Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01079

 

 

                                            “ **** **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01368 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2020/02190 дүгээр магадлалтай, 

“ **** **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****ид холбогдох 

Гэрээний үүрэгт 17,573,317 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О. ****лгүүн, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “ **** **** **** ****” ХХК нь ****ид холбогдуулан гэрээний үүрэгт 17,573,317 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахааршаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01368 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч ****оос гэрээний үүрэгт 16,340,535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,232,782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний  хуулийн  175  дугаар  зүйлийн  175.1-д  заасныг баримтлан хариуцагч **** нь  үүргээ гүйцэтгээгүй  буюу  зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 7 дугаар гудамж, 330Б тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.09-ний өдөр төлсөн 239,653 төгрөгийг, 2020.04.21-ний өдөр төлсөн 34,137 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ****оос улсын тэмдэгтийн хураамжид 239,653 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2020/02190 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,660 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэжээ. “Бараа шилжүүлэх зөвшөөрөл” гэсэн баримтаар нэхэмжлэгч “ **** **** **** Кэйр” ХХК нь хариуцагч ****ид 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүн өгсөн болох нь тогтоогдож байна. Харин **** нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг буцаан төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна...” гэж дүгнээд үүнд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэт нэг талын нотлох баримтыг үнэлж, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид давуу байдал тогтоосон гэж үзэж байна. Учир нь миний бие шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2015.09.29-ний өдрийн 15/48 дугаар “Борлуулагчийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5 дах заалтуудын дагуу өдөр бүр бараагаа падаанаар хүлээн авч, тухайн өдрийн орой төлбөрийг бэлнээр болон нэхэмжлэгч компанийн дансанд тушаадаг байсан. Миний хувьд өдөрт 1,000,000 төгрөгөөс дээш бараа авдаггүй байсан бөгөөд оройдоо уг орлогоо хүлээлгэн өгч, тооцоо нийлж байсан. Эдгээр баримтууд нь надад байдаггүй, тухайн өдөртөө байгууллагад хүлээлгэж өгдөг байсан тул анхан шатны шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй, өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл миний бие тухай бүрд тушааж байсан төлбөрийн баримт, байгууллагын дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч хэрэгт ач холбогдолгүй, хариуцагч өөрөө гаргаж өгөх боломжтой баримт гээд удаа дараа хүсэлтийг хангахгүй орхисон. Миний хувьд хэрэв би өөрийн данснаас компанийн данс руу мөнгө шилжүүлсэн тохиолдолд хуулгыг гаргаж өгөх боломжтой боловч харин банк дээр очиж тушаасан, мөн бэлнээр тушаасан төлбөрүүд зөвхөн нэхэмжлэгчээс гарах боломжтой юм. Иймээс нотлох үүргээ хэрэгжүүлэх үүднээс, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хариуцагч гаргаж өгөх ямар ч боломжгүй байсныг дахин хэлэхийг  хүсэж байна.

4.1. Мөн нэхэмжлэгч яг хэзээнээс хэзээ хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилсэн нь тодорхой бус. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зээлээр өгсөн барааны төлбөр эргэн төлөгдөөгүй юу, эсхүл өдөр бүрийн хийгдсэн борлуулалтын төлбөр төлөгдөөгүй юу гэдэг нь тодорхой бус байдаг. Мөн шүүхийн шийдвэр, магадлалаас үзвэл 7 орчим байгууллагад зээлээр олгосон барааны төлбөр төлөлт хийгдээгүй баримтыг үндэслэдэг бөгөөд миний бие дээрх төлбөр тооцоог барагдуулж дуусгах ёстой гэсэн байдаг. Гэтэл “Борлуулагчийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.9-д компанийн зөвшөөрснөөр иргэн, байгууллагатай 500,000 төгрөг хүртэл барааг зээлээр худалдах-худалдан авах гэрээг хийж болно. Мөн хариуцагчтай байгуулсан гэрээний эх хувийг компанид өгнө гэж зохицуулсан. Энэ нь хэдийгээр зээлээр бараа худалдах-худалдан авах гэрээний биелэлтийг тухайн борлуулагч буюу энэ тохиолдолд би хариуцахаар зохицуулсан байх боловч гэрээний эх хувийг компани өөрөө авдаг, тухайн худалдан авагчаас зээлийн төлбөрөө шаардах эрх нь борлуулагч надад байхгүй байдгийг харуулж байна. Түүнчлэн үнэхээр тухайн зээлээр бараа худалдах-худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүссэн төлбөр гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн зүгээс зээлээр худалдах-худалдан авах гэрээнүүдийг гаргаж өгсөн байх ёстой юм. Гэтэл эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Нэгэнт хэзээний өр төлбөр гэдэг нь тодорхой биш тул үүнд ногдуулсан алданги нь ч мөн адил хэзээнээс хэзээ хүртэлх хугацааных болох, энэ алдангийг ямар төлбөрөөс тооцож гаргасан зэрэг нь тодорхой бус. Магадлалд хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын тооцоо нийлсэн баримтаар 7,457,470 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна гэж дүгнэсэн. Ингээд алдангийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг буруу хэрэглэсэн. Миний бие боломжтой бүх баримтуудаа гаргаж өгсөн, мөн ажлаас гарахдаа бүх баримтуудаа байгууллагад буюу нэхэмжлэгч талд үлдээсэн, төлбөр төлсөн баримтуудаа бүгдийг нь гаргаж өгсөн, мөн шүүх шийдвэр болон магадлалдаа үндэслэл болгож байгаа тооцоо нийлсэн баримт зэрэг нь хэрэгт авагдсан анхан шатны санхүүгийн баримтуудтай нийлдэггүй, зөрүүтэй, мөн зарим баримт дээр миний биш өөр хүний гарын үсгээр бараа материал хүлээж авсан баримтууд ч олон бий. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь зөрүүтэй нотлох баримтад үндэслэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. 

6. Анхан шатны шүүх ****оос гэрээний үүрэгт 16,340,535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,232,782 төгрөгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

7. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зохигчийн тайлбарын үндэслэл, шалтгаан, тэдгээрийн агуулгыг зөв тодруулаагүй, зарим үйл баримтын талаар зохигчийг шүүхээс мэтгэлцүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал: 

8. “ **** **** **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... **** нь манай компанитай 2015.09.25-ны өдөр борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан манай компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах болсон. ...барааны бүтээгдэхүүний өр, дутагдалд 10,893,690 төгрөг, алданги 5,446,845 төгрөг, нийт 16,340,535 төгрөгийг гаргуулна гэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,232,782 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 17,573,317 төгрөгийг гаргуулах, ...үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч **** “...Миний бие “ **** **** **** ****” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод ажиллаж байгаад амралтаа авах гэтэл миний машинд байсан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий барааг хураан авч, хүлээн авсан баримтад гарын зуруулаагүй авсан. Мөн бараа өгч, авахдаа санхүүгийн аудит гээд өдөр бүр тоолоход дутагдал гарч байгаагүй. Энэ өр, төлбөрийн хувьд намайг амралтаа авахад гэнэт гарч ирсэн бөгөөд миний цалингаас надаас зөвшөөрөл авалгүйгээр уг өрнөөс суутгаж авсан. Намайг ажлаас гарах үед миний өр, төлбөр 3,000,000 төгрөг гэж байсан бол одоо 17,000,000 төгрөг болсон байна. Надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ. 

10. Талуудын хооронд байгуулсан 2015.09.29-ний өдрийн 15/48 дугаартай Борлуулагчийн гэрээний 1.4-т “Борлуулагч нь 10,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч борлуулах, борлуулалтын орлогоо компанид өдөр бүр тушаах үүрэгтэй”, 2.6-д “Компанийг төлөөлөн харилцагчтай бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрхийг Борлуулагчид олгох ба Борлуулагчийн харилцагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээг хянаж, зөвшөөрөл өгнө. Хэрэв борлуулагч дураараа бусадтай гэрээ байгуулсан бол уг гэрээг цуцлах эрхтэй”, 3.2-т “Борлуулагч нь гэрээний 1.4-т заасан лимитээс хэтрэхгүй үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авах эрхтэй. Борлуулагч нь өмнө нь хүлээн авсан барааны төлбөр тооцоог бүрэн хийсний дараа дараагийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах эрхтэй болно”, 3.9-д “Борлуулагч нь компаниас зөвшөөрсөн иргэн, байгууллагатай 500,000 төгрөг хүртэл барааг зээлээр худалдах-худалдан авах гэрээг компанийг төлөөлөн хийх эрхтэй бөгөөд уг гэрээний биелэлтийг хариуцаж ажиллана. Харилцагчтай байгуулсан гэрээний эх хувийг компанид өгнө.” гэж харилцан тохиролцсон байна. 

11. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч **** “...зарим нэг газруудын тооцоонуудыг тэглэсэн байсан. **** сүүлд өөрөө мөнгө төгрөгийг нь олж өгье гэж бодоод уулзахад зарим байгууллагууд  нь байхгүй, зарим байгууллагууд нь компаниас нягтлангууд нь ирж өөрсдөө авсан гэж хэлсэн. ...компанийн удирдлагаас зээлээр өгөхийг хүлээн зөвшөөрдөг байсан, ...ганц хоёр газраас асуухад компанийн данс руу хийсэн, танай аудитын нягтлангууд ирээд аваад явсан гэж хэлсэн байгаа, ...Долоо хоногт 2 удаа нягтлангууд шалгаад, нэхээд явдаг байгаа. Намайг анх компанид ороход 10,000,000 төгрөгийн зээлийн лимит өгсөн. Гэтэл энэ өр 10,000,000 төгрөгөөс дээш байгаад гайхах юм...”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэсумьяа “...таб бол борлуулагч нарын өдөр тутмын тайланг гаргадаг, зээлийн тооцоолол зэрэг тухайн борлуулагчийн өдөр тутмын борлуулалтын тайлан гарна гэсэн үг, ...таб дээр 10,000,000 төгрөгөөс дээш зээл шивж болохгүй. ...зээлийн гэрээг хавтаст хэрэгт бол гаргаж өгөөгүй...”, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд “...аудитын баг нь цуг явж тооцооны үлдэгдлээ шалгаад төлбөр төлөхийг шаарддаг...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ. 

12. Зохигчийн дээрх тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6, 3.9-д зааснаар борлуулагч **** компаниас зөвшөөрсөн иргэн, байгууллагатай бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах-худалдан авах гэрээг компанийг төлөөлөн хийх эрхтэй бөгөөд уг гэрээний биелэлтийг хариуцаж ажиллах үүрэгтэй байна. 

13. Борлуулагч ****ийн компанийг төлөөлж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу бусдад шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний болон төлөгдсөн төлбөрийн хэмжээ тодорхой бус, хариуцагч өөрийн эсхүл компанийн нэрийн өмнөөс байгуулсан аль нь болох, бусдаас төлбөр шаардах эрх зохигчийн хэнд байгаа,  барааг зээлээр авсан зарим иргэн, байгууллага компанитай төлбөр тооцоо хийсэн эсэх талаар шүүхээс зохигчийг мэтгэлцүүлж, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх нөхцөл байдлыг нягтлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

14. Дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулж, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.   

15. Дээр дурдсан тодорхой бус байдлыг гүйцэт тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01368 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2020/02190 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаархариуцагч ****оосхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ 

                  ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ 

                                                                                       П.ЗОЛЗАЯА 

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                      Д.ЦОЛМОН