Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 205/МА2019/00011

 

Б.Ю-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Ю-

Хариуцагч: Ц.Ба-

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Ц.Ба-гийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ю- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн замд Ц.Ба- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* ДАХ улсын дугаартай автомашинаар урсгал сөрөн хурдтай давхин ирж миний унаж явсан ******* ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан. ...Ц.Ба- нь хэдэн өдрийн дараа манай гэрт ирж ...намайг Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгэ, машиныг чинь 12 сарын 20-ны өдөр гэхэд засаад өгье... гэж гуйсан. Иймд цагдаагийн байгууллагад хандан шинжээч томилж үнэлгээ гаргуулж өгөхийг хүссэн. Ослын үед миний биед гэмтэл учирч эмчид үзүүлэхэд 5 хоног хэвтрийн дэглэм бариад Улаанбаатар хот яв гэсэн. Улаанбаатар хотод очиж 7 хоног эмчлүүлж байгаад шүүх эмнэлэгт гэмтлийн зураг авахуулаад ирсэн. Энэ талаар Ц.Ба-д хэлэхэд давхар хэрэг үүснэ, хэцүү байна гэж гуйхаар нь шүүх эмнэлэгт дахин очоогүй тул шинжээч эмч нь намайг ирээгүй гээд гэмтлийн зэрэг тогтоогоогүй. Ба-гийн дээрх үйлдлээс болж миний машины 13 төрлийн эд анги эвдэрсэн. Үүнд копуд, урд гупер, керлан буюу шанаа /зүүн болон, баруун талын 2 ширхэг/, нүүр, их гэрэл / зүүн талын/, дохио /зүүн талын/, радиатор /усны сэнс/, радиатор / кондешин, урд нүүрний тариус, рам, под керлан /зүүн/, агаар шүүгчийн хоолой зэрэг эвдэрсэн, Үүнээс Ба- нь 12 сард машины зарим эд анги болох урд гупер, керлан буюу шанаа /зүүн талын/ их гэрэл зэрэг эд ангийг авчирч өгсөн боловч машинд шууд тавих боломжгүй өөр өнгөтэй, замаска хийгдэх зэрэг дахин зардал гарах эд ангиуд байсан. Шинжээчийн дүгнэлтээр 1.785.000 төгрөгний үнэлгээ гарсныг нэхэмжилсэн боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь дээрх авчирч өгсөн эд ангийн үнэлгээг хасна, мөн машиныг Улаанбаатар хотруу ачиж аваачиж засварлана гэсэн бодолтой ачааны хөлс гаргуулахаар үнэлгээ тогтоолгосон боловч машиныг эндээ зассан учраас ачааны хөлсийг хасаж тооцох нь зөв. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 1.160.000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч Ц.Ба- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн замд өөрийнхөө ******* ДАХ улсын дугаартай автомашинаар явж байгаад Б.Ю-гийн ******* ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан нь үнэн. Ийм үйл явдал болсон талаар надад маргах зүйл байхгүй. Харин би машиныг зүүн талаас нь мөргөсөн байхад баруун талын болон урд талын машины эд ангиудыг надаас нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн үед би машины эвдэрсэн эд зүйл болох урд гупер, керлан буюу шанаа /зүүн талын/ их гэрэл зэргийг гэрт нь аваачиж өгсөн, машинд тавьж болохооргүй эд анги байгаагүй. Машины баруун болон урд хэсэгт учирсан гэмтлүүдийг өмнө нь тийм гэмтэлтэй байсан гэж үзэж байгаа. Би машиныг зүүн талаас нь мөргөсөн, эвдэрсэн зарим эд ангиудыг авч өгсөн. Одоо под керланы /зүүн талын/ 30.000 төгрөгөөр тооцож, мөн копудны үнийг 140000 төгрөгөөр тооцож нийт 170.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй, харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Шинжээч Д.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтсээс намайг шинжээчээр томилсон тогтоол ирүүлсний дагуу Nissan bluebird sylphy ******* ЗАН дугаартай автомашины эд ангиудын эвдрэлийн үнэлгээг гаргасан. Тухайн үед холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлгээ гаргасан. Миний гаргасан үнэлгээг эс зөвшөөрвөл албан ёсны үнэлгээчинээр үнэлгээгээ дахин гаргуулах эрх байгаа гэдгийг тухайн үед үнэлгээ гаргуулсан хүмүүст нь хэлж байсан... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ:

Машин мөргөлдөхөд ойролцоо байгаа эд ангиуд эвдэрдэг тул хохирлыг барагдуулах зөв, гэхдээ үнэлгээн дээр анхаарах ёстой... гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ю-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ба-д холбогдох гэм хорын хохирол 1,160,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 115,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,045,000 төгрөгийг хариуцагч Ц.Ба-гаас гаргуулж нэхэмжлэгч Б.Ю-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ю-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ба-гаас 29,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ба- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр уг хэрэг болсон тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж явсан нь миний буруу. Хэрэг гарах үед би 2 машин зүүн урд булангаараа мөргөлдөөд урд эх гэрэл, хажуу талын карлан, копут зэрэг зүйлс эвдэрсэн. Эвдэрсэн зүйлсийг би Ю-д авч өгсөн болов ч уг эвдрэлээс өөр эгц урдаас мөргөсөн гэдэг байдлаар аржатир, рам зэрэгрүү орсон гэх ор үндэслэлгүй 855.000 төгрөг нэхэмжлээд байгаа. Үнэлгээг гаргуулахдаа тухайн машиныг шинжээч авж очиж үзүүлэхгүй машинаа задалж байгаад эвдэрсэн бүх зүйлүүдийн зургийг авч очиж зурган дээр үнэлгээ гаргуулсан байсан гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ю- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ба- нь үнэлгээг буруу хийлгэсэн гээд байгаа. Үнэлгээ хийдэг комисс томилогдож түүнийг нь Ц.Ба- зөвшөөрсний үндсэн дээр үнэлгээний комисс ажилласан байгаа. Мөргөлдөх үед гарсан гэмтэл учраас өөрөөр худлаа зүйл нэмж нэхэх үндэслэл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Б.Ю- хариуцагч Ц.Ба-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.785.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.160.000 төгрөг болгон өөрчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ц.Ба- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* ДАХ улсын дугаартай автомашинаар Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа Б.Ю-гийн ******* ЗАН улсын дугаартай автомашиныг мөргөж, Б.Ю-гийн автомашинд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ю- хариуцагч Ц.Ба-гаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг шаардах эрхтэй байна.

Харин автомашинд учирсан хохирлын үнэлгээг хэт өндөр байгаа талаар хариуцагч маргаж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж асуусан байх ба шинжээчээс үнэлгээний талаар асууж тодруулаагүй, дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч Ц.Ба- нь нэхэмжлэгч Б.Ю-гийн эд хөрөнгөнд 1.045.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ба-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР