Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/01078

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/01078

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч: 

 

Хариуцагч: 

 

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж өгөхийг даалгах /хэлцлийн үр дагаврыг арилгуулах/ тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А түүний өмгөөлөгч Л.Н, Д.Т хариуцагч С.Э түүний өмгөөлөгч Д.И хариуцагч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч В.Т, Д.Д шүүх хуралдааны нарийн бичгийн даргаарН.А нар оролцов.  

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь С.Э Б.Э нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархадны 6 дугаар гудамж,** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-*************дугаартай, *******************нэгж талбарын дугаартай газар түүний дээр байрлах, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, 1070 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Б.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хэрэв Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан угаас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан. Б.Ад мөнгөний хэрэг гарч, С.Э 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100.000 ам долларыг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Ингэж авахдаа зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах байсан ба тухайн үед хоорондоо ярилцаж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэхдээ уг гэрээг байгуулахдаа албан ёсоор объектийг худалдаагүй, зээлээ төлж дууссаны дараа буцааж шилжүүлэхээр тохирсон. Тийм ч учраас зээлийн гэрээ давхар байгуулж, мөнгийг төлнө гэж баталгаа бичиж өгсөн. Гэтэл хариуцагч С.Э Б.А өөрөө хүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. С.Э Б.Аийг мөнгөө өгсний дараа объектийг буцааж шилжүүлнэ гэдгийг мэдсээр байж, цааш нь Б.Эд худалдсан нь хууль бус байна. Иймд С.Э Б.А нарын хооронд болон С.Э Б.Э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, “талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч С.Э Б.Э нараас хэлцлийн үр дагавар буюу үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100.000 ам.доллар зээлэх хүсэлт гаргасаны дагуу түүнтэй тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Б.А 10 хувийн хүүтэй авъя гэсэн боловч хүү өндөр байна,  би тийм их өндөр хүүтэй мөнгө зээлэхгүй гэж хэлээд сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Б.А худалдах, худалдан авах гэрээний нөхцөлтэйгөөр хийе гэж өөрөө санаачилсан хүн. Ингээд нотариатч В.Т дээр намайг дагуулж очиж, гэрээгээ батлуулсан. Зээл авснаас хойш Б.А утас нь холбогдохгүй, утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байдаг байсан. Нэг удаа уулзахад мөнгөө төлж чадахгүй байна, мөнгө орж ирвэл төлнө, би танд хүүгээ төлөөд таны мөнгийг өгөөд байшингаа буцааж авна гэсэн. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр надтай тохирч, 5 дугаар сарын 08-ны өдөр нотариатч Д.Д руу намайг дагуулж очсон. Хэрвээ мөнгөө төлж чадахгүй байраа алдсан тохиолдолд ямар нэгэн хэрүүл маргаан гаргахгүй гэдгээ баталгаажуулсан. Энэ хугацаанд миний бие хоёр удаа хагалгаанд орсон. Ингээд надад мөнгөний хэрэг болсон учраас уг байрыг зарахаас өөр арга байгаагүй. Өмнө нь очиход Б.А, Ж.А нягтлан гэх хүмүүс байсан. Очиж уулзаад бичиг баримтуудыг нь үзүүлсэн. Баталгаа гаргаж өгөхдөө түрээслэгч байхгүй гээд Б.Атэй 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр акт үйлдээд 4 давхар, зоорийн давхартай, цахилгааны хязгаарлалттай, таазнаас ус гоожсон тухай актад тодорхой заасан. Ингээд гарын үсэг зурж, уг объектийг хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд Б.Атэй холбоо барихад  Монгол банкны захирал надад мөнгө гаргаж өгөх ёстой гэж тайлбар хэлсэн. Үүнээс болж бидний хооронд маргаан гарсан. Б.А бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг гэрээний чөлөөт байдал гэж үзэж байна. Яагаад гэвэл Б.А өөрийн сонирхлоор надаас мөнгө зээлж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Мөнгөө төлчихөөд буцаагаад байшин газраа авна гэсэн боловч мөнгийг төлж чадахаа болилоо, танд шилжүүлье гэсэн. Надад ямар нэгэн давуу байдлаа ашиглаж гэрээ хийсэн зүйл байхгүй. Хавтас хэргийн 27,28,30 дугаар хуудсанд байгаа нотлох баримтуудыг үнэлж өгөөч гэж хүсэж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр хариуцагч С.Э худалдаж авсан. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаанаас харахад С.Эийн өмч мөн байсан. Ямар учраас зарах гэж байгаа талаар асуухад 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Аээс С.Эт актаар хүлээлгэж өгсөн тухай баримтаа харуулсан. Тухайн обьект нийтийн халаалт байхгүй, ус гоождог тухай дурдаад хүлээлгэж өгсөн байсан. Б.Э хувьд нэхэмжлэгч Б.Атэй хийсэн гэрээ хэлцэл байхгүй, түүнийг танихгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний чөлөөт байдлыг тодорхой заасан ба С.Э Б.А нар тэр дагуу гэрээ байгуулсан гэж үзэж байна. Зээлийн гэрээ хийхэд барьцааны гэрээ заавал хийх ёстой гэсэн шаардлага байхгүй. Энэ асуудал нь байраа танд өгөөд буцаагаад авахаар гэрээ байгуулсан агуулгатай байсан. Мөн дараа нь актаар хүлээлгэж өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч С.Э Б.Э нарт холбогдуулан Б.А С.Э С.Э Б.Э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөхийг даалгах /хэлцлийн үр дагаврыг арилгуулах/ тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Б.А, С.Э нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба худалдагч Б.А Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хадны 6 дугаар гудамж, * тоотод байрлах, 1070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх, худалдан авагч С.Э “төлбөр тооцоо байхгүй” гэж, мөн өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдагч Б.А дээрх хаягт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч С.Э 5.000.000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ. 

 

Нэхэмжлэгч Б.А 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С.Этэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч уг гэрээг өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, учир нь мөн өдөр С.Э 100.000 ам доллар зээлж, уг мөнгийг авахын тулд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгөө төлсний дараа буцааж шилжүүлэхээр тохирсон, иймд зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж өгөхийг даалгах /хэлцлийн үр дагаврыг арилгуулах/ тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч С.Э Б.А нь надаас мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100.000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн, ингэж зээлүүлэхдээ түүний санал болгосноор худалдах худалдан авах гэрээ байгуулж, Б.Аийг мөнгөө төлсний дараа буцааж авахаар тохирсон, Б.А бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг гэрээний чөлөөт байдал гэж үзэж байна. Мөнгөө төлчихөөд буцаагаад үл хөдлөх хөрөнгө болон газраа авна гэсэн боловч мөнгийг төлж чадахаа болилоо, танд шилжүүлье гэсэн. Надад ямар нэгэн давуу байдлаа ашиглаж гэрээ хийсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Э 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр хариуцагч С.Э худалдаж авсан. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаанаас харахад С.Эийн өмч мөн байсан ба ямар учраас зарах гэж байгаа талаар асуухад 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Аээс С.Эт актаар хүлээлгэж өгсөн тухай баримтаа харуулсан, мөн Б.Аийг мөнгөө төлж чадахгүй байсан учир шилжүүлсэн гэдгийг хэлсэн, зээлийн гэрээ хийхэд барьцааны гэрээ заавал хийх ёстой гэсэн шаардлага байхгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж маргаж байгаа болно.

 

         Зохигчид С.Э Б.А нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн, С.Э Б.Э нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газар худалдах-худалдан авах гэрээнээс гадна С.Э Б.А нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, “төлбөр барагдуулах тухай баталгаа” гэх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

 

          “Төлбөр барагдуулах тухай С.Э танаа баталгаа гаргах нь” гэх  баримтад.... “ 2015 оны 11 дүгээр сарын 23-наас 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай танаас 100.000 ам долларыг 4 хувийн хүүтэй зээлсэн. 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээг сунгаж чадаагүй болно. Учир нь энэ хугацаанд миний санхүүгийн боломж, орж ирэх ёстой байсан орлого орж ирэх хугацаанаасаа удаа дараа хойшилсон. Иймд гэрээгээ цаг хугацаандаа сунгаж чадаагүй. Мөнгө маань ороод ирвэл гэрээгээ сунгаагүй ч гэсэн бөөнд нь мөнгө өгнө гэсэн бодолтой байсан. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад, * дугаар гудамж, *** тоот 1070 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 447 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан. Зээлийн хүүг бүрэн төлөх хугацаа 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болно. Үндсэн зээлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэг сарын хүүгийн хамт төлнө. Төлөөгүй тохиолдолд уг үл хөдлөх хөрөнгө болон газрыг бүрэн хүлээлгэж өгнө. Хэрэв түрээлслэгчтэй болсон байвал түрээслэх эзэмших эрхийг шилжүүлж өгнө. Одоогоор түрээслэгч байхгүй. Түрээслүүлэхээр засвар хийж байгаа. Хэрэв уг үл хөдлөх хөрөнгө газрыг иргэн н.Э-т хүлээлгэж өгөхөөр болсон тохиолдолд ямарваа нэгэн гомдолгүй, тодорхойлолт гаргасан  Б.А, Жич: Бид төлбөр барагдуулах талаар харилцан тохиролцож, хэн нэгний шахалт дарамтгүйгээр энэхүү бичгийг үйлдсэн болно гэжээ.

 

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “... Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, “төлбөр барагдуулах тухай баталгаа” гэх баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд  Б.А нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, С.Э нь худалдан авах хүсэл зоригийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан дагуу илэрхийлээгүй байна.

 

         Өөрөөр хэлбэл С.Э Б.Ад үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг худалдахдаа “төлбөр тооцоо байхгүй” гэж, газрыг худалдахдаа худалдан авагч С.Эт 5.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэх бичвэр байх ба хариуцагч С.Э үүнийг тайлбарлахдаа татвар өндөр байсан тул үнийн дүн бичээгүй гэх боловч С.Э нь Б.Ад 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100.000 ам.долларыг зээлүүлэхдээ зээлийн барьцаанд тавих үүднээс өөр хэлцлийг халхавчлах зорилгоор худалдах, худалдах авах гэрээ байгуулсан, худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгө болон хөрөнгийг шилжүүлээгүй байх ба харин 100.000 ам.долларыг хугацаатай, хүүтэй зээлүүлсэн үйл баримт тогтоогдож байна. 

 

         Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа үр дагавар бий болгохыг зориогүй, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан С.Э Б.А нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

         Хариуцагч С.Э нь “...Б.А зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээг дуусгавар болгох үүднээс акт, баримт үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийг С.Эт хүлээлгэн өгсөн тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг боловч С.Э Б.А нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор талууд тохиролцсон эсэх нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоход саад болохгүй юм.

 

       Өөрөөр хэлбэл халхавчлагдсан хэлцэл /зээлийн гэрээ/-ний тухайд талуудын хэлцлээр эрх, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх хүсэл зориг бодитой байж болох ба зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байх тул хариуцагч С.Э зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нь нээлттэй байна.

 

        Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т ”...Дээр  дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан бөгөөд С.Э өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Эд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан  байх тул С.Э Б.Э нарын хооронд байгуулагдсан  2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь зүйтэй байна.

 

         Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д”...Энэ хуулийн 56.1-т заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад * дугаар гудамж, * тоотод байрлах, 1070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дээрх хаягт байршилтай, нэгж талбарын *******************дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Ээс  С.Эт,  С.Э Б.Ад шилжүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

         Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “...Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч Б.Э буруутай этгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заасныг баримтлан Б.А, С.Э нарын хооронд байгуулагдсан /гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй.

 

            2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заасныг баримтлан С.Э Б.Э нарын хооронд байгуулагдсан  2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

           3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад * дугаар гудамж, * тоотод байрлах, 1070 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дээрх хаягт байршилтай, нэгж талбарын *******************дугаартай, 447 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Ээс  С.Эт,  С.Э Б.Ад шилжүүлсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э 82.575 төгрөг, Б.Ээс 82.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.