Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01970

 

С.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01437 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Уын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 704 842 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2017       оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсаныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 07 сарын 20-ны өдөр 128/Ш32017/0569 тоот шийдвэр гарч үндэслэлгүй халсан болохыг тогтоож эгүүлэн ажилд томилохоор шийдсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 сарын 27-ны өдөр 698 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх асуудлыг эцэслэн хэлэлцэж өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг баталгаажуулсан 498 тоот тогтоол 2017 оны 11 сарын 29-ний өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч яам 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлээгүй. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн анхан шатны шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусталх хугацааны  цалин хөлстэй тэнцэх олговор буюу ажилгүйдлийн тэтгэмжийн 1 218 320 төгрөгийг хасч 3 152 418 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд мөн хугацаагаар нөхөн бичилт хийх шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн болно. Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д заасан нөхцөл үүссэн тул Хөдөлмөрийн хуулийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор буюу 2017 оны 07 сарын 20-оос өнөөдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор болох ажилласан 3 сарын дундаж буюу 2016 оны 10,11,12 саруудын цалингийн дундаж /811,451+1,078,907+979,451/:3=2 869 809:3=956 603 төгрөг бөгөөд тухайн сарын эдийн засгийн календарийг үзвэл 10 сарын ажлын 20 хоног, 11 сарын ажлын 22 хоног, 12 сар ажлын 21 хоногтой бөгөөд нийт 63 ажлын хоног байсан болно. Эндээс 1 өдрийн дундаж цалинг олбол 2 869 809:63=45 552.52 төгрөг болно. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 7 сарын 20-оос хойш энэ өдрийг хүртэлх цалинг календарь ашиглан тооцвол 2017 оны 7 сарын 20-оос хойш 7 өдөр, 2017 оны 8 сар 23 өдөр, 2017 оны 9 сар 21 өдөр, 2017 оны 10 сар 22 өдөр, 2017 оны 11 сар 22 өдөр, 2017 оны 12 сар 20 өдөр, 2018 оны 1 сар 22 өдөр, 2017 оны 2 сар 19 өдөр, 2017 оны 3 сар 21 өдөр, 2017 оны 4 сар 21 өдөр, 2017 оны 5 сар 23 өдөр, 2017 оны 6 сар 21 хүртэл 14 өдөр буюу нийт 235 ажлын өдөр болж байна. Эндээс 45 552.52*235=10 704 842.2 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн түүнчлэн дээрх хугацааны хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болохыг илтгэж байна. Иймд С.Уын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу хариуцагч Х-аас 10,522,655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ут олгож, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалган,  нэхэмжлэлийн  шаардлагаас үлдэх 160 354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хнаас 160 354 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ут олгон, 22 958 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн өдөр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.У нь хариуцагч Ханд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 704 842 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 37/

 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Уыг Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 569 дугаартай шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 698 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 370 738 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-7-29/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргийг хариуцагч нь биелүүлээгүй, түүний хууль бус шийдвэрийн улмаас ажилтны ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигджээ.

 

Шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Хнаас нэхэмжлэгч С.Уын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 522 655 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-61-64/

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс ажилтны хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД