Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 356

 

“М м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:         Л.Атарцэцэг

                        П.Соёл-Эрдэнэ

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тус талбайд гаргасан “М м” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0374 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: өмгөөлөгч Т.Ц,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, өмгөөлөгч Р.О нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.4, 19.6, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м” ХХК-ийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус талбайд гаргасан “М м” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах, мөн хуулийн 106.3.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0374 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М м” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь улсын тусгай хамгаалалттай газартай 0.99 га талбайгаар давхцалтай болох нь тогтоогдсон байх тул газар дээр нь хэмжилт хийж тогтооход өөр гарна” гэж үзэх үндэслэлгүй...” талаар дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбай нь улсын тусгай хамгаалалттай Бүрдэнэ булаг нэртэй газартай 0.99 га, 11378м.кв, 11177 м.кв хэмжгээр давхцалтай гэсэн маш их зөрүүтэй баримтуудаар ямар нэгэн хэмжээгээр л давхцалтай гэж дүгнээд байх боловч давхцалын хэмжээ яагаад зөрүүтэй байгаад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй бөгөөд уг шүүлтүүдийг хийж байгаа байгууллагуудын гаргаж байгаа “...шүүлтийг таслалаас хойш 2 оронгоор эсхүл 4 оронгоор шүүлт хийхэд зөрүүтэй гардаг” гэсэн тайлбарыг үндэслэж байгаа нь хэрхэвч бодит амьдралд нийцэхгүй байхын зэрэгцээ хэрэв таслалаас хойш 2 болон 4 оронгоор нарийвчилсан тохиолдолд таслалаас хойших орон л өөрчлөгдөх байтал яагаад урдах орон өөрчлөгдөж байгаад үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй.

5. Мөн 3 өөр байгууллага шүүлт хийхэд 3 өөр үр дүн гарч байхад газар дээрээ бас өөр үр дүн гарахыг үгүйсгэх аргагүй байхын зэрэгцээ хариуцагч байгууллагын зураг зүйн шүүлтийг хийсэн, зураг зүйн мэргэжилтэн нь өөрөө ямар хэмжээгээр шүүлт хийснээ мэдэхгүй, программ өөрөө шүүлт хийдэг гэсэн тайлбар, нарийн зурвас хэмжээтэй давхцалыг давхцалд тооцохгүй олгодог, давхцал нь их бол боломжгүй гэх хариуцагчийн тайлбар зэргийг үндэслэж байгаа нь хэргийн гол маргаан болох улсын тусгай хамгаалалттай газартай давхцалтай гэдэг нөхцөл байдлыг нарийн тогтоож, хөдөлбөргүй нотолсон баримтгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

6. Түүнчлэн, давхцалтай байна гэж тогтоогоод байгаа эдгээр хэмжээнүүд ийнхүү өөрчлөгдөж байгаа нь бодит байдалтай үнэхээр нийцэж байгаа эсэхийг, ер нь газар дээрээ очоод үзвэл давхцал байхгүй байх ч боломжтойг харуулж байхад бодит байдал дээр нь хэмжилт хийх, дүгнэлт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзаж үзэлгүйгээр хэргийг ийнхүү шийдвэрлэж байгаа нь шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлэлгүйгээр, үндэслэлгүй дүгнэлт хийж байна.

7. Мөн үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараахь масштабаар тус тус үйлдэнэ”, 5.3.2-т “...бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар” гэж заасны дагуу зураг зүйн шүүлт хийгээгүй гэдэг нь хариуцагчийн болон бусад байгууллагын тайлбар, баримтаар тогтоогдсон, байхад нийтдээ 0.99 га буюу өргөнөөрөө 3-4 метр, уртаараа 3.2 км үргэлжилсэн хэмжээтэй давхцал байна гэж үзэж хэргийг шийдвэрлэдэг бөгөөд энэ тохиолдолд зураг зүйн шүүлтэд давхцалд тооцогдохгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

8. Яагаад зураг зүйн шүүлтэд давхцалд тооцогдохгүй гэж маргаж байгаагаа нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасны дагуу тооцвол зургийн нарийвчлал нь 10 метрээс ихгүй байна гэсэн агуулгатай байх тул энэхүү маргааны тухайд давхцлын хэмжээ нь 3-4 метр байгаа гэвэл энэ нь 10 метрт хүрэхгүй буюу давхцалд тооцогдохгүй, мөн хариуцагч байгууллагын зураг зүйн мэргэжилтэн нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүлт хийхдээ ямар масштабаар шүүлт хийснээ мэдэхгүй, программ өөрөө шүүдэг, талбай үүсгэхээргүй нарийн зурвас газраар давхцалтай бол давхцалд тооцдоггүй гэх тайлбаруудыг үндэслэлээ болгон хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцэхгүй байгааг харуулж байна.

9. Тиймээс 10 метр хүрээгүй давхцал бол хуулийн дагуу зураг зүйн шүүлт хийхэд давхцалд тооцогдохооргүй байхын зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуульд зааснаар давхцаагүй байх шаардлага тавигддаг байхад бага хэмжээтэй бол олгодог гэдгээ хүлээн зөвшөөрч, мөн холбогдох баримт нь хэрэгт авагдсан байхад төрийн захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд тэгш бусаар хандаж, хууль зөрчиж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид бага хэмжээг давхцалд тооцохгүй байж болно, их болоод ирэхээр давхцалд тооцох талаар зааглан зохицуулсан зүйл огт байхгүй байхад хариуцагч өөрөө дээрх тайлбарыг гаргаж байгааг зөвтгөж, тийм үндэслэл байхгүй байна гэх зэргээр дүгнэж байгаа өөр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

10. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараахь масштабаар тус тус үйлдэнэ”, 5.3.2-т “...бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар”, 5.4-т “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасан нь зөвхөн кадастрын зураг үйлдэх нөхцөлд л хэрэглэгддэг талаар дүгнэснийг зөвтгөж, хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа нь мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, дээрх хуулийн заалтууд нь зураг үйлдэх буюу зургийг хэвлэхэд ашиглана, харин зургийн давхцал шалгах буюу шүүлт хийхэд энэ хуулийн заалт хамаагүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүлт хийгээд ийм үр дүнд хүрлээ гэдгийг зураг хэлбэрт шилжүүлж байгаа ажиллагаа яагаад хоорондоо хамааралгүй мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй.

11. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0374 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Нэхэмжлэгчийн маргаж буй гол үндэслэл болох “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь улсын тусгай хамгаалалттай газартай давхцаагүй” гэх хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хангалттай явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тайлбар, тойм зургуудаас гадна геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн санг ашиглан зураг зүйн шүүлт хийдэг, кадастрын зураг үйлддэг, кадастрын зураглалын улсын хяналтыг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллагууд болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичиг болон холбогдох зурагнуудаас харагдах бөгөөд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээний “Бүрдэнэ булаг” хэмээх газартай хэсэгчлэн давхцалтай” гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй юм. Түүнчлэн, эдгээр гурван байгууллагын дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн өргөдлийн талбай болон тусгай хэрэгцээний газрын давхцлын хэмжээ нь 0,99 га, 11378м.кв буюу 1.13 га, 11177 м.кв буюу мөн 1.11 га байгаа нь хоорондоо “маш их зөрүүтэй” гэж үзэхээргүй байна.

14. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүх хоорондоо зөрүүтэй буюу хөдөлбөргүй нотолсон баримтгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан” гэх агуулгатай /Тодорхойлох хэсгийн 3-6/ гомдлыг хангах боломжгүй юм.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр ... дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ... бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;” гэж зааснаас үзвэл давхцлын хэмжээ нь их, багаас хамааран тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалт байхгүй, иймд нэгэнт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь улсын тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

16. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ “...тусгай хамгаалалттай газрын кадастрын зургийн, байр зүйн зургийн зэрэг бүх төрлийн газрын зургийн мэдээллийн сан нь газар дээрх бодит хэмжээгээрээ буюу солбилцлоороо дүрслэгдсэн байдаг. Иймд мэдээллийн сангаас шүүлт хийхэд масштаб хамаарахгүй бөгөөд машстаб хэд байхаас хамааран давхцлын талбайн хэмжээ ялгаатай байна гэсэн ойлголт байдаггүй, харин зургийг хэвлэх үед масштабыг хэрэглэдэг..., хариуцагч байгууллагаас өргөдлийн талбайд анхан шатны шүүлт хийж байгаа нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.4-т заасан кадастрын зураг үйлдэх ажиллагаа биш харин ... хариуцагч байгууллагын кадастрын цахим систем буюу мэдээллийн санд өргөдлийн талбайн байр зүйн болон солбилцлын мэдээлэлтэй тулган автоматаар хайлт хийн давхцлыг илрүүлдэг цахим программд суурилсан ажиллагаа, ... үүний учир хариуцагчийг хуульд заасан масштабын хэмжээг зөрчиж шүүлт хийсэн гэж буруутгах үндэслэлгүй...” гэх мэтээр тодорхой дүгнэсэн байх тул “шүүх маргаантай асуудлаар дүгнэлт хийгээгүй” гэх утгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол /Тодорхойлох хэсгийн 7-10/ үндэслэлгүй байна.

17. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0242 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0374 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ