Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2020/00174

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалжтус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............... тоотод оршин суух, С овогт Д.Э /РД:............, утас .........../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................. тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, А овогт Г.С  /РД:............., утас ............./-д холбогдох

худаг гаргуулахаар шилжүүлсэн нийт 4 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Сд холбогдуулан худаг гаргуулахаар шилжүүлсэн нийт 4 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний үед хамт ажилладаг байсан Сэдэдрагаад хандан ........дугаарын утас өөд нь залгаж хямдхан худаг гаргадаг хүн байна уу худаг гаргуулах гэж асуусан. Гэтэл Г.С нь 2-3 хоногийн дараа ........ дугаарын утаснаас миний ........ дугаар утас өөд залгаж худаг гаргах хүн байна, 4 саяаар гаргуулахаар ярьлаа, чи мөнгөө өгчих, би худаг гаргах хүнийг дагуулаад очьё гэж ярьсан. Тэгэхээр би нөхөртэйгөө ярьж байгаад хариу хэлье гээд утсаа гэртээ орхиод модонд явсан хойгуур Г.С над руу олон удаа заслгасан байсан. Би нөхөр Х.Н худаг гаргуулах талаар асуухад одоохондоо нэг их яараад яахав дээ гэхээр нь би Г.Сд худаг гаргахаа түр хойшлуулья гэтэл Г.С юу яриад байгаа юм бэ хүнтэй ярьчихсан гээд намайг мөнгөө өг гээд шавдуулаад байсан. Тэгэхээр нь би мөнгөө бүрэн өгөхгүй, хагасыг нь өгье, хагасыг нь худгаа гаргасны дараа өгье гэхэд Г.С тэгвэл байгаа мөнгөө өгчих гэхээр нь би өөрт байсан 2 500 000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 22-нд Г.Сгийн эзэмшлийн ХААН банкны ....... дугаар дансанд шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэхээс өмнө чи цаад худаг гаргах хүнтэйгээ гэрээ хийгээрэй, дараа нь янз бүрийн юм болвол би чамтай л ярина шүү гэж сануулж хэлж байсан. Мөн би мөнгөө шилжүүлчихээд Г.Сд хандан наад хүн чинь худагаа яг хэзээ гаргаж өгөх юм бэ гэхэд Г.С нь худаг гаргах дээр айлт байхгүй, УИХ-ын гишүүн, аварга А.С компани гэж байна найдвартай гаргаж өгнө. 8 дугаар сар гэхэд гаргачихна гээд байсан. Гэтэл 8 дугаар сард ирж худагаа гаргаж өгөхгүй болохоор Г.С өөд залгаад худагаа хэзээ гаргах юм бэ, яагаад худагаа гаргахгүй байгаа юм бэ гэхэд тэр хэд хөдөө явж байна гэж байна. Таван толгойд худаг гаргах ажилтай яваад байгаа гэж байсан. Ингээд 8 дугаар сарын сүүлчээр Г.С надад хандаж нөгөө худаг гаргах хүмүүс чинь бензин тосны мөнгөгүй болчихоод байна гэнээ чи нөгөө үлдэгдэл 1 500 000 төгрөгөө шилжүүлчих, худаг гаргах хүний данс гээд нэг данс над руу мессежээр явуулсан байсан. Мөн дээр нь чамайг мөнгө шилжүүлчихээр тэд нар ирээд худагаа гаргая гээд байна гэхээр би чи өөрөө хариуцаарай гэхэд тэгнээ, одоо бол найдвартай гээд байхаар нь би ээж М.С ХААН банкны .........дугаарын данснаас худаг гаргах хүн болох Гантулга гэх хүний дансанд 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд Г.С нь миний биеэс худаг гаргуулна гэж авсан 2 500 000 төгрөг, мөн худаг гаргах хүн болох Гантулга гэх хүний дансанд зуучлан шилжүүлсэн 1 500 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг хариуцагч Г.Сгаас нэхэмжилж байна гэв.

Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д.Э нь Г.Сгаас худаг гаргах хүн байна уу гэж асууж байсан. 2-3 хоногийн дараа Г.С нь 4 саяар ярьлаахудаг гаргуулах мөнгөө өгчих гэж хэлсэн байсан. Гэрээр нь Г.С очиход Д.Э эзгүй байсан. Утсаа гэртээ орхиод явсан байсан. Хариуцагч орой нь утсаар ярихад Д.Э би хагас мөнгийг нь өгье хагас мөнгийг худаг гаргасны дараа өгье гэсэн яриа хэлцэл энэ 2-ын дунд яригдсан байдаг. Д.Эд өөрт нь худаг гаргах хэрэгцээ шаардлага байсан. Мөнгөө бүрэн өгөхгүй талыг нь өгье гээд 2 500 000 төгрөгийг Г.Сгийн ХААН банкны ............ тоот дансанд шилжүүлсэн байдаг. Гэрээ хэлцлээ сайн хийгээрэй янз бүрийн юм болвол дараа нь чи өөрөө хариуцна шүү гэх мэт тохиролцоо сануулах зүйлүүдийг хэлж байсан талаараа Д.Э хэлсэн. Мөнгөө шилжүүлэхээс өмнө наад хүн чинь хэзээ худгаа гаргах юм бэ гэж асуухад 8 сард ирж худаг гаргана гэж байсан боловч гаргаагүй. Худаг гаргах тал дээр айлт байхгүй, Улсын их хурлын гишүүн А.С компани юм байна лээ. Айлтгүй гэсэн зүйлийг хэлсэн байдаг. 8 сар болоод Г.С руу холбогдоод нөгөө хүмүүс чинь яасан бэ гэж асуухад 8 сарын сүүлээр Д.Эд худаг гаргах хүмүүс бензиний мөнгөгүй болсон байнаүлдсэн 1 500 000 төгрөгөө шилжүүлчих гэж хэлсэн. Худаг гаргах хүний данс гээд нэг данс явуулсан. Мөн дээр нь чамайг мөнгөө шилжүүлэхээр тэд нар ирээд худгаа гаргая гээд байна. Чи өөрөө хариуцаарай гэхэд тэгнэ гэж хэлсэн. Одоо найдвартай гээд байхаар нь өөрийнхөө ээж болох Х.Сандагдоржийн ХААН банкны данснаас худаг гаргах хүний данс болох Гантулга гэх хүний дансанд 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс эхлээд одоог хүртэл худаг гаргаагүй бараг одоо жил болж байна. Цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэргийн шинжгүй, гэмт хэрэг биш гэж үзсэн учраас гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Д.Эгийн худаг гаргуулах гэсэн хүсэл сонирхол нь хэрэгжээгүй. Худгийн мөнгийг Г.Сгийн зуучлалын дагуу бүрэн шилжүүлсэн үйл ажиллагаа явагдсан учраас 4 000 000 төгрөгийг найз нөхдийн итгэл эвдсэн үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлээгүй хохирол учруулсан гэж үзэж гаргуулах нь зүйтэй байнаГ.С 2 500 000 төгрөг Г-ын дансанд шилжүүлсэн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа гэв.

Хариуцагч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа2019 оны 07 дугаар сарын 09-ны орчим Д.Эгийн гэрт нь очсон. Гэрт нь очиход хямдхан худаг гаргаад өгөх хүн олоод өгөөч гэж хэлсэн. Манай ангийн найз Олзбаатар өрмийн компанитайгэхдээ хайгуулын компани учраас худаг гаргадаггүй. Би тэр найз руугаа яриад манай найз худаг гаргуулах гэсэн юм аа. Худаг гаргах хүн олоод өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд Гантулга гэх хүний ....... гэсэн дугаар өгсөн. Би Д.Эд ийм компани,  ийм үнэ ханшаар гаргана гэж байна гэдгийг хэлсэн. Аварга Сүхбатын компани гэдэг нь худлаа тэдний ажлыг хийж байгаа гэж хэлсэн. Тэр Гантулга гэх хүний утасны дугаарыг өгөөд та нар өөрсдөө холбогдоод ярьчих гэж хэлэхэд чи өөрөө хүнд тусалж байгаа юм бол тусалсан шиг тусал. Энэ хүмүүстэйгээ уулзуулаад өгчих гэсэн хүсэлт явагдсан. Би Гантулга гэх хүнийг танихгүй. Манай ангийн хүүхдийн шавь нь юм байна лээ. Гантулга гэх хүнтэй утсаар яриад Д.Эгийнд очиход гэртээ байгаагүй. Ээж нь байсан. Улаанбаатараас Тэрэлж орчихоод буцаад явах замд гэртээ ирчихлээ гээд залгасан. Тэгээд очсон учир шалтгаанаа хэлсэн. Хамгийн сүүлийн байдлаар 4 000 000 төгрөгөөр худгийг чинь гаргаж өгнө гэж байна. Та нар энэ хүмүүстэй өөрсдөө уулзаад мөнгө төгрөгөө өгөөд гэрээ, хэлцлээ байгуулаарай гэж хэлж байсан. Тэгэхэд мөн л ялгаагүй чи тусалж байгаа юм бол чи өөрөө энэ хүнтэй хүрч ирээд жин тан болгоод өг гэж хэлж байсан. Сүүлд нь ямар нэгэн юм болох юм бол чи хариуцаарай гэх мэт зүйлүүдийг хэлж байсан. Д.Э гэдэг нь манай найз байгаа юм. Мөнгө шилжүүлэх болохоор Д.Э над руу ярьдаг. Мөнгөө шилжүүлэх гээд байна. Чиний данс руу шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхээр нь та нар өөрсдөө хоорондоо тохироод мөнгө төгрөгөө шилжүүл гэж хэлдэг байсан. Тэгээд Д.Эгаас 2 500 000 төгрөг шилжиж орж ирэхэд нь 1 цагийн дотор Гантулга гэх хүний данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Д.Эд би чиний явуулсан мөнгийг чинь нөгөө хүн рүү явуулчихлаа. Та нар гэрээгээ хийгээрэй гэж хэлж байсан. Үгэнд ороогүй гэрээ ерөөсөө хийгдээгүй. 1 500 000 төгрөгийг бензиний мөнгө  төгрөг гэж ярьсан гээд байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Энэ хүмүүс хоорондоо ярьж байгаад 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Над руу Д.Э залгаад 1 500 000 төгрөг гээд байна яах вэ гэж асуухад нь би гэрээ байгуулсан уу гэж асуухад байгуулаагүй гэсэн. Энэ асуудал даамжраад бараг жил болох гэж байна. Тухайн үед цагдаагаар явахад энэ асуудлаа чи өөрөө шийдэж өг, чи өөрөө аваад идсэн юм уу гэх мэт зүйлүүдийг ярьж байсан. Би Д.Эд зуучилж тус болох гэснээс биш хүний мөнгийг аваад завших бодол бол байгаагүй. Найз нөхдийн хувьд туслая л гэсэн сэтгэл байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаар хөөцөлдөөд явахад Гантулга гэх хүн нь залилан хийсэн. 3-4 удаа цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдсан хүн байна гэж байсан. Энэ талаар Д.Эд хэлж байсан. Гантулга гэх хүнээс мөнгөө олж авч чадахүй юм байна. Г.Сгаас мөнгөө олж авъя гэсэн найзын сэтгэлийг уландаа гишгэсэн асуудал гэж үзэж байна. Энд гомдолтой байна. Энэ мөнгө төгрөгийг нь би авч идсэн зүйл байхгүй гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Сд холбогдуулан худаг гаргуулахаар шилжүүлсэн нийт 4 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь энэ мөнгийг би өөртөө авч ашиглаагүй тул төлөх үндэслэлгүй хэмээн маргана.

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.С нарын хооронд 2019 оны 07 дугаар сард худаг гаргуулах хүн олж өгөх талаар хэлцэл хийгдсэн, уг хэлцэл нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцааг үүсгэсэн бөгөөд мөн хуулийн 42, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээний дагуу хариуцагч Г.С нь Гантулга гэгчийг олж, нэхэмжлэгч Д.Этай холбож өгснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үндэслэлээр гэрээ дуусгавар болжээ.

Г.Сд шилжүүлсэн гэх 2 500 000 төгрөгийн шаардлагын хувьд дүгнэхэд:

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Э нь, хариуцагч Г.Сгийн ХААН банкны дансанд 2 500 000 төгрөгийг худаг гаргуулах Гантулга гэгчид дамжуулж өгөх зорилгоор шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь уг мөнгийг Гантулгын ХААН банкны ........... дугаарын дансанд шилжүүлсэн хэмээн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгч нь, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ найз нөхдийн итгэл алдсан гэсэн үндэслэлээр хариуцагч Г.Сгаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол хэмээн тодорхойлж 2 500 000 төгрөгийг шаардсан.

Худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээний хувьд нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Сг Чи Гантулгатай гэрээ хийгээрэй, янз бүрийн юм болбол чамтай л ярина шүү гэж хэлсэн, хариуцагч Г.С нь Д.Э над руу залгаад Гантулга мөнгө нэхээд байна гэхээр нь би гэрээгээ хийсэн үү гэхэд зав болоогүй амжаагүй байна гэж хэлсэн хэмээн тус тус тайлбарладаг бөгөөд хэн аль нь өөрсдийн тайлбараа бусад нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч Д.Э нь өөрийн нэрийн өмнөөс хариуцагч Г.Сд гуравдагч этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх тайлбарууд болон хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулгыг харьцуулан дүгнэхэд талуудын хооронд 2 500 000 хувьд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Э нь уг 2 500 000 төгрөгийг худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд зориулж, миний нэрийн өмнөөс Гантулгад шилжүүлж өг гэдэг үүргийг хариуцагчид өгсөн болох нь талуудын тайлбараас тодорхой байх бөгөөд хариуцагч Г.С нь гэрээний дагуу үүргийг бүрэн биелүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдсон.

Нэхэмжлэгч тал уг данс нь хэний эзэмшлийн данс гэдэг нь тодорхойгүй, мөн хуулгын агуулга нь худагтай холбоогүй байна гэж маргаж байх боловч Гантулга гэгчийн данс биш гэдгийг баримтаар нотлоогүй, хариуцагчийн гаргасан баримтыг үгүйсгэх өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч тал нь хариуцагчийн тайлбар, түүний гаргасан нотлох баримтыг үгүйсгэх бол түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Гантулга гэгчид шилжүүлсэн гэх 1 500 000 төгрөгийн шаардлагын хувьд дүгнэхэд:

Нэхэмжлэгч Д.Э нь, 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Г.С нөгөө худаг гаргах хүмүүс чинь бензин тосны мөнгөгүй болчихоод байна гэнээ. Чи үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэж яриад, миний утас руу худаг гаргах хүний данс гэж мессеж явуулсны дагуу би 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг мөн найз нөхдийн итгэл алдсан гэсэн үндэслэлээр хариуцагч Г.Сгаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол хэмээн тодорхойлж 1 500 000 төгрөгийг шаардсан.

Хариуцагч нь, Д.Э над руу залгаад Гантулга 1 500 000 төгрөг нэхээд байна гэж ярьсан. Тэгэхээр нь би Гантулгатай яриад худгаа гаргаагүй байж яагаад мөнгө нэхээд байгаа юм бэ гээд хэн хэнд нь өөрсдөө учраа олоорой гэж хэлсэн. Тэгтэл сүүлд нь Д.Э над руу залгаад би Гантулгад 1 500 000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би энэ мөнгөний талаар мэдэхгүй учраас хариуцахгүй гэж тайлбарласан.

Талууд Гантулга гэгчид 1 500 000 төгрөг шилжүүлсэн талаар хэн аль нь маргаангүй тайлбарлаж байх боловч уг мөнгөтэй холбоотой талуудын хооронд гэрээний болон гэрээний бус харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тодорхойлсноор хариуцагч Г.С нь гэрээний үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Г.С нь нэхэмжлэгч Д.Эгийн өмнө хүлээсэн үүргээ зөрчиж хохирол учруулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Э нь Гантулга гэгчээс хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сгаас худаг гаргуулахаар шилжүүлсэн 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ