Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/01368

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т овогтой, Т.М-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 17.573.317 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Г.Э, хариуцагч Т.М, түүний өмгөөлөгч Ш.С, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Хариуцагч Т.М нь манай компанитай 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан манай компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах болсон. Борлуулагчийн гэрээний 1.4-т заасны дагуу компанийн зүгээс борлуулагчид бараа бүтээгдэхүүн өгч борлуулагч нь уг бараа бүтээгдэхүүнийг борлуулж, улмаар бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогыг компанийн дансанд өдөр бүр тушаах үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч Т.М нь дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд өдөр тутмын орлогыг компанид тушаахгүй явсаар нийт 10.893.690 төгрөгийн бараа бүтээгдэхүүний өр, төлбөр үүсгэсэн. Бид уг асуудлаар хариуцагчтай удаа дараа холбоо барьж, төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл өгч байсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр байгуулагдсан борлуулагчийн гэрээний 1.4, 3.12-т зааснаар барааны бүтээгдэхүүний өр, дутагдалд 10.893.690 төгрөг болон алданги 5.446.845 төгрөг, нийт 16.340.535 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, талууд 2016 оны 7 дугаар сард тооцоо нийлж, акт үйлдэхэд хариуцагч Т.М нь бараа 1.232.782 төгрөгийн бараа, материал дутаасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 1.232.782 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 17.573.317 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие “С” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод ажиллаж байгаад амралтаа авах гэтэл миний машинд байсан 1.500.000 төгрөгийн үнэ бүхий барааг “С” ХХК-иас хураан авч, хүлээн авсан баримтад гарын зуруулаагүй авсан. Мөн бараа өгч, авахдаа санхүүгийн аудит гээд өдөр бүр тоолоход дутагдал гарч байгаагүй. Энэ өр, төлбөрийн хувьд намайг амралтаа авахад гэнэт гарч ирсэн бөгөөд миний цалингаас надаас зөвшөөрөл авалгүйгээр уг өрнөөс суутгаж авсан. Намайг ажлаас гарах үед миний өр, төлбөр 3.000.000 төгрөг гэж байсан бол одоо 17.000.000 төгрөг болсон байна. Надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.М-д холбогдох, гэрээний үүрэгт 17.573.317 төгрөг гаргуулах тухай, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Т.М, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15/48 дугаар “Борлуулагчийн гэрээ”-ээр Т.М нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх, “С” ХХК нь ажлын хөлсөнд сард 500.000 төгрөг болон борлуулалтын бонус тооцож олгохоор тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т заасан Хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагджээ.

 

Уг гэрээний дагуу ажиллагч Т.М нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тохиролцсон ажлыг гүйцэтгэх явцдаа 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 10.893.690 төгрөгийн бараа, материалын өр, дутагдал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын “Тооцооны нэгтгэл” гэсэн баримтад борлуулагч Т.М-ийн гарын үсэг зурсан нотлох баримтаар нотлогджээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д “Борлуулагч нь бараа бүтээгдэхүүний төлбөр, орлогыг гэрээнд заасан хугацаанд компанийн дансанд бүрэн тушаах үүрэгтэй” гэж заасан, 3.8-д “Борлуулагч нь хүлээн авсан бараа, бүтээгдэхүүнийг дутаасан, орлого дутуу тушаасан, бараа бүтээгдэхүүн, орлогыг ашиглан шамшигдуулсан, завшсан, бусдад алдсан, ашиглуулсан, завшуулсан бол компанид учирсан хохирлыг өөрөө хариуцан төлнө” гэж заасны дагуу хариуцагч Т.М-оос бараа, бүтээгдэхүүн дутаасан өр, төлбөрт 10.893.690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцэж байна.

 

Мөн уг гэрээний 3.12-т “Борлуулагч гэрээнд заасан орлого тушаах үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу хариуцагч Т.М-оос 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10.893.690 төгрөгийн 0.3 хувиар алданги тооцон 5.446.845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.М-оос хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт бараа, бүтээгдэхүүн дутаасан өр, төлбөрт 10.893.690 төгрөг, алданги 5.446.845 төгрөг, нийт 16.340.535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.232.782 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангаж, шүүхийн журмаар нэхэмжлэгч талаас гаргуулсан нотлох баримтаар хариуцагч талын “...бараа, бүтээгдэхүүн дутааж, өр төлбөр үүсгээгүй” гэсэн хариу тайлбар нотлогдоогүй болно.

 

2. Т.М, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15/48 дугаар “Барьцааны гэрээ”-ээр “Борлуулагчийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулагч Т.М нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 7 дугаар гудамж, 330Б тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “С” ХХК-д барьцаалсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч Т.М нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд дээрх барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болно.

 

            Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/00232 дугаар шийдвэрээр “...хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ийг эрэн сурвалжлуулсан” гэсэн баримтаар тогтоогдсон болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Моос гэрээний үүрэгт 16.340.535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.232.782 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Т.М нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 7 дугаар гудамж, 330Б тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 239.653 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 34.137 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 239.653 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД