүлийн 3 сарын дундаж цалин 1 792 000 төгрөг, нэг сарын дундаж цалин 597 522 төгрөг байгаа тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын дагуу бодоход Ө.Эын нэг өдрийн дундаж цалин 27 000 төгрөг болж байгаа. Иймд энэ үнийн дүнгээр тооцох ёстой гэж үзэж байна. Харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

                              

Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч ЗОНӨААТҮГазарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 19 887 970 төгрөг гаргуулах, 2017 оны ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ЗОНӨААТҮГазарын захиралын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, 1 дүгээр баазад шалгагчаар шилжүүлжээ. Нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус тусын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн ба тус шүүх хэргийг хянан шийдвэрлэж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 835 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмыг дагуу баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.  

 

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1202 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ЗОНӨААТҮГазар нь нэхэмжлэгч Ө.Эыг Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажиллуулахаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б/1045 дугаар тушаал гаргасан байх боловч уг тушаал хэрэгжээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хариуцагч байгууллагын хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дуламсүрэн, нэхэмжлэгч Б.Э нарын уулзалтын “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эцсийн байдлаар бүрэн асуудлыг шийднэ” гэх тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ үйл баримтад маргаагүй.

   

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 301 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /1 өдрийн цалинг анхан шатны шүүхийн тогтоосон 56 694 төгрөгөөр тооцож 301 хоног х 56 694 төгрөг/ нийт 17 064 894 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 823 076 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь 2017 онд ажил эрхлээгүй тул амралтын мөнгө шаардах эрхгүй гэж дүгнэв.  

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 243 273 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ЗОНӨААТҮГазраас 17 064 894 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 823 076 төгрөгт холбогдох хэсгийг болон 2017 оны амралтын мөнгө гаргуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 243 273 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ