Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2020/00016

 

Д.Э нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00174 дугаар шийдвэртэй, Д.Э нэхэмжлэлтэй Г.С холбогдох худаг гаргуулахаар шилжүүлсэн нийт 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний үед хамт ажилладаг байсан С хандан 99898183 дугаарын утас өөд нь залгаж хямдхан худаг гаргадаг хүн байна уу худаг гаргуулах гэж асуусан. Гэтэл С нь 2-3 хоногийн дараа 99898183 дугаарын утаснаас миний 88081773 дугаар утас өөд залгаж худаг гаргах хүн байна, 4 саяаар гаргуулахаар ярьлаа, чи мөнгөө өгчих, би худаг гаргах хүнийг дагуулаад очьё гэж ярьсан. Тэгэхээр би нөхөртэйгөө ярьж байгаад хариу хэлье гээд утсаа гэртээ орхиод модонд явсан хойгуур С над руу олон удаа заслгасан байсан. Би нөхөр Х.Н худаг гаргуулах талаар асуухад одоохондоо нэг их яараад яахав дээ гэхээр нь би С худаг гаргахаа түр хойшлуулья гэтэл С юу яриад байгаа юм бэ хүнтэй ярьчихсан гээд намайг мөнгөө өг гээд шавдуулаад байсан. Тэгэхээр нь би мөнгөө бүрэн өгөхгүй, хагасыг нь өгье, хагасыг нь худгаа гаргасны дараа өгье гэхэд С тэгвэл байгаа мөнгөө өгчих гэхээр нь би өөрт байсан 2 500 000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 22-нд Сэдэдрагчаагийн эзэмшлийн ХААН банкны 5064702704 дугаар дансанд шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэхээс өмнө чи цаад худаг гаргах хүнтэйгээ гэрээ хийгээрэй, дараа нь янз бүрийн юм болвол би чамтай л ярина шүү гэж сануулж хэлж байсан. Мөн би мөнгөө шилжүүлчихээд С хандан наад хүн чинь худагаа яг хэзээ гаргаж өгөх юм бэ гэхэд С нь худаг гаргах дээр айлт байхгүй, УИХ-ын гишүүн, аварга А.С компани гэж байна найдвартай гаргаж өгнө. 8 дугаар сар гэхэд гаргачихна гээд байсан. Гэтэл 8 дугаар сард ирж худагаа гаргаж өгөхгүй болохоор С өөд залгаад худагаа хэзээ гаргах юм бэ, яагаад худагаа гаргахгүй байгаа юм бэ гэхэд тэр хэд хөдөө явж байна гэж байна. Таван толгойд худаг гаргах ажилтай яваад байгаа гэж байсан. Ингээд 8 дугаар сарын сүүлчээр С надад хандаж нөгөө худаг гаргах хүмүүс чинь бензин тосны мөнгөгүй болчихоод байна гэнээ чи нөгөө үлдэгдэл 1 500 000 төгрөгөө шилжүүлчих, худаг гаргах хүний данс гээд нэг данс над руу мессежээр явуулсан байсан. Мөн дээр нь чамайг мөнгө шилжүүлчихээр тэд нар ирээд худагаа гаргая гээд байна гэхээр би чи өөрөө хариуцаарай гэхэд тэгнээ, одоо бол найдвартай гээд байхаар нь би ээж М С ХААН банкны 5749842509 дугаарын данснаас худаг гаргах хүн болох Г гэх хүний дансанд 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд С нь миний биеэс худаг гаргуулна гэж авсан 2 500 000 төгрөг, мөн худаг гаргах хүн болох Г гэх хүний дансанд зуучлан шилжүүлсэн 1 500 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг хариуцагч С нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д.Э нь Г.С худаг гаргах хүн байна уу гэж асууж байсан. 2-3 хоногийн дараа Г.С нь 4 саяар ярьлаа, худаг гаргуулах мөнгөө өгчих гэж хэлсэн байсан. Гэрээр нь Г.С очиход Д.Э эзгүй байсан. Утсаа гэртээ орхиод явсан байсан. Хариуцагч орой нь утсаар ярихад Д.Э би хагас мөнгийг нь өгье хагас мөнгийг худаг гаргасны дараа өгье гэсэн яриа хэлцэл энэ 2-ын дунд яригдсан байдаг. Д.Э өөрт нь худаг гаргах хэрэгцээ шаардлага байсан. Мөнгөө бүрэн өгөхгүй талыг нь өгье гээд 2 500 000 төгрөгийг Г.С ХААН банкны 5064702704 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Гэрээ хэлцлээ сайн хийгээрэй янз бүрийн юм болвол дараа нь чи өөрөө хариуцна шүү гэх мэт тохиролцоо сануулах зүйлүүдийг хэлж байсан талаараа Д.Э хэлсэн. Мөнгөө шилжүүлэхээс өмнө наад хүн чинь хэзээ худгаа гаргах юм бэ гэж асуухад 8 сард ирж худаг гаргана гэж байсан боловч гаргаагүй. Худаг гаргах тал дээр айлт байхгүй, Улсын их хурлын гишүүн А.С компани юм байна лээ. Айлтгүй гэсэн зүйлийг хэлсэн байдаг. 8 сар болоод Г.С руу холбогдоод нөгөө хүмүүс чинь яасан бэ гэж асуухад 8 сарын сүүлээр Д.Э худаг гаргах хүмүүс бензиний мөнгөгүй болсон байна, үлдсэн 1 500 000 төгрөгөө шилжүүлчих гэж хэлсэн. Худаг гаргах хүний данс гээд нэг данс явуулсан. Мөн дээр нь чамайг мөнгөө шилжүүлэхээр тэд нар ирээд худгаа гаргая гээд байна. Чи өөрөө хариуцаарай гэхэд тэгнэ гэж хэлсэн. Одоо найдвартай гээд байхаар нь өөрийнхөө ээж болох Х.С ХААН банкны данснаас худаг гаргах хүний данс болох Г гэх хүний дансанд 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс эхлээд одоог хүртэл худаг гаргаагүй бараг одоо жил болж байна. Цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэргийн шинжгүй, гэмт хэрэг биш гэж үзсэн учраас гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Д.Э худаг гаргуулах гэсэн хүсэл сонирхол нь хэрэгжээгүй. Худгийн мөнгийг Г.С зуучлалын дагуу бүрэн шилжүүлсэн үйл ажиллагаа явагдсан учраас 4 000 000 төгрөгийг найз нөхдийн итгэл эвдсэн үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлээгүй хохирол учруулсан гэж үзэж гаргуулах нь зүйтэй байна. Г.С 2 500 000 төгрөг Гантулгын дансанд шилжүүлсэн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 09-ны орчим Д.Э гэрт нь очсон. Гэрт нь очиход хямдхан худаг гаргаад өгөх хүн олоод өгөөч гэж хэлсэн. Манай ангийн найз О өрмийн компанитай, гэхдээ хайгуулын компани учраас худаг гаргадаггүй. Би тэр найз руугаа яриад манай найз худаг гаргуулах гэсэн юм аа. Худаг гаргах хүн олоод өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд Г гэх хүний 91916967 гэсэн дугаар өгсөн. Би Д.Э ийм компани,  ийм үнэ ханшаар гаргана гэж байна гэдгийг хэлсэн. Аварга С компани гэдэг нь худлаа тэдний ажлыг хийж байгаа гэж хэлсэн. Тэр Г гэх хүний утасны дугаарыг өгөөд та нар өөрсдөө холбогдоод ярьчих гэж хэлэхэд чи өөрөө хүнд тусалж байгаа юм бол тусалсан шиг тусал. Энэ хүмүүстэйгээ уулзуулаад өгчих гэсэн хүсэлт явагдсан. Би Г гэх хүнийг танихгүй. Манай ангийн хүүхдийн шавь нь юм байна лээ. Г гэх хүнтэй утсаар яриад Д.Э очиход гэртээ байгаагүй. Ээж нь байсан. Улаанбаатараас Тэрэлж орчихоод буцаад явах замд гэртээ ирчихлээ гээд залгасан. Тэгээд очсон учир шалтгаанаа хэлсэн. Хамгийн сүүлийн байдлаар 4 000 000 төгрөгөөр худгийг чинь гаргаж өгнө гэж байна. Та нар энэ хүмүүстэй өөрсдөө уулзаад мөнгө төгрөгөө өгөөд гэрээ, хэлцлээ байгуулаарай гэж хэлж байсан. Тэгэхэд мөн л ялгаагүй чи тусалж байгаа юм бол чи өөрөө энэ хүнтэй хүрч ирээд жин тан болгоод өг гэж хэлж байсан. Сүүлд нь ямар нэгэн юм болох юм бол чи хариуцаарай гэх мэт зүйлүүдийг хэлж байсан. Д.Э гэдэг нь манай найз байгаа юм. Мөнгө шилжүүлэх болохоор Э над руу ярьдаг. Мөнгөө шилжүүлэх гээд байна. Чиний данс руу шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхээр нь та нар өөрсдөө хоорондоо тохироод мөнгө төгрөгөө шилжүүл гэж хэлдэг байсан. Тэгээд Энхтуяагаас 2 500 000 төгрөг шилжиж орж ирэхэд нь 1 цагийн дотор Гантулга гэх хүний данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Д.Э би чиний явуулсан мөнгийг чинь нөгөө хүн рүү явуулчихлаа. Та нар гэрээгээ хийгээрэй гэж хэлж байсан. Үгэнд ороогүй гэрээ ерөөсөө хийгдээгүй. 1 500 000 төгрөгийг бензиний мөнгө  төгрөг гэж ярьсан гээд байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Энэ хүмүүс хоорондоо ярьж байгаад 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Над руу Д.Э залгаад 1 500 000 төгрөг гээд байна яах вэ гэж асуухад нь би гэрээ байгуулсан уу гэж асуухад байгуулаагүй гэсэн. Энэ асуудал даамжраад бараг жил болох гэж байна. Тухайн үед цагдаагаар явахад энэ асуудлаа чи өөрөө шийдэж өг, чи өөрөө аваад идсэн юм уу гэх мэт зүйлүүдийг ярьж байсан. Би Д.Э зуучилж тус болох гэснээс биш хүний мөнгийг аваад завших бодол бол байгаагүй. Найз нөхдийн хувьд туслая л гэсэн сэтгэл байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаар хөөцөлдөөд явахад Г гэх хүн нь залилан хийсэн. 3-4 удаа цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдсан хүн байна гэж байсан. Энэ талаар Д.Э хэлж байсан. Г гэх хүнээс мөнгөө олж авч чадахүй юм байна.  С мөнгөө олж авъя гэсэн найзын сэтгэлийг уландаа гишгэсэн асуудал гэж үзэж байна. Энд гомдолтой байна. Энэ мөнгө төгрөгийг нь би авч идсэн зүйл байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлтэй хариуцагч Г.С худаг гаргуулахаар шилжүүлсэн 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж,... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00174 дүгээр  шийдвэрийг  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч тал уг данс нь хэний эзэмшлийн данс гэдэг нь тодорхойгүй, мөн хуулгын агуулга нь худагтай холбоогүй байна гэж маргаж байх боловч Г гэгчийн данс биш гэдгийг баримтаар нотлоогүй, хариуцагчийн гаргасан баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нь хариуцагчийн тайлбар, түүний гаргасан нотлох баримтыг үгүйсгэх бол түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 зүйлд нэхэмжлэгч, нэхэмжлэлийнхээ шаардлагыг, хариуцагч татгалзалаа нотлох баримтаа гаргана гэжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж хариуцагч талд шилжүүлсэн 2 500 000 төгрөгний баримтаа хэрэгт хавсаргасан, хариуцагч тал 2 500 000 төгрөг шилжүүлсэн эсэхэд маргаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагч С дансанд 2 500 000 төгрөг шилжүүлсэн гэдгээ нотолсон. Энэ тохиолдолд мэтгэлзэх зарчмын хүрээнд хариуцагч тал өөрийн татгалзалаа нотлох үүрэгтэй авч энэ үүргийг нэхэмжлэгч талыг нотлох үүрэгтэй гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2 500 000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.С холбогдуулан худаг гаргуулахаар шилжүүлсэн гэх нийт 4000000 төгрөгийг хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол хэмээн гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг  хариуцагч нь үл зөвшөөрч мөнгийг өөртөө авч ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлсэн тул төлөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заагдсан зуучлалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 42, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байна.  

Уг гэрээний дагуу зуучлуулагч нь зуучлагчид ямар нэгэн хөлс, шагнал өгөх үүрэг хүлээгээгүй буюу энэ талаар харилцан тохиролцоогүй байна.

Харин уг гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлснээр дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Г.С нь нэхэмжлэгч Д.Э  Г гэгчтэй холбож өгсөн төдийгээр уг гэрээ дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “ Би мөнгөө шилжүүлэхээс өмнө чи цаад худаг гаргах хүнтэйгээ гэрээ хийгээрэй, дараа нь янз бүрийн юм болвол би чамтай ярина шүү “ гэж сануулж хэлж байсан гэх болон шүүх хуралдаанд хариуцагчаас  “Та нар энэ хүмүүстэй өөрсдөө уулзаад мөнгө төгрөгөө өгөөд гэрээ хэлцлээ байгуулаарай  гэж хэлж байсан. Тэгэхэд мөн л ялгаагүй чи тусалж байгаа юм бол чи өөрөө энэ хүнтэй хүрч ирээд жин тан болгоод өг”  гэж хэлж байсан  гэх  тайлбар  зэргээс үзэхэд  зуучлагч  болох Г.С  нь   үүргээ гүйцэтгэсэн  үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч буюу зуучлуулагч  Д.Э нь  хариуцагч буюу  зуучлагч Г.С дамжуулан  гуравдагч этгээдтэй “худаг гаргах тухай” ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хүссэн гэж үзэхээр байх ба энэ үүргийг зуучлагч хэрэгжүүлээгүй буюу зуучлуулагч болон гуравдагч этгээдийн хооронд гэрээ байгуулагдаагүй, байгуулагдсан гэж үзсэн ч ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүн байхгүй,  зуучлуулагчийн хүсэл зориг биелэгдээгүй, харин ч зуучлуулагч нь ажлын үр дүнг хүлээж аваагүй байж хөлсийг урьдчилан төлж хохирсон гэж үзэх  үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт зохигчдоос гаргаж өгсөн  мөнгө шилжүүлсэнтэй холбоотой нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.С 2500000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн нь нотлогдсон, харин Г.С данснаас “зээлдүүлэв” гэсэн утгаар гарсан 2500000 төгрөг нь Г гэгчийн данс руу шилжигдсэн  гэдэг нь нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг Г гэгчийн данс биш гэдгийг баримтаар нотлоогүй гэх боловч хариуцагч тал ч  Г гэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн гэдгээ мөн нотлоогүй байна гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч  Д.Э хариуцагчийн данс руу  мөнгө шилжүүлсэн асуудлыг зуучлалын гэрээнд хамааралгүй, тусдаа даалгаварын гэрээ ба уг даалгаварын гэрээ нь даалгавар биелэгдсэнээр дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 Учир нь нэхэмжлэгч  зуучлалын гэрээнийхээ  дагуу буюу зуучлагчийн хүсэлтээр  мөнгийг шилжүүлэхдээ зуучлагчид гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах үүргийг хариуцуулах зорилгоор түүний дансаар дамжуулан уг мөнгийг шилжүүлсэн гэж үзэх боломжтой байна гэж үзлээ.

Г гэгчид шилжүүлсэн гэх 1500000 төгрөгний хувьд уг мөнгийг шилжүүлсэн  гэх бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ мөнгийг зуучлагчаар дамжуулж шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас тодорхой байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэлийн шаардлагын зарим  болох 2,500,000 төгрөгийг хангаж өгөхийг хүсч гаргасан  давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 2500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 1500000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00174 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Г.С 2500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас1500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д заанаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78950 орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С улсын тэмдэгтийн хураамжинд 54950 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Д.Э олгосугай “ гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Х.БАЙГАЛМАА

              ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                        Г.ТЭГШСУУРЬ