Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00067

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           01            21                                          001/ХТ2021/00067

 

 

 

..........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

 

..........гийн нэхэмжлэлтэй

..........д холбогдох

 

Автомашинд учруулсан хохирол 1 785 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ..........гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч .......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн замд .......... нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 58-62 ДАХ улсын дугаартай автомашинаар урсгал сөрөн хурдтай давхин ирж миний унаж явсан 39-29 ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан. ............. нь хэдэн өдрийн дараа манай гэрт ирж ...намайг Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгэ, машиныг чинь 12 сарын 20-ны өдөр гэхэд засаад өгье... гэж гуйсан. Иймд цагдаагийн байгууллагад хандан шинжээч томилж үнэлгээ гаргуулж өгөхийг хүссэн. Ослын үед миний биед гэмтэл учирч эмчид үзүүлэхэд 5 хоног хэвтрийн дэглэм бариад Улаанбаатар хот яв гэсэн. Улаанбаатар хотод очиж 7 хоног эмчлүүлж байгаад шүүх эмнэлэгт гэмтлийн зураг авахуулаад ирсэн. Энэ талаар ..........д хэлэхэд давхар хэрэг үүснэ, хэцүү байна гэж гуйхаар нь шүүх эмнэлэгт дахин очоогүй тул шинжээч эмч нь намайг ирээгүй гээд гэмтлийн зэрэг тогтоогоогүй. ..........гийн дээрх үйлдлээс болж миний машины 13 төрлийн эд анги эвдэрсэн. Үүнд копуд, урд гупер, керлан буюу шанаа /зүүн болон, баруун талын 2 ширхэг/, нүүр, их гэрэл / зүүн талын/, дохио /зүүн талын/, радиатор /усны сэнс/, радиатор / кондешин, урд нүүрний тариус, рам, под керлан /зүүн/, агаар шүүгчийн хоолой зэрэг эвдэрсэн, Үүнээс .......... нь 12 сард машины зарим эд анги болох урд гупер, керлан буюу шанаа /зүүн талын/ их гэрэл зэрэг эд ангийг авчирч өгсөн боловч машинд шууд тавих боломжгүй өөр өнгөтэй, замаска хийгдэх зэрэг дахин зардал гарах эд ангиуд байсан. Шинжээчийн дүгнэлтээр 1.785.000 төгрөгний үнэлгээ гарсныг нэхэмжилсэн боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь дээрх авчирч өгсөн эд ангийн үнэлгээг хасна, мөн машиныг Улаанбаатар хотруу ачиж аваачиж засварлана гэсэн бодолтой ачааны хөлс гаргуулахаар үнэлгээ тогтоолгосон боловч машиныг эндээ зассан учраас ачааны хөлсийг хасаж тооцох нь зөв. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 1.160.000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

 

Хариуцагч .......... нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн замд өөрийнхөө 58-62 ДАХ улсын дугаартай автомашинаар явж байгаад ..........гийн 39-29 ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан нь үнэн. Ийм үйл явдал болсон талаар надад маргах зүйл байхгүй. Харин би машиныг зүүн талаас нь мөргөсөн байхад баруун талын болон урд талын машины эд ангиудыг надаас нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн үед би машины эвдэрсэн эд зүйл болох урд гупер, керлан буюу шанаа /зүүн талын/ их гэрэл зэргийг гэрт нь аваачиж өгсөн, машинд тавьж болохооргүй эд анги байгаагүй. Машины баруун болон урд хэсэгт учирсан гэмтлүүдийг өмнө нь тийм гэмтэлтэй байсан гэж үзэж байгаа. Би машиныг зүүн талаас нь мөргөсөн, эвдэрсэн зарим эд ангиудыг авч өгсөн. Одоо под керланы /зүүн талын/ 30.000 төгрөгөөр тооцож, мөн копудны үнийг 140000 төгрөгөөр тооцож нийт 170.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй, харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Шинжээч Д.Самдансүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтсээс намайг шинжээчээр томилсон тогтоол ирүүлсний дагуу Nissan bluebird sylphy 39-29 ЗАН дугаартай автомашины эд ангиудын эвдрэлийн үнэлгээг гаргасан. Тухайн үед холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлгээ гаргасан. Миний гаргасан үнэлгээг эс зөвшөөрвөл албан ёсны үнэлгээчинээр үнэлгээгээ дахин гаргуулах эрх байгаа гэдгийг тухайн үед үнэлгээ гаргуулсан хүмүүст нь хэлж байсан... гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ: Машин мөргөлдөхөд ойролцоо байгаа эд ангиуд эвдэрдэг тул хохирлыг барагдуулах зөв, гэхдээ үнэлгээн дээр анхаарах ёстой... гэжээ.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ..........гийн нэхэмжлэлтэй хариуцагч ..........д холбогдох гэм хорын хохирол 1,160,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 115,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,045,000 төгрөгийг хариуцагч ..........гаас гаргуулж нэхэмжлэгч ..........д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..........гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........гаас 29,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ..........гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ..........гийн хяналтын гомдолдоо: .............гийн нөхөр Гэрэлт-Од над дээр ирээд гэрэл зураг барьж ирээд үнэлгээ хийлгэх гэсийн гэж үнэлгээ хийж болохгүй гээд буцаасан. Хэд хоногийн дараа дахиж ирээд гуйгаад байсан. Таньдаг болохоор за яахав 2 уулаа сууж байгаад хийгээд үзье гээд хамт суууж байгаад үнэлгээг гаргасан гэж мэдүүлэг өгсөн. Уг үнэлгээ нь 1 785 000 төгрөгний үнэлгээ гарсан байсан. Үүнээс анхан шатны шүүх дээр авсч өгсөн зүйлүүдийг хасаж 1 045 000 төгрөг гаргаж ..........д олгох шийдвэр гаргасан. Тухайн үед анхан шатны шүүх хурал дээр нотлох баримт бүрдүүлэх, дахин үнэлгээ хийлгэх боломжгүй байсан болохоор нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Давж заалдах шатны шүүхэд даваад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Уг Nissan Bluebird маркийн машин нь 2000 оны машин бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ нь 2 000 000-2 500 000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа. Машин гэтэл мөргөлдөх үед эвдэрсэн зүйл болох их гэрэл, дохио, гүпр, кирла зэрэг эвдэрсэн зүйлүүдээ авхуулчихаад хотруу эмчилгээнд явах зардал гэж нийт 500 000 төгрөг болчихоод байхад ямарч ор үндэслэлгүй 1 045 000 төгрөг нэхэмжлээд байгаа. Үүнээс копудны үнэ 140 000 төгрөг, под кирла 35 000 төгрөг нийлээд 175 000 төгрөг өгөхөд надад татгалзах зүйлгүй. Үлдсэн 870 000 төгрөг ямар ч ор үндэслэлгүй мөнгө нэхэмжлээд байгаад гомдолтой байгаа тул дахиж нотлох баримт цуглуулж машинд дахин үнэлгээ хийлгэх, мөн осол гарах үед хэн хэнийхээ буруутай үйлдлээс осол болсон байхад дэслэгч Мягмаржав чи согтуу явсан болохоор чиний буруу гэдэг дүгнэлт гаргаж намайг буруутан болгосныг мөн хэргийн газар шинжээч ажиллуулаагүй шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй зэрэг зүйлүүдийг шалгуулж нотлох баримт цуглуулах хүсэлтэй байгаа тул шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхрүү буцааж өгч тусална уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .........., хариуцагч ..........гаас гэм хорын хохиролд 1 785 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжлэлээ багасгаж 1 160 000 төгрөгийг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...хохирлын хэмжээ үндэслэлтэй тогтоогдоогүй, солиулах эд хөрөнгийг биетээр өгсөн, 170 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 045 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд гэм хор учруулснаас  үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Хэрэгт авагдсан баримтаар, .......... нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт, замын хөдөлгөөнд оролцох явцдаа ..........гийн 39-29 ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” тул .......... нь гэм хорыг хариуцах ёстой байна.

 

Хэргийн оролцогч нэхэмжлэлийг нотлох, үгүйсгэх баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийг хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэжээ. Анхан шатны шүүх хариуцагч ..........д эрх үүргийг нь тайлбарлан өгсөн, хариуцагч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой болохыг шүүхэд мэдэгдсэн /хх-22,39/ байх тул нотлох баримт бүрдүүлэх байсан, энэ боломжийг эдлүүлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

 

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ..........гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 25 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА