Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2019/00005

 

******* банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишигийн даргалж шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Г.Тө-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******үү нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зээлдэгч Г.Тө- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3,918,184.71 төгрөгийн тэтгэврийн зээлийг Л.*******ын хамтран үүрэг гүйцэтгэгчээр жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч Л.******* нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт заасан зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,161,796.55 төгрөг, зээлийн хүүд 140,203.45 төгрөг тус тус төлсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 1.3.1, 3.2.1, 3.2.3, 3.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,756,388.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 475,760.17 төгрөг нийт 3,232,148.33 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 1.3.1-д заасан нөхцөлийг зөрчин 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй 364 хоног хугацаа хэтэрсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 3.2.3 дахь хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.1.4, 3.3 дугаар зүйлийг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.Тө-өөс зээлийн гэрээний үүрэг болох 3,232,148.33 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Г.Тө- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Л.*******той ураг төрлийн ямар нэгэн холбоогүй. Бие биенээ мэдэх таньдаг хүмүүс. Л.******* нь манайд ирээд Улаанбаатар хот явж дүү нар дээрээ очиж өвөлжих гэсэн юм. Хонь мал авч явах мөнгө хэрэг болоод тэтгэврийн зээл авах гэтэл төрийн албанд ажилладаг хүнээр гарын үсэг зуруул гээд байна. Чи гарын үсэг зурж туслаач гэсэн. Тухайн үед би завгүй байна гэтэл хоёр хоногийн дараа дахин ирж өөр хүн олдохгүй байна. Чи нэг туслаач гэхээр нь би ядарсан, гэр оронгүй хүнд тусалж гарын үсэг зурсан. Л.*******ыг хэдэн төгрөгний зээл авсныг мэдэхгүй, зээл авсан мөнгөнөөс нь хэрэглэсэн зүйл надад байхгүй.Банк надад хариуцлага хүлээх талаар тайлбарлаж өгөөгүй. Тухайн үед Л.*******ыг хэдэн төгрөгний зээл авсныг би мэдээгүй. Л.*******ыг нас барсны дараа буяны ажил дээр ******* банкны ажилтан ирсэн байхаар нь энэ удаад зээлийн талаар яриад хэрэггүй гэж би хэлсэн. Л.*******ын төрсөн эгч Л.*******тай уулзах гэтэл мөн нас барсан байсан. Л.******* 4 удаа ******* банкнаас зээл авсан байдгаас 2 удаагийн зээл авахад би хамтран зээлдэгчээр оролцсон байсан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,258,100 төгрөгийн зээл авсныг 2017 оны 7 сар гэхэд төлөөд дуусгасан байсан. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,614,900 төгрөгийн зээл авснаас 251,000 төгрөгөөр 2 удаа буюу 502,000 төгрөг төлсөн, мөн 800,000 төгрөг нийт 1,302,000 төгрөг төлсөн байдаг. Тэгэхээр одоо 312,900 төгрөгийн зээл үлдэгдэл байгаа гэж үзэж байна. Харин хүү хэдэн төгрөг болохыг шүүх тооцоолох байх. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Л.*******ыг гуйсан болохоор би тэтгэврийн зээл авахад нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан болохоос уг зээлийг аваагүй учир төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хариуцагч Г.Тө- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Г.Тө- миний бие Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг хийж байна.

1. Миний бие Л.*******т ямар нэгэн төрөл садан, ах, дүүгийн хамааралгүй ядарсан амьдралтай хүн гуйгаад байхаар нь сайхан сэтгэл гаргаж тус болж байна гэдэг үүднээс зээл авахад нь гарын үсэг зурсан юм. Би энэ хүний авсан зээлнээс нэг ч төгрөг аваагүй, хэдэн төгрөгний зээл авсаныг ч мэдэхгүй. Банкны хүмүүсийн ярьсанаас үзэхэд тэр мөнгөө дүүгийнхээ данс руу хийсэн юм шиг байна лээ. Банкны хүмүүс надад та энэ дээр гарын үсэг зурчих гэснээс ийм үүрэг хариуцлага хүлээх талаар юу ч хэлээгүй. Банк авсан зээлийг нь хийсэн хүний данс байхад зөвхөн гарын үсэг зурсан гэж намайг шүүхэд өгөөд ах, дүү нартай нь ер уулзаагүй байгаа юм.

2. Л.******* нь ******* банкнаас 4 удаа зээл авсан байдаг. Үүний 2 зээл дээр нь би гарын үсэг зураагүй байдаг. 2016 оны 10 дугаар сарын 12нд 1258000 төгрөгний зээл авахад нь би гарын үсэг зурсан энэ зээлээ 251000 төгрөгөөр 9 удаа болж энэ зээл хаагдсан учир миний үүрэг хүлээсэн зээл дуусгавар болсон. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 07-нд 1614900 төгрөгний зээл нэмж авахад би гарын үсэг зурсан байдаг. Энэ дээр 251000 төгрөгөөр 2 удаа, /502000 төгрөг/ 800000 төгрөгөөр 1 удаа ингээд 1302000 төгрөг төлөгдсөн байгаа. Гэтэл Л.*******ын өөрийн миний гарын үсэг зурж авсан зээлэнд давхар үүрэг хариуцлага хүлээж анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг бас надад давхар үүрэг хариуцлага хүлээлгэж байгааг үзэн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байгаа болно. Миний бие зөвхөн өөрийн гарын үсэг зурж авсан мөнгөнд л үүрэг хариуцлага хүлээхээс .............гарын үсэг зураагүй авсан тэр зээлийг надаар төлүүлж байгаа нь буруу гэж үзэж байгаа болно.

3. ******* банкны төлөөлөл болохоор та зөвхөн өөрийн гарын үсэг зурахад авсан мөнгөнд л хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүрэг хүлээх ёстой гэдгийг зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* банк ХХК-ны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь тооцооны төвийн захирал Ж.*******үү, зээлдэгч Л.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Тө- нарын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.Тө-өөс тэтгэврийн зээлийн үлдэгдэл 3.232.148.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэххэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тө-өөс улсын тэмдэгтийн хураамжид 66.664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа:

Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчтэй адилхан үүрэгтэй оролцохоор байгаа. Ах, дүү нартай нь уулзахгүй байна гэж тайлбарлаж байна. Бид нар үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн ар гэрийнхэнтэй зээлийн талаар мэдээлэл өгөөд уулзах боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хамтран зээлдэгч биш учраас тэдэнтэй уулзах шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Г.Тө-өд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэг 3.232.148 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэлийн үндэслэл болох ******* банк болон зээлдэгч Л.*******, хамтран зээлдэгч нарын байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1.614.900 төгрөг авчнийт 3.918.184 төгрөгийг авсан зээлийн гэрээ, хариуцагч нь гэрээний дагуу зээлийг 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн эргэн төлөлт, гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн зээлдэгч нас барснаар үүргийн зөрчил гарсан байдал, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, хамтран үүрэг гүйцэтгэгчийнхариуцлага зэрэг эрх зүйн асуудлаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 242 дугаар зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасны дагуу хийвэл зохих дүгнэлтүүдийг хийжээ.

 Гэвч хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр талийгаач Л.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх тэтгэвэрийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1.614.900 төгрөгний зээл авсан байх бөгөөд банкны шаардлагаар зээлийн гэрээнд өөрийн гэр бүлийн гишүүн буюу хамаарал бүхий этгээд биш болох хариуцагч Г.Тө-өөр гарын үсэг зуруулсан байдал тогтоогдож байна.

 Хэдийгээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар ******* банк хариуцагч Г.Тө-өөс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч хариуцагч Г.Тө- нь бодитоор 1.614.900 төгрөгний зээлийн гэрээний үүрэгт хариуцлага хүлээсэн байх тул Г.Тө- нь 1.614.900 төгрөгийг хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэхээр байна.

 Иймд хариуцагч Г.Тө-өөс зээлийн гэрээний үүрэгт нийт 1.614.900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банкинд олгож, нэхэмжлэлийн зарим шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дугаартайшийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3.232.148 төгрөг гаргуулж гэснийг нийт 1.614.900 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 1.617.248 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 66.664 төгрөг гаргуулж гэснийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 40.826 төгрөг гаргуулж гэж тус тус шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 56 дугаар зүйлийн 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 67.000 төгрөгнөөс 40.826 төгрөгийг улсын орлого болгож, 26.174 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР