Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2021/00667

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар .................. .......гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын Нарт баг, Өнжин гэх газар оршин суух, регистрийн дугаар ................. .......т холбогдох,

 

Хадгалуулж үлдээсэн 15.741.000 төгрөгийн үнэ бүхий 24 төрлийн эд хөрөнгөө буцаан гаргуулах, бэлэглэсэн 3.395.000 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн эд хөрөнгөө буцаан гаргуулах, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С........, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С........, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С........ 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгч С........ миний бие 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ц........тай Арилжааны гэрээ байгуулж, 120.000.000 төгрөгөөр нилээд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, газар, хашаа, шувууны байр, тахианы байр зэргийг Ц........ын Улаанбаатар хотод байрлах 2 өрөө 30 м.кв талбай бүхий орон сууцыг 80.000.000 төгрөгт, мөн 40.000.000 төгрөгт автомашин тооцон авсан. Арилжааны гэрээгээр өгсөн зүйлүүд гэрээнд тодорхой байгаа. Харин тухайн үед өөрийн хэрэгцээний зүйлээ бүгдийг нь нэг дор ачаад явах боломжгүй байсан, мөн идшинд хэрэглэх үхэр, надад бусдаас бэлэглэсэн гунж тугал зэрэг мал, 20 тоннын контейнэр, цэргийн майхан зэрэг өөрт хэрэгтэй гэсэн нийт 24 төрлийн эд зүйл байсныг Ц........т хадгалуулан үлдээгээд, дараа ирж авахаар болсон. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр үлдээсэн эд зүйлээ авахаар очиход Таны өгсөн зарим газар хураагдсан. Та Засаг даргатайгаа хуйвалдсан гээд өгөөгүй бөгөөд дахин 11, 12 дугаар сард очсон боловч авч чадаагүй. Хамгийн сүүлд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн охин Н.Түвшинжаргалын хамтаар очиход Хар нохойгоо аваад зайл, таны юмнуудыг өгье гэсэн чинь танай охин надад салаавч өгсөн гээд өгөөгүй. Шүүгч Энхтөр очиж үзлэг хийхэд миний орхиж явсан эд зүйл бүгд байсан ба миний орхиж явсан үхэр энэ байна гээд заахад Ц........ толгой дохиод зогсож байсан. Тухайн үед юмаа авах боломжийг шүүгч гаргаж өгсөн боловч 20 тоннын контейнэр, 1,6 тоннын ёмкость зэргийг өгөхгүй гэснээс болж бид эвлэрч чадаагүй. Харин надад бэлэглэсэн тугалыг үхсэн гэж хэлсэн. Намайг 2018 оны 12 дугаар сард очиход миний тугал зүгээр байсан. Шүүхээс үзлэг хийхэд миний орхиж явсан зарим эд зүйлийг хаана байгааг ч мэдэхгүй байсан. Гэтэл зарим зүйл маань миний орхиж явсан газраа байж байсан. Би фермийн иж бүрдлийн хамт зарна гэсэн зар тавиагүй, харин ферм зарна гэсэн зар тавьсан. Иймд миний хадгалуулж орхисон 24 биш, 23 төрлийн эд зүйлийг Ц........аас гаргуулж өгнө үү. Энэхүү 23 төрлийн эд хөрөнгө байгаа болохыг шүүгч үзлэг хийж баталгаажуулсан байгаа болно. Хоёрт, Ц........т би 2018 оны 10 дугаар сард нүүж явахдаа хадгалах газар байхгүй байсан тул сайн санаж, эргэн харилцаатай байх үүднээс дараах хөрөнгөө бэлэглэсэн. Үүнд: 40 л бетон 3 ширхэг, нэг бүрийн үнэ 160.000, нийт 480.000 төгрөг, 18 инчийн зурагт 1 ширхэг 100.000 төгрөг, ДДШ ком антен 180.000 төгрөг, хөргөгч 650.000 төгрөг, Лисва плитка 250.000 төгрөг, 200 л хөлдөөгч 550.000 төгрөг, 300 л хөлдөөгч 650.000 төгрөг, бензинээр ажилладаг хөрөө 120.000 төгрөг, унадаг дугуй 350.000 төгрөг, сүх 250.000 төгрөг, тогоо 5 ширхэг буюу 40.000 төгрөг, нийт 3.395.000 төгрөгийн эд зүйлийг бэлэглэж үлдээсэн. Гэтэл миний хадгалуулж үлдээсэн зүйлсийг өгөхгүй, нааш цааш нь чирэгдүүлж, бэлэглэгчийг гомдоосон тул бэлэглэсэн зүйлээ буцаан шаардаж авахаар, мөн өөрийн зардлаар худалдаж авсан улаан буудай, малын тэжээлээ өгч, би үүний улмаас эд хөрөнгө, мөнгөөрөө хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Гуравт, Ц........ Малд хэрэгтэй тариа, эм, тос авч өгөөч, мөн ДДШ-ийн төлбөр төлж өгөөч гээд гуйгаад байхаар нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр малд хэрэглэдэг тариаг 57.860 төгрөгөөр, ширхэгний тос, тугалын гэдэсний эм, дэлэнгийн тос 59.140 төгрөгөөр, нийт 117.000 төгрөгөөр авч өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ДДШ-ийн 2 сарын төлбөр төлж 18.000 төгрөг тушаасан. Би бүх малдаа зориулж малын ногоон тэжээл бэлдэхийн тулд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Зүүнхараагаас нөхөр Наранбаатарын хамтаар улаан буудайн 1200 кг үрийг нийт 780.000 төгрөгөөр худалдан авч ирснийгээ Борнуур сумын иргэн Жинсүүцийн 2 га талбайд, Хүрэлбаатарын 4 га талбайд тус тус тариалж, хураан авсан байсан. Үүнийгээ Ц........т малын тэжээл болгон үлдээсэн. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бүх малдаа тэжээл бэлтгэх зорилгоор Их-Уулс компаниас 2 тонн тэжээлийн улаан буудай нөхрийн машинаар нэг бүрийг нь 450.000 төгрөгөөр бодож, нийт 900.000 төгрөгөөр ачиж хашаандаа буулгасныг мөн Ц........т үлдээсэн. Эдгээр нь нийлээд 1.815.000 төгрөгийн хохирол болж үлдсэн. Иймээс Ц........аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.815.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц........ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш........ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь нэхэмжлэгч арилжааны гэрээтэй холбоотой, хууль бус эзэмшлээс хөрөнгө гаргуулах шаардлага гаргаж байсан бол одоо нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж, хадгалах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, бэлэглэх гэж хууль зүйн үндэслэлээ тодорхойлжээ. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, хадгалуулж үлдээсэн гэх 24 нэр төрлийн 15.741.000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон гэх 23 нэр төрлийн эд зүйлийг үнэлүүлж, тухайн эд хөрөнгийг гаргуулахыг шаардсан байна. Гэтэл шүүхийн үзлэгээр тухайн эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад аль аль нь байгаа болон байхгүй талаар тэмдэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн үзлэгийн явцад талуудын гаргасан тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлд заасан Үзлэг хийхэд миний орхиж явсан эд зүйлийг хаана байгааг нь ч мэдэхгүй байсан, гэтэл зарим эд зүйл миний орхиж үлдээсэн газраа байж байсан гэснээс үзвэл нэр дурдаад байгаа эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч, хариуцагчид хадгалуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Нэр бүхий эд зүйлийг хадгал гэж шилжүүлж өгөөгүй учраас хариуцагчийн хадгалалтад шилжсэн байна, хадгалалтын гэрээ хийгдсэн гэж үзэх боломжгүй байна. Үзлэгээр тогтоогдсон хариуцагчийн эзэмшлийн хашаанд байгаа эд зүйлийг хариуцагч нэхэмжлэгчийг авч болно гэхэд аваагүй мөртлөө мөнгөөр гаргуулна гэж байгаа нь нэхэмжлэгч эд зүйлээ авах хүсэл сонирхолгүй байгааг илтгэж байна. Хоёрдугаарт, малын эм тариа, тосны үнэ 117.000 төгрөгийн хувьд хариуцагч нэхэмжлэгчээс эм тариа, тосыг авч өгөхийг хүсээгүй, баримтад байгаа эм тариа, тосыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, хариуцагчийн малд тухайн эм тариа, тосыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч өөрийн мэдэлд байсан малдаа тухайн эм тариа, тосыг хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. ДДШ-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр 18.000 төгрөгийг хариуцагчийн эзэмшилд байдаг ДДШ-ийн төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Малдаа зориулж тэжээл бэлтгэхийн тулд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр буудайн үр 780.000 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгөөр тус тус авч, тариалж хураан авсныгаа Ц........т үлдээгээгүй бөгөөд талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан арилжааны гэрээний харилцаанд буудайн үр өмнө нь тариалсан, худалдан авсан үйл явдал хамааралгүй. Гурав. Нэр бүхий 11 төрлийн эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сард нүүж явахдаа хадгалах газар байхгүйн улмаас хариуцагчид бэлэглэсэн гэх бөгөөд бэлэглэгчийг гомдоосны улмаас буцаан гаргуулахаар шаардсан нь мөн л үндэслэлгүй. Тухайн 11 төрлийн эд зүйлийг бэлэглээгүй ба арилжааны гэрээний зүйл болох эд хөрөнгөд тооцож өгсөн учир талуудын хооронд ямар нэгэн бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй, ийм гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийгээгүй, шүүхээр явж чирэгдэж байгаа асуудал нь хариуцагчаас шалтгаалаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С........ нь хариуцагч Ц........т холбогдуулан Хадгалуулж үлдээсэн 15.741.000 төгрөгийн үнэ бүхий 24 төрлийн эд хөрөнгөө буцаан гаргуулах, бэлэглэсэн 3.395.000 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн эд хөрөнгөө буцаан гаргуулах, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 14 дүгээр талд авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ-г иргэн С........, Ц........ нар байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч С........ нь Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт өнжин 8 дугаар гудамж, 2 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-141100406 дугаартай, 180 м.кв талбай бүхий үнээний фермийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1411000254 дугаартай, 144 м.кв талбай бүхий үнээний фермийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт өнжин 8 дугаар гудамж, 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1411000407 дугаартай, 32 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт өнжин 8 дугаар гудамж, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1411000253 дугаартай, 67,1 м.кв болон 56 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 5000 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Г-1411000591 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт өнжин 8 дугаар гудамж, 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1411000592 дугаартай, 4357 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт өнжин 8 дугаар гудамж, 4 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1411000594 дугаартай, 4280 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт өнжин 8 дугаар гудамж, 2 тоотод байрлах улсын бүртгэлийн 1411000593 дугаартай, 5000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч Ц........ын Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 170 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204005137 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар солж, арилжсан. Талууд арилжааны гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаангүй гэсэн болно.

Өөрөөр хэлбэл, дээрх арилжааны гэрээний дагуу талууд үл хөдлөх эд хөрөнгийг арилжсан байх бөгөөд нэхэмжлэгч нь арилжааны гэрээнд хамаарахгүй хөдлөх эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Хадгалуулж үлдээсэн 15.741.000 төгрөгийн үнэ бүхий 24 төрлийн эд хөрөнгөө буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан ба шүүх хуралдааны үеэр 23 нэр төрлийн хөрөнгө гэж шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхээс Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг, Нарт өнжин гэх газар байрлах газарт очиж нэхэмжлэгчийн үлдээсэн гэх дараах эд зүйлд үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн байна.

Үүнд: 20 тоннын цэнхэр өнгийн контейнэр 1 ширхэг, хар өнгөтэй бор өнгийн гэртэй 2 нүдний дуран, 25 кг туухай, боодолтой усны шланк, Quite гэсэн бичигтэй хадаас тавлагч, цэргийн майхан, 30 л багтаамжтай коструль /тагтай/, g-mobile антен, төмөр шонгийн хамт, турба буюу арматур нийт 17 ширхэг, хашааны тор 5 ширхэг, 2 ширхэг төмөр хаалга, 120 л багтаамжтай цэнхэр өнгийн усны сав 2 ширхэг, 40 л мөнгөлөг өнгөтэй 2 ширхэг бетон сав /мөөгөн тагтай/, шинэ цайвар өнгөтэй баасны тэрэг, kechung маркийн хар, шар, улаан өнгийн суурин хөрөө, өвсний сэрээ, тармур, лоом, хөнгөн цагаан ёмкость, товууд насос, усанд ордог ванн, хар тарлан эр үхэр /шүдлэн/, хар тарлан охин үхэр /хязаалан/ зэрэг нийт 23 төрлийн эд хөрөнгө байгааг бүртгэн авсан, харин нарны зайны хөл, 50 метрийн татлага зэргийг Байхгүй байв гэж тэмдэглэсэн.

Ингээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа тухайн 23 нэр төрлийн эд хөрөнгө, малыг хадгалуулж үлдээсэн гэх бөгөөд үүнийг гаргуулахаар шаардсан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны үеэр Контейнэр, ёмкость, үхэр зэргээс бусдыг нь нэхэмжлэгчид буцаан өгөхөд татгалзах зүйлгүй хэмээн тайлбарласан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан[1]-г хавсарган ирүүлсэн бөгөөд тухайн үнэлгээгээр шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан хөрөнгүүдэд үнэлгээ хийснийг шүүх үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-т Хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч Ц........аас 3.200.000 төгрөгийн үнэ бүхий 20 тоннын цэнхэр өнгийн контейнэр, 160.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн гэртэй, хар өнгөтэй 2 нүдний дуран, 20.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг туухай, 200.000 төгрөгийн үнэ бүхий боодолтой усны шланк, Quite гэсэн бичигтэй хадаас тавлагч, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий цэргийн майхан, 30 л багтаамжтай коструль /тагтай/, 120.0000 төгрөгийн үнэ бүхий g-mobile антен, нэг бүрийн 11.200 төгрөг, нийт 190.400 төгрөгийн үнэ бүхий төмөр шонгийн хамт, турба буюу арматур нийт 17 ширхэг, нэг бүрийн 70.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийн үнэ бүхий хашааны тор 5 ширхэг, 250.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг төмөр хаалга, 130.000 төгрөгийн үнэ бүхий 120 л багтаамжтай цэнхэр өнгийн усны сав 2 ширхэг, 320.000 төгрөгийн үнэ бүхий 40 л мөнгөлөг өнгөтэй 2 ширхэг бетон сав /мөөгөн тагтай/, 150.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цайвар өнгөтэй баасны тэрэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий kechung маркийн хар, шар, улаан өнгийн суурин хөрөө, 25.000 төгрөгийн үнэ бүхий өвсний сэрээ, 25.000 төгрөгийн үнэ бүхий тармур, 20.000 төгрөгийн үнэ бүхий лоом, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан ёмкость, товууд насос, 150.000 төгрөгийн үнэ бүхий усанд ордог ванн, нийт 8.810.400 төгрөгийн үнэ бүхий 21 төрлийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Харин шүүхийн үзлэгийн явцад Бэлчээрт бэлчиж байсан үхэрний зургийг авч баталгаажуулсан хэмээн нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарласан, нөгөө талаар, нэхэмжлэгч С........ Идэшний нэг үхэр, Сүү ХК-иас бэлэглэсэн нэг бяруу, тугалах гэж байсан нэмрийн гунж зэрэг 3 үхрийг хариуцагчид хадгалуулан үлдээсэн гэх боловч Ц........ын 2018 оны мал тооллогын баримтад 55 үхэр гэж тоологдсон[2] мэдээлэл авагдснаар нэхэмжлэгчийн дээрх тайлбар няцаагдаж байгаа тул хариуцагчаас 3 тооны үхэр гаргуулж олгох үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэлийн хоёрдахь шаардлага буюу Бэлэглэж өгсөн 11 төрлийн эд зүйл болон түүний үнэ 3.395.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч 40 литрийн багтаамжтай 3 ширхэг бетон сав, 18 инчийн зурагт, ДДШ антен, хөргөгч, лисви плитка, 2 төрлийн хөлдөөгч, бензинээр ажилладаг хөрөө, цахилгаанаар ажилладаг унадаг дугуй, сүх, 5 ширхэг тогоо, нийт 11 төрлийн эд зүйлийг хариуцагч Ц........т бэлэглэсэн гэх боловч тухайн хөрөнгө нь хариуцагчид биетээр байгаа эсэх нь тодорхойгүй, тухайн эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т зааснаар бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн хүлээн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх 11 төрлийн эд хөрөнгөө шилжүүлэн өгснөө нотлоогүй, хариуцагч нь тухайн бэлэглэсэн гэх эд зүйлийг хүлээн зөвшөөрч авсан талаарх баримт авагдаагүй байх тул талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болохыг баримтаар нотлоогүй бөгөөд Миний хадгалуулж үлдээсэн зүйлийг өгөхгүй, нааш цааш нь явуулж маш их чирэгдүүлсэн гэх үндэслэл дурдаж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, ямар байдлаар бэлэглэгчийг гомдоосон, тухайн гомдоосон үйлдлийг баримтжуулсан зүйл бий эсэх нь тодорхойгүй байна.

Иймээс хариуцагчаас бэлэглэсэн гэх дээрх 11 төрлийн эд хөрөнгө болон үнэ 3.395.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн гуравдахь шаардлага буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд:

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ДДШ-ийн төлбөр 18.000 төгрөг төлж сунгаж өгсөн гэх боловч хэргийн 2 дугаар хавтасны 84 дүгээр талд авагдсан баримтад хэн, хэний эзэмшлийн ДДШ-ийн төлбөр төлсөн болох нь тодорхойгүй, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 57.860 төгрөгөөр үхэрт хэрэглэдэг эм тариа авсан гэх бөгөөд хэргийн 2 дугаар хавтасны 85 дугаар хуудаст авагдсан баримтаар иргэн Н.Түвшинжаргал төлбөр төлсөн тухай баримт байгаа бөгөөд тухайн баримтаар Ц........ нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С........ нь Ноён дархи ХХК-иас шархны тос, гэдэсний эм, дэлэнгийн тос зэргийг 59.140 төгрөгөөр худалдан авсан баримт 2 дугаар хавтасны 86 дугаар талд авагдсан боловч тухайн тос, эмийг хэний ямар малд хэрэглэсэн болох нь тодорхойгүй.

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Их улс ХХК-иас улаанбуудай 780.000 төгрөгөөр аваад Жинсүүц, Хүрэлбаатар гэх хүний талбайд тариалж, ургацаа хураан аваад Ц........т үлдээсэн, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр мөн Их улс ХХК-иас 900.000 төгрөгөөр тэжээлийн улаан буудай аваад хариуцагчид үлдээсэн хэмээн тайлбарлаж, хэргийн 2 дугаар хавтасны 82, 83 дугаар талд авагдсан баримтыг шүүхэд ирүүлжээ. Гэтэл тухайн улаанбуудайг худалдан авсан үйл баримт нь арилжааны гэрээ хийгдэхээс өмнө байх ба үүнийг хариуцагчид өгсөн, үлдээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаас үзэхэд эд хөрөнгийг хэн нэгэнд шилжүүлсэн байхыг шаардаж байх ба энэ тохиолдолд мөн л нэхэмжлэгч нь хариуцагчид тухайн эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц........т холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С........гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 334.965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц........аас 8.810.400 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 148.406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С........д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1-т зааснаар хариуцагч Ц........аас 3.200.000 төгрөгийн үнэ бүхий 20 тоннын цэнхэр өнгийн контейнэр, 160.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн гэртэй, хар өнгөтэй 2 нүдний дуран, 20.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг туухай, 200.000 төгрөгийн үнэ бүхий боодолтой усны шланк, Quite гэсэн бичигтэй хадаас тавлагч, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий цэргийн майхан, 30 л багтаамжтай коструль /тагтай/, 120.0000 төгрөгийн үнэ бүхий g-mobile антен, нэг бүрийн 11.200 төгрөг, нийт 190.400 төгрөгийн үнэ бүхий төмөр шонгийн хамт, турба буюу арматур нийт 17 ширхэг, нэг бүрийн 70.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийн үнэ бүхий хашааны тор 5 ширхэг, 250.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг төмөр хаалга, 130.000 төгрөгийн үнэ бүхий 120 л багтаамжтай цэнхэр өнгийн усны сав 2 ширхэг, 320.000 төгрөгийн үнэ бүхий 40 л мөнгөлөг өнгөтэй 2 ширхэг бетон сав /мөөгөн тагтай/, 150.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цайвар өнгөтэй баасны тэрэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий kechung маркийн хар, шар, улаан өнгийн суурин хөрөө, 25.000 төгрөгийн үнэ бүхий өвсний сэрээ, 25.000 төгрөгийн үнэ бүхий тармур, 20.000 төгрөгийн үнэ бүхий лоом, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан ёмкость, товууд насос, 150.000 төгрөгийн үнэ бүхий усанд ордог ванн, нийт 8.810.400 төгрөгийн үнэ бүхий 21 төрлийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч С........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Идэшний нэг үхэр, Сүү ХК-иас бэлэглэсэн нэг бяруу, тугалах гэж байсан нэмрийн гунж зэрэг 3 үхэр гаргуулах буюу 6.930.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц........т холбогдох Бэлэглэж өгсөн 11 төрлийн эд зүйл болон түүний үнэ 3.395.000 төгрөгийг гаргуулах тухай, мөн Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С........гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С........гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 334.965 /гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц........аас 148.406 /нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С........д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 


[1] Хэргийн 2 дугаар хавтас, 70-75 дугаар тал,

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 114-115 дугаар тал,