Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2019/00029

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2019/00029

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... Х Б хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суугч Г.Т-д холбогдох 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэг болох 3,232,148.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Нарангэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Х Б ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Г.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3,918,184.71 төгрөгийн тэтгэврийн зээлийг Л.Оын хамтран үүрэг гүйцэтгэгчээр жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч Л.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт заасан зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,161,796.55 төгрөг, зээлийн хүүд 140,203.45 төгрөг тус тус төлсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 1.3.1, 3.2.1, 3.2.3, 3.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,756,388.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 475,760.17 төгрөг нийт 3,232,148.33 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 1.3.1-д заасан нөхцөлийг зөрчин 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй 364 хоног хугацаа хэтэрсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 3.2.3 дахь хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.1.4, 3.3 дугаар зүйлийг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.Төөс зээлийн гэрээний үүрэг болох 3,232,148.33 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Г.Т нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Л.Отой ураг төрлийн ямар нэгэн холбоогүй. Бие биенээ мэдэх таньдаг хүмүүс. Л.О нь манайд ирээд Улаанбаатар хот явж дүү нар дээрээ очиж өвөлжих гэсэн юм. Хонь мал авч явах мөнгө хэрэг болоод тэтгэврийн зээл авах гэтэл төрийн албанд ажилладаг хүнээр гарын үсэг зуруул гээд байна. Чи гарын үсэг зурж туслаач гэсэн. Тухайн үед би завгүй байна гэтэл хоёр хоногийн дараа дахин ирж өөр хүн олдохгүй байна. Чи нэг туслаач гэхээр нь би ядарсан, гэр оронгүй хүнд тусалж гарын үсэг зурсан. Л.Оыг хэдэн төгрөгний зээл авсныг мэдэхгүй, зээл авсан мөнгөнөөс нь хэрэглэсэн зүйл надад байхгүй. Банк надад хариуцлага хүлээх талаар тайлбарлаж өгөөгүй. Тухайн үед Л.Оыг хэдэн төгрөгний зээл авсныг би мэдээгүй. Л.Оыг нас барсны дараа буяны ажил дээр Х Бны ажилтан ирсэн байхаар нь энэ удаад зээлийн талаар яриад хэрэггүй гэж би хэлсэн. Л.Оын төрсөн эгч Л.Отгонбаяртай уулзах гэтэл мөн нас барсан байсан. Л.О 4 удаа Х Бнаас зээл авсан байдгаас 2 удаагийн зээл авахад би хамтран зээлдэгчээр оролцсон байсан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,258,100 төгрөгийн зээл авсныг 2017 оны 7 сар гэхэд төлөөд дуусгасан байсан. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,614,900 төгрөгийн зээл авснаас 251,000 төгрөгөөр 2 удаа буюу 502,000 төгрөг төлсөн, мөн 800,000 төгрөг нийт 1,302,000 төгрөг төлсөн байдаг. Тэгэхээр одоо 312,900 төгрөгийн зээл үлдэгдэл байгаа гэж үзэж байна. Харин хүү хэдэн төгрөг болохыг шүүх тооцоолох байх. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Л.Оыг гуйсан болохоор би тэтгэврийн зээл авахад нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан болохоос уг зээлийг аваагүй учир төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч Г.Төд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэг болох 3,232,148.33 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Т нь ...Би Л.О гуайг гуйсан болохоор нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тэтгэврийн зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Л.О гуай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,614,900 төгрөгийн зээл авснаас 251,000 төгрөгөөр 2 удаа буюу 502,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 800,000 төгрөг нийт 1,302,000 төгрөг төлсөн байдаг. Одоо зээлийн үлдэгдэл 312,900 төгрөг үлдсэн байдаг. Би Л.О гуайг хэдэн төгрөгний зээл авсныг мэдээгүй. Уг зээлээс би аваагүй учир зээлийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргажээ.

Х Б ХХК-ны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь тооцооны төвийн захирал Ж.П, зээлдэгч Л.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Т нар нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн үлдэгдэл 2,303,284.71 төгрөг дээр 1,614,900 төгрөгийг нэмж нийт 3,918,184.71 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай төлж барагдуулахаар харилцан тохиролцож тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банкны зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдэгч Л.Оын Х Бны 5498213482 дугаартай данснаас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,614,900 төгрөгийн зарлага гарч, зээлийн үлдэгдэл 3,918,184.71 төгрөг үлдсэн талаарх дансны хуулгаар нотлогдож байна.

Зээлдэгч Л.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь ... регистрийн дугаартай, Монгол улсын иргэн 1949 оны 02 дугаар сарын 01-нд төрсөн, Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин сууж байсан, эрэгтэй Л.О, 68 настай, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ нас барсыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсны бүртгэлийн 51-рт бүртгэж гэрчилгээ олгов... гэсэн 00000187415 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн гэрээний нөхцөлөөс судалбал зээлдэгч Л.О нь Х Б ХХК-ны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь тооцооны төвөөр дамжуулан авдаг тэтгэврийн орлогоо барьцаалан зээлийн гэрээ байгуулсан, тэтгэвэр авагч нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болсон боловч тэтгэвэр авах эрх дуусгавар болох, тэтгэвэр авагч буюу зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох талаар 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээнд тохиролцсон нөхцөл байхгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.

Зээлдэгч Л.Оыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Х Б ХХК-ны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь тооцооны төвөөс тэтгэврийн зээл авахад нь хариуцагч Г.Т нь зээлийн гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүргийг хүлээж, хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна.

Хэдийгээр хариуцагч Г.Т нь ...Л.О гуайг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,614,900 төгрөгийн зээл авахад нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Харин өмнөх зээлийн үлдэгдэл 2,303,284.71 төгрөгийг төлөхөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй... гэж маргаж байгаа боловч уг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Тийг зээлдэгч Л.Оын өмнөх зээлийн үлдэгдэл 2,303,284.71 төгрөгийг төлөхөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, олгож байгаа 1,614,900 төгрөгийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон талаар ямар нэг нөхцөл тохироогүй байх бөгөөд харин нийт 3,918,184.71 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлж авахад хариуцагч Г.Т нь уг зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүргийг хүлээж гэрээнд гарын үсэг зурсан байна.

Зээлдэгч Л.Оын Х Б ХХК-ны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь тооцооны төвтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нас барж, түүнд олгож байсан тэтгэвэр зогссон байх бөгөөд энэ эрсдэлийг хариуцахаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан Г.Т нь гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу зээлдэгч Л.О нь нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээг цуцлах, хамтран үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Х Б ХХК-нд үүссэн байх бөгөөд хариуцагч Г.Төөс зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Төд урьдчилан мэдэгдэж байсан болох нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээл төлөх мэдэгдэл болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч Г.Тийн Би Л.Оыг хэдэн төгрөгний зээл авсныг мэдээгүй, мөнгийг авч ашиглаагүй, банк надад ямар эрх үүрэгтэй оролцож байгаа талаар тайлбарлаагүй, сайн санааны үүднээс хүнд тусалж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан... гэдэг тайлбарыг үндэслэж түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х Б ХХК-ны хариуцагч Г.Төд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэг болох 3,232,148.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,664 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Төөс улсын тэмдэгтийн хураамжид 66,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х Б ХХК-ны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь тооцооны төвийн захирал Ж.П, зээлдэгч Л.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Т нарын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.Төөс тэтгэврийн зээлийн үлдэгдэл 3.232.148.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Төөс улсын тэмдэгтийн хураамжид 66.664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ӨЛЗИЙХИШИГ