Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 141/ШШ2019/00076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Өлзийхишиг, шүүгч Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суух Б.Ю-ийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суух Ц.Б-д холбогдох Автомашинд учруулсан хохирол 1.785.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ю, хариуцагч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Д.Ванжил, шинжээч Д.Самдансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ю нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн замд Ц.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 58-62 ДАХ улсын дугаартай автомашинаар урсгал сөрөн хурдтай давхин ирж миний унаж явсан 39-29 ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан. ...Ц.Б нь хэдэн өдрийн дараа манай гэрт ирж ...намайг Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгэ, машиныг чинь 12 сарын 20-ны өдөр гэхэд засаад өгье... гэж гуйсан. Иймд цагдаагийн байгууллагад хандан шинжээч томилж үнэлгээ гаргуулж өгөхийг хүссэн. Ослын үед миний биед гэмтэл учирч эмчид үзүүлэхэд 5 хоног хэвтрийн дэглэм бариад Улаанбаатар хот яв гэсэн. Улаанбаатар хотод очиж 7 хоног эмчлүүлж байгаад шүүх эмнэлэгт гэмтлийн зураг авахуулаад ирсэн. Энэ талаар Ц.Бд хэлэхэд давхар хэрэг үүснэ, хэцүү байна гэж гуйхаар нь шүүх эмнэлэгт дахин очоогүй тул шинжээч эмч нь намайг ирээгүй гээд гэмтлийн зэрэг тогтоогоогүй. Бгийн дээрх үйлдлээс болж миний машины 13 төрлийн эд анги эвдэрсэн. Үүнд копуд, урд гупер, керлан буюу шанаа /зүүн болон, баруун талын 2 ширхэг/, нүүр, их гэрэл / зүүн талын/, дохио /зүүн талын/, радиатор /усны сэнс/, радиатор / кондешин, урд нүүрний тариус, рам, под керлан /зүүн/, агаар шүүгчийн хоолой зэрэг эвдэрсэн, Үүнээс Б нь 12 сард машины зарим эд анги болох урд гупер, керлан буюу шанаа /зүүн талын/ их гэрэл зэрэг эд ангийг авчирч өгсөн боловч машинд шууд тавих боломжгүй өөр өнгөтэй, замаска хийгдэх зэрэг дахин зардал гарах эд ангиуд байсан. Шинжээчийн дүгнэлтээр 1.785.000 төгрөгний үнэлгээ гарсныг нэхэмжилсэн боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь дээрх авчирч өгсөн эд ангийн үнэлгээг хасна, мөн машиныг Улаанбаатар хотруу ачиж аваачиж засварлана гэсэн бодолтой ачааны хөлс гаргуулахаар үнэлгээ тогтоолгосон боловч машиныг эндээ зассан учраас ачааны хөлсийг хасаж тооцох нь зөв. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 1.160.000 төгрөг нэхэмжилж байна... гэв.

 

Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн замд өөрийнхөө 58-62 ДАХ улсын дугаартай автомашинаар явж байгаад Б.Югийн 39-29 ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан нь үнэн. Ийм үйл явдал болсон талаар надад маргах зүйл байхгүй. Харин би машиныг зүүн талаас нь мөргөсөн байхад баруун талын болон урд талын машины эд ангиудыг надаас нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн үед би машины эвдэрсэн эд зүйл болох урд гупер, керлан буюу шанаа /зүүн талын/ их гэрэл зэргийг гэрт нь аваачиж өгсөн, машинд тавьж болохооргүй эд анги байгаагүй. Машины баруун болон урд хэсэгт учирсан гэмтлүүдийг өмнө нь тийм гэмтэлтэй байсан гэж үзэж байгаа. Би машиныг зүүн талаас нь мөргөсөн, эвдэрсэн зарим эд ангиудыг авч өгсөн. Одоо под керланы /зүүн талын/ 30.000 төгрөгөөр тооцож, мөн копудны үнийг 140000 төгрөгөөр тооцож нийт 170.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй, харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Шинжээч Д.Самдансүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтсээс намайг шинжээчээр томилсон тогтоол ирүүлсний дагуу Nissan bluebird sylphy 39-29 ЗАН дугаартай автомашины эд ангиудын эвдрэлийн үнэлгээг гаргасан. Тухайн үед холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлгээ гаргасан. Миний гаргасан үнэлгээг эс зөвшөөрвөл албан ёсны үнэлгээчинээр үнэлгээгээ дахин гаргуулах эрх байгаа гэдгийг тухайн үед үнэлгээ гаргуулсан хүмүүст нь хэлж байсан... гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ: Машин мөргөлдөхөд ойролцоо байгаа эд ангиуд эвдэрдэг тул хохирлыг барагдуулах зөв, гэхдээ үнэлгээн дээр анхаарах ёстой... гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Б.Ю нь хариуцагч Ц.Бд холбогдуулан эд хөрөнгөнд учруулсан хохирол болох 1.785.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 1.160.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Ю нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ц.Б нь замын хөдөлгөөнд оролцох явцдаа миний автомашиныг мөргөснөөс надад хохирол учирсан. Тиймээс өөрийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн талаарх фото зураг, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар өөрт хохирол учирсан болохоо нотлож байна гэж маргажээ.

Хариуцагч Ц.Б нь би Б.Югийн автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан нь үнэн, энэ талаар надад маргах зүйл байхгүй. Харин би машиныг зүүн талаас нь мөргөсөн байхад машины баруун талын болон урд талын эвдэрсэн эд ангиудын үнийг надаас нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна. Машины зүүн талын эвдэрсэн эд зүйлүүд болох урд гупер, керлан буюу шанаа /зүүн талын/ их гэрэл зэргийг авч өгсөн. Одоо под керланы үнийг /зүүн талын/ 30.000 төгрөгөөр тооцож, мөн копудны үнийг 140000 төгрөгөөр тооцож нийт 170.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хариуцахгүй гэж мэтгэлцэжээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт ... гэм хор учруулснаас үүсэх харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно... гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт ... эдийн баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно.... гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд ... нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт ... бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил.... гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тус шүүхэд 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан, уг маргааныг ерөнхий харъяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй, Б.Ю нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна гэж дүгнэв.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Б нь 58-62 ДАХ улсын дугаартай автомашинаар Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа Б.Югийн 39-29 ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөсөн үйл явдал болсон, дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Югийн автомашинд хохирол учирсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргахгүй байх тул маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зөрчлийн хэргийн 1824000109 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн дэслэгч С.Мягмаржавын 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0092350 дугаартай Ц.Бг 400 нэгжээр торгосон шийтгэлийн хуудас, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлт болон 39-29 ЗАН улсын дугаартай автомашины эвдэрч гэмтсэн байгаа талаархи зураг гэх 17 ширхэг гэрэл зургийг ирүүлж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт миний автомашинд гэмтэл учирсан болохыг энэхүү гэрэл зургаар нотолж байна гэж тайлбарласан, хариуцагч тал мөн дээрх гэрэл зурагтай танилцаад тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн машинд учирсан эвдрэл гэмтлийн талаар няцаалт хийсэн нотлох баримт ирүүлээгүй байна.

Мөн хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хариуцагч зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарлан, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, дүгнэлттэй нь холбогдуулан асууж тодруулсан боловч дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

Хариуцагч нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэл нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Б.Ю нь хариуцагч Ц.Бгаас копуд, керлан буюу шанаа /баруун талын 1 ширхэг/, нүүр, дохио /зүүн талын/, радиатор /усны сэнс/, радиатор / кондеши, урд нүүрний тариус, рам, под керлан /зүүн/, агаар шүүгчийн хоолойны үнэ болох 1160000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн байх боловч шинжээчийн дүгнэлтээр дээрх эд зүйлүүдийн нийт үнэлгээ нь 1,045,000 төгрөг байх бөгөөд зөрүү болох 115000 төгрөгийг нэхэмжилж буй үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Ц.Бгаас шинжээчийн дүгнэлтээр гаргасан копуд, керлан буюу шанаа /баруун талын 1 ширхэг/, нүүр, дохио /зүүн талын/, радиатор /усны сэнс/, радиатор / кондешин, урд нүүрний тариус, рам, под керлан /зүүн/, агаар шүүгчийн хоолой зэргийн үнэ буюу нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол болох 1,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 115,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: Машин мөргөлдөхөд ойролцоо байгаа эд ангиуд эвдэрдэг тул хохирлыг барагдуулах зөв, гэхдээ үнэлгээн дээр анхаарах ёстой... гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 29,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Югийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Бд холбогдох гэм хорын хохирол 1,160,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 115,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,045,000 төгрөгийг хариуцагч Ц.Бгаас гаргуулж нэхэмжлэгч Б.Юд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Югийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 29,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ

ШҮҮГЧИД Б.УРТНАСАН

Б.ӨЛЗИЙХИШИГ