Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0446

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0446

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч даргалж, шүүгч Л, шүүгч О.О нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М МХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: Ф ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан М МХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр Ф ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ца, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М МХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...манай компани 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хэц нэртэй талбайд /ХА-19750-001Е, 26732/ дугаартай өргөдөл гаргасныг хүлээн авч, 38 дугаарт манай өргөдөл бүртгэгдсэн болно.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрөл шинээр авах өргөдлийг зураг зүйн шүүлтэд тэнцэхгүй буюу улсын тусгай хамгаалалттай газартай хэсэгчилэн давхацсан гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзсан талаар хариу өгсөн.

Энэ нь кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дүгээр заалтыг зөрчиж байх бөгөөд учир нь манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүсэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан /ХА-19750-001Е, 26732/ дугаартай өргөдөлд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийсэн баримтад улсын тусгай хамгаалалттай газартай 0,99 га хэмжээтэй давхацсан талаар дурдсан байгаагаас үзэхэд Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу Геологи, уул уурхайн талбайн кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна /10м/ гэснийг манай компани зөрчөөгүй болно.

Манай компани нь Кадастрын зураглалын тухай хуульд нийцсэн зураг хийлгүүлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан хэдий ч зураг зүйн шүүлтэд тэнцээгүй гэж татгалзсаныг мэдээд зургаа өөрчилж, тусгай хэрэгцээний газартай давхцуулахгүйгээр авахыг хүссэн боловч манай хүсэлтийг хүлээн аваагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан М МХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...М МХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт Малтмалын газрын кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан М МХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

М МХХК нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 10230.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан.

Уг өргөдөл нь NE-026732 өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14.15-14.30 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэлийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхэд тухайн талбай нь Улсын тусгай хамгаалалтад авсан Бүрдэнэ булаг нэртэй газартай 0.99 га талбайгаар давхацсан болох нь тогтоогдсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт хүсэлтэд дурдсан талбай нь ...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон... талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж заасан шаардлагыг нэхэмжлэгчийн гаргасан уг өргөдөл хангаагүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 940 дугаартай шийдвэрээр М МХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Энэ шийдвэрийн талаар мөн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8568 тоот албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэж биечлэн танилцуулсан боловч гардаж аваагүй тул түүний хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийсэн баримтад улсын тусгай хамгаалалтад авсан газартай 0.99 га хэмжээтэй давхацсан талаар дурдсан байгаагаас үзэхэд Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу Геологи, уул уурхайн талбайн кадастрын зураглалын нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй гэдгийг 10м гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна гэж заасан нь ашигт малтмалын кадастрын зураглалаар нарийвчлал нь тухайн масштабын 1 метрт ногдох хэмжээнээс ихгүй байна гэж тайлбарлан зураг зүйн шүүлтэд хэрэглэдэг.

Иймд М МХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ф ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Түмэнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа ...5379296 регистрийн дугаартай, Ф ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газарт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Замт нэртэй талбайд Х201510263311 тоот дугаартай өргөдөл гаргасан болно.

Энэ талбайн солбицол нь аливаа хуулиар хориглосон талбайтай давхцаагүй тул хариу шийдвэрийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6/445 тоот албан бичгээр манай компанид олгох болсон тухай албан ёсоор мэдэгдсэн юм. Иймд манай талбайтай холбогдуулан М МХХК-иас гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Ер нь энэ мэтийн зөрчил урьд нь их гардаг байсан бөгөөд үүнийг цахимжуулж, боловсронгуй болгож чадсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн чирэгдэлгүй, шударга ажиллагааг сайшаах зүйтэй юм гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...М МХХК нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хэц нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, зохих журмын дагуу Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст өргөдөл гаргасан боловч тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр маргаан бүхий талбайд Ф ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: ...Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Замт нэртэй 14146.74 га талбайд Ф ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл гаргасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу өрөдлийг хүлээж авсаны дараа 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тухайн өргөдлийн материалд зураг зүйн шүүлт хийсэн байна. Ийнхүү шүүлт хийж үзэхэд тухайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.2-т заасан шаардлагыг хангаж байсан тул тухайн талбай байрших Дорноговь аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8953 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Дорноговь аймгийн Засаг даргаас дээрх мэдэгдлийн хариуг хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, 19.6-д тус тус заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дугаартай шийдвэрээр Ф ХХК-нд ашигт малтмалын хайгуулын ХҮ-019823 дугаартай тусгай зөвшөөрөлолгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, болон өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, авсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М МХХК нь шүүхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан М МХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр Ф ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 0.99 га-г давхцалтайд тооцох үндэслэлгүй, уг давхцал нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар...кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0.1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна /10 м/ гэснийг зөрчөөгүй гэж, хариуцагч нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5.4-т заасныг ...кадастрын зураглалаар нарийвчлал нь тухайн масштабын 1 метрт ногдох хэмжээнээс ихгүй байна гэж тайлбарлан зураг зүйн шүүлтэд хэрэглэдэг,..0,99 га нь давхцалд тооцогдоно гэж маргажээ.

М МХХК нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хэц нэртэй талбайд хайгуулын зөвшөөрөл хүсч, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст 26732 дугаартай өргөдлийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр Тусгай зөвшөөрөл шинээр авах тухай өргөдлийг зураг зүйн шүүлтэд тэнцэхгүй буюу улсын тусгай хамгаалалттай газартай уртаашаа 3.2 километр, өргөөшөө 2.8-3,3 метр хэмжээгээр буюу 0.99 га хэмжээгээр давхацсан гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгсөн нь хуульд нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн нөөцөд авсан талбайтай хиллэж байгаа хэсэг шулуун шугам биш байж болохоор, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас багагүй масштабаар кадастрын зургийг үйлдэхээр зохицуулсан байна.

Гэтэл хариуцагч хуулийн дээрх шаардлагыг хангалгүйгээр хуульд заасан масштабаас даруй 2.7 дахин их нарийвчлалтай зураг зүйн шүүлт хийсэн болох нь ашигт малтмалын кадастрын тойм зураг 1:273936 масштабаар хийгдсэн тойм зураг, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан шүүлт хийсэн бичгийн нотлох баримт болон хариуцагчаас ирүүлсэн тойм зургаар нотлогдож байна.

Түүчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хамааралгүй ч хэрэгт авагдсан NE-025139, NE-025252 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтуудаас үзэхэд уг шүүлтээр сонгон шалгаруулалтаар олгогдох, улсын төсвийн геосудалгааны болон усан сангийн талбайтай 0,01-0,22 га-гаар тус тус давхцалтай байхад тэдгээрийг Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар давхцалд тооцохгүй гэж шийдвэрлэж байсан тохиолдлуудын талаар тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ..тухайн шүүлт хийсэн мэргэжилтний үзэмжийн асуудал гэж тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын Үндсэн хуульд ...хууль,...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ..үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино, гэсэн хуулийн шаардлагыг тус тус зөрчиж иргэн хуулийн этгээдэд ялгамжтайгаар шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсонд нийцээгүй төдийгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчихөд хүргэсэн байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М МХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, М МХХК-ийн /ХА-19750-001E, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.