Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/02190

 

 

“СБЭК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01368 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “СБЭК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.М-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 17 573 317 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд,

Хариуцагч Т.М, түүний өмгөөлөгч Ш.Самал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.М нь манай компанитай 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан манай компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах болсон. Борлуулагчийн гэрээний 1.4-т заасны дагуу компанийн зүгээс борлуулагчид бараа бүтээгдэхүүн өгч борлуулагч нь уг бараа бүтээгдэхүүнийг борлуулж, улмаар бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогыг компанийн дансанд өдөр бүр тушаах үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч Т.М нь дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд өдөр тутмын орлогыг компанид тушаахгүй явсаар нийт 10 893 690 төгрөгийн бараа бүтээгдэхүүний өр, төлбөр үүсгэсэн. Бид уг асуудлаар хариуцагчтай удаа дараа холбоо барьж, төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл өгч байсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан борлуулагчийн гэрээний 1.4, 3.12-т зааснаар барааны бүтээгдэхүүний өр, дутагдалд 10 893 690 төгрөг болон алданги 5 446 845 төгрөг, нийт 16 340 535 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, талууд 2016 оны 7 дугаар сард тооцоо нийлж, акт үйлдэхэд хариуцагч Т.М нь бараа 1 232 782 төгрөгийн бараа, материал дутаасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 1 232 782 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 17 573 317 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие “СБЭК” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод ажиллаж байгаад амралтаа авах гэтэл миний машинд байсан 1 500 000 төгрөгийн үнэ бүхий барааг “СБЭК” ХХК-аас хураан авч, хүлээн авсан баримтад гарын зуруулаагүй авсан. Мөн бараа өгч, авахдаа санхүүгийн аудит гээд өдөр бүр тоолоход дутагдал гарч байгаагүй. Энэ өр, төлбөрийн хувьд намайг амралтаа авахад гэнэт гарч ирсэн бөгөөд миний цалингаас надаас зөвшөөрөл авалгүйгээр уг өрнөөс суутгаж авсан. Намайг ажлаас гарах үед миний өр, төлбөр 3 000 000 төгрөг гэж байсан бол одоо    17 000 000 төгрөг болсон байна. Надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Моос гэрээний үүрэгт 16 340 535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СБЭК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх        1 232 782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний  хуулийн  175  дугаар  зүйлийн  175.1 дэх хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Т.М нь  үүргээ гүйцэтгээгүй  буюу  зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 7 дугаар гудамж, 330Б тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “СБЭК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 239 653 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 34 137 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Моос улсын тэмдэгтийн хураамжид 239 653 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “Уг гэрээний дагуу ажиллагч Т.М нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тохиролцсон ажлыг гүйцэтгэх явцдаа 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 10 893 690 төгрөгийн бараа, материалын өр, дутагдал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын тооцооны нэгтгэл гэсэн баримтад борлуулагч Т.Мийн гарын үсэг зурсан нотлох баримтаар нотлогджээ” гэж дурдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг. Уг тооцооны нэгтгэлийг гаргахад санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Анхан шатны баримтуудыг тооцож үзэхэд энэ хэмжээний өр дутагдал гаргаагүй байдаг. Шүүх мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5, 3.8 дах заалтуудыг мөн дурдсан байдаг. Гэвч хавтаст хэрэгт цугларсан баримтаас харвал хэдэн сард хичнээн хэмжээний бараа дутсан нь тодорхойгүй, тооцооны нэгтгэлийг зөвхөн санхүүгийн алба нь гаргах бөгөөд энэ талаар сар сард нь орлого, зарлагын паданаар нотлогдох байтал шүүх дээрх анхан шатны баримтуудыг ач холбогдолтой гэж үзэж үнэлээгүй. Мөн шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч миний бие нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн дансанд барааны мөнгийг миний бие шилжүүлж байсныг нотлох баримт байсан боловч шүүх хэрэгч ач холбогдолгүй гэдэг байдлаар хангалгүй орхисон хирнээ талуудын хооронд байгуулсан борлуулалтын гэрээний 3.5 дахь заалтыг иш болгож хэрэглэсэн нь өөрөө алдаатай болсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа болон шүүхийн шатанд мэтгэлцэх явцдаа борлуулалтын гэрээний 1.4-т заасны дагуу энэ нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 000 000 төгрөг нь гарч ирдэг тухай хэлдэг боловч анх надад энэ хэмжээний бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгөөгүй, би өдөрт 1 000 000 төгрөг гаруйгийн барааг авч түүнийхээ тайлан мэдээг оройд нь тайлагнах байдлаар ажилладаг байсан. 10 893 690 төгрөг нь хаанаас ямар байдлаар бий болсныг шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа эргэлзэлгүйгээр тогтоож чадаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаантай үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч “СБЭК” ХХК нь хариуцагч Т.Мид холбогдуулан гэрээний үүрэгт 17 573 317 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Борлуулагчийн гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулагдаж, хариуцагч Т.М нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх, “СБЭК” ХХК нь ажлын хөлсөнд сард 500 000 төгрөг болон борлуулалтын бонус тооцож олгохоор тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.М нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 7 дугаар гудамж, 330Б тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /14-16, 18-20 дугаар тал/

 

Зохигчид дээрх гэрээний агуулга буюу талуудын эрх, үүргийг Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд зааснаар тодорхойлохоор тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан талаар талууд маргаагүй байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, зохигчид эрх зүйн харилцааны талаар маргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Хариуцагч Т.М нь нэхэмжлэгчид байгууллагад 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарыг дуустал борлуулагчийн үүргийг гүйцэтгэж, бараа бүтээгдэхүүнийг бусад этгээдүүдэд түгээж байсан үйл баримт тогтоогдсон байна. Зохигчид шилжүүлэн өгсөн барааг борлуулсны орлогыг хариуцагчаас нэхэмжлэгчид тушаахаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх талаар маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д “Борлуулагч нь бараа бүтээгдэхүүний төлбөр, орлогыг гэрээнд заасан хугацаанд компанийн дансанд бүрэн тушаах үүрэгтэй" гэж, 3.8-д “Борлуулагч нь хүлээн авсан бараа, бүтээгдэхүүнийг дутаасан, орлого дутуу тушаасан, бараа бүтээгдэхүүн, орлогыг ашиглан шамшигдуулсан, завшсан, бусдад алдсан, ашиглуулсан, завшуулсан бол компанид учирсан хохирлыг өөрөө хариуцан төлнө” гэж заажээ.

 

            Хэрэгт авагдсан “бараа шилжүүлэх зөвшөөрөл” гэх баримтаар нэхэмжлэгч “СБЭК” ХХК нь хариуцагч Т.Мид 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд нь бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. /нотлох баримт 1хх 1-202 дугаар тал/ Харин хариуцагч Т.М нь борлуулагчийн гэрээний 3.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагад бараа, бүтээгдэхүүний төлбөрийг буцаан төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын тооцоо нийлсэн баримтаар 7 457 470 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болон тухайн баримтаас хойш гэрээний хугацаа дуусгавар болтол бараа шилжүүлэх зөвшөөрөл гэх баримтуудад гарын үсэг зурж, нэхэмжлэгчээс бараа нэмж хүлээн авсан болохыг үгүйсгээгүй байна. /хэргийн 8 дугаар тал, нотлох баримт 1хх 52-63 дугаар тал/ Тодруулбал, эдгээр баримтуудаар хүлээн авсан барааны үнийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болохыг өөрөө нотлож чадаагүй байна. Дээрх бараануудын үнийг хариуцагчийн хүргэж өгсөн этгээдүүдээс нэхэмжлэгч өөрөө авсан гэх тайлбараа хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчид энэ талаарх баримт байгаа боловч шүүхэд гаргаж өгөөгүй буюу нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг биелүүлээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд хариуцагч Т.М нь дээрх гэрээний 3.8-д зааснаар хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний үнийг өөрөө хариуцан төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэж 10 893 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “СБЭК” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Мөн талууд гэрээний 3.12-т “Борлуулагч гэрээнд заасан орлого тушаах үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн хариуцагч Т.Моос алдангид 5 446 845 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СБЭК” ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Моос нийт 16 340 535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СБЭК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх       1 232 782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

            Мөн нэхэмжлэгч байгууллагын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Түүнчлэн, хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/00232 дугаар шийдвэрээр “...хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мийг эрэн сурвалжлуулсан” зэрэг баримтаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “СБЭК” ХХК-ийн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хэргийн 25-27, 60 дугаар тал/

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 660 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                ШҮҮГЧИД                             Н.БАТЗОРИГ

 

                                                                                             С.ЭНХТӨР