Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2021/00025

 

С.Баярмагнайн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00667 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Баярмагнайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ганбаатарт холбогдох,

Хадгалуулж үлдээсэн 15.741.000 төгрөгийн үнэ бүхий 24 төрлийн эд хөрөнгөө буцаан гаргуулах, бэлэглэсэн 3.395.000 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн эд хөрөнгөө буцаан гаргуулах, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч С.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Баярмагнай миний бие 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Ганбаатартай Арилжааны гэрээ байгуулж, 120.000.000 төгрөгөөр нэлээд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, газар, хашаа, шувууны байр, тахианы байр зэргийг Ц.Ганбаатарын Улаанбаатар хотод байрлах 2 өрөө 30 м.кв талбай бүхий орон сууцыг 80.000.000 төгрөгт, мөн 40.000.000 төгрөгт автомашин тооцон авсан. Арилжааны гэрээгээр өгсөн зүйлүүд гэрээнд тодорхой байгаа. Харин тухайн үед өөрийн хэрэгцээний зүйлээ бүгдийг нь нэг дор ачаад явах боломжгүй байсан, мөн идшинд хэрэглэх үхэр, надад бусдаас бэлэглэсэн гунж тугал зэрэг мал, 20 тоннын контейнер, цэргийн майхан зэрэг өөрт хэрэгтэй гэсэн нийт 24 төрлийн эд зүйл байсныг Ц.Ганбаатарт хадгалуулан үлдээгээд, дараа ирж авахаар болсон. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр үлдээсэн эд зүйлээ авахаар очиход Таны өгсөн зарим газар хураагдсан. Та Засаг даргатайгаа хуйвалдсан гээд өгөөгүй бөгөөд дахин 11, 12 дугаар сард очсон боловч авч чадаагүй. Хамгийн сүүлд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн охин Н.Түвшинжаргалын хамтаар очиход Хар нохойгоо аваад зайл, таны юмнуудыг өгье гэсэн чинь танай охин надад салаавч өгсөн гээд өгөөгүй. Шүүгч Энхтөр очиж үзлэг хийхэд миний орхиж явсан эд зүйл бүгд байсан ба миний орхиж явсан үхэр энэ байна гээд заахад Ц.Ганбаатар толгой дохиод зогсож байсан. Тухайн үед юмаа авах боломжийг шүүгч гаргаж өгсөн боловч 20 тоннын контейнер, 1,6 тоннын ёмкость зэргийг өгөхгүй гэснээс болж бид эвлэрч чадаагүй. Харин надад бэлэглэсэн тугалыг үхсэн гэж хэлсэн. Намайг 2018 оны 12 дугаар сард очиход миний тугал зүгээр байсан. Шүүхээс үзлэг хийхэд миний орхиж явсан зарим эд зүйлийг хаана байгааг ч мэдэхгүй байсан. Гэтэл зарим зүйл маань миний орхиж явсан газраа байж байсан. Би фермийн иж бүрдлийн хамт зарна гэсэн зар тавиагүй, харин ферм зарна гэсэн зар тавьсан. Иймд миний хадгалуулж орхисон 24 биш, 23 төрлийн эд зүйлийг Ц.Ганбаатараас гаргуулж өгнө үү. Энэхүү 23 төрлийн эд хөрөнгө байгаа болохыг шүүгч үзлэг хийж баталгаажуулсан байгаа болно. Хоёрт, Ц.Ганбаатарт би 2018 оны 10 дугаар сард нүүж явахдаа хадгалах газар байхгүй байсан тул сайн санаж, эргэн харилцаатай байх үүднээс дараах хөрөнгөө бэлэглэсэн. Үүнд: 40 л бетон 3 ширхэг, нэг бүрийн үнэ 160.000, нийт 480.000 төгрөг, 18 инчийн зурагт 1 ширхэг 100.000 төгрөг, ДДШ ком антен 180.000 төгрөг, хөргөгч 650.000 төгрөг, Лисва плитка 250.000 төгрөг, 200 л хөлдөөгч 550.000 төгрөг, 300 л хөлдөөгч 650.000 төгрөг, бензинээр ажилладаг хөрөө 120.000 төгрөг, унадаг дугуй 350.000 төгрөг, сүх 250.000 төгрөг, тогоо 5 ширхэг буюу 40.000 төгрөг, нийт 3.395.000 төгрөгийн эд зүйлийг бэлэглэж үлдээсэн. Гэтэл миний хадгалуулж үлдээсэн зүйлсийг өгөхгүй, нааш цааш нь чирэгдүүлж, бэлэглэгчийг гомдоосон тул бэлэглэсэн зүйлээ буцаан шаардаж авахаар, мөн өөрийн зардлаар худалдаж авсан улаан буудай, малын тэжээлээ өгч, би үүний улмаас эд хөрөнгө, мөнгөөрөө хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Гуравт, Ц.Ганбаатар Малд хэрэгтэй тариа, эм, тос авч өгөөч, мөн ДДШ-ийн төлбөр төлж өгөөч гээд гуйгаад байхаар нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр малд хэрэглэдэг тариаг 57.860 төгрөгөөр, ширхэгний тос, тугалын гэдэсний эм, дэлэнгийн тос 59.140 төгрөгөөр, нийт 117.000 төгрөгөөр авч өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ДДШ-ийн 2 сарын төлбөр төлж 18.000 төгрөг тушаасан. Би бүх малдаа зориулж малын ногоон тэжээл бэлдэхийн тулд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Зүүнхараагаас нөхөр Наранбаатарын хамтаар улаан буудайн 1200 кг үрийг нийт 780.000 төгрөгөөр худалдан авч ирснийгээ Борнуур сумын иргэн Жинсүүцийн 2 га талбайд, Хүрэлбаатарын 4 га талбайд тус тус тариалж, хураан авсан байсан. Үүнийгээ Ц.Ганбаатарт малын тэжээл болгон үлдээсэн. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бүх малдаа тэжээл бэлтгэх зорилгоор Их-Уулс компаниас 2 тонн тэжээлийн улаан буудай нөхрийн машинаар нэг бүрийг нь 450.000 төгрөгөөр бодож, нийт 900.000 төгрөгөөр ачиж хашаандаа буулгасныг мөн Ц.Ганбаатарт үлдээсэн. Эдгээр нь нийлээд 1.815.000 төгрөгийн хохирол болж үлдсэн. Иймээс Ц.Ганбаатараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.815.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь нэхэмжлэгч арилжааны гэрээтэй холбоотой, хууль бус эзэмшлээс хөрөнгө гаргуулах шаардлага гаргаж байсан бол одоо нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж, хадгалах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, бэлэглэх гэж хууль зүйн үндэслэлээ тодорхойлжээ. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, хадгалуулж үлдээсэн гэх 24 нэр төрлийн 15.741.000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон гэх 23 нэр төрлийн эд зүйлийг үнэлүүлж, тухайн эд хөрөнгийг гаргуулахыг шаардсан байна. Гэтэл шүүхийн үзлэгээр тухайн эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад аль аль нь байгаа болон байхгүй талаар тэмдэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн үзлэгийн явцад талуудын гаргасан тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлд заасан Үзлэг хийхэд миний орхиж явсан эд зүйлийг хаана байгааг нь ч мэдэхгүй байсан, гэтэл зарим эд зүйл миний орхиж үлдээсэн газраа байж байсан гэснээс үзвэл нэр дурдаад байгаа эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч, хариуцагчид хадгалуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Нэр бүхий эд зүйлийг хадгал гэж шилжүүлж өгөөгүй учраас хариуцагчийн хадгалалтад шилжсэн байна, хадгалалтын гэрээ хийгдсэн гэж үзэх боломжгүй байна. Үзлэгээр тогтоогдсон хариуцагчийн эзэмшлийн хашаанд байгаа эд зүйлийг хариуцагч нэхэмжлэгчийг авч болно гэхэд аваагүй мөртлөө мөнгөөр гаргуулна гэж байгаа нь нэхэмжлэгч эд зүйлээ авах хүсэл сонирхолгүй байгааг илтгэж байна. Хоёрдугаарт, малын эм тариа, тосны үнэ 117.000 төгрөгийн хувьд хариуцагч нэхэмжлэгчээс эм тариа, тосыг авч өгөхийг хүсээгүй, баримтад байгаа эм тариа, тосыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, хариуцагчийн малд тухайн эм тариа, тосыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч өөрийн мэдэлд байсан малдаа тухайн эм тариа, тосыг хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. ДДШ-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр 18.000 төгрөгийг хариуцагчийн эзэмшилд байдаг ДДШ-ийн төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Малдаа зориулж тэжээл бэлтгэхийн тулд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр буудайн үр 780.000 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгөөр тус тус авч, тариалж хураан авсныгаа Ц.Ганбаатарт үлдээгээгүй бөгөөд талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан арилжааны гэрээний харилцаанд буудайн үр өмнө нь тариалсан, худалдан авсан үйл явдал хамааралгүй. Гурав. Нэр бүхий 11 төрлийн эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сард нүүж явахдаа хадгалах газар байхгүйн улмаас хариуцагчид бэлэглэсэн гэх бөгөөд бэлэглэгчийг гомдоосны улмаас буцаан гаргуулахаар шаардсан нь мөн л үндэслэлгүй. Тухайн 11 төрлийн эд зүйлийг бэлэглээгүй ба арилжааны гэрээний зүйл болох эд хөрөнгөнд тооцож өгсөн учир талуудын хооронд ямар нэгэн бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй, ийм гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийгээгүй, шүүхээр явж чирэгдэж байгаа асуудал нь хариуцагчаас шалтгаалаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1-т зааснаар хариуцагч Ц.Ганбаатараас 3.200.000 төгрөгийн үнэ бүхий 20 тоннын цэнхэр өнгийн контейнер, 160.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн гэртэй, хар өнгөтэй 2 нүдний дуран, 20.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг туухай, 200.000 төгрөгийн үнэ бүхий боодолтой усны шланк, Quite гэсэн бичигтэй хадаас тавлагч, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий цэргийн майхан, 30 л багтаамжтай коструль /тагтай/, 120.0000 төгрөгийн үнэ бүхий g-mobile антен, нэг бүрийн 11.200 төгрөг, нийт 190.400 төгрөгийн үнэ бүхий төмөр шонгийн хамт, труба буюу арматур нийт 17 ширхэг, нэг бүрийн 70.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийн үнэ бүхий хашааны тор 5 ширхэг, 250.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг төмөр хаалга, 130.000 төгрөгийн үнэ бүхий 120 л багтаамжтай цэнхэр өнгийн усны сав 2 ширхэг, 320.000 төгрөгийн үнэ бүхий 40 л мөнгөлөг өнгөтэй 2 ширхэг бетон сав /мөөгөн тагтай/, 150.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цайвар өнгөтэй баасны тэрэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий kechung маркийн хар, шар, улаан өнгийн суурин хөрөө, 25.000 төгрөгийн үнэ бүхий өвсний сэрээ, 25.000 төгрөгийн үнэ бүхий тармур, 20.000 төгрөгийн үнэ бүхий лоом, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан ёмкость, товууд насос, 150.000 төгрөгийн үнэ бүхий усанд ордог ванн, нийт 8.810.400 төгрөгийн үнэ бүхий 21 төрлийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баярмагнайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Идэшний нэг үхэр, Сүү ХК-иас бэлэглэсэн нэг бяруу, тугалах гэж байсан нэмрийн гунж зэрэг 3 үхэр гаргуулах буюу 6.930.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ганбаатарт холбогдох Бэлэглэж өгсөн 11 төрлийн эд зүйл болон түүний үнэ 3.395.000 төгрөгийг гаргуулах тухай, мөн Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Баярмагнайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Баярмагнайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 334.965 /гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганбаатараас 148.406 /нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баярмагнайд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ хариуцагч талын "каниейнэр, ёнкость нь арилжааны гэрээ болох үхрийн фирмийн аж ахуйд багтсан үхрийн тэжээл хадгалах, үхэр услахад зориулагдсан эд зүйл нь фирмийн аж ахуйн бүрдэл хэсэгт багтсан" гэдэг няцаасан тайлбарыг дүгнээгүй, харин "хөрөнгийн үнэлгээний тайланг хавсарган ирүүлсэн бөгөөд тухайн үнэлгээгээр шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан хөрөнгүүдэд үнэлгээ хийснийг шүүх үнэлсэн болно" гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэдэг шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн нэрлэн заасан эд хөрөнгө бүхэн хадгалалтын гэрээнд хамааралтай мэтээр нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Учир нь талуудын хооронд нэр бүхий 2 хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хангалттай нотлогдохгүй байхад нэхэмжлэгчээс хариуцагчид хадгалуулахаар өгсөн гэж үзэж хангалттай нотлох баримт байхгүй байхад гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэр дурдаад байгаа 2 нэр төрлийн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч хариуцагчид хадгалуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэр бүхий эд зүйлийг хадгал гэж шилжүүлж өгөөгүй, харин арилжааны гэрээний бүрдэл хэсэг учраас тухайн эд хөрөнгө хариуцагчийн хадгалалтад шилжсэн, хадгалалтын гэрээ үүссэн гэж үзэх үндэслэлгүй болохгүй тул нэхэмжлэлийн хангагдсан шаардлагаас 3.200.000 төгрөгийн үнэ бүхий 20 тонны цэнхэр өнгийн контейнер, ...1.800.000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан ёнкость гаргуулах" гэсэн нийт 5.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүх шаардлагын үнийн дүнг нэгтгэн дүгнэхдээ тооцооллын алдаа гаргасан, үүнийг давж заалдах шатны шүүх хянан үзэж өөрчлөлт оруулах боломжтой байна. Үүнд.

1. 210.000 төгрөгийн үнэ бүхий тус бүр нь 70.000 төгрөгийн үнэтэй 3 боодол хашааны тор гаргуулахыг шаардсан байхад 350.000 төгрөгийн үнэтэй тус бүр нь 70.000 төгрөгийн үнэтэй 5 боодол хашааны тор гаргуулахаар шийдвэрлэсэн нь шаардлагаас 2 боодол 140.000 төгрөгөөр хэтэрсэн байна.

2. Гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүн нь 8.805.400 төгрөгийн эд зүйл байхад 5.000 төгрөгөөр илүү 8.810.400 төгрөг, хэрэгсэхгүй болгосон шаардлагад холбогдох үнийн дүн нь 7.075.600 төгрөг байхад 6.930.600 гэж 145.000 төгрөгөөр дутуу дүгнэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч би шийдвэрийн тогтоох хэсэгт заасан эд хөрөнгө, шаардлагад заасан эд хөрөнгийг нэгтгэн дүгнэж үзэхэд шаардлага хангасан нь 21 нэр төрөл биш 18, хэрэгсэхгүй болгосон шаардлага нь 3 биш 6, зарим хэсгийг хангасан нь 1 байна гэж дүгнэсэн. Тооцооллыг гомдолд хавсаргав. Үүнийг нэгтгэн тооцож алдааг залруулж өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн төрлийг зөв тодорхойлж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ-ний үүргийн биелэлтийн талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч С.Баярмагнайгаас хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулан арилжааны гэрээнд хамаарахгүй анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 1. Хадгалуулахаар үлдээсэн 24 төрлийн эд хөрөнгийг /мөнгөн дүнгээр 15.741.000 төгрөг/ буцаан гаргуулах,

2. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг гаргуулах

3. Бэлэглэж өгсөн 11 төрлийн эд зүйл буюу түүний үнэ 3.395.000 төгрөгийг гаргуулах гэж тодруулж,өөрчилсөн байна. /2-р хх-62 тал/

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1 дэх шаардлагатай холбогдуулан хадгалуулсан гэх 24 нэр төрлийн эд хөрөнгөөс суурин таслагч 1 ширхэг 280.000 төгрөг, татлага 1 ширхэг 15.000 төгрөг 2 нэр төрлийн эд хөрөнгийг хасаж 22 нэр төрлийн эд хөрөнгө, үхэр /гунж, эр тугал, идэшний үхэр/ хадгалуулсан үлдээсэн гэж тодруулж өөрчилсөн байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн хадгалуулсан гэх 3 тооны үхэр 6.000.000 төгрөг, 20 тн контейнер 1 ширхэг 3.200.000 төгрөг, хөнгөн цагаан 1,6 ёмкость 1 ширхэг 1.800.000 төгрөг гэсэн эд хөрөнгөнөөс бусдыг нь эгүүлэн эд зүйлээр өгөхөд татгалзах зүйлгүй, гэм хор учруулсны хохирол болон бэлэглэж өгсөн эд хөрөнгийн үнийн дүнг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгчээс 20 тн контейнер, хөнгөн цагаан 1,6 ёмкость зэрэг эд хөрөнгийг арилжааны зүйлд хамааралгүй, хадгалуулсан гэсэн тайлбар гаргасан, хариуцагчаас арилжааны гэрээний хэлцлээр шилжүүлсэн фермерийн аж ахуйн дагалдах зүйл болсон хөрөнгө гэж үзэж өгөхөөс татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн нийт 100.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр солилцож харилцан өмчлөлдөө шилжүүлжээ.

Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна гэжээ.

Хариуцагчийн эзэмшилд үлдээсэн гэх 20 тн контейнер, хөнгөн цагаан 1,6 тн ёмкость нь арилжааны гэрээний хэлцлээр шилжүүлсэн үнээний фермерийн аж ахуйн дагалдах зүйл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн арилжааны гэрээ, нэхэмжлэгчийн ...20 тн контейнерт хулганаас хамгаалж тэжээл хийхээс гадна, гэр бүлийн хэрэгцээний эд зүйлээ хадгалдаг сав, усны хөнгөн цагаан 1,6 тн ёмкость савыг Борнуурын САА-д олон жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан малын тэжээл ногоо тарьдаг түүнийгээ усалдаг усалгааны зориулалттай гэсэн тайлбар, фото зураг /1-р хх-162, 172тал/ зэргээс үзвэл арилжааны гэрээний гол зүйл нь үнээний фермерийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө байх ба дагалдах зүйлд 20 тн контейнер, хөнгөн цагаан 1,6 тн ёмкость орсон талаар тусгагдаагүй, үнээний фермерийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд чиглэгдсэн хамаарал бүхий дагалдах зүйл гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл 20 тн чингэлэг /контейнер/ нь өрхийн хэрэгцээний зориулалттай гэр бүлийн эд хөрөнгө, эд юмс, эд хогшил хадгалах сав, 1,6 тн ёмкость нь газар тариалан эрхлэх, ногоо услахад зориулагдсан ус хадгалах сав байх бөгөөд үнээний фермерийн аж ахуйн үйл ажиллагаа ашиглахад чиглэгдсэн эд юмсууд гэж үзхээргүй байна.

Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс хариуцагчид хадгалуулахаар үлдээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр идэшний нэг үхэр, нэг бяруу, гунж зэрэг 3 үхэр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 422 дүгээр зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1-т заасантай нийцэж байх ба харин Ц.Ганбаатараас хадгалуулахаар үлдээсэн гэх нийт 8.810.400 төгрөгийн үнэ бүхий 21 нэр төрлийн эд хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэхдээ эд хөрөнгийн нэр төрөл, тооцооллын алдаа, гаргасныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар зөвтгөж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгө-Стимэйт ХХКомпанийн үнэлгээг тодорхойлсон баримтад тулгуурлан 15.741.000 төгрөгийн үнэлгээг өөрчлөхгүйгээр эд хөрөнгийн нэр төрлийг багасгаж 22 төрлийн эд хөрөнгө нэхэмжилсэн.

1. Хөрөнгө-Стимэйт ХХКомпанийн үнэлгээг тодорхойлсон /2-р хх-69-78 тал/, байдлын 10-д Труба 32 ширхэг /2,5 урттай/ 32 ширхэг нэгж бүрийн үнэ 11.200 төгрөг, нийт үнэ 896.000 төгрөг гэсэн нь тооцооллын алдаатай 358.400 төгрөг байна. Шүүх труба 17 ширхэг нийт 190 400 төгрөг гэж гаргуулахдаа дээрх тооцооны зөрүүг хэрэгсэхгүй болгох үнийн дүнд тооцоогүй орхигдуулсан байна. /896.000-190.400=705.600 төгрөг зөрүү/

2. Нэхэмжилсэн эд хөрөнгөнд ороогүй Нарны зайны хөл 1 ширхэг 20.000 төгрөг, нэхэмжлэхээс татгалзсан Суурин таслагч 1 ширхэг 280.000 төгрөг, татлага 1 ширхэг 50.000 төгрөг зэрэг нийт 350.000 төгрөгийн үнийг хасаж тооцоогүй орхигдуулсан байна.

3 . Хашааны тор 3 боодол нэг бүрийн үнэ 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөгөөр тооцох ёстой байхад хашааны тор 5 боодол 350.000 төгрөгөөр тооцсон.

4. Товууд насос 1 ширхэг 15 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ эд хөрөнгийн нэр төрлийг дурдсан байх боловч үнийн дүнг тооцоонд оруулалгүй орхигдуулсан байна.

5. 3 тооны үхэр нийт үнэ 6.000.000 төгрөг байхад 6.930.600 төгрөг гэж тооцож хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх тооцоог нэгтгэж үзвэл хариуцагч Ц.Ганбаатараас

1. 20 тоннын цэнхэр өнгийн контейнер - 3.200.000 төгрөг

2. Орос бор өнгийн гэртэй, хар өнгөтэй 2 нүдний дуран -160.000 төгрөг

3. 25 кг туухай -20.000 төгрөг

4. Усны шланк, Quite гэсэн бичигтэй хадаас тавлагч - 200.000 төгрөг

5. Цэргийн майхан, 30 л багтаамжтай коструль /тагтай/, - 1.500.000 төгрөг

6. g-mobile антен - 120.000 төгрөг

7. Труба буюу арматур нийт 17 ширхэг нэг бүрийн 11.200 төгрөг, нийт 190.400 төгрөг

8. Хашааны тор 3 ширхэг нэг бүрийн 70.000 төгрөг, нийт 210 000 төгрөг

9. Төмөр хаалга 2 ширхэг нэг бүрийн үнэ 175 000 төгрөг нийт 250.000 төгрөг

10. 120 л багтаамжтай цэнхэр өнгийн усны сав 2 ширхэг, нэг бүрийн үнэ 65.000 төгрөг, нийт 130.000 төгрөг,

11. 40 л мөнгөлөг өнгөтэй 2 ширхэг бетон сав /мөөгөн тагтай/, нэг бүрийн үнэ 160.000 төгрөг, нийт 320 000 төгрөг

12. Шинэ цайвар өнгөтэй баасны тэрэг 150.000 төгрөг

13. kechung маркийн суурин хөрөө 200.000 төгрөг

14. Өвсний сэрээ 25.000 төгрөг

15. Тармуур 25.000 төгрөг

16. Лоом 20.000 төгрөг

17. Хөнгөн цагаан 1.6 ёмкость 1.800.000 төгрөг

18. Товууд насос /тосон шприц/ 15.000 төгрөг

19. Усанд ордог ванн 150.000 төгрөг

Нийт 8.685.400 төгрөгийн үнэ бүхий 19 төрлийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баярмагнайд олгохоор байна.

Нэхэмжлэгчийн бусад буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.815.000 төгрөг, бэлэглэж өгсөн 11 төрлийн эд зүйл буюу үнэ 3.395.000 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба зохигчдоос хэн аль нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээрх нөхцөл байдалд тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00667 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...нэг бүрийн 70.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийн үнэ бүхий хашааны тор 5 ширхэг гэснийг хашааны тор 3 ширхэг нэг бүрийн 70.000 төгрөг, нийт 210 000 төгрөг гэж, ...товууд насос гэснийг ...товууд насос /тосон шприц/ 15 000 төгрөг гэж, ...нийт 8.810.400 төгрөгийн үнэ бүхий 21 төрлийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баярмагнайд олгож, гэснийг ...нийт 8.685 400 төгрөгийн үнэ бүхий 19 төрлийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баярмагнайд олгож, гэж, ...Идэшний нэг үхэр, Сүү ХК-иас бэлэглэсэн нэг бяруу, тугалах гэж байсан нэмрийн гунж зэрэг 3 үхэр гаргуулах буюу 6.930.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Идэшний нэг үхэр, Сүү ХК-иас бэлэглэсэн нэг бяруу, тугалах гэж байсан нэмрийн гунж зэрэг 3 үхэр гаргуулах буюу 6.000.000 төгрөг, нарны зайн хөл 20.000 төгрөг, суурин таслагч 280.000 төгрөг, татлага 50.000 төгрөг, трубаны тооцооллын зөрүү 705.600 төгрөг нийт 7.055.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...хариуцагч Ц.Ганбаатараас 148.406 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Баярмагнайд олгосугай гэснийг ...хариуцагч Ц.Ганбаатараас 153.916 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Баярмагнайд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР

ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ

Т.ЭНХМАА