Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01294

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2020/00005 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Гэм хорын хохирол 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019.05.05-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын албан байгууллагуудын нийтийн хог цэвэрлэгээ болж байгаа гээд Ойн улсын байцаагч Дашренчин хог хаяж өг гэхээр нь миний бие тухайн нутаг дэвсгэрийн МТ колонкоос Петровис хүртэлх хогийг ачсан. Тухайн хог ачсан хүмүүсийг хамт явж буулгаарай миний зүүн гарын 2 хуруу бэртэлтэй гэж хэлэхэд хог буулгах газар хүн байгаа гэж хэлээд буулгалцах хүн явуулаагүй. Тэгээд очтол ямар ч хүн байхгүй хогийн цэгийн эргэн тойронд хог шатаж байсан. Тухайн шатаж байсан хогноос хол зогссон ч салхинд халуун нурам нь хийсэж оч үсрэн буулгах гэж байсан хог шатаж эхэлсэн. Уг хог нь хуурай шарилж, хомхуул, цаасан хог байсан учир маш хурдацтай шатаж эхэлсэн, тухайн хогийг буулгах хүрз, жоотуу байхгүй, мөн миний зүүн гарын 2 хуруу бэртэлтэй учир ямар ч арга хэмжээ авч чадаагүйн улмаас миний өмчлөлийн 31-99 ЗАА улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгсэл бүрэн шатаж, би өөрийн эд хөрөнгөөрөө хохироод байна. Тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 02 сард 12,500,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас эд хөрөнгөөрөө хохирч байгаа тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэсний дагуу дээрх ажлыг гүйцэтгэсний улмаас тээврийн хэрэгслээрээ хохирч байна. Иймд надад учирсан гэм хорын хохирол 12,500,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2019.05.04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Засаг даргын захирамжаар нийтийн хог цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу тодорхой хэмжээний хувиаруудыг хийгээд 04-ний өдөр бүх нийтийн талбайг цэвэрлэж, 05-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайгаас бусад албан байгууллагууд хариуцсан талбайгаа цэвэрлэх ёстой байсан. Петровис болон түүний дагуу хогийг манай сумын БОХ-н улсын байцаагч Дашренчин гэдэг хүн хариуцан цэвэрлүүлж байсан. Ингэхдээ тээвэрлэх машинаа цэвэрлүүлж байгаа хүмүүс өөрсдөө олох хуваарьтай байсан. Ингэхдээ нэг ачилтад 5 литр түлш хийж өгөх үүрэг чиглэлтэй ажилласан. Үүний дагуу Батбаярын машиныг ашигласан байсан. Тухайн нөхцөлд жолооч хогоо ачаад явахдаа хог буулгах хүнээ явуулаарай гэж хариуцаж байгаа хүнд хэлж болох байсан. Мөн жолооч хогийн цэгт хогоо буулгахдаа газрын урууг сонгож буулгасан байдаг. Буулгах хүн байхгүй байсан бол Дашренчинд мэдэгдээд хогоо буулгуулах талаар хэлж ярих боломж бололцоо байсан. Хогийг хогийн цэгийн дотор нь буулгадаг, хогийг цэвэрлэхээс өмнө нь хавар шатаж байсан, хогийн цэгийн хог шатаж дуусаад уугих байдалтай байсан, ийм байдалтай байгааг би мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын тамгын газарт холбогдох гэм хорын хохирол 12,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 10,500,000 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын тамгын газраас 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2020/00005 дугаар магадлалаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 182,950 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Г.Баттулга (ШТ үнэмлэх № 2747) би *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг /2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч/ эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна, 116.3 дахь хэсэг Шийдвэр нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна гэсэн заалтуудыг зөрчин шийдвэрлэсэн байна.

1. 2019.05.05-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын захирамжаар бүх нийтийн хог цэвэрлэгээг зарласан байдаг бөгөөд энэ ажлын хүрээнд Ойн улсын байцаагч Дашренчин нь нэхэмжлэгч *******ыг хог ачаад хогийн толгой хүргээд өг гэж хэлсэн байдаг. Үүний дагуу ******* нь хог ачиж тус сумын хогийн толгойд аваачиж буулгах үед түүний машин шатсан байна. ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу ЖОЛООЧ байна. Мөн тухайн хог буулгах хогийн цэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18 дахь хэсэгт заасан Замын зэргэлдээх нутаг дэвсгэр Замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг байна. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж заасан байна. Үүнээс үзэхэд ******* нь замын хөдөлгөөнд оролцож байгаагийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн нэн тэргүүн ээлжид дагаж мөрдөх ёстой байсан байна. Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасан байдаг бөгөөд ******* нь энэхүү заалтыг зөрчин өөрт нь болон тээврийн хэрэгсэлд нь аюултай нөхцөл байдал үүсэж болох нөхцөл байдал бий болсныг мэдсээр байж тухайн орчин машин зогсож байгаа газраа шалгахгүй зогссоноос дээрх зам тээврийн осол болсон байна. ******* нь машинаа зогсоохдоо тухайн газрыг нягталж шалгаагүй өөрийнх нь илтэд болгоомжгүй хандаж машин нь доороосоо шатсан болох нь тухайн нөхцөл байдлыг харсан гэрч Б.Төгсбаярын ...Серес маркийн машин доороосоо шатаж байсан..., Жолооч нь шатаж байгааг мэдэхгүй хогоо буулгаж байсан Гэрч Б.Гэрэлхүүгийн ******* хогоо ганцаараа буулгаж байсан...машин нь доороосоо шатаж байсан... гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгчийн илтэд, хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх осол болсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж хохирлын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн илтэд, хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх осол болж, хохирол учирсан байна гэж дүгнэж байгаа нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж буюу Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг баримталсан нь буруу байна. Учир нь Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага гэснээр тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан...үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болохоор заасан байна. Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн илтэд, хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх осол болж, хохирол учирсан байна гэж дүгнэсэн, Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд ******* нь хог буулгахдаа гал гарч байгаа хэсэгт очиж зогссон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй Замын хөдөлгөөний дүрэмд заасан, өөрт нь ашиггүй аюултай нөхцөл байдал бий болсныг мэдсэн атлаа үүнийг зайлуулах эсхүл тухайн үүргийг биелүүлэхгүй байх зэрэг өөрийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүйгээс дээрх осол болсон байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх бүрэн үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ буюу хохирлын хэмжээг тооцохдоо нотлох баримт байхгүй байхад хийсвэрээр дүгнэлт хийсэн нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлээгүй байхад шүүх 1994 онд үйлдвэрлэсэн 2018.08.01-ний өдөр Монгол улсад орж ирсэн КIА СЕRES маркийн авто машин нь 10,500,000 төгрөгийн үнэтэй байна гэж ганцхан нэхэмжлэгчийн үнэлгээгээр тогтоож байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь Төрийн банкнаас 11,800,000 төгрөгийн зээлийг автомашин авах зориулалтаар авсан гэх боловч энэ мөнгийг бүхэлд нь машин авахад зориулсан эсэх нь эргэлзээтэй нэхэмжлэгчийн тайлбараар зээлсэн үнийн дүнгээс бууруулж машин авах боломжтой харагдаж байна. Нэхэмжлэгч нь 1994 онд үйлдвэрлэсэн 2018.08.01-ний өдөр Монгол улсад орж ирсэн КIА СЕRES маркийн авто машин нь 10,500,000 төгрөгийн үнэтэй гэдгээ хангалттай нотлоогүй байхад шүүх дүгнэлт хийж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь шаардлагаа хангалттай нотлоогүй байхад шүүх Ийм үнэтэй байх боломжтой гэж үзлээ /шүүх шийдвэрээ тайлбарлахдаа хэлсэн үг/ гэж шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар нотлогдоогүй зүйлд шүүх үнэлэлт өгсөн байна. Шүүх нь Эд зүйлийн үнэлгээ тогтоох эрх бүхий байгууллага биш юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байсан учир хариуцагч тал энэ талаар сөрөг нотлох баримт бүрдүүлэх боломжгүй юм. Мөн Төрийн банкны зээлийн хуулгыг шүүх хуралд нэхэмжлэгч тал гаргаж өгч байгааг шүүх хүлээн авч шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь буруу бөгөөд талуудын эрх тэгш мэтгэлцэх нотлох баримт бүрдүүлэх эрхийг хаасан үйлдэл болсон байна.

3. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч ******* нь Би энэ талаарх гомдол цагдаагийн байгууллагад өгсөн, Цагдаагийн байгууллагаас надад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэж мэдүүлдэг бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх асуудлыг анхаарахгүй байна. Учир нь тухайн хэрэг маргаан дээр Цагдаагийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд шүүх хэргийг түдгэлзүүлэх эрх зүйн үндэслэлтэй байсан болохыг дурдаж байна.

4. Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь тухайн машины үнэлгээг анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн тайлбар, төрийн банкны тодорхойлолт, зээлийн гэрээнд тулгуурлан үнэлгээг тогтоож байгаа нь зөв гэж үзсэн байна. Гэвч дээрх баримтууд нь 10,500,000 төгрөгөөр 1994 онд үйлдвэрлэсэн 2018.08.01-ний өдөр Монгол улсад орж ирсэн КIА СЕRES маркийн автомашиныг авсан гэсэн хөтөлбөргүй нотлох баримт биш байна. Мөн хариуцагч талыг эд хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, хохирлын үнэлгээг тогтоосон баримт шүүхэд гаргаагүй байна гэсэн байна. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлээгүй буюу 10,500,000 төгрөгөөр машин худалдаж авсан гэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байдаг. Ийм учир нэгэнт нотлох баримт гаргаж өгөөгүй шаардлагатай холбогдуулан хариуцагч тал эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргах шаардлагагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гэм хорын хохирол 12,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, ...сумын засаг даргын захирамжаар нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулах явцад өөрийн автомашинд хог ачсан, ямар нэгэн багаж хэрэгсэлгүй, хог буулгах хүн явуулаагүй, өөрөө хог буулгах үед автомашин шатаж хохирол учирсан гэснийг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгчийн автомашин шатсанд хариуцагчийн буруу байхгүй, жолоочийн өөрийн болгоомжгүй байдал нөлөөлсөн... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 10,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

1. Хариуцагч буюу Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэгч *******т учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Сумын Засаг дарга 2019.04.25-ны өдөр Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай А/57 дугаар захирамж гаргаж, уг ажлыг 2019.05.04-05-ны өдрүүдэд зохион байгуулах, нийт 13 хэсэг газарт хог цэвэрлэх, хогийг байгууллагын албан хаагч, тухайн газарт оршин суугч иргэдээр цэвэрлүүлэх, хогийг хогийн төв цэг рүү тээвэрлэх ажлыг багийн Засаг дарга болон уг талбайг хариуцан цэвэрлүүлж байгаа албан хаагчдад үүрэг болгож, гарах зардлыг Засаг даргын тамгын газраас гаргах, ажлыг чанартай хийлгэх, хяналт тавьж тайлан баримтжуулж танилцуулахыг Тамгын газрын дарга И.Батжаргал, Байгаль орчны улсын байцаагч Б.Дашренчин, байгаль хамгаалагч нарт даалгажээ.

 

Засаг даргын энэхүү захирамж харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх, ...нутаг дэвсгэртээ хог хаягдал зайлуулах, цэвэрлэх арга хэмжээ авах, ...эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах тухай Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.7-д заасны дагуу гарсан байна.

 

Бүх нийтийн хог цэвэрлэх ажлыг 2019.05.04-05-ны хооронд зохион байгуулсан бөгөөд уг ажилд нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн 31-99 ЗАА дугаартай СЕРЕС маркийн автомашинаар хог ачиж хогийн цэгт буулгахдаа тухайн ажлыг зохион байгуулж байсан Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дашренчины үүрэг болгосны дагуу гүйцэтгэх явцад түүний автомашин шатаж эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ.

 

Их-Уул сумын Засаг дарга, түүнээс уг ажлыг эрхлэн удирдахаар томилогдсон этгээд нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг зохион байгуулахдаа Хог хаягдлын тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй бөгөөд тухайн өдрийн арга хэмжээнд галын аюулгүй байдал, учирч болох аюулаас бусдын эд хөрөнгө, байгаль орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хогийн цэгт удаан хугацаагаар гал гарч нурам болсон нөхцөл байдалтай байхад унтраах арга хэмжээ аваагүй, иргэдийг уг ажилд татан оролцуулахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хяналт тавиагүй буруутай ажиллагаанаас шалтгаалж нэхэмжлэгч нь нурам бүхий газарт өөрийн автомашинд ачсан хогийг ганцаар буулгаж байхад автомашин нь шатсан болох нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар нотлогдсон байна.

 

Иймд хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын хог цэвэрлэх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан этгээдийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй, уг эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон тул тухайн тамгын газар нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

2. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д, гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заажээ.

 

Автомашин дахин ашиглах боломжгүй бүрэн шатсан ба нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 12,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч шүүх 2019.02.18-ны өдөр банкнаас зээлсэн мөнгөөр уг автомашиныг бусдаас худалдан авсан тухай хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хохиролд 10,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, харин засварт зарцуулсан 2,000,000 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгохдоо хогийн цэгт хог буулгахаар очихдоо орчны байдлыг нягтлаагүй нэхэмжлэгчийн өөрийнх нь болгоомжгүй үйлдэл хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан.

 

Хэргийн баримтаар хариуцагчийг гэм хорын хариуцлагаас бүхэлд нь чөлөөлөх үндэслэл буюу гэм хор учрахад нэхэмжлэгчийн санаатай үйлдэл нөлөөлсөн, хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ огт аваагүйгээс өөрт нь хохирол учирсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2020/00005 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттулга хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.18-ны өдөр төлсөн 185,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР