Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0737

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбал, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Очирбат, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын гаргасан давж заалдах гомдлоор “Мөнгөн маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Мөнгөн маргад” ХХК-ийн захирал Н.Дамдинбазар, өмгөөлөгч Т.Цэрэндагва нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан “Мөнгөн маргад” ХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Файсон” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мөнгөн маргад” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж тус талбайд гаргасан “Мөнгөн маргад” ХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Файсон” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “Мөнгөн маргад” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагва дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хайгуулийн зөвшөөрөл хүссэн талбай нь улсын хамгаалалттай газартай 0.99 га талбайгаар давхацсан гэдэгтэй маргаагүй боловч Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “кадастрын зураглалын нарийвчлал нь тухайн масштабын 0.1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасан тул уг давхцал нь өргөөшөө 3-4 метр, уртаашаа 3 кв байхад давхцалтай гэж татгалзсан нь хууль бус юм” гэж маргаж байгаа хэдий ч /3*3000=9000/ ойролцоогоор давхцалтай талбайн хэмжээ нь 9900 м.кв /1 га=10000 м.кв/ болж байгаа нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

Тэгвэл нэхэмжлэгчээс Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараах масштабаар тус тус үйлдэнэ”, 5.3.2-т “...бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар” гэж заасны дагуу зураг зүйн шүүлт хийхэд 0.99 га буюу өргөнөөрөө 3-4 метр, уртаараа 3 км үргэлжилсэн хэмжээтэй давхцал нь давхцалд тооцогдохгүй, зураг зүйн шүүлтэд харагдахгүй гэж маргасан байхад анхан шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд хариуцагчаас тус компанийн тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбайд хуульд заасан дээрх масштабын дагуу шүүлт хийсэн эсэхийг шалгаагүй, дүгнэлт хийгээгүй байна.

Яагаад давхцалд тооцогдохгүй, зураг зүйн шүүлтэд харагдахгүй гэж маргаж байгаагаа нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасны дагуу тооцвол зургийн нарийвчлал нь 10 метрээс ихгүй байна гэсэн агуулгатай байх тул энэхүү маргааны тухайд давхцлын хэмжээ нь 3-4 метр байгаа юм.

Тиймээс 10 метр хүрээгүй давхцал бол хуулийн дагуу зураг зүйн шүүлт хийхэд гарч ирэхгүй, давхцалд тооцогдохооргүй байхад анхан шатны шүүхээс хэт нэг талыг баримтлан газар давхацсан гэдэг дээр л зөвхөн дүгнэлт хийсэн байна.

Мөн уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ...зураг зүйн шүүлтээр 0.01, 0.22 га хэмжээтэй давхацсан боловч Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5.4-т зааснаар давхцалд тооцохгүй гэж үзсэн өөр өргөдлийн дугаар бүхий зураг зүйн шүүлт хийсэн баримтуудыг өгч, хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлээгүй бөгөөд яагаад зарим тохиолдолд нь давхцалд тооцохгүй гэж үзэж, зарим тохиолдолд нь давхцалд тооцоод байгаад болон төрийн захиргааны байгууллагаас хуулийн этгээдүүдэд тэгш бус хандаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаад огт дүгнэлт хийж, шалгаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, түүнчлэн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн талаар:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагваас 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Файсон” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг мөн өдөр хүлээн авсан болох нь шүүхийн дардсаар тогтоогдох бөгөөд “Мөнгөн маргад” ХХК-ийн захирал Н.Дамдинбазарын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, Т.Цэрэндагва нартай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс үзэхэд тэдгээр нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгогдоогүй, иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэжээ.

Түүнчлэн бичгээр гаргасан энэхүү шаардлагыг хариуцагчид гардуулахаас өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн болох нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр огноолсон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувийг хариуцагчид гардуулсан баримтаар тогтоогдож байна.

2.Нотлох баримтыг дутуу цуглуулсан талаар:

Ашигт малтмалын газраас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 6/1906 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн 19750 тоот өргөдлийн талбайн болон ашигт малтмалын кадастрын тойм зургаас тус тус үзэхэд солбицлын 7 цэг бүхий нэхэмжлэгчийн хүссэн талбай нь зураг зүйн шүүлт хийсэн тухай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтод дурдсан улсын хамгаалалттай газартай 0.99 га-гаар давхцалтай гэдэг нь харагдахааргүй, харин ч уг газартай хил залгаа байдлаар харагдах бөгөөд шүүхийн үзлэгээр авагдсан зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний комьпютерээс авсан зургаас үзэхэд давхцалтай байдлаар харагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн нөөцөд авсан талбайтай хиллэж байгаа хэсэг шулуун шугам биш байж болохоор, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас багагүй масштабаар кадастрын зургийг үйлдэхээр тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгчээс хуульд заасан масштабын дагуу хайгуулын талбайн солбицлыг гаргасан гэх бөгөөд харин 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод чухам ямар масштабтай зургаар уг шүүлтийг хийж 0.99 га давхцалтай болохыг тогтоосон болох нь тодорхойгүй, гэтэл хариуцагчаас шүүхэд ирүүлсэн дээр дурдсан ашигт малтмалын кадастрын тойм зураг 1:273936 масштабаар хийгдсэн байх бөгөөд энэ нь хуульд заасан масштабаас даруй 2.7 дахин их нарийвчлалтай гарсан байхад уг зурагт давхцал харагдахгүй байх тул энэ талаар дахин тодруулах шаардлагатай.  

Түүнчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хамааралгүй ч хэрэгт авагдсан NE-025139, NE-025252 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтуудаас үзэхэд уг шүүлтээр сонгон шалгаруулалтаар олгогдох, улсын төсвийн геосудалгааны болон усан сангийн талбайтай 0.01-0.22 га-гаар тус тус давхцалтай байхад тэдгээрийг Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар давхцалд тооцохгүй гэж шийдвэрлэж байсан тохиолдлууд байх бөгөөд чухам ямар хууль зүйн үндэслэлээр ийнхүү зарим тохиолдлыг давхцалгүй гэж үздэг болохыг хариуцагчаас тодруулсны үндсэн дээр харьцуулах байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдана.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                             ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР

                             ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

                             ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН