Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2019/00286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт оршин суугч Д.Бын нэхэмжлэлтэй,

З ЗДТГт холбогдох Гэм хорын хохирол 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттулга, иргэдийн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын албан байгууллагуудын нийтийн хог цэвэрлэгээ болж байгаа гээд Ойн улсын байцаагч Д хог хаяж өг гэхээр нь миний бие тухайн нутаг дэвсгэрийн МТ колонкоос Петровис хүртэлх хогийг ачсан. Тухайн хог ачсан хүмүүсийг хамт явж буулгаарай миний зүүн гарын 2 хуруу бэртэлтэй гэж хэлэхэд хог буулгах газар хүн байгаа гэж хэлээд буулгалцах хүн явуулаагүй. Тэгээд очтол ямар ч хүн байхгүй хогийн цэгийн эргэн тойронд хог шатаж байсан. Тухайн шатаж байсан хогноос хол зогссон ч салхинд халуун нурам нь хийсэж оч үсрэн буулгах гэж байсан хог шатаж эхэлсэн. Уг хог нь хуурай шарилж, хомхуул, цаасан хог байсан учир маш хурдацтай шатаж эхэлсэн, тухайн хогийг буулгах хүрз, жоотуу байхгүй, мөн миний зүүн гарын 2 хуруу бэртэлтэй учир ямар ч арга хэмжээ авч чадаагүйн улмаас миний өмчлөлийн 31-00 000улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгсэл бүрэн шатаж, би өөрийн эд хөрөнгөөрөө хохироод байна. Тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 2 сард 12,500,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас эд хөрөнгөөрөө хохирч байгаа тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль тогтоомжинд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэсний дагуу дээрх ажлыг гүйцэтгэсний улмаас тээврийн хэрэгслээрээ хохирч байна. Иймд надад учирсан гэм хорын хохирол 12,500,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.Б миний бие 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сумын эмнэлэг орж гартаа боолт хийлгэх, эмчид үзүүлэх ажлаар Их-Уул сумын төв орж ирсэн. Намайг машинтайгаа сумын төвд зогсож байтал ойн байцаагч Д ирж ... Нийтийн хог цэвэрлэгээ хийж байна. Машин дээрээ хог ачаад хогийн цэгт хүргээдэх... гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Харин би ...миний гар өвчтэй байгаа хог ачиж буулгаж чадахгүй, хог ачиж буулгах хүмүүс байгаа биз дээ... гэхэд хог буулгах хүмүүс тусдаа байгаа гэж хэлсэн учраас би тухайн хогийг машин дээрээ ачуулсан. Магнай трейд, Петровис, Шунхлай шатахуун түгээх станцын ажилтан болох Энхболд, Баяр нарын 4 хүн хогоо ачиж өгчихөөд тараад явсан. Энэ үед Д өөрөө байгаагүй. Би тухайн үед ...хогийг хэн буулгах вэ?... гэж хог ачсан хүмүүсээс асуусан, ... хогийн цэг дээр хүн байгаа байх... гэж хэлсэн түүгээр ч зогсохгүй миний зүүн гарын хоёр хуруу гэмтэлтэй хог буулгаж чадахгүй шүү гэдгээ тухайн хүмүүст хэлсэн. Гэвч хогийн цэгт хог буулгах хүн бэлэн байгаагүй. Хогийн цэгт очиход хүн, амьтан, машин, тэрэг ч байхгүй байсан. Шатаж байсан хогноос нэлээд зайтай зогссон малтуур байхгүй, зах банзны өөдөсөөр машин дээр байсан хогийг буулгаж байсан. Гэтэл гэнэт халуун нурам салхинд хийсч ирээд яах ийхийн зуургүй маш хурдтай шатсан. Тэгээд хог буулгаж байсан хоёр машины хүмүүсийг би өөрөө орилж дуудахад тухайн үед дуулаагүй, машин нилээд хурдан шатаж байсан. Тэр хүмүүс ирээд машиныг татах гэж үзээд татлага тасраад, хог дээрээс троссны өөдөс авч ирээд татах гэтэл 4 дугуй нь буудчихсан учраас машин хөдөлдөггүй юм билээ, тэгээд яаж ч чадаагүй. Троссоо тайлж чадахаа байгаад урд талын чирсэн машинд гал дамжаад татаж байтал тросс нь тасарч татсан машины галыг унтраасан. Сумын хэмжээнд нийтийн хог цэвэрлэгээ болж байгаа, хог ачаадах гэж байгаль орчны улсын байцаагч Дг хэлсэн болохоор би зөвшөөрсөн. Гэтэл хогоо аччихаад буулгах хүмүүс өгөөгүй, шатаж байсан хогийн цэгт би хогийг ганцаараа буулгах гэж байгаад эд хөрөнгөөрөө хохирсондоо гомдолтой байгаа.

Би уг машиныг банкнаас зээл авч 10,500,000 төгрөгөөр худалдаж авсан, 2,000,000 төгрөгөөр нь дугуй, бусад сэлбэг худалдаж авахад зарцуулсан, одоо банкны мөнгөө төлж байгаа, энэ машинаар амьдралаа залгуулдаг, хоёр оюутантай төлбөрийг нь төлдөг учраас манай гэр бүлийн амьдрал маш хүнд байдалд байна. Иймд машины үнэ 12,500,000 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгнө үү ... гэв.

Хариуцагч Их уул сумын засаг даргын тамгын газрын дарга И.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Цэцүүх багийн иргэн Д.Б нь сумын төвийн бүх нийтийн хог цэвэрлэгээний ажилд явж байгаад шатсан машины үнэ болох 12,500,000 төгрөгийг ЗДТГ-аас нэхэмжилсэн байна. Сумын Засаг даргын захирамжаар жил бүр хавар намрын улиралд 2 өдөр бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулдаг уламжлалын дагуу 2019 оны 5 дугаар сарын 4,5-нд бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулсан юм. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гудамж талбай, нийтийн эзэмшлийн газруудын хогийг иргэдийн хүчээр, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайгаас бусад албан байгууллагуудын хуваарьт газруудын цэвэрлэгээг зохион байгуулсан юм. Ингэхдээ хог тээвэрлэх машинуудыг баг бүрээс 3 машин жолоочтой нь тохиролцон олохыг багийн засаг дарга нарт, байгууллагуудын хуваарьт газрын хог тээвэрлэх машиныг жолоочтой нь тохиролцон олохыг уг талбайг хариуцан цэвэрлүүлж байгаа албан хаагчдад үүрэг болгож, зардлыг ЗДТГ-аас гаргахыг холбогдох хүмүүст даалгасан. Хогийн цэгт тээвэрлэн ирсэн хог хаягдлыг буулгах ажилд байгууллага бүрээс 2 галч, ЕБС-аас 3 галч, бүгд 10 хүнийг томилсон. Жолооч Д.Б нь

1.    Хог буулгах ажлыг зохион байгуулж байгаа хүмүүсийг байхгүй байхад

тухайн байгууллагын хүмүүст мэдэгдэж хүлээгээгүй.

2.    Хог буулгах газрыг жолооч өөрөө сонгосон.

3.    Шатаж байгаа галын орчимд зогссон.

4.    Газар орчны байдлыг биечлэн шалгаагүй халуун нурман дээр буулгасан.

5.    Хогийн цэгт өөр байгууллага ААН-ийн машинууд хог буулгаж байсан ба

уг машиныг доороосоо шатаж байгааг харсан хүмүүс хашгирч хэлсэн боловч жолооч Д.Б нь сонсохгүй байсан тул хүмүүс туслахаар очсон боловч гал машинд авалцаж унтраах боломжгүй болсон. Эдгээрээс харахад жолоочийн анхаарал болгоомжгүй үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна... гэжээ.

Хариуцагч И.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Засаг даргын захирамжаар нийтийн хог цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу тодорхой хэмжээний хувааруудыг хийгээд 04-ний өдөр бүх нийтийн талбайг цэвэрлэж, 05-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайгаас бусад албан байгууллагууд хариуцсан талбайгаа цэвэрлэх ёстой байсан. Петровис болон түүний дагуу хогийг манай сумын БОХ-н улсын байцаагч Д гэдэг хүн хариуцан цэвэрлүүлж байсан. Ингэхдээ тээвэрлэх машинаа цэвэрлүүлж байгаа хүмүүс өөрсдөө олох хуваарьтай байсан. Ингэхдээ нэг ачилтад 5 литр түлш хийж өгөх үүрэг чиглэлтэй ажилласан. Үүний дагуу Бын машиныг ашигласан байсан. Тухайн нөхцөлд жолооч хогоо ачаад явахдаа хог буулгах хүнээ явуулаарай гэж хариуцаж байгаа хүнд хэлж болох байсан. Мөн жолооч хогийг цэгт хогоо буулгахдаа газрын урууг сонгож буулгасан байдаг. Буулгах хүн байхгүй байсан бол Дд мэдэгдээд хогоо буулгуулах талаар хэлж ярих боломж бололцоо байсан. Хогийг хогийн цэгийн дотор нь буулгадаг, хогийг цэвэрлэхээс өмнө нь хавар шатаж байсан, хогийн цэгийн хог шатаж дуусаад уугих байдалтай байсан, ийм байдалтай байгааг би мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагчаас мөнгийг нь гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв гэж үзэж байна... гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч З ЗДТГт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохирол болох 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй... гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... сумын засаг даргын захирамжаар нийтийн хог цэвэрлэгээ хийж байгаа гэсэн учраас байгаль орчны улсын байцаагч Дгийн хүсэлтээр би хог ачсан бөгөөд ачсан хогийг буулгах хүн явуулаагүй, хог байнга шатаж байгаа хогийн цэгт хог буулгах ямар нэгэн багаж хэрэгсэлгүй явуулж би өөрөө хог буулгаж байхад миний машин шатаж хохирол учирсан тул хохирлыг хариуцагч хариуцан арилгах ёстой... гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч Их уул сумын засаг даргын тамгын газрын дарга И.Б ...хогийн цэгт гарсан галын улмаас тээврийн хэрэгсэл шатаж нэхэмжлэгчид гэм хор учирахад бидний буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй, жолоочийн болгоомжгүй байдал нөлөөлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ..

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт ... гэм хор учруулснаас үүсэх харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно... гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт ... эдийн баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно.... гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд ... нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт ... бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил.... гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан, уг маргааныг ерөнхий харъяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй, нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна гэж дүгнэв.

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/57 дугаартай Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай захирамж, түүний хавсралтаар тус сумын гудамж талбай, нийтийн эзэмшлийн болон Идэр голын сав, төв зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн хог цэвэрлэгээг 2019 оны 5 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 13 хэсэг газарт хог цэвэрлэх, хогийг байгууллагын албан хаагч, тухайн газарт оршин суугч иргэдээр цэвэрлүүлэх, хогийг хогийн төв цэгрүү тээвэрлэх ажлыг багийн засаг дарга болон уг талбайг хариуцан цэвэрлүүлж байгаа албан хаагчдад үүрэг болгож, гарах зардлыг Засаг даргын тамгын газраас гаргаж, хог цэвэрлэгээнд ард, иргэд, албан хаагчдыг бүрэн хамруулж, хуваарьт газрын цэвэрлэгээг чанартай хийлгэх, цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, тайланг баримтжуулан танилцуулахыг тамгын газрын дарга И.Б, БОХ-ын улсын байцаагч Б.Д, Байгаль хамгаалагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жарангуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана... ... Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө... гэж,

мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ...Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн....,

...29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ....Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана...,

31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь хэсэгт ... Засаг дарга нь хот, тосгоны иргэдийг цэвэр усаар хангах, хог хаягдал, бохир ус зайлуулах, цэвэрлэх, мод, бут, сөөг, жимсний мод тарьж ургуулах, тохижуулах, гудамж талбайг гэрэлтүүлэх, үер усны хамгаалалт, далан суваг барих арга хэмжээ авах, түүнчлэн харьяалах нутаг дэвсгэрт нь барилга байгууламж барих, зам, холбооны шугам өөрчлөхөд оршин суугчдын санал авч шийдвэрлэх.. гэж тус тус хуульчилжээ.

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/57 дугаартай Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай захирамж нь тухайн нутаг дэвсгэртээ заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн акт бөгөөд захирамжаар үүрэг болгосны дагуу тус сумын БОХ-ын хяналтын улсын байцаагч Д нь иргэн Д.Бт бүх нийтээр хог цэвэрлэх ажил засаг даргын захирамжийн дагуу явагдаж байгаа талаар танилцуулж, хог ачуулахаар тохиролцон хог ачуулсан, үүрэг болгосны дагуу Д.Б нь хогийг хогийн цэгт хүргэсэн, тухайн хогийн цэгт хог буулгах хүн, багаж хэрэгсэл байхгүй байсан учраас өөрөө модоор хогийг буулгасан, хогийн цэгт өмнө нь хог шатааж нурам нь уугисан байдалтай байсан, улмаар Д.Бын буулгаж байсан хог шатаж түүний өмчлөлийн 31-00 000улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгсэл бүрэн шатаж түүнд эд хөрөнгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд дээрх үйл явдлын талаар маргахгүй байх тул маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хог хаягдлын тухай хуулийн 9.4, 9.5 дугаар зүйлд ... Хог хаягдлын талаар сумын засаг дарга болон багийн засаг дарга нь ... нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах, хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих... зэрэг бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд хуулийн дөрөвдүгээр бүлэгт энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагааг хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл Хог хаягдлын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 14 дүгээр зүйлд ... Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь бүртгүүлж, дугаар авсан байна..., ....Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ...., гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно..., ...Энгийн хог хаягдлыг зориулалтын, битүүмжлэлтэй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ..., ... хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үед түүнийг унах, асгарах, хийсэхээс сэргийлэх арга хэмжээ авна...,

16 дугаар зүйлд ... .хог хаягдал тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг цэвэрлэх нөхцөлөөр хангагдсан байна,

17 дугаар зүйлд ... хог хаягдлыг дарж булшлах талбай нь газрын гадаргаас доош түвшинд байрласан байна..., ...хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаа эсхүл зөөврийн торон хаалттай байна..., ....хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлтэй байна..., ...хог хаягдлыг тархахаас сэргийлж хөрсөөр дарж нягтруулах..., ...Хог хаягдал шатаахыг хориглоно..., ...Зөвшөөрөлгүй иргэн болон мал, амьтныг хог хаягдлыг хүлээж авах, булшлах талбайд оруулахыг хориглоно..., ...Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно... гэж тус тус заасан байхад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд Хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй засаг дарга, З ЗДТГ нь дээрх хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр тогтоогдож байна.

Мөн  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших ба мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах..., аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи.., эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ гэжээ.

Түүнчлэн хуулийн 25 дугаар зүйлд бүх шатны засаг дарга нарын бүрэн эрхийг хуульчилсан ба засаг дарга нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж..., ...үйлдвэрлэлийн осол, аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллөөс иргэдийг хамгаалах, сэрэмжлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон нутгийн зөвлөл байгуулж, ажиллуулах талаар тусгажээ.

З ЗДТГ нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, устгах, булшлах үйл ажиллагаа явуулахдаа Хог хаягдлын тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс иргэдийг хамгаалах, сэрэмжлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулаагүй, хуулиар хориглосон заалтыг зөрчиж энгийн хог хаягдлыг шатаан устгаж, хогийн төвлөрсөн цэгт аюултай нөхцөл байдал бий болгосон, үүрэгээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас иргэний эд хөрөнгөд хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Их-уул суманд энгийн хог хаягдлыг устгах төвлөрсөн цэг буюу хогийн төв цэг байдаг бөгөөд уг цэгт хог хаягдлыг хаяж, шатаадаг болох нь нэхэмжлэгчийн ... хогийн цэгийн хог энэ хавар л шатаад байсан, миний сонссоноор байгаль хамгаалагч Д урд өдөр нь хогийг шатаасан гэж сонссон..., хогийн цэгт очиход хог шатаж байсан..., гэсэн тайлбар, хариуцагчийн ... Хогийг хогийн цэгийн дотор нь буулгадаг, хогийг цэвэрлэхээс өмнө нь хавар шатаж байсан, хогийн цэгийн хог шатаж дуусаад уугих байдалтай байсан, ийм байдалтай байгааг би мэдэж байсан... гэсэн тайлбар, гэрч Б.Тын ... хогийн цэгрүү орж хог буулгах гэдэг бол маш хэцүү, утаа униар ихтэй, орж буулгах газар давчуу байсан... гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба Сумын засаг дарга түүний шийдвэрийг хэрэгжүүлдэг З ЗДТГ нь Галын аюулгүй байдлын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомжид заасны дагуу галын аюулгүй байдал, учирч болзошгүй галын аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй, хогийн цэгт удаан хугацаагаар гал гарч нурам болж уугисан нөхцөл байдалтай байхад унтраах арга хэмжээ аваагүй, дээрх аюултай нөхцөл байдалтай байхад уг цэгт хог буулгах үйл ажиллгаандаа иргэдийг татан оролцуулж тээврийн хэрэгсэлээр нь хогийг ачиж буулгуулсан аталаа хяналт тавиагүй, энэ талаар аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгөөгүй зэрэг эс үйлдэхүйн улмаас иргэний эд хөрөнгөд хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 498 дугар зүйлийн 498.1 дэх хэсэгт ... Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ..., 498.2 дахь хэсэгт ... Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана... ,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт .... Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Иймд хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн сумын засаг даргын захирамжийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэх явцдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллаагүй зэрэг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч төлөх нь үндэслэлтэй байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 12.500.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч уг тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөөр худалдан авсан, түүнд дээрх хэмжээний хохирол учирсан болох хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан ... Миний машин дахин ашиглах боломжгүй бүрэн шатаж устсан. Би уг машиныг Төрийн банкнаас зээл авч 10.500.000 төгрөгөөр худалдаж авсан, 2.000.000 төгрөгөөр нь дугуй, бусад сэлбэг худалдаж авахад зарцуулсан, одоо банкны мөнгөө төлж байгаа... гэсэн мэдүүлэг,

Төрийн банкны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 37-08/55 дугаартай ... Төрийн банкны Завхан салбарын харъяа Их-Уул тооцооны төвд Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 18-нд /170800292625 тоот дансанд/ 11.800.000 төгрөгийн малчны зээлийг машин авах зориулалтаар авсан нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,

2019 оны 02 сарын 18-ны өдөр Төрийн банк, Д.Б, Г.Ж нарын хооронд байгуулсан 170800292625 дугаартай ... зээлийн хэмжээ: 11.800.000 төгрөг, Зээлийн зориулалт: Зээлдэгч зээлийг машин авах зориулалтаар ашиглана... гэсэн агуулга бүхий Барьцаат зээлийн гэрээ,

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Тэнгэр даатгал компанитай Д.Бын байгуулсан ... Тээврийн хэрэгсэл өмчлөгч нь: Доржийн Баятбаяр, Тээврийн хэрэгслийн мэдээлэл: 31-00 000улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны автомашин... зэрэг мэдээлэл агуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, даатгуулагчийн мэдүүлгийн маягт,

Төрийн банкны 170800195802 дугаарын данс эзэмшигч Доржийн Бын ... 2019.02.18-ны өдөр малчны зээл олгов гэсэн гүйлгээний утгатай 11.800.000 төгргийн орлого орсон, 2019.02.18-ны өдөр 11.476.100 төгрөгийн зарлага гарсан талаархи мэдээлэл агуулсан 2017-11-12-аас 2019-11-12-нийг хүртэлх хугацааны депозит дансны харилцагчийн хуулганы хуулбар,

31-00 000улсын дугаартай, КIA CERES маркийн, В2400 хөдөлгүүрийн багтаамжтай, 1994 онд үйлдвэрлэгдсэн,2018.08.01-нд импорлогдсон, /өмчлөгч нь Завхан аймгийн Их-Уул суманд хаягтай Доржийн Б/, цэнхэр өнгийн, бага оворын ачааны автомашинд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон 02292677 дугаартай, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн 1205937 дугаартай гэрчилгээний хуулбар,

Гэрч Б.Тын ... хог аччихсан, Сэрэс маркийн машин явж өнгөрсөн. Шинэвтэр машин байсан... гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудад агуулагдаж байгаа мэдээллүүд нь цаг хугацаа болон агуулгын хувьд хоорондоо холбоотой, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын хогын төв цэгт хог шатаж, улмаар хог буулгаж байсан Д.Бын өмчлөлийн 31-00 000улсын дугаартай, КIA CERES маркийн автомашин бүрэн шатаж, бүхэлд нь болон хэсэгчлэн дахин ашиглах боломжгүйгээр устсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигч, талууд энэ үйл баримт, нөхцөл байдлын талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд ... .Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно... гэж заасан бөгөөд хогын төв цэгт хог шатааж гал гарсан, нурам нь уугисан байдалтай, утаа униар ихтэй, салхитай нөхцөл байдалтай байхад жолооч анхаарал болгоомжгүй хандсан нь нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирол 12.500.000 төгрөг нэхэмжилж байгаа ба хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүйн улмаас устаж үгүй болсон автомашин нь 10.500.000 төгрөгний үнэ бүхий байсан нь нотлогдсон, харин 2.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцагчаас гаруулахаар нэхэмжилж байгаа, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж ирүүлээгүй, хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэж хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын тамгын газраас 31-00 000улсын дугаартай, КIA CERES маркийн автомашины үнэ буюу нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол болох 10.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн гэрч Б.Тын: ...Тэр үед хогийн цэг рүү орж хог буулгах гэдэг бол замын хувьд хэцүү байсан. Утаа униар ихтэй, орж буулгах газар давчуу байсан. Би хог буулгах гэж явахдаа МТ колонкоос түлш авах гээд зогсож байтал миний хажуугаар нилээн өндөр өвс, хамхуулны хог аччихсан Сэрэс маркийн машин явж өнгөрсөн. Шинэвтэр машин байсан. Тэгээд хогоо буулгах гээд очтол нөгөө Сэрэс машины жолооч ганцаараа хогоо буулгаад зогсож байсан. Тэгээд би хогоо буулгах газраа сонгох гэж нилээд хугацаа болоод байж байтал нөгөө Сэрэс маркийн машиныг шатаж байна гэхээр нь харахад машин доороосоо шатаад байсан. Жолооч нь шатаж байгааг нь мэдэхгүй хогоо буулгаад байсан. Тэгээд би очоод чирээд гаргая гэж бодоод очсон. Тэгээд татах гээд очтол надад олсноос өөр татлага байгаагүй. Очоод машинаа асаа гэсэн чинь тэр хүн машин асахгүй байна гэсэн. Аккумляторын клем шатсан байсан байх. Тэгээд олсоор татаад, сураар татаад хүчрэгдэхгүй тасраад байсан. Тэгтэл Гэрэлхүү хогон дотроос муу тросс олж ирээд татах гэтэл гал бүр авалзсан. Би 2-3 удаа татах гэж дугтарсан. Тухайн үед Бын хогийг буулгалцах хүн байгаагүй. Ганцаараа буулгаж байсан. Хог ачихдаа 2-3 хүн ачиж байсан. Б машин нь шатаж байхад ганцаараа хогоо буулгаад зогсоод байсан. Б нь Надад хог буулгах ганц хүн өгөөд явуулчихгүй гээд уйлж байсан... гэсэн,

Гэрч Б.Г-н: ...Би Ттай хог буулгах гээд явж байхад Сэрэс гэдэг машин хогийн цэг рүү гараад явж байсан. Тэгээд бид хоёр машинаа хог руу ухраачихаад буугаад иртэл Б хогоо ганцаараа буулгаж байсан. Тэгснээ удалгүй надтай хамт явж байсан хүн Бын машин шатаад байна гэхээр нь очоод татая гээд очоод татах гэтэл татлага байхгүй, сур, олсоор татсан чинь шатаад татаж болохгүй байсан. Тэгээд би хогноос муу тросс олоод Тын машинаас холбож татаад хүчрээгүй. Тэгээд түрэх гэтэл гал орж ирээд түрж болоогүй. Тэгтэл чирч байсан машин шатах шахсан. Чирч байсан машины хойд гэрэл дохио бага зэрэг шатсан байсан. Би татлага холбох гэж 2-3 удаа оролдсон... гэж мэдүүлсэн ба гэрч нарт хууль тайлбарлан өгсний үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авсан, мэдүүлгүүд нь зөрүүгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэн зөв хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагчаас мөнгийг нь гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв гэж үзэж байна... гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Их-Уул сумын Засаг даргын тамгын газраас 182950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Бын нэхэмжлэлтэй хариуцагч З ЗДТГт холбогдох гэм хорын хохирол 12.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 10.500.000 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын тамгын газраас 182950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ОТГОНХИШИГ

ШҮҮГЧИД Б.УРТНАСАН

Б.ӨЛЗИЙХИШИГ