Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2018/01437

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр         Дугаар182/ШШ2018/01437            Улаанбаатар хот

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.У-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ХНХЯ-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,704,842 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсаныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 07 сарын 20-ны өдөр 128/ШЗ2017/0569 тоот шийдвэр гарч үндэслэлгүй халсан болохыг тогтоож эргэн ажилд томилохоор шийдсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 09 сарын 27-ны өдөр 698 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх асуудлыг эцэслэн хэлэлцэж өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг баталгаажуулсан 498 тоот тогтоолыг 2017 оны 11 сарын 29-нд гаргасныг 2017 оны 01 сарын 15-ны өдөр надад шудангаар гардуулан өгсөн ба Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн нэг сарын хугацаа нь 2018 оны 01 сарын 22-нд дуусч шийдвэрүүд хэрэгжиж эхлэх үндэслэл бүрдлээ.

1. Дээрх шийдвэрүүдийн үр дүнд миний бие хуучин ажилдаа эргэн томилогдох шийдвэр гарсан хэдий ч яам 3 шатны шүүхийн шйидвэрүүдийг хэрэгжүүлээгүй байна.

2. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн анхан шатны шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу ажилгүйдлийн тэтгэмжийн 1,218,320 төгрөгийг хасч 3,152,418 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд мөн хугацаагаар нөхөн бичилт хийх шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн болно.  Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д заасан нөхцөл үүссэн тул Хөдөлмөрийн хуулийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор буюу 2017 оны 07 сарын 20-оос өнөөдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор болох ажилласан 3 сарын дундаж буюу 2016 оны 10,11,12 саруудын цалингийн дундаж /811,451+1,078,907+979,451/:3=2,869,809:3=956,603 төгрөг бөгөөд тухайн сарын эдийн засгийн календарийг үзвэл 10-р сарын ажлын 20 хоног, 11-р сарын ажлын 22 хоног, 12 сар ажлын 21 хоногтой бөгөөд нийт 63 ажлын хоног байсан болно. Эндээс 1 өдрийн дундаж цалинг олбол 2,869,809:63=45,552.52 төгрөг болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 7 сарын 20-оос хойш энэ өдрийг хүртэлх цалинг календарь ашиглан тооцвол 2017 оны 7 сарын 20-оос хойш 7 өдөр, 2017 оны 8 сар 23 өдөр, 2017 оны 9 сар 21 өдөр, 2017 оны 10 сар 22 өдөр, 2017 оны 11 сар 22 өдөр, 2017 оны 12 сар 20 өдөр, 2018 оны 1 сар 22 өдөр, 2017 оны 2 сар 19 өдөр, 2017 оны 3 сар 21 өдөр, 2017 оны 4 сар 21 өдөр, 2017 оны 5 сар 23 өдөр, 2017 оны 6 сар 21 хүртэл 14 өдөр буюу нийт 235 ажлын өдөр болж байна. Эндээс 45,552.52*235=10,704,842.2 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн түүнчлэн дээрх хугацааны хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.У ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлд хариуцагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг татсан байна.

Хөдөлөмрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болохыг илтгэж байна. Иймд С.Уын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.У нь хариуцагч ХНХЯанд холбогдуулан түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 07 сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 10,704,842 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргаж байна.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Уыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/00569 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд тус шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0698 тоот магадлал, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 тоот тогтоолоор тус тус тогтоогдож байна /хх-ийн 19-29 дүгээр тал/.

 

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/00569 тоот шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг 4,370,738 төгрөгөөр тогтоон дүгнэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хуульд нийцсэн хэмээн тус тус дүгнэж шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн үйл баримтын талаар зохигчид харилцан маргаагүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараах өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрийг дуустал нийт ажлын 11 сар байх бөгөөд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,522,655 төгрөг /811,457+1,078,907+979,451=2,869,815/3=956,605*11/ байхаар тооцоологдож байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 10,522,655 төгрөгийг хангаж, үлдэх 182,187 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯнаас 160,354 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ут олгох, 22,958 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу хариуцагч ХНХЯнаас 10,522,655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ут олгож, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160,354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯнаас 160,354 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ут олгон, 22,958 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА