Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0117

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Төрмөнхийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Төрмөнхийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Могултаун хотхоны 98 дугаар байрны 207 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудын өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот “Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай” мэдэгдэлд “Могул скай” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь битүүмжлэх талаар шийдвэр гаргасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдсэн тухай нотлох баримтууд хэрэгт авагдсаар байтал үүнийг харгалзан үзэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь шүүхээс хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч М.Төрмөнхийн “Могул скай” ХХК-иас худалдан авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 98 дугаар байр, эрхийн улсын бүртгэлийн              Ү-2206018350 дугаарт “Могулскай” ХХК-ийн өмчлөлд 30 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байгаа хэдий ч нэхэмжлэгч М.Төрмөнхийн худалдан авч, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон орон сууц, автомашины зогсоолуудыг уг барьцааны гэрээний барьцаалбарт хамааруулж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэг барьцаа хөрөнгөтэй хамт шинэ өмчлөгчид шилжих зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. “Могул скай” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж зээл авсан бөгөөд М.Төрмөнхийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 1А буюу 98, Г97 хаягт байрлах авто зогсоол нь “Могул скай” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-д барьцаалсан үл хөдлөх хөрөнгөд хамаарч байна.  Зээлдэгч “Могул скай” ХХК нь зээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул скай” ХХК-иас 2.055.460.140 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Монгол таун хотхоны 17025, Ар зайсангийн 98 тоот барилга, мөн хаягт байрлах Г97 тоот, автомашины зогсоол зэргийг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шаардах эрх үүссэн байхад шүүгчээс “Нэхэмжлэгч М.Төрмөнх уг барьцааны гэрээний оролцогч биш, Улаанбаатар хотын банк ХХК-ийн өмнө ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй байна” гэж үзэж байгаа нь барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлаж, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч М.Төрмөнх нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 207 тоот орон сууц болон 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудын өмчлөгчөөр М.Төрмөнхийг бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх орон сууц болон автомашины зогсоолуудын өмчлөгчөөр М.Төрмөнхийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

          Захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоохдоо уг эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй холбогдох хуульд нийцсэн эсэхийг шалгах үүрэгтэй.

           Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3949 дүгээр шийдвэрээр маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 207 тоот орон сууц болон 1А-9, ГГ2-55 дугаар бүхий автомашины зогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгч М.Төрмөнхийг тогтоосон байх бөгөөд тэрээр уг өмчлөх эрхээ баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст гаргасан мэдүүлгийг нь бүртгэхээс татгалзаж буцаасан үйл баримт хэрэгт авагдсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 12/8180 дугаар албан бичгээр нотлогдож байх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж үзнэ.

          Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 207 тоот орон сууц болон 1А-9, ГГ2-55 дугаар бүхий автомашины зогсоолуудын өмчлөгчөөр М.Төрмөнхийг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулж бүртгэх үүрэгтэй.

         Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй “Могул Скай” ХХК-ийн Улаанбаатар хотын банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр мэдүүлгийг нь бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус байх бөгөөд Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчжээ. Түүнчлэн,

         Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна”, 5.5.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн”, 5.5.4-т “барьцааны” гэж зааснаар өмчлөх эрх болон барьцаа нь тусдаа бүртгэлээр хийгддэг бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэснийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасантай холбож ойлгохоор байх тул шүүхийн шийдвэрээр өмчлөгч тогтоогдсон тохиолдолд Улаанбаатар хотын банкны зөвшөөрлийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байжээ.

         Нөгөөтэйгүүр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны шаардлага хэвээр хадгалагдах, барьцаа хүчинтэй хэвээр байх зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч М.Төрмөнхийн өмчлөх эрхийг баталгаажуулсан бүртгэл хийснээр  Улаанбаатар хотын банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөнө гэж үзэх боломжгүй юм.

         Хэдийгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот “Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай” мэдэгдэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол байгаа ч “Могул Скай” ХХК-иас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь өөр шүүхийн шийдвэрээр өмчлөгчийг тогтоосонтой хамааралгүй, дээр дүгнэснээр барьцаа хүчин төгөлдөр хэвээр тул гуравдагч этгээдээс гаргасан “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Могул скай” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь битүүмжлэх талаар шийдвэр гаргасан, албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан тухай нотлох баримтууд хэрэгт авагдсаар байтал үүнийг харгалзан үзэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин шүүх “нэхэмжлэгч М.Төрмөнхийн худалдан авч, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон орон сууц, автомашины зогсоолуудыг уг барьцааны гэрээний барьцаалбарт хамааруулж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 990 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                         

                                     ШҮҮГЧ                                            Э.ХАЛИУНБАЯР

                                     ШҮҮГЧ                                            Э.ЗОРИГТБААТАР  

                                     ШҮҮГЧ                                            О.НОМУУЛИН