Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2018/00866

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2018/00703/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр ... тоотод оршин суух ... овгийн С.Э /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Г.Г /РД:..., Утас: .../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн С.Э би 2008.12.25-ны өдөр Г.Гтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг 2009.03.01-ний өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги тооцох, хэрвээ зээлийг төлж чадахгүй бол түүний өмчлөлийн ... сумын ... баг, ... хорооллын ... байрны ... тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон юм.

Г.Г нь зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул дээрх зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч Г.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр 2 удаа орсны эцэст МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.06.25-ны өдрийн 508 тоот тогтоолоор ...С.Э нь Г.Гаас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааж өгсөн юм. Үүнээс хойш түүнтэй уулзах гэсэн боловч зугатаагаад уулзахгүй байсан тул шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу түүнийг олсон юм. Иймд түүнээс үндсэн зээл 9,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцож 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг Г.Гаас гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв зээлийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр нь гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Г.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн С.Эийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 2008 оны 6 сарын 12-нд иргэн А гэгч нь ... сумын ... баг ... хороолол ... байр 18мкв 1 өрөө байрны гэрчилгээг /манай/ 14 хоног хэрэглээд өгье гээд аваад явсан. 2008 оны 09-р сард С.Э гэгч нь танай байрны гэрчилгээ надад байгаа. А надад зээлийн барьцаанд тавьж 6,000,000 төгрөг зээлж аваад одоо хүүгийн хамт 9,000,000 төгрөг болсон. Энэ байдлыг Ад хэлэхэд би мөнгө авсан нь үнэн, удахгүй мөнгийг нь төлөөд ордерыг чинь авч өгнө гэсэн боловч 2008 оны 12 сар болсон. Ингээд манай гэр бүлийн хүний бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн. Энэ үед С.Э манайд ирээд машинаараа авч яваад холбооны тэнд байдаг нотариатын газар дагуулж ороод 3 бичиг дээр гарын үсэг зуруулаад энийг Ад хүргээд өгчих А чинь надаа мөнгөө өгчихнө тэгэхээр чиний байрны ордерыг буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Үүнд итгээд үнэмшээд дээрх 3 бичиг баримт дээр нь гарын үсэг зурсан. Би С.Эийг ердөө танихгүй зүс хараагүй тухайн үед нэг ч төгрөг аваагүй учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин дараа нь байрны бичиг баримтаа олж авах талаар шүүхэд хандаж шүүх зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэн миний байрны бичиг баримтыг надад олгосон. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Г.Гт холбогдуулан үндсэн зээл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Г.Г нар нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр 9.000.000 төгрөгийг 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэх, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээг бичгээр байгуулж, Г.Гын өмчлөлийн ... аймгийн ... сумын ... баг ... дүгээр байрны ... тоот орон сууцыг барьцаалжээ.

 

Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1, 166.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба хариуцагч Г.Г нь зээлдүүлэгч С.Эийг гэрээний дагуу 9.000.000 төгрөгииг шилжүүлсэнд маргаагүй, харин С.Эийн зээлдүүлсэн 9.000.000 төгрөгийг өөрийн эхнэрийн хамаатан А авсан гэж маргаж байна.

 

Хариуцагч Г.Г нь зээлийн гэрээний зүйл болох 9.000.000 төгрөгийг өөрийнх нь эхнэрийн хамаатан А гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч тэрээр зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээний дагуу зээлдүүлэгч С.Э нь 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй зэргээс үзэхэд хариуцагч Г.Г нь өөрийн эхнэрийн хамаатан Ад тэрхүү мөнгийг өгсөн, эсхүл өгөхийг зөвшөөрсөн явдал нь түүнийг зээлийн болон барьцааны гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээлийн гэрээний зүйлийг хэрхэн захиран зарцуулсан нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд зээлдэгч Г.Г нь зээлийн гэрээний дагуу зээлсэн 9.000.000 төгрөгийг буцаан төлөх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцнэ.

 

Хариуцагч Г.Г нь зээлийн төлбөрийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй буюу 2009 оны 0дугаар сарын 01-ны өдөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй,

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Зээлийн гэрээний 5-д Гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлнө гэж талууд тохиролцжээ. Иймд нэхэмжлэгч С.Э нь гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээний үндсэн гүйцэтгээгүй үүрэг 9.000.000 төгрөгнөөс 2009 оны 03 дугаар сарын 01ий өдрөөс анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алданги 4,500,000 төгрөгийг хариуцагч Г.Гаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар Г.Гын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан тул мөн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д зааснаар тэрээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй юм.

 

Иймд хариуцагч Г.Г зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Г.Гын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... аймгийн ... сумын ... баг ... байрны ... тоот орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд:

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу гэрээний үүрэг зөрчигдсөн хугацаа болох 2009 оны 0дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 201оны 0дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байх боловч хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92А дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаартай тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 259 дугаартай тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 770 дугаартай тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 508 дугаартай тогтоол зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хугацааг дахин шинээр эхлэн тоолоход нэхэмжлэгч нь 201оны 0дугаар сарын 29ий өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн болно.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Г.Гаас үндсэн зээл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, Г.Г нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Гаас 13.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Г нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол Г.Гын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... аймгийн ... сумын ... баг ... байрны ... тоот орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 225,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ