Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 115

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00703/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 866 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Г-т холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 13.500.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч С.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Иргэн С.Э- би 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Г-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9.000.000 төгрөгийг 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, хэрвээ зээлийг төлж чадахгүй бол түүний өмчлөлийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны 132 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон юм. Г.Г- нь зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул дээрх зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч Г.Г- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр 2 удаа орсны эцэст Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 508 тоот тогтоолоор ...С.Э- нь Г.Г-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааж өгсөн юм. Үүнээс хойш түүнтэй уулзах гэсэн боловч зугтаагаад уулзахгүй байсан тул шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу түүнийг олсон. Иймд түүнээс үндсэн зээл 9.000.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож 4.500.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөгийг Г.Г-аас гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв зээлийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр нь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн С.Э-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 2008 оны 6 дугаар сарын 12-нд иргэн Алтангоо гэгч нь Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 4 дүгээр байр 18 м.кв 1 өрөө байрны гэрчилгээг /манай/ 14 хоног хэрэглээд өгье гээд аваад явсан. 2008 оны 09 дүгээр сард С.Э- гэгч нь танай байрны гэрчилгээ надад байгаа. Алтангоо надад зээлийн барьцаанд тавьж 6.000.000 төгрөг зээлж аваад одоо хүүгийн хамт 9.000.000 төгрөг болсон. Энэ байдлыг Алтангоод хэлэхэд би мөнгө авсан нь үнэн, удахгүй мөнгийг нь төлөөд ордерыг чинь авч өгнө гэсэн боловч 2008 оны 12 дугаар сар болсон. Ингээд манай гэр бүлийн хүний бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн. Энэ үед С.Э- манайд ирээд машинаараа авч яваад холбооны тэнд байдаг нотариатын газар дагуулж ороод 3 бичиг дээр гарын үсэг зуруулаад энийг Алтангоод хүргээд өгчих Алтангоо чинь надаа мөнгөө өгчихнө тэгэхээр чиний байрны ордерыг буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Үүнд итгээд үнэмшээд дээрх 3 бичиг баримт дээр нь гарын үсэг зурсан. Би С.Э-ийг ердөө танихгүй зүс хараагүй тухайн үед нэг ч төгрөг аваагүй учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин дараа нь байрны бичиг баримтаа олж авах талаар шүүхэд хандаж шүүх зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэн миний байрны бичиг баримтыг надад олгосон гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 866 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Г-аас 13.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Г- нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол Г.Г-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003005537 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/4 дүгээр байрны 132 тоот орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...С.Э- нь намайг хууран мэхлэн бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан тул хууран мэхлэх замаар хийсэн хэлцэл гэж үзэж байна. зээлийн болон барьцааны гэрээ 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж зээлийн гэрээний болон үүргийн гүйцэтгэл хангах хугацаа болоогүй байхад гэрээ байгуулагдсан даруйд барьцааны хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл хийгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Мөн зээлийн гэрээ байгуулагдах үед мөнгө хүлээлгэн өгсөн болон шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй нь гэрээ, итгэмжлэл хуурамч болох нь батлагдаж байна. Анхан шатны шүүх 2015 онд Г.Г-т 1 өрөө орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн ба энэ хэргийг архиваас татан хянуулах мөн зээлтэй холбоотой баримт материалыг давхар хянуулах хүсэлт гаргасан боловч шүүх хавтаст хэргээс ач холбогдолтой баримтыг судалж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн мөн Алтангоог гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д заасан байхад үндэслээгүй шүүх хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлэхгүйгээр хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж шийдвэр гаргасан байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч С.Э- хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг нийт 13.500.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн байна.

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлдэгч Г.Г-  зээлж авсан 9.000.000 төгрөгийг гэрээний хугацаа дуусгавар болоход буцааж өгөх  үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон.

            Хариуцагч Г.Г- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг С.Э- гэгч нь танай байрны гэрчилгээ надад байгаа,  Алтангоо надад  зээлийн барьцаанд тавьж  6.000.000 төгрөг зээлж аваад одоо хүүгийн хамт 9.000.000 төгрөг болсон..., ...манайд ирээд машинаараа авч яваад  холбооны тэнд байдаг нотариат дээр дагуулж ороод 3 бичиг дээр гарын үсэг зуруулаад энийг Алтангоод хүргээд өгчих, Алтангоо чинь надад мөнгөө өгчихнө тэгэхээр чиний байрны ордерыг  буцаагаад өгчихнө ..., ... С.Э-ийг танихгүй, нэг ч төгрөг аваагүй гэх мэтээр  тайлбар гаргаж  байжээ  

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн  гэрээгээр зээлдүүлэгч нь   зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө  шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон  хугацаанд буцаан өгөх  үүргийг  тус тус хүлээдэг.

            С.Э- шүүхэд талуудын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  хийгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ \хэргийн 7, 8 дугаар тал\ -г нотлох баримтаар ирүүлсэн.

            Харин шүүх зээлийн гэрээ, барьцааны гэрээний  хүчин төгөлдөр  байдлын талаар    хууль зүйн  бүрэн дүгнэлт  хийж чадаагүй  байна.

Шүүх зохигчдын дунд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, улмаар  шаардах эрхийг оновчтой томьёолохын тулд хэргийн үйл баримтыг тогтоох, тогтооход чиглүүлэн зохигчдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримт бүрдүүлэх, шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг хангах,  мэтгэлцүүлэх ажиллагааг  зохион байгуулах үүрэгтэй.

Хэрэгт бичгийн хэлбэртэй зээлийн болон барьцааны гэрээ байх авч гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх, мөнгө өгч авалцсан эсэх талаар  талууд харилцан адилгүй тайлбар гаргаж байгаа нөхцөлд дээрх баримтууд үнэн зөв эргэлзээгүй баримт болж чадаагүй байна.

            Хэргийн үйл баримт тогтоогдоогүй, талуудын дунд үүссэн эрх зүйн харилцааг тогтоогоогүй тул цугларсан нотлох баримтад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл бүрдээгүй байна гэж үзээд  хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцааж өгнө үү гэсэн  давж заалдсан гомдлыг хангах  нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагч  улсын тэмдэгтийн хураамжид 225.550 төгрөг төлснийг  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

          

    

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ