Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2021/00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар /, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч хэлтэст холбогдох

 

1,634,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Элбэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Хурцбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч Ц.Элбэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах манай компанийн харьяа Найзууд супермаркетаас Чингэлтэй дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Булганы хүсэлтээр тусгай зөвшөөрөл дууссан гэх шалтгаанаар 19 дүгээр хорооны цагдаагийн албан хаагч Гүррагчаа нь дэлгүүр хаачихсан байхад нээлгэж, орж тодорхой хэмжээний архи түр хураасан. Энэхүү түр хураагдсан архийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Булган цагдаад албан бичиг илгээж өөр дээрээ авч тухайн өдөр нь зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулсан байдаг. Манай компани тусгай зөвшөөрлөө сунгуулах материалаа өгчихсөн байсан бөгөөд тус зөвшөөрөл нь 2019 оны 11 дүгээр сарын 15-нд хэвлэж өгснөөрөө /тухайн иргэн, ААНэгжийг ирэхэд нь тухайн өдөр нь хэвлэн өгдөг/ гарсан. Иймд миний хураагдсан барааны үнийн дүнтэй.тэнцэх мөнгийг буцааж олгоно уу. Үүнд:1,75 литр Jack Daniels 4ширхэг х үнэ 136,000 төгрөг = 544,000 төгрөг, 0,75 литр Jack Daniels 4ширхэг х үнэ 69,500 төг = 278,000 төгрөг, 1 литр Grey goose 4ш х 108,000 төг = 432,000 төгрөг, Evok - 0,75литр 4ширхэг х 34,229 төг = 136,916 төгрөг, Соёмбо - 1литр 1ширхэг х 55,418 төгрөг = 55,418 төгрөг, Эден - 1 литр 4ширхэг х 31,079 төг = 124,316 төгрөг, Болор - 0,75 литр Зширхэг х 21,119 төгрөг = 63,357 төгрөг нийт 1,634,007 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү барааны үнэлгээг хийхдээ миний бие томоохон худалдааны төв болох Номин, Оргил худалдааны төвуудийн бөөний үнээр тооцсон тул 1,634,007 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч хэлтэс шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч Г.Хурцбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК нь нэхэмжлэлдээ Жак даниэлс виски 1.75л -4 ширхэг, 0.75л-4 ширхэг, Соёмбо 1л -1 ширхэг, Евок 0,75л - 4 ширхэг, Эдэн 1л -4 ширхэг, Болор 0,75л-3 ширхэг, Грегус 1л -4 ширхэг хураагдсан гэжээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 25м/2-7613 дугаартай албан бичиг болон тус дүүргийн үнэлгээний комиссын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хураагдсан эд зүйлийн үнэлгээний жагсаалтад дурдсанаар Жак даниэлс виски 1,75л-4 ширхэг, 0,75л-4 ширхэг, Соёмбо 1л-1 ширхэг, Евок 0,75л-4 ширхэг, Эдэн 1л-4 ширхэг, Болор 0,75л-3 ширхэг, Грэгус 1л-3 ширхэг хураагдсан нь нотлогдож байна. Энэ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Грэгус 1л-1ш согтууруулах ундааг илүү бодож нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч Т ХХК нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл 2 жилийн хугацаатай авсан бөгөөд улмаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлөө дахин 2 жилийн хугацаагаар сунгуулсан байдаг. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасанчлан Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасанчлан Т ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо үйл ажиллагааны төрөл болон хугацаа, тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалд 2 жил гэж тусгаж өгсөн байдаг. Дээр дурдсаныг үзвэл Т ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд олгогдож тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна гэж ойлгож болно. Улмаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлөө дахин сунгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 3 сарын хугацаанд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй байсан байна. Тусгай зөвшөөрөл сунгагдаагүй буюу байхгүй тохиолдолд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрхгүй гэж ойлгоно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар тушаалаар Журам батлах тухай 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар Тухайн зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно." гэсний дагуу согтууруулах ундаа худалдан борлуулах эрхгүй юм. Нэхэмжлэгч Т ХХК нь Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй байхдаа худалдан борлуулсан учраас дээрх согтууруулах ундаануудыг хурааж худалдан борлуулсан болно. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг 6.5 дугаар зүйлийн 13-т Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., Монгол улсын Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоол Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам-ын 2.3, 2.9, 2.10,2.11 дэх хэсгүүдэд зааснаар холбогдох хууль тогтоомжийн дагуу хураан авч худалдан борлуулсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ч хэлтэс холбогдуулан 1,634,007 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Ч хэлтэс үндэслэлгүйгээр архи хураан авсан тул 1,634,007 төгрөгийг буцаан шаардаж байна гэж тайлбарлав.

Хариуцагч Ч хэлтэс нь Т ХХК-д олгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн 2 жилийн хугацаа дууссан байсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь Хүнсний дэлгүүр-ийн үйл ажиллагааны чиглэлтэй компани болох нь /регистрийн дугаар 530068/ Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Тус компанийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааны худалдааны Тусгай зөвшөөрөл-ийн 2 жилийн хугацаатай сунгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн байна. /хх-ийн 5 тал/

Хариуцагч нь Т ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд олгогдож, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан гэж мэтгэлцэж байх ба гэрч Д.Гүррагчаагийн Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гээд сунгуулахаар 14 хоногийн өмнө камерын бичлэг авсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэл үйлдэж Жак даниэлс виски 1.75л-4 ширхэг, 0.75л-4 ширхэг, Соёмбо 1л-1 ширхэг, Евок-0,75- 4 ширхэг, Эдэн 1л-4 ширхэг, Болор 0,75-3 ширхэг, Грегус 1л-4 ширхэг хураан авсан болох нь хэрэгт авагдсан Эд зүйлийг түр хураан авах тухай тэмдэглэл, гэрч Д.Гүррагчаагийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэртусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг; эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлтусгай зөвшөөрлийн хугацаатусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд  тавих нөхцөл, шаардлага; тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөртусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/ тусгана гэж заажээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Т ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд олгогдож тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ч хэлтэс нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Жак даниэлс виски 1.75 литр -4 ширхэг, 0.75 литр -4 ширхэг, Соёмбо 1 литр -1 ширхэг, Евок 0,75 литр -4 ширхэг, Эдэн 1 литр -4 ширхэг, Болор 0,75 литр -3 ширхэг, Грегус 1литр -4 ширхэг хураан авч борлуулан улсын орлого болгон шийдвэрлэсэн ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд 2020 оны 08 дугаар сараас 10 дугаар сар хүртэл архи зарсан нь үнэн. Татвараа төлсөн гэх тайлбар гаргаж байх ба Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусаагүй байсан талаарх баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах эрхэд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарах ба хураан авч улсын орлого болгосон мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ч хэлтэст холбогдох 1,634,007 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэст холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нэршил Ч хэлтэс болж өөрчлөгдсөн тухайд талууд маргаагүй. Хариуцагчийг өөр этгээдээр солих ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хариуцагч Ч хэлтсийн төлөөлөгч нь Т ХХК-иас дээрх архийг хураан авч борлуулан улсын орлого болгосон, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар итгэмжлэл олгосон гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ч хэлтэст холбогдох 1,634,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ