Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00259

 

 

“... банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн    

          2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийдвэр,

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... банк” ХХК

          Хариуцагч: Г.Т-өд холбогдох

          3,232,148.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өрнөхжаргалын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

 

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Г.Т- нь 2017-09-07-ны өдөр 3,918,184.71 төгрөгийн тэтгэврийн зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр жилийн 18%-н хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч Л.О- нь 2017-10-13-ны өдөр нас барсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1.2-т заасан зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,161,796.55 төгрөг, зээлийн хүүд 140,203.45 төгрөг тус тус төлсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 1.3.1, 3.2.1, 3.2.3, 3.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2018-11-06-ны өдрийн байдлаар нийт 3,232,148.33 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 1.3.1-д заасан нөхцөлийг зөрчин 2017-11-21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй 364 хоног хугацаа хэтэрсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2018-09-24-ний өдөр зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 3.2.3 дахь хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тул гэрээг цуцалсан. Иймд зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.1.4, 3.3 дугаар зүйлийг үндэслэн Г.Т-өөс үндсэн зээл 2,756,388.16 төгрөг, зээлийн хүү 475,760.17 төгрөг нийт 3,232,148.33 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: ...Миний бие Л.О-той ураг төрлийн ямар нэгэн холбоогүй. Бие биенээ мэдэх таньдаг хүмүүс. Л.О- нь манайд ирээд УБ хот явж дүү нар дээрээ очиж өвөлжих гэсэн юм. Хонь мал авч явах мөнгө хэрэг болоод тэтгэврийн зээл авах гэтэл төрийн албанд ажилладаг хүнээр гарын үсэг зуруул гээд байна. Чи гарын үсэг зурж туслаач гэсэн. Тухайн үед би завгүй байна гэтэл хоёр хоногийн дараа дахин ирж өөр хүн олдохгүй байна. Чи нэг туслаач гэхээр нь би ядарсан, гэр оронгүй хүнд тусалж гарын үсэг зурсан. Л.О-ыг хэдэн төгрөгний зээл авсныг мэдэхгүй, зээл авсан мөнгөнөөс нь хэрэглэсэн зүйл надад байхгүй. Банк надад хариуцлага хүлээх талаар тайлбарлаж өгөөгүй. Л.О-ыг нас барсны дараа буяны ажил дээр ... банкны ажилтан ирсэн байхаар нь энэ удаад зээлийн талаар яриад хэрэггүй гэж би хэлсэн. Л.О-ын төрсөн эгч Л.Отгонбаяртай уулзах гэтэл мөн нас барсан байсан. Л.О- 4 удаа ... банкнаас зээл авсан байдгаас 2 удаагийн зээл авахад би хамтран зээлдэгчээр оролцсон байсан. 2016-10-12-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,258,100 төгрөгийн зээл авсныг 2017-7 сар гэхэд төлөөд дуусгасан байсан. Дараа нь 2017-09-07-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,614,900 төгрөгийн зээл авснаас 251,000 төгрөгөөр 2 удаа буюу 502,000 төгрөг төлсөн, мөн 800,000 төгрөг нийт 1,302,000 төгрөг төлсөн байдаг. Тэгэхээр одоо 312,900 төгрөгийн зээл үлдэгдэл байгаа гэж үзэж байна. Харин хүү хэдэн төгрөг болохыг шүүх тооцоолох байх. 2017-09-07-ны өдөр Л.О-ыг гуйсан болохоор би тэтгэврийн зээл авахад нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан ч зээл аваагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

     Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 29 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан  2017-09-07-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, Г.Т-өөс 3.232.148.33 төгрөг гаргуулж  ... банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66.664 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

      Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар магадлалаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1.614.900 төгрөг гаргуулах, нэхэмжлэлээс 1.617.248 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 40.826 төгрөг гаргуулах шийдвэрлэжээ. 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өрнөхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.Т- нь ... банкны Завхан салбарын Тосонцэнгэл тооцооны төвөөс 2017-09-07-ны өдөр 3,918,184.71 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,161,796.55 төгрөг, зээлийн хүүнд 140,203.45 төгрөг тус тус төлсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний 1.3.1; 3.2.1; 3.2.3; 3.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2018-11-06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,756,388.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 475,760.17 төгрөг нийт 3,232,148.33 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхээс гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн зээлдэгч нас барснаар үүргийн зөрчил гарсан байдал, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага зэрэг эрх зүйн асуудлаар анхан шатны шүүх ИХ-н 225,242, 451.1 дэхь хэсэгт заасны дагуу хийвэл зохих дүгнэлтүүдийг хийсэн гэж дүгнэсэн атлаа .... өөрийн гэр бүлийн гишүүн буюу хамаарал бүхий этгээд биш Г.Т-өөр гарын үсэг зуруулсан байдал тогтоогдож байх тул Г.Т-өөс 1.614,900 төгрөгийг хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шударга ёсны зарчимд харшилсан байна. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийн гишүүн байхыг шаардахгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь ИХ-н 451.2 42.1, 43.2.1, 196-д заасан үндэслэлийг хангасан тул нэхэмжлэлд дурдсан гэрээнүүд нь ИХ-н 56-р зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийн шинжийг агуулаагүй тул хүчин төгөлдөр хэлцэл болно. Мөн ИХ-н 241.7, 242.3-г давж заалдах шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглээгүй дээрх хуулийн заалтыг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийж чадаагүй байна. Анх зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Т- нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил баримт бичиг бүрдүүлж, гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч, гэрээний 4.3-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ойлгож, ухамсарласны үндсэн дээр дээрх гэрээний оролцогч болсон гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

       “... банк” ХХК 2018-11-20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Г.Т-өөс нийт 3,232,148.33 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд “...2017-09-07-ны өдөр 3,918,184.71 төгрөгийн тэтгэврийн зээлийг Л.О-ын хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэг жилийн 18%-н хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн... Л.О- 2017-10-13-ны өдөр нас барсан...гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүйгээс гэрээг цуцалсан ...иймд үндсэн зээл 2,756,388.16 төгрөг, зээлийн хүү 475,760.17 төгрөг авна...” гэжээ. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...төрийн албан хаагч хамтран зээлдэгч болвол зээл өгнө гээд байна хамт гарын үсэг зураад өгөөч гэж О- гуйсан тул тусалсан... гэрээнд гарын үсэг зурсан... хэдэн төгрөгийн зээл авсан гэдгийг мэдэхгүй...би зээл аваагүй, хэрэглээгүй....авсан зээлийг нь тооцвол одоо 312,900 төгрөг үлдсэн байна...” гэжээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “.... Л.О-, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Т- нар нь 2017-09-07-ны өдөр үлдэгдэл 2,303,284.71 төгрөг дээр 1,614,900 төгрөгийг нэмж нийт 3,918,184.71 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан байна.. гэрээ хүчин төгөлдөр байна ...Г.Т- 3,918,184.71 төгрөгийн зээлд хамтран гүйцэтгэх үүргийг хүлээсэн нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлт хийсэн байна.  

      Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1,614,900 төгрөг гаргуулахдаа “... Л.О- 2017-09-07-ны өдөр өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,614,900 төгрөгний зээл авахдаа...Г.Т-өөр гарын үсэг зуруулсан байдал тогтоогдсон... иймд бодитоор 1,614,900 төгрөгний зээлийн гэрээний үүрэгт хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэжээ.  

     Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...давж заалдах шатны шүүх... хуульд байхгүй шаардлага тавьсан.... Иргэний хуулийн 241.7, 242.3-г зөв тайлбарлаж хэрэглээгүй...  Г.Т- нь зээл авах нөхцөлийг бүрдүүлж, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ойлгож гэрээний оролцогч болсон...” гэж маргасан байна.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

       1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

       а/. “... банк” ХХК нь 2017-09-07-ны өдөр Л.О-, Г.Т- нартай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн Г.Т-өөс нийт 3,232,148 төгрөг шаардсан бөгөөд Л.О- 2017-10-13-ны өдөр нас барсан байна.    

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “... банк” ХХК Л.О-т удаа дараа зээл олгож байсан ба ийнхүү зээл олгохдоо төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дээр хожим олгох зээлийн  дүнг нэмж үндсэн зээлийн хэмжээг тодорхойлж гэрээ байгуулдаг байжээ.   

      Тодруулбал, “... банк” ХХК Л.О-т 2017-07-06-ны өдөр 1,084,200 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 1,642,015.49 төгрөгийг нэмж нийт 2,726,215.49 төгрөг зээлүүлсэн байдлаар гэрээ хийсэн бөгөөд уг гэрээний зээлдэгч тал нь Л.О- байна.  Харин 2017-09-07-ны өдөр 1,614,900 төгрөгийн зээл олгохдоо 2017-07-06-ны өдрийн  зээлийн үлдэгдэл 2,303,284.71 төгрөгийг нэмж зээлийн хэмжээг 3,918,184.71 төгрөг болгон бичиж, уг гэрээний зээлдэгч тал нь Л.О-, Г.Т- нар болсон /хх48,51/ үйл баримт тогтоогджээ.    

     Банкнаас зээл олгох гэрээгээр банк буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээнэ. Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

     “... банк” ХХК нь 2017-09-07-ны өдрийн гэрээний дагуу хариуцагчаас 3,232,148 төгрөг шаардахдаа Г.Т-ийг “...хамтран зээлдэгч...” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд заасан 3,918,184 төгрөгийг зээлүүлсэн гэдгээ... мөн мөнгийг Л.О-т бус, харин Л.О-, Г.Т- нарт олгосон гэх байдлаа тус тус нотлоогүйгээс гадна “...мөнгө хүлээж аваагүй...” гэх агуулга бүхий Г.Т-ийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна. 

     Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг, 211 дүгээр зүйлийн  зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ. 

    б/. “... банк” ХХК хяналтын шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал 2019-04-04-ний өдөр гарсан ба үүнээс хойш Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль 2020-01-10-ны өдөр батлагдсаны дагуу 2,756,388 төгрөг төлөгдсөн, одоо 475,760 төгрөг төлөгдөөгүй үлдсэн ...” гэжээ.

   Хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө буюу давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс хойш 2017-09-07-ны өдрийн “Тэтгэврийн зээлийн гэрээ”-ний  үүрэгт “... банк” ХХК-д 2,756,388 төгрөг төрөөс төлөгдсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах асуудал тул хяналтын гомдлыг хангах нөхцөл болохгүйг дурдах нь зүйтэй байна.     

    Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа банкны эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй, хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул  “... банк” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхино. 

     2. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.    

    а/. “... банк” ХХК нь “гэрээ цуцлах” шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон энэ нөхцөл байдлыг шийдвэрийн “тогтоох хэсэг”-т тусгасан нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь  дутагдалтай болжээ.

    Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “... банк” ХХК 2017-09-07-ны өдрийн гэрээг цуцлан шүүхэд хандсан байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг буюу “нэхэмжлэлийн үндэслэл”-г нэхэмжлэлийн нэг шаардлага мэт шийдвэрт заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд шийдвэрийн “тогтоох хэсэг”-с “... ... банк ХХК-ны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь тооцооны төвийн захирал Ж.Пүрэвхүү, зээлдэгч  Л.О-, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Т- нарын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж...” гэснийг хасна.    

    Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулахдаа шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг ойлгомжгүй болгосон тул найруулах шаардлагатай байна. Тодруулбал, магадлалын тогтоох хэсгээс  үзвэл, давж заалдах шатны шүүх шийдвэрийн “..3.232.148,33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай..” гэснийг “...нийт 1.614.900 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 1.617.248 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай нэхэмжлэгч ...банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай..” гэж өөрчилсөн мэт болжээ.  

    Дээр дурдсан хоёр үндэслэлээр шийдвэрийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Т-өөс 1,614,900 төгрөг гаргуулж “... банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,617,248 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж найруулсан өөрчлөлтийг магадлалд оруулна. 

    б/. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хоёр дахь заалтыг бүхэлд нь өөрчилж буй мэт магадлалд заасан боловч уг заалтын зарим хэсгийг л өөрчилсөн, мөн нэхэмжлэлээс 1,614,900 төгрөгийг хангахдаа хариуцагчаас гаргуулах тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу тооцсон байна.

    Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Т-өөс 40,248 төгрөг гаргуулж ... банк ХХК-д олгосугай..” гэж  өөрчилсөн байдлаар магадлалын тогтоох хэсгийн хоёр дахь заалтыг найруулна.     

     в/. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргасан байхад нэхэмжлэгч гомдсон мэт бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг залруулна.

     г/. Гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг буцаан олгохдоо давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна. 

      Давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийг өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

     Иймд магадлалын тогтоох хэсгийн хоёрт “...60.700 төгрөгнөөс 40.826 төгрөгийг улсын орлого болгож, 26.174 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай...” гэснийг “...60.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай..” гэж өөрчилнө.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар магадлалын тогтоох хэсгийн

      “... 1 дэх заалтын 3.232.148 төгрөг гаргуулж гэснийг нийт 1,614,900 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 1,617,248 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... нэг дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Т-өөс 1,614,900 төгрөг гаргуулж ... банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,617,248 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж.,

     “... улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 66,664 төгрөг гаргуулж гэснийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 40,826 төгрөг гаргуулж...” гэснийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Т-өөс 40,248 төгрөг гаргуулж ...банк ХХК-д олгосугай..” гэж.,

      “...нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай..” гэснийг “...   “...хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай..” гэж 

      “...60.700 төгрөгнөөс 40.826 төгрөгийг улсын орлого болгож, 26.174 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай...” гэснийг “...60.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай..” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 66,664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ