Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 205/МА2020/00005

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.*******а

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишигийн даргалж шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын өмгөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын албан байгууллагуудын нийтийн хог цэвэрлэгээ болж байгаа гээд Ойн улсын байцаагч ******* хог хаяж өг гэхээр нь миний бие тухайн нутаг дэвсгэрийн МТ колонкоос ******* хүртэлх хогийг ачсан. Тухайн хог ачсан хүмүүсийг хамт явж буулгаарай миний зүүн гарын 2 хуруу бэртэлтэй гэж хэлэхэд хог буулгах газар хүн байгаа гэж хэлээд буулгалцах хүн явуулаагүй. Тэгээд очтол ямар ч хүн байхгүй хогийн цэгийн эргэн тойронд хог шатаж байсан. Тухайн шатаж байсан хогноос хол зогссон ч салхинд халуун нурам нь хийсэж оч үсрэн буулгах гэж байсан хог шатаж эхэлсэн. Уг хог нь хуурай шарилж, хомхуул, цаасан хог байсан учир маш хурдацтай шатаж эхэлсэн, тухайн хогийг буулгах хүрз, жоотуу байхгүй, мөн миний зүүн гарын 2 хуруу бэртэлтэй учир ямар ч арга хэмжээ авч чадаагүйн улмаас миний өмчлөлийн ******* ЗАА улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгсэл бүрэн шатаж, би өөрийн эд хөрөнгөөрөө хохироод байна. Тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 02 сард 12,500,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас эд хөрөнгөөрөө хохирч байгаа тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль тогтоомжинд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэсний дагуу дээрх ажлыг гүйцэтгэсний улмаас тээврийн хэрэгслээрээ хохирч байна.

Иймд надад учирсан гэм хорын хохирол 12.500.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.******* миний бие 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр сумын эмнэлэг орж гартаа боолт хийлгэх, эмчид үзүүлэх ажлаар Их-Уул сумын төв орж ирсэн. Намайг машинтайгаа сумын төвд зогсож байтал ойн байцаагч ******* ирж ... Нийтийн хог цэвэрлэгээ хийж байна. Машин дээрээ хог ачаад хогийн цэгт хүргээдэх... гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Харин би ...миний гар өвчтэй байгаа хог ачиж буулгаж чадахгүй, хог ачиж буулгах хүмүүс байгаа биз дээ... гэхэд хог буулгах хүмүүс тусдаа байгаа гэж хэлсэн учраас би тухайн хогийг машин дээрээ ачуулсан. ай , *******, *******ай шатахуун түгээх станцын ажилтан болох *******, ******* нарын 4 хүн хогоо ачиж өгчихөөд тараад явсан. Энэ үед ******* өөрөө байгаагүй. Би тухайн үед ...хогийг хэн буулгах вэ?... гэж хог ачсан хүмүүсээс асуусан, ... хогийн цэг дээр хүн байгаа байх... гэж хэлсэн түүгээр ч зогсохгүй миний зүүн гарын хоёр хуруу гэмтэлтэй хог буулгаж чадахгүй шүү гэдгээ тухайн хүмүүст хэлсэн. Гэвч хогийн цэгт хог буулгах хүн бэлэн байгаагүй. Хогийн цэгт очиход хүн, амьтан, машин, тэрэг ч байхгүй байсан. Шатаж байсан хогноос нэлээд зайтай зогссон малтуур байхгүй, зах банзны өөдөсөөр машин дээр байсан хогийг буулгаж байсан. Гэтэл гэнэт халуун нурам салхинд хийсч ирээд яах ийхийн зуургүй маш хурдтай шатсан. Тэгээд хог буулгаж байсан хоёр машины хүмүүсийг би өөрөө орилж дуудахад тухайн үед дуулаагүй, машин нилээд хурдан шатаж байсан. Тэр хүмүүс ирээд машиныг татах гэж үзээд татлага тасраад, хог дээрээс троссны өөдөс авч ирээд татах гэтэл 4 дугуй нь буудчихсан учраас машин хөдөлдөггүй юм билээ, тэгээд яаж ч чадаагүй. Троссоо тайлж чадахаа байгаад урд талын чирсэн машинд гал дамжаад татаж байтал тросс нь тасарч татсан машины галыг унтраасан. Сумын хэмжээнд нийтийн хог цэвэрлэгээ болж байгаа, хог ачаадах гэж байгаль орчны улсын байцаагч *******г хэлсэн болохоор би зөвшөөрсөн. Гэтэл хогоо аччихаад буулгах хүмүүс өгөөгүй, шатаж байсан хогийн цэгт би хогийг ганцаараа буулгах гэж байгаад эд хөрөнгөөрөө хохирсондоо гомдолтой байгаа.

Би уг машиныг банкнаас зээл авч 10,500,000 төгрөгөөр худалдаж авсан, 2,000,000 төгрөгөөр нь дугуй, бусад сэлбэг худалдаж авахад зарцуулсан, одоо банкны мөнгөө төлж байгаа, энэ машинаар амьдралаа залгуулдаг, хоёр оюутантай төлбөрийг нь төлдөг учраас манай гэр бүлийн амьдрал маш хүнд байдалд байна. Иймд машины үнэ 12,500,000 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгнө үү ... гэв.Хариуцагч Их уул сумын засаг даргын тамгын газрын дарга И. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Цэцүүх багийн иргэн Барга овогт Дорж ******* нь сумын төвийн бүх нийтийн хог цэвэрлэгээний ажилд явж байгаад шатсан машины үнэ болох 12,500,000 төгрөгийг ЗДТГ-аас нэхэмжилсэн байна. Сумын Засаг даргын захирамжаар жил бүр хавар намрын улиралд 2 өдөр бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулдаг уламжлалын дагуу 2019 оны 5 дугаар сарын 4,5-нд бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулсан юм. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гудамж талбай, нийтийн эзэмшлийн газруудын хогийг иргэдийн хүчээр, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайгаас бусад албан байгууллагуудын хуваарьт газруудын цэвэрлэгээг зохион байгуулсан юм. Ингэхдээ хог тээвэрлэх машинуудыг баг бүрээс 3 машин жолоочтой нь тохиролцон олохыг багийн засаг дарга нарт, байгууллагуудын хуваарьт газрын хог тээвэрлэх машиныг жолоочтой нь тохиролцон олохыг уг талбайг хариуцан цэвэрлүүлж байгаа албан хаагчдад үүрэг болгож, зардлыг ЗДТГ-аас гаргахыг холбогдох хүмүүст даалгасан. Хогийн цэгт тээвэрлэн ирсэн хог хаягдлыг буулгах ажилд байгууллага бүрээс 2 галч, ЕБС-аас 3 галч, бүгд 10 хүнийг томилсон. Жолооч Д.******* нь

1.    Хог буулгах ажлыг зохион байгуулж байгаа хүмүүсийг байхгүй байхад тухайн байгууллагын хүмүүст мэдэгдэж хүлээгээгүй.

2.    Хог буулгах газрыг жолооч өөрөө сонгосон.

3.    Шатаж байгаа галын орчимд зогссон.

4.    Газар орчны байдлыг биечлэн шалгаагүй халуун нурман дээр буулгасан.

5.    Хогийн цэгт өөр байгууллага ААН-ийн машинууд хог буулгаж байсан ба уг машиныг доороосоо шатаж байгааг харсан хүмүүс хашгирч хэлсэн боловч жолооч Д.******* нь сонсохгүй байсан тул хүмүүс туслахаар очсон боловч гал машинд авалцаж унтраах боломжгүй болсон. Эдгээрээс харахад жолоочийн анхаарал болгоомжгүй үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна... гэжээ.

Хариуцагч И. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Засаг даргын захирамжаар нийтийн хог цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу тодорхой хэмжээний хувааруудыг хийгээд 04-ний өдөр бүх нийтийн талбайг цэвэрлэж, 05-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайгаас бусад албан байгууллагууд хариуцсан талбайгаа цэвэрлэх ёстой байсан. ******* болон түүний дагуу хогийг манай сумын БОХ-н улсын байцаагч ******* гэдэг хүн хариуцан цэвэрлүүлж байсан. Ингэхдээ тээвэрлэх машинаа цэвэрлүүлж байгаа хүмүүс өөрсдөө олох хуваарьтай байсан. Ингэхдээ нэг ачилтад 5 литр түлш хийж өгөх үүрэг чиглэлтэй ажилласан. Үүний дагуу *******ын машиныг ашигласан байсан. Тухайн нөхцөлд жолооч хогоо ачаад явахдаа хог буулгах хүнээ явуулаарай гэж хариуцаж байгаа хүнд хэлж болох байсан. Мөн жолооч хогийг цэгт хогоо буулгахдаа газрын урууг сонгож буулгасан байдаг. Буулгах хүн байхгүй байсан бол *******д мэдэгдээд хогоо буулгуулах талаар хэлж ярих боломж бололцоо байсан. Хогийг хогийн цэгийн дотор нь буулгадаг, хогийг цэвэрлэхээс өмнө нь хавар шатаж байсан, хогийн цэгийн хог шатаж дуусаад уугих байдалтай байсан, ийм байдалтай байгааг би мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагчаас мөнгийг нь гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зөв гэж үзэж байна... гэжээ. 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газарт холбогдох гэм хорын хохирол 12.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 10.500.000 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газраас 182.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Г.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие /ШТ үнэмлэх №2447/ Д.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна, 116.3 дахь хэсэг Шийдвэр нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна гэсэн заалтуудыг зөрчин шийдвэрлэсэн байна.

1. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын захирамжаар бүх нийтийн хог цэвэрлэгээг зарласан байдаг бөгөөд энэ ажлын хүрээнд Ойн улсын байцаагч ******* нь нэхэмжлэгч Д.*******ыг хог ачаад хогийн толгой хүргээд өг гэж хэлсэн байдаг. Үүний дагуу Д.******* нь хог ачиж тус сумын хогийн толгойд аваачиж буулгах үед түүниииййй машин шатсан байна.

Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу Жолооч байна.

Мөн тухайн хог буулгах хогийн цэг нь Замын Хөдөлгөөний дүрмийн 1.2.18 дахь хэсэгт заасан Замын зэргэлдээх нутаг дэвсгэр Замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг хэлсэн байна. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж заасан байна. Үүнээс үзэхэд Д.******* нь замын хөдөлгөөнд оролцож байгаагийн хувьд замын хөдөлгөөний дүрмийн нэн тэргүүн ээлжинд дагаж мөрдөх ёстой байсан байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх , чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасан байдаг бөгөөд Д.******* нь энэхүү заалтыг зөрчин өөрт нь болон тээврийн хэрэгсэлд нь аюултай байдал үүсч болох нөхцөл байдал бий болсоныг мэдсээр байж тухайн орчин машин зогсож байгаа газраа шалгахгүй зогссоноос дээрх зам тээврийн осол болсон байна.

Д.******* нь машинаа зогсоохдоо тухайн газрыг нягталж шалгаагүй өөрийнх нь илтэд болгоомжгүй хандсанаас машин нь дороосоо шатсан болох нь тухайн нөхцөл байдлыг харсан гэрч Б.ын ...Сэрэс маркийн машин доороосоо шатаж байсан... Жолооч нь шатаж байгааг мэдэхгүй хогоо буулгаж байсан..., Гэрч Б.үүгийн Д.******* хогоо ганцаараа буулгаж байсан... машин нь доороосоо шатаж байсан ... гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн илтэд, хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх осол болсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж хохирлын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар багасгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн илтэд хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх осол болж, хохирол учирсан байна гэж дүгнэж байгаа нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж буюу Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг баримталсан нь буруу байна.

Учир нь анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсаны хариуцлага гэснээр тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт ...Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан...үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх бүрэн үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ буюу хохирлын хэмжээг тооцохдоо нотлох баримт байхгүй байхад хийсвэрээр дүгнэлт хийсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлээгүй байхад шүүх 1994 онд үйлдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголд орж ирсэн KIA CERES маркийн автомашин нь 10.500.000 төгрөгний үнэтэй байна гэж ганцхан нэхэмжлэгчийн үнэлгээгээр тогтоож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана... гэж заасныг ноцтой зөрчсөн байна....мөн Төрийн банкны зээлийн хуулгыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал гаргаж өгсөнийг шүүх хүлээн авч шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь буруу бөгөөд талуудын эрх тэгш мэтгэлцэх нотлох баримт бүрдүүлэх эрхийг хаасан үйлдэл болсон ... байна.

3. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Д.******* нь ...Би энэ талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад өгсөн ч надад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа... гэж мэдүүлдэг бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх асуудлыг анхаарахгүй байна.

Учир нь тухайн хэрэг маргаан дээр Цагдаагийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуул байгаа тохиолдолд шүүх хэргийг түдгэлзүүлэх эрх зүйн үндэслэлтэй байсан болохыг дурдаж байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг эсэргүүцэн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.*******а шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргасан байна гэж үзэж 3 үндэслэлээр тайлбарлан бичжээ.

1. Зам тээврийн осол хэд хэдэн шинжийг өөртөө агуулдаг бөгөөд Д.******* нь автомашинаараа хог тээвэрлэн хогийн цэгийг хашсан зогоонд орж зогсож, ачсан хогийг буулгасан. Хогийн цэгт хог шатаасан нурам нь уугисан байдалтай байсан, улмаар буулгаж байсан хогт гал дүрэлзэж шатсанаас түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл шатсан үйл баримт байдаг. Иймд дээрх үйлдэл нь зам тээврийн ослын шинжийг агуулаагүй байна.

Харин иргэн Д.******* Их-Уул сумын БОХ-ын улсын байцаагч *******гийн үүрэг болгосны дагуу, тус сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/57 дугаартай Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн хог ачиж, буулгасан нь иргэнийхээ хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байтал ажил зохион байгуулсан, иргэн, түүний хөрөнгийг дайчлан ажиллуулсан Их-Уул сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар нь хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах ажлыг зохион байгуулахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй, уг ажлыг хариуцан зохион байгуулах, оролцох, албан тушаалтан иргэн, аж ахуй нэгжииг аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангаагүй, болзошгүй аюулаас иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлээгүй, хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй зэрэг хариуцлагагүй ажилласны улмаас иргэний эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог.

2. Шүүх дүгнэлт гаргахдаа иргэн Д.*******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл шатсан үйл баримтыг осол гэж дүгнээгүй бөгөөд хогийн төв цэгт хог шатааж гал гарсан, нурам нь уугисан байдалтай, утаа униар ихтэй, салхитай нөхцөл байдалтай байхад жолооч анхаарал болгоомжгүй хандсан нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол ... байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Энэ нь байгууллага хууль тогтоомжид заасан журам, стандартыг хэрэгжүүлсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн атал хохирогчийн өөрийн санаатай үйлдлийн улмаас, эсхүл хохирогчийн илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учирсан байхыг шаарддаг.

Харин хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, журам стандартыг хэрэгжүүлээгүй, хүний эрүүл мэнд эд хөрөнгийг аюулаас хамгаалах үүргээ биелүүлээгүй байтал, хог шатсан байдалтай, утаа униар ихтэй, салхитай нөхцөл байдалд хогийг хогийн цэгт асгахгүй байж болох байсан гэдэг үндэслэлээр иргэнийг буруутгаж, байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх нь шударга ёсонд үл нийцнэ.

  1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хэмжээг тооцохдоо:

Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан мэдүүлэг, Төрийн банкны тодорхойлолт, Төрийн банкны барьцаат зээлийн гэрээ, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, Д.*******ын төрийн банк дахь харилцагчийн дансны хуулга, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбар, Гэрч Б.ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн болох нь шүүхийн шийдвэрт / 8 дугаар тал / тодорхой байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн материалтай танилцсанаас хойш Төрийн банкинд Д.*******ын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан авах хүсэлт тавьж баримтыг хүлээн авсанг шүүх хурлаас өмнө шүүхэд хүргүүлэх боломж байгаагүй бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан нотлох баримтыг хүлээн авсан. Шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад дүгнэлт хийж шийдвэр гаргасан байдаг ба хэрэгт цугларсан баримтуудын мэдээллүүд цаг хугацаа, агуулгын хувьд бүгд хооорондоо холбоотой байсан. Иймд зөвхөн төрийн банкны зээлийн гэрээ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэж ойлгох боломжгүй юм.

Мөн хариуцагч байгууллагын өмгөөлөгч Г.*******а нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ хариуцагч талаас шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. Мөн шүүх хуралдааныг даруй хугацаанд зарлаж өгнө үү гэсэн байгаагаас харахад шүүх хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хаасан гэж ойлгогдохгүй байна.

а. Д.******* цагдаагийн байгууллагад энэ асуудлаар гомдол гаргаагүй бөгөөд, хогийн цэгт дуудлагаар очсон Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч хойшлуулшгүй ажиллагаа хийж хэргийг харьяаллын дагуу Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэст шилжүүлсэн гэдэг боловч хэргийг шилжүүлсэн талаар Д.*******т мэдэгдээгүй байдаг. Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн галын байцаагч хэргийг хаасан гэх боловч мөн л иргэн Д.*******т ямар шалтгаанаар хаасан болохыг мэдэгдээгүй байдаг.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаартай шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдэн гарсан.

Иймээс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч дээрх үйл баримт нь зам тээврийн осол гэж үзсэн байгаа. Зам тээврийн осол нь өөртөө хэд хэдэн шинжийг агуулдаг Д.******* нь авто машинаараа хог тээвэрлэж хогийн цэгийн хашаанд зогссон байдаг. Ачсан хогийг буулгаж байхад тэр хавийн хог шатсан байдалтай утаа униартай байсан. Хогийн цэг дээр салхи эргэж үнс нурам хийсэж ирснээр буулгаж байсан хог хаягдал нь шатаж тэрний улмаас шатсан байгаа.

Эдгээр нөхцөл байдлыг харахад дээрх үйл баримт нь зам тээврийн ослын шинжийг өөртөө агуулаагүй зам тээврийн осол биш гэж үзэж байна.

Д.******* нь Завхан аймгийн Их-Уул сумын байгаль орчны байцаагч *******гийн үүрэг болгосны дагуу тус сумын засаг даргын захирамжийг хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь иргэнийхээ хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харин ажил зохион байгуулсан иргэн түүнийг хөрөнгийг дайчлан ажиллуулсан Их-Уул сумын засаг дарга болон засаг даргын тамгын газар нь хог хаягдлыг цэвэрлэн цуглуулах, тээвэрлэх ажлыг зохион байгуулахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй. Уг ажлыг хариуцан зохион байгуулах оролцох албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгжийг аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангаагүй, болзошгүй аюулаас иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлээгүй хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй зэрэг хариуцлагагүй ажилласны улмаас иргэний эд хөрөнгөнд хохирол учирсан байдаг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байна.

Шүүх нэхэмжлэгчийг хэтэрхий болгоомжгүй үйлдлийнхээ улмаас дээрх ослыг гаргах болсон гэж дүгнэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байдаг. Үүнийг би зөв гэж үзэж байна. Хариуцагч тал Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг баримталж байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх боломжтой байсан гэдэг тайлбарыг гаргадаг. Шүүх осол гэж огт дүгнээгүй иргэний болгоомжгүй үйлдэл байсан байх боломжтой ийм учраас болгоомжгүй байсан байна гэж дүгнэж үзээд хохирлын хэмжээг бууруулж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь хохирогч санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан эсвэл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлыг урьдчилан тооцоолох оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан нөхцөл байдлыг зохицуулж байгаа. Ийм тохиолдолд байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалт байгаа. Энэ нь байгууллага өөрөө хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн журмыг хэрэгжүүлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр байтал хохирогч өөрийн илт болгоомжгүй үйлдлээр өөртөө хохирол учруулсан байхыг шаарддаг. Харин хариуцагч үүргээ биелүүлээгүй, журмыг хэрэгжүүлээгүй хүний хөрөнгийг дайчлан авч ажиллуулж байгаа хэрнээ тухайн хөрөнгийг аюултай нөхцөл байдлаас үүсч болох эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар үүрэг хүлээж ажиллаагүй. Шүүх нотлох баримтыг бүрдүүлэх эрхийг хангасангүй, мөн машиныг 10.500.000 төгрөгийн үнэтэйг нотлоогүй байхад ийм үнэтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Нэхэмжлэлийн хэмжээг шүүх тогтоохдоо шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тайлбарласан байдаг. Төрийн банкны тодорхойлолт, Төрийн банкны барьцаа зээлийн гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, Д.*******ын Төрийн банкны харилцагчийн дансны хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбар, мөн гэрч ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн гэдгийг шүүх шүүхийн шийдвэртээ тусгасан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч өөрөө шүүхэд 11 дүгээр сарын 05-нд хүсэлт гаргасан байдаг. Үүнд нь шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй тул хэргийг шүүх хуралдаанаар даруй хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байдаг. Эндээс харахад хариуцагчийн нотлох баримт цуглуулах, гаргах эрхийг хязгаарласан зүйл байхгүй байгаа. Цагдаагийн газарт Д.******* нь гомдол гаргаагүй боловч хажууд нь байсан гэрчийн дуудлагаар цагдаа ирж хэргийн газрын үзлэг ажиллагаа хийж хэргийг харьяаллын дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтэст шилжүүлсэн байдаг. Ингэхдээ шилжүүлсэн талаараа Д.*******т мэдэгдээгүй таны буруугаас болсон байна гэж урьдчилсан байдлаар мэдэгдсэн байдаг. Мөн Онцгой байдлын хэлтсийн галын байцаагч хэргийг шалгаад хаасан байдаг. Хаасан шалтгаан нь гэмт хэргийн шинжгүй өөрийнх нь буруугаас болсон байна гэж дүгнэдэг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохирол 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн Их-уул сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/57 дугаартай Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай захирамж гарсаны дагуу 2019 оны 5 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд тус сумын гудамж талбай, нийтийн эзэмшилийн болон Идэр гол сав, төв зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулж, тус сумын БОХ-ын хяналтын улсын байцаагч Н.******* нь иргэн Д.*******т бүх нийтээр хог цэвэрлэх ажил засаг даргын захирамжийн дагуу явагдаж байгааг танилцуулж, түүний өмчлөлийн ******* ЗАА улсын дугаартай Серас маркийн тээврийн хэрэгсэлээр хог ачихыг даалгаж, Д.******* нь ачсан хогийг хогийн цэгт хүргэж, буулгах явцад өмнөх шатаасан нурам нь уугисан байдалтай байсан, улмаар түүний буулгаж байсан хог шатаж түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл шатаж, түүнд эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

Маргааны үйл баримын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сумын засаг даргатай гэрээ байгуулж, бүртгүүлэн, дугаар авсан иргэн, аж ахуйн нэгж гүйцэтгэхээр байх ба гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор заажээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээд мөн болох нь тогтоогдоогүй байна.

Тухайн үед сумын засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байсан байгаль орчины байцаагч Н.******* нь жолооч Д.*******ыг хог хаягдлыг тээвэрлэх үүрэг өгч, түүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, журам стандартыг танилцуулалгүй, хог ачиж, буулгах багаж, хэрэгсэл, хүн хүчээр хангалгүй, хогийг буулгуулсан нь Хог хаягдлын тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн байна

Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримтаас харахад талууд хог ачиж буулгахдаа хөлс өгч авалцахаар харилцан тохиролцоогүй учир хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол болсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Харин байгаль орчины улсын байцаагч Н.******* нь хууль бус үүрэг өгч, уг үүргийг иргэний хувьд биелүүлсэний улмаас учирсан хохирлын талаар талууд маргасан байх тул гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан гэж үзэхээр байна.

Ажиллагсад албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй улмаас бусдад учирсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зохицуулсан байна.

Түүнчлэн Хог хаягдлын тухай хуульд... хог хаягдлыг дарж булшлах талбай нь газрын гадаргаас доош түвшинд байрласан байна., хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлтэй байна... хог хаягдлыг шатаахыг хориглоно., ... зөвшөөрөлгүй иргэн болон мал амьтныг хог хаягдлыг хүлээж авах, булшлах талбайд оруулахыг хориглоно., хог хаягдлыг шалгаж, хэмжиж, бүртгэж авах, хог хаягдлыг тархахаас сэргийлж, бөөгнөрүүлж дарж нягтруулах, машин техникийн хэвийн үйл ажиллагааг хангана гэсэн хуулийн дээрх заалтууд хэрэгжээгүй, байгаа нь хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтаас харагдаж байна.

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг тухай нутаг дэвсгэрт сумын засаг дарга, түүний тамгын газар нь хангах үүрэгтэй байх ба дээрх албан тушаалтнууд хуульд заасан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй гаргасан байдал тогтоогдож байна.

Завхан аймгийн Их-уул сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/57 дугаартай Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай захирамжийн хэрэгжилтийг түүний тамгын газар хангаж, хог цэвэрлэх үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй ба энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.*******т 10.500.000 төгрөгний хохирол учирсан байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Их-Уул сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн зөв тодорхойлж, маргааны үйл баримтанд тулгуурлан хууль зүйн бодитой дүгнэлт хийж, Иргэний хуулийн 498, 510 дугаар зүйл болон бусад хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага хохирлын үнэлгээг зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн үнэлгээнд тулгуурлан шийдвэрлэсэн гэж маргасан боловч анхан шатны шүүх хохиролын үнэлгээг хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, төрийн банкны тодорхойлолт, барьцаат зээлийн гэрээ, депозит дансны харилцагчийн хуулганы хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, даатгуулагчийн мэдүүлгийн маягт зэрэг баримтуудад үндэслэн тогтоожээ.

Түүнчлэн хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, хохиролын үнэлгээг тогтоосон баримтыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, тул нэхэмжлэгчийн үнэлгээг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан хохиролын хэмжээг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн заалт нь гэм хор учруулснаас үүсэх үүргийн бүх заалтанд хамааралтай заалт бөгөөд анхан шатны шүүх дээрх заалтанд үндэслэн хохиролын хэмжээг багасгасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 286 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 182.950 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР