Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00516

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 866 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаар магадлалтай, 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

Г.Г-т холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 13.500.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Г-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9.000.000 төгрөгийг 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, хэрвээ зээлийг төлж чадахгүй бол түүний өмчлөлийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны 132 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Г.Г- нь зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул дээрх зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч Г.Г- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр 2 удаа орсны эцэст Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 508 тоот тогтоолоор ...С.Э- Г.Г-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааж өгсөн юм. Үүнээс хойш түүнтэй уулзах гэсэн боловч зугтаагаад уулзахгүй байсан тул шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу түүнийг олсон. Иймд түүнээс үндсэн зээл 9.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөгийг Г.Г-аас гаргуулж, хэрэв зээлийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр нь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...2008 оны 6 дугаар сарын 12-нд иргэн н.Алтангоо гэгч нь Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 4 дүгээр байр 18 м.кв 1 өрөө байрны гэрчилгээг /манай/ 14 хоног хэрэглээд өгье гээд аваад явсан. 2008 оны 9 дүгээр сард С.Э- гэгч нь танай байрны гэрчилгээ надад байгаа. Н.Алтангоо надад зээлийн барьцаанд тавьж 6.000.000 төгрөг зээлж аваад одоо хүүгийн хамт 9.000.000 төгрөг болсон. Энэ байдлыг н.Алтангоод хэлэхэд би мөнгө авсан нь үнэн, удахгүй мөнгийг нь төлөөд ордерыг чинь авч өгнө гэсэн боловч 2008 оны 12 дугаар сар болсон. Ингээд манай гэр бүлийн хүний бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн. Энэ үед С.Э- манайд ирээд машинаараа авч яваад холбооны тэнд байдаг нотариатын газар дагуулж ороод 3 бичиг дээр гарын үсэг зуруулаад энийг н.Алтангоод хүргээд өгчих н.Алтангоо чинь надаа мөнгөө өгчихнө тэгэхээр чиний байрны ордерыг буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Үүнд итгээд үнэмшээд дээрх 3 бичиг баримт дээр нь гарын үсэг зурсан. Би С.Э-өөс нэг ч төгрөг аваагүй. Харин дараа нь байрны бичиг баримтаа олж авах талаар шүүхэд хандаж шүүх зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэн миний байрны бичиг баримтыг надад олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 866 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Г-аас 13.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Г- нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол Г.Г-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003005537 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/4 дүгээр байрны 132 тоот орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан даалгаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 225.550 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг буруу хэрэглэж, үндэслэл муутай дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж нотариатоор гэрчлүүлж хариуцагч Г.Г- нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Э-өөс 9.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5%-н алданги тооцож, хэрвээ зээлийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөрөө хангахаар тохиролцсон нь бүрэн нотлогдсон байдаг. Гэтэл хариуцагч Г.Г- нь зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул түүний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болоход Г.Г- шүүхэд хандаж 3 шатны шүүхээр орж маш их хугацаа алдуулсан байдаг. Энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.06.25-ны өдрийн №508 тоот тогтоолд “...С.Э- нь Г.Г-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааж өгсөн юм. Хариуцагч Г.Г- нь С.Э-тэй уулзахгүй зугтаагаад байсан тул шүүхэд хандаж эрэн сурвалжлах захирамж гаргуулж цагдаагаар хайлгуулж байж түүнийг олуулсан. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд болон болсон нөхцөл байдалд бодит дүгнэлт хийхгүй, зээлээ төлөхгүй гэж бултаж, булзааруулж байгаа хүний үгийг үндэслэл болгож хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 181, 182 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг бүрэн хангаж хийгдсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          С.Э-, Г.Г-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг нийт 13.500.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж, үндэслэлдээ талуудын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг заасныг хариуцагч эс зөвшөөрч “мөнгө шилжүүлэн аваагүй, н.Алтангоогийн авсан зээлийн үүрэгт хожим гэрээ байгуулсан” гэж маргасан байна.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

          Магадлалд, “анхан шатны шүүх, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хууль зүйн бүрэн дүгнэлт хийгээгүй, ...зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх, мөнгө өгч авалцсан эсэх үйл баримт бүрэн тогтоогоогүй, зохигчийг ...нотлох баримт гаргах, шүүхээр бүрдүүлэх эрхийг хангах, мэтгэлцэх ажиллагааг зохион байгуулах үүргээ шүүх бүрэн биелүүлээгүй,...” гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон мөнгийг шилжүүлэн өгөх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч С.Э- гэрээний үүргээ биелүүлж мөнгийг шилжүүлсэн  бол буцаан шаардах эрх үүсэх юм.

          Талуудын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хэрэгт авагдсан байх боловч уг гэрээгээр нэхэмжлэгч С.Э- нь гэрээнд заасан 9.000.000 төгрөгийг хариуцагч Г.Г-т шилжүүлэн өгсөн эсэх  нь тодорхой бус, эдгээр гэрээ байгуулах болсон шалтгааныг, өмнө нь н.Алтангоо гэгч С.Э-өөс 6.000.000 төгрөг зээлэхдээ Г.Г-ын байрны гэрчилгээг барьцаалсантай холбоотой гэх тайлбарыг хариуцагч гаргаж, гэрчээр н.Алтангоог асуух хүсэлтийг гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.

            Анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх эрхийг зөрчснөөс хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, үүний улмаас зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх  боломжгүй  байна. Энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

            Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 225.550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ