Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00227

 

С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01437 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1970 дугаар магадлалтай,

            С ын нэхэмжлэлтэй,

            Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд холбогдох

          Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,704,842.00 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С , нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Би Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Б/07 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсаныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 07 сарын 20-ны өдөр 128/Ш32017/0569 тоот шийдвэр гарч үндэслэлгүй халсан болохыг тогтоож эгүүлэн ажилд томилохоор шийдсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 сарын 27-ны өдөр 698 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх асуудлыг эцэслэн хэлэлцэж өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг баталгаажуулсан 498 тоот тогтоол 2017 оны 11 сарын 29-ний өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч яам 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлээгүй. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн анхан шатны шийдвэр гарсан 2017 оны 07 сарын 20-ны өдөр дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу ажилгүйдлийн тэтгэмжийн 1,218,320 төгрөгийг хасч 3,152,418 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд мөн хугацаагаар нөхөн бичилт хийх шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан нөхцөл үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор буюу 2017 оны 07 сарын 20-ноос өнөөдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор болох ажилласан 3 сарын дундаж буюу 2016 оны 10,11,12 саруудын цалингийн дундаж /811,451+1,078,907+979,451/:3=2 869,809:3=956,603 төгрөг бөгөөд тухайн сарын эдийн засгийн календарийг үзвэл 10 сарын ажлын 20 хоног, 11 сарын ажлын 22 хоног, 12 сар ажлын 21 хоногтой бөгөөд нийт 63 ажлын хоног байсан болно. Эндээс 1 өдрийн дундаж цалинг олбол 2,869,809:63=45,552.52 төгрөг болно. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 07 сарын 20-оос хойш энэ өдрийг хүртэлх цалинг календарь ашиглан тооцвол 2017 оны 07 сарын 20-ноос хойш 7 өдөр, 2017 оны 8 сар 23 өдөр, 2017 оны 9 сар 21 өдөр, 2017 оны 10 сар 22 өдөр, 2017 оны 11 сар 22 өдөр, 2017 оны 12 сар 20 өдөр, 2018 оны 1 сар 22 өдөр, 2017 оны 2 сар 19 өдөр, 2017 оны 3 сар 21 өдөр, 2017 оны 4 сар 21 өдөр, 2017 оны 5 сар 23 өдөр, 2017 оны 6 сар 21 хүртэл 14 өдөр буюу нийт 235 ажлын өдөр болж байна. Эндээс 45,552.52х235=10,704,842.2 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн түүнчлэн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болохыг илтгэж байна. Иймд С ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01437 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 10,522,655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С т олгож, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160,354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 160,354 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С т олгон, 22,958 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1970 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/01437 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1970 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь уг хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Өмнө нь нэхэмжлэгч нь С ын ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн болно. Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгч эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С  нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,704,842.00 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С ыг Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 569 дугаартай шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 698 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаартай тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,370,738.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан байна.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй байх тул 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэхэмжлэгч С ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10,522,655.00 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүйгээс ажилтны хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01437 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1970 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН