Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01026

 

 Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00174 дүгээр шийдвэр,

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00016 дугаар магадлалтай,

 

Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

Г.Сэдэдрагчаад холбогдох

 

Худаг гаргуулахаар шилжүүлсэн 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Г.Сэдэдрагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Д.Энхтуяагаас Г.Сэдэдрагчаад холбогдуулан худаг гаргуулахаар шилжүүлсэн 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00174 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сэдэдрагчаагаас худаг гаргуулахаар шилжүүлсэн 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00016 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00174 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Г.Сэдэдрагчаагаас 2,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д заанаар нэхэмжлэгч Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сэдэдрагчаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхтуяад олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Г.Сэдэдрагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Г.Сэдэдрагчаа миний бие нь 2019.07.09-ний орчимд хамт ажиллаж байсан Д.Энхтуяагийн гэрт очсон юм. Д.Энхтуяагийн гэрт нь байхад хямдхан худаг гаргаад өгөх хүн олоод өгөөч гэж хэлсний дагуу өөрийн ангийн найз Олзбаатар өрмийн компанитай, гэхдээ хайгуулын компани учраас худаг гаргадаггүй. Би уг найз руугаа яриад манай найз худаг гаргуулах гэсэн юм аа. Худаг гаргах хүн олоод өгөөч ээ гэж хэлсэн, тэгээд Гантулга гэх хүний 91916967 гэсэн дугаар өгсөн. Би Д.Энхтуяад ийм компани, ийм үнэ ханшаар гаргана гэж байна гэдгийг хэлсэн. Миний хувьд Гантулга гэх хүний утасны дугаарыг өгөөд та нар өөрсдөө холбогдоод ярьчих гэж хэлэхэд чи өөрөө хүнд тусалж байгаа юм бол тусалсан шиг тусал. Энэ хүмүүстэйгээ уулзаад өгчих гэсэн. Би энэ Гантулга гэдэг хүнийг танихгүй манай ангийн хүүхдийн шавь нь юм билээ. Гантулга гэх хүний утсаар яриад Д.Энхтуяагийн гэрт очиход гэртээ байхгүй ээж нь байсан. Би сүүлийн байдлаар 4,000,000 төгрөгөөр худгийг чинь гаргаж өгнө гэж байна өөрсдөө та нар уулзаад мөнгө төгрөгөө өгөөд гэрээ, хэлцлээ байгуулаарай гэж хэлсэн. Д.Энхтуяа мөнгө шилжүүлэх болохоороо над руу ярьдаг, мөнгөө шилжүүлэх гээд байна. Чиний данс руу шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхээр нь та нар өөрсдөө хоорондоо тохироод мөнгө төгрөгөө шилжүүл гэж хэлдэг байсан. Тэгээд Энхтуяагаас миний данс руу 2,500,000 төгрөг шилжиж орж ирэхэд нь 1 цагийн дотор Гантулга гэх хүний данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Д.Энхтуяад чиний явуулсан мөнгийг нөгөө Гантулга гэх хүний данс руу хийчихлээ шүү гэдгээ нь хэлсэн. Сүүлд нь Гантулга, Д.Энхтуяа нар хоорондоо ярьж Гантулгын дансыг аваад 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Миний хувьд Д.Энхтуяагаас шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг миний дансанд орж ирэнгүүт 1 цагийн дараа Гантулгын данс руу шилжүүлж, энэ тухайгаа Д.Энхтуяад мэдэгдсэн. Би өөртөө нэг ч төгрөг авч ашигласан, идсэн зүйл байхгүй дансанд орж ирсэн мөнгийг нь шилжүүлсэн. Иргэн миний данс руу Д.Энхтуяа нь 2,500,000 төгрөг шилжүүлсэн нь зуучлалын гэрээнд хамааралгүй, миний дансруу шилжүүлсэн мөнгийг нь даруй Гантулгын данс руу шилжүүлсэн юм. Д.Энхтуяа нь Гантулгаас өөрөө ярьж дансны дугаарыг аваад 1,500,000 төгрөг шилжүүлсэн ба Д.Энхтуяа нь Гантулгын данс гэдгийг мэдэж байсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль буруу хэрэглэсэн, буруу шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Энхтуяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагчийн зуучилсан хүнээр 4,000,000 төгрөгт худаг гаргуулахаар урьдчилгаа 2,500,000 төгрөгийг Г.Сэдэдрагчаагийн дансанд, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хариуцагчийн хэлсэн дансанд тус тус шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл худаг гаргаагүй тул шилжүүлсэн 4,000,000 төгрөгөө нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч нь: ...нэхэмжлэгчийн хүсэлтээр худаг гаргах Гантулга гэдэг хүнийг олж, нэхэмжлэгчтэй яриулсан, тэд ажлын хөлсөө 4,000,000 төгрөгөөр тохирч, Гантулга өөрийнхөө дансыг өгсөн боловч Энхтуяа нь намайг шилжүүлчих гээд миний дансанд 2,500,000 төгрөгийг шилжүүлснийг би Гантулгын дансанд шилжүүлсэн, сүүлд шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг тэд хоорондоо ярилцаад, Д.Энхтуяа нь Гантулгын дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч Г.Сэдэдрагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Д.Энхтуяагийн шилжүүлсэн мөнгийг тэр даруй Гантулгын дансанд шилжүүлсэн, энэ дансыг Гантулгынх гэдгийг Д.Энхтуяа мэдэж байсан, ...иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, буруу шийдвэр гаргасан... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 

9. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...зохигчийн хооронд зуучлалын гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, ...харин зуучлалын үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл зуучлуулагч болон гуравдагч этгээдийн хооронд гэрээ байгуулагдаагүй, байгуулагдсан гэж үзсэн ч зуучлуулагчийн хүсэл зориг биелэгдээгүй, харин ч ажлын үр дүнг хүлээж аваагүй байж хөлсийг урьдчилан төлж хохирсон байна. ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан боловч Гантулгын дансанд шилжүүлсэн болохоо нотлоогүй байна... гэж дүгнэн, дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

10. Хэргийн 17 дугаар талд авагдсан Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагчийн Хаан банкин дахь харилцах дансаар 2019.07.22-ны өдөр худаг гэсэн агуулгаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 2,500,000 төгрөг орлого гэж орж ирсэн, дээрх 2,500,000 төгрөгийг зээлдүүлгэ гэх агуулгаар бусдад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх ба хариуцагч нь ...тухайн үед юу ч бодоогүй, шилжүүлгийн утгыг хоосон явуулж байхаар гээд бичсэн байх... гэсэн тайлбар гаргасан /хх-28/, мөн нэхэмжлэгч нь Гантулга үлдэгдэл төлбөрөө шаардсан үндэслэлээр Гантулгын дансанд гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байх тул Г.Сэдэдрагчаад шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг Гантулгад шилжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

11. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Д.Энхтуяагаас өгсөн ажлын хөлсний урьдчилгаа 2,500,000 төгрөгийг Гантулгын дансанд шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийх үүрэгтэй бөгөөд Г.Сэдэдрагчаа нь Д.Энхтуяагаас өгсөн мөнгийг Гантулгын дансанд шилжүүлснээр үүргээ гүйцэтгэсэн тул Д.Энхтуяад 2,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, 1,500,000 төгрөгийг Г.Сэдэдрагчаа нь хүлээн аваагүй талаар зохигч маргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00016 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00174 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.Сэдэдрагчаагийн гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г.Сэдэдрагчаагаас 2020.11.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                               П.ЗОЛЗАЯА

                                               Д.ЦОЛМОН

                                                       Х.ЭРДЭНЭСУВД