Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 223/МА2019/00032

 

С.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 151/ШШ2019/00946 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ганбаатарт холбогдох,

“12 913 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, кадастр, малын эм тарианы мөнгө болох 420 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтохын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч С.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Ганбаатартай өөрийн эрхэлж байсан эд хөрөнгө, мал ахуй, өөрийн эзэмшлийн үр тарианы газрыг арилжааны гэрээ болон аман гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Төв аймгийн Борнуур сум, Нарт баг Өнжин хэсэг 8 дугаар гудамж, 01 тоотоос 04 тоот хаягт байршилтэй хүн суухаар 10x5 харьцаатай өвлийн байшин, малчин суух зориулалттай 8x4 харьцаатай өвлийн байшин, 7x8 харьцаатай 2 машины гараж,  үхрийн ферм 20x9, 16x9 харьцаатай 2 өвлийн байшин, 4x3 харьцаатай өвлийн шувууны байр, 3 галуу, 10 тооны тахиа, энэ бүгд улсад бүртгэлтэй, үл хөдлөхийн гэрчилгээтэй, 2 га газарт баригдсан обьект юм. Хашаан дотроо гүний худгийн зөвшөөрөлтэй, 51 толгой цэвэр хар тарлан үхэр, 1-3 тугалсан сүүтэй залуу үхрүүд, тариалангийн 49 га газар, сайн чанарын улаан пад трактор, хадуур, тармууртай, тракторын запас сэлбэгүүд, шинэ 2 үхэр зэрэг саах зориулалттай саалтуур болон сэлбэгтэй нь 2 тонн улаан буудай, 5 тонны даацтай ногооны зоорь, 10 тонн орох дотр талыг нь цементлэсэн шаар буюу даршны нүхтэй мөн 6 га-д түрээслэж тарьсан ногоон тэжээл, түрээсийн ногоон тэжээлийн нийт өртөг нь 3 905 000 төгрөг, хадлан тэжээлийн ажилд зориулж 200 литр дизель түлш авсан, мөн 40 сот газарт тарьсан шар манжин зэрэг эд зүйлс эд хөрөнгөө аман гэрээ болон арилжааны гэрээ хийн Ц.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 170 тоот хаягт байрлах 2 өрөө 30 мкв байрыг 80 000 000 төгрөгөөр, Герман улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн Volkswagen Toureg машин зэргийг 40 000 000 төгрөгөөр үнэлсэн, нийт үнэ 120 000 000 төгрөг болно. 09 сард бороо, цас орж түрээсийн газраасаа ногоон тэжээлээ толгойгоо даахгүй маш өндөр ургаж налж байсан учир бид ногоон тэжээл рүүгээ анхаарч хаягдалгүй хурааж, авах хүндээ гээд өөрийн ажлаас хойш тавин хураан өгсөн. Бид хөрөнгөө зарсан учир өөрийнхөө идэш, саалийн 2 гунжин үнээ, өөрийн гэрээсээ авах зүйпээ авч амжаагүй дараа ирээд авъя гээд үлдээсэн,

            Бид 2 энэ залууд мал, эд хөрөнгөө бүх юмаа үзүүлээд үлдээсэн, гэтэл Ц.Ганбаатар нь бидэнд хандан та 2-ын аль нэгнийх нь ах дүү болмоор байна, тэгэхгүй бол энэ нутгийн улс бид нарыг дээрэлхээд малыг минь хулгай хийнэ гэсэн тэгээд би нээрээ ч тийм юм болов уу гээд явтлаа энэ хүмүүсийг төрсөн эгчийнхээ том хүү гэсэн тэгээд бид явсны дараа хүмүүст тийм ах дүү байхгүй, энэ 2 хөгшин худлаа ярьдаг, худалч хүмүүс гэж муу хэлж байсан. Энэ залуу муу санаа ихтэй, зальтай хуурч мэхэлсэн, хүнийг дорд үздэг муу санаа өвөрлөж ирсэн байна. Бид идэш уушаа хийн, саалийн 2 гунжин үхрээ айлд тавих боломж байсан гэтэл ногоон тэжээлээс болоод авч амжилгүй ийм байдалд хүрсэн. Бид бүх зүйлээ үзүүлж харуулж, монгол хүн буйраа цэвэрлээд үлдээдэгтэй адил бүх юмаа цэвэрлээд хүлээлгэж өгсөн. Гэтэл Ц.Ганбаатар нь охинд минь байраа үзүүлсэн байранд бас л асуудал байсан. Усны тоолуурын заалтаа 3 сар өгөөгүй, ванны өрөөний шүршүүрээ сольсон, халуун хүйтэн усны тоолуураа баталгаажуулаагүй, ус нь задгайгаар бичигддэг, хаалганы түлхүүрээ чиптэй өгнө гээд өгөөгүй, байрнаасаа бид гараад цэвэрлээд өгнө гэсэн байхгүй, тэнэг хүн хуурч байгаа юм шиг, машинаа урьдчилгаа болгоод мөнгийг нь шилжүүлэн өгье тиймээс өөр хэн нэгэнд зарж болохгүй шүү гээд хот руу дуудаж, Авто тээврийн үндэсний төв дээр нэр шилжүүлээд явсан. Машинаа бол ерөөсөө үзүүлээгүй, үзье гэхэд бид янзлаад хүлээлгэж өгнө гээд ер халгаагаагүй. Тэгээд тэндээсээ шууд бидэнд үзүүлээгүй шууд унаад явсан. Энэ өдрөөс хойш үзүүлэхгүй явсаар 2018 оны 09 дүгээр сарын 28-нд бидэнд шууд унаад яв гээд хэдэн зүйлс заасан болж өгөөд пар нь унтрахгүй байна гэхээр би мэдэхгүй гэж Ц.Ганбаатар нь хэлсэн замдаа зогсож болохгүй шүү аккумлятор нь муу шүү гээд хэлсэн бид 2 хөгшин Герман машин ийм үнэтэй байдаг юм байх гээд унаад явсан. Гэтэл уг машиныг нь оношлогоонд оруулж засварлах зүйлсийг тодорхойлж Ц.Ганбаатарт 10 сарын эхээр хотод ирэхээр нь машиныг нь үзүүлсэн. Үүнд:

            1. Дугуй нь өвлийн дугуй, жолооч талын эсрэг дугуй нь хавантай, бүлтрэх шахсан, хойд 2 дугуй хээ муутай, 1 нь хавантай

            2. Хянахаа сольсон гэсэн гэтэл машинаа асааж яваад унтраагаад түлхүүрээ сугалж авахад түлхүүрнийхээ хажуугаар нь бал үзэг юмуу төмөр утас хийж байж түлхүүрээ сугалж авна

            3. Хөгжим нь ажиллахгүй, эвдэрсэн, танихгүй

            4. Пар нь унтрахгүй ихэсгэж, багасгаж ажиллаж явдаг, чихэнд маш төвөгтэй сонсогддог,

            5. Кондишн нь ажиллахгүй,

            6. Суудал нь халдаг гэсэн мөртлөө ажиллахгүй, суудлын бүрээс нь урагдсан учир ажиллахгүй

            7. Доод эд ангийг хамгаалсан элгэвч нь мултарсан бүгдийг нь нарийн төмөр утсаар бидний нүдэн дээр уяж, боож, скоч, нарийн төмөр утсаар боож байсан,

            8. Моторын масло солих, хар толгойлсон мотор цохих шахсан байсан,

            9. Хойд талын гэрэлнүүд шатсан, зөвхөн хойд багажны хаалганы гэрэл тормоз гишгэхэд л асна, урд манангийн гэрэл шатсан, сэтэрсэн, шаралсан,

            10. Муфт араа нь дуу орсон үүнийг солиход заавал 3 хосоор нь сольдог энэ нь 3 500 000 төгрөгийн үнэтэй,

            11. Багаж нь цоожлогдохгүй,

            12. Гадна өнгө үзэмж нь маш муу

            13. 1 урд хэвтээ тэнцүүлэгч солих 2 урд доод гарын түлк солих

            14. Баруун зүүн шарнир солих,

            15. Зүүн хойд накладны түгжээ хийх,

            16. Махвек арааг хосоор нь солих гэх мэт ийм засваруудтай. Бид энэ машиныг 10 сараас хойш засварт 5 000 000 төгрөгийн засвар хийсэн боловч засвар дуусаагүй. Зарах гээд зах дээр бас зар өгөөд ч зарагдаагүй 8-9 000 000 төгрөгт зарагдах боломжтой байна. Энэ машин нь 40 000 000 төгрөгт үнэлэгдэж ирсэн машинаа яаж 8-9 000 000 төгрөгт өгөх билээ.

            Машинд засвар хийсэн:

            1. Хянах сольсон үнэ 3 5 000 000 төгрөг, ингэж түлхүүрээ сугалдаг болгосон.

            2. Хөгжим нь ажиллахгүй, засуулсан,

            3. Моторын масло сольсон, хар толгойлсон,

            4. Хойд тормосны гэрэл, гэрэл дохионы 2 гэрэл, подфарын 2 гэрэл, урд талын манангийн гэрэл зэрэг сольсон.

            5. Гадна өнгө үзэмжинд бүтэн дриллэн өнгөлгөө 300 000 төгрөгөөр хийлгэсэн

            6. Бүтэн угаалгад бүх зүйлийг нь угаасан 80 000 төгрөг гэх мэт засуулаад дээрх зүйлс дутуу мөнгө байхгүй учир засагдаагүй.

            Ц.Ганбаатар нь надад хэлэхдээ та татвараа төлчих дараа нь 2-уулаа хуваана гэсэн тэгэхлээр нь би бүх татвараа төлсөн. Үүнд

            1. Газрын эрх шилжүүлэх 850 395 төгрөг,

            2. Татвар 56 472 төгрөг,   

            3. Үл хөдлөх 300 000 төгрөг,

            4. ОАтатвар 65 000 төгрөг

            Ингээд бүх татвар 1 272 137 төгрөг төлснөөс Ц.Ганбаатар нь хэлсэндээ хүрэлгүй 453 900 төгрөг өгсөн, үлдсэн 182 700 төгрөг дараа өгнө гэсэн. Дараа нь одоо би малд ямар эм тариа хэрэглэх вэ гээд Ц.Ганбаатар нь хэлсэн, эм тариа ирэхээр би мөнгийг нь өгнөө гээд хэлсэн. Тэгээд би Англи улсад үйлдвэрлэсэн чанартай малын эмийг хэрэглэдэг болохоор хотоос 500мг-аар савласан лацтай шинэ эмийг зүү шприцтэй нь экометик 1ш, экотраз 1 л тус тус авч 117 000 төгрөг болсон. DDISH  телевизийн 20 000 төгрөг, кадастрын 75 000 төгрөг, ачааны машиныг минь унаад төв рүү явж байгаад 25 300 төгрөгөөр торгуулсан байснаа хэлээгүй нуусан. Ц.Ганбааратаас нийт эм тариа, кадастр, торгууль, татвар бүгд нийлээд 420 000 төгрөг, энэ залууд зүгээр бэлэглээд явсан эд зүйлээ гомдолтой учир үлдээмээргүй байна.

            Бид Ц.Ганбаатараас ийм зүйлээ авмаар байна.

            1. Одоо тугалах гэж байгаа нэмрийн гунж,

            2. ”Сүү” ХК-иас бэлэглэсэн цэвэр хар тарлан эр тугал,

            3. Идэшний үхэр

            4. 20 тонн контейнер энэ нь миний ажлын байр болно.

            5. Оросын 2 нүдний дуран, нарны зайны хөл,

            6. Гэрийн тооноос уядаг 25 кг туухай

            7. Сүмбэрийн усны шинэ шланк боодолтойгоо, хадаас тавлагч,

            8. Цэргийн майхан актлагдаагүй байгаа, 30 л шинэ кастрюл тагтайгаа

            9. G mobile антен

            10. Турбанууд, хаалга 2 ш, шинэ төмөр утас 3 боодол,

            11. Ногоон тор 3 боодол шинэ,

            12. 120 л усны сав

            13. Сүү ХК-ийн өгсөн мөөгөн толгойтой 40 литр бидон 2 ш,

            14. Шинэ баасны тэрэг

            15. Огтлогч, 220-д залгадаг суурин хөрөө, сэрээ 1 ш, тармуур 1ш, лоом 1ш,

            16. Хөнгөн цагаан 1.6 тонн ёмкость

            17. Орон сууцны усанд ордог ванн,

            18. Тосон шприц,

            19. Шинэ 50 м татлага олс эдгээр зүйлсийг минь авч туслана уу.

Бид энэ залууд хулхидуулж, доромжлуулж, нэр хүндээ алдаж хүнд муу хэлүүлж, бид хэд хэдэн удаа үлдээсэн эд хөрөнгөө авъя гээд очиход өгөхгүй, та нар дандаа ингэдэг улс байна лээ хуцах байлгүй гэж хэл амаар доромжилсон, бид энэ нутагт хар бага наснаасаа өдий хүртэл ажиллаж хөдөлмөрлөж 2018 онд 2 хөгшин Монгол Улсын аварга фермерээр шагнуулсан, сум орон нутаг, улс өндрөөр үнэлүүлсэн, бид хоёр хэзээ ч муу муухайгаар дуудуулж байсангүй, хамгийн сүүлд миний бие нь охин Н.Түвшинжаргалын хамт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр очиж эвээр энэ хэдэн зүйлээ авъя гэхэд зайл нүдэнд бүү үзэгдээд бай гээд түлхэж нохойгоо туу туу гээд тавих гэж байсан, нохой нь над руу дайрсан би их айсан, Ц.Ганбаатар нь миний гарнаас татаад зайл гээд хөөж туусан, орсон гарсан хүмүүст бүгдэд нь муулж элдвээр хохь чинь гэж хэлсэн, тэгвэл чи үүнийгээ буцааж аваад мөнгийг нь өгчих гэхээр хохь нь гэж хэлсэн. Миний бие С.Баярмагнай энэ өдрөөс хойш маш хүнд өвдөж бүтэн сар гаран эмчилгээ хийлгэн одоо болтол гүйцэд эдгээгүй санаа зовинон явж байна. Бид эд хөрөнгөө Ц.Ганбаатарт хямд өгч, өгсөн машин тэрэг нь санаанд нийцэхгүй, засаад засвар авахгүй, засуулж өгнө гэсэн амлалтандаа хүрээгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйд гомдолтой байна. 40 000 000 төгрөгийн машин гэдэг бол цэмбэгэр тэрэг байх биз дээ. Тиймээс миний бие С.Баярмагнай нь эдгээр зүйлсээ авмаар байна. Контейнороо авчих юм бол ядаж нэг газар тавьчихаад шил, лааз цуглуулаад хоолны мөнгө хийх байх. Нэхэмжлэлийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Ганбаатартай өөрийн эрхэлж байсан эд хөрөнгө болох Төв аймгийн Борнуур сум, Нарт баг, Өнжин хэсэг 8 дугаар гудамж, 01 тоотоос 04 тоот хаягт байрлалтай 10x5 харьцаатай өвлийн байшин, малчин суух зориулалттай 8x4 харьцаатай өвлийн байшин, 7x8 харьцаатай 2 машины гараж, 20x9, 16x9 харьцаатай 2 өвлийн байшинтай үхрийн ферм, 4x3 харьцаатай өвлийн шувууны байр, 51 толгой үхэр зэргийг Ц.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 170 тоот хаягт байрлах 2 өрөө 30 мкв байрыг 80 000 000 төгрөгөөр, Герман улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн Волксваген Тоурег маркын тээврийн хэрэгслийг 40 000 000 төгрөгөөр тус тус үнэлж арилжааны гэрээ хийж авсан. Тухайн үед С.Баярмагнай миний бие өөрийн өмчлөлийн 3 үхэр, 20 тонны контейнер, ёмкость, орос дуран зэргийг авч амжаагүй, дараа ирээд авъя гээд үлдээсэн. Эд зүйлсээ үлдээснээс хойш нийт 3 удаа авахаар очсон бөгөөд 2019 оны 02 сарын 04-нд өөрийн охин Н.Түвшинжаргалын хамт дээрх эд зүйлсээ авахаар очиход "та нарт юу ч өгөхгүй, хар нохойгоо аваад зайл, таны эд зүйлс хог дээр байна” гэж хэлээд миний эд зүйлсийг өгөөгүй. Ц.Ганбаатарын надад зарсан тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан учраас 5 000 000 төгрөгөөр засвар хийлгэсэн, одоо пирда диск, хэвтээ тэнцүүлэгч, пар, тэнхлэг зэргийг засварлах шаардлагатай байгаа. Шүүхэд нэхэмжилсэн эд зүйлсэд 2019 оны 07 сарын 09-ний өдөр шүүхээс үзлэг хийхэд цэвэр хар тарлан тугал, турба 15 ширхэг, огтлогч, нарны зайны хөл, татлага зэргээс бусад эд хөрөнгө биет байдлаар Ц.Ганбаатарын эзэмшилд байсан. Нэхэмжлэгч С.Баярмагнай  миний бие нэхэмжилж буй эд хөрөнгүүдийг Ц.Ганбаатарт байсан эсэхийг мэдэх боломжгүй байсан учраас биет байдлаар болон байхгүй бол үнэлгээгээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч үзлэг хийсэн учраас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иймд Ц.Ганбаатарт байгаа дараах 23 төрлийн эд зүйлсийг биет байдлаар гаргуулах

1.Хар тарлан эр шүдлэн үхэр, 

2.Хар тарлан охин шүдлэн үхэр,

3.20 тонн контейнер,

4.Орос 2 нүдний дуран,

5.Гэрийн тооноос уядаг 25 кг туухай,

6.Усны шинэ шланк /боодол/,

7.Хадаас тавлагч,

8.Цэргийн майхан,

9.30 литрийн шинэ кастрюл, тагтай 2 ширхэг,

10.Жи мобайл антенн 1 ширхэг,

11.Турба 17 ширхэг,

12.Хаалга 2 ширхэг,

13.Хашааны тор 3 боодол,

14.120 литрийн усны сав 1 ширхэг,

15.40 литрийн бидон 2 ширхэг,

16.Баасны тэрэг 1 ширхэг,

17.220-д залгадаг суурин хөрөө 1 ширхэг,

18.Өвсний сэрээ 1 ширхэг,

19.Тармуур 1 ширхэг,

20.Лоом 1 ширхэг,

21.Хөнгөн цагаан 1.6 тонны ёмкость 1 ширхэг,

22.Орон сууцны усанд ордог ванн 1 ширхэг,

23.Тосон шприц 1 ширхэг,

Дараах эд зүйлсийг Ц.Ганбаатарт үлдээсэн боловч байхгүй байсан тул хөрөнгийн үнэлгээгээр үнэлсэн үнэлгээ 2 998 000 төгрөг гаргуулах

Биет байдлаар байхгүй 5 төрлийн эд хөрөнгө байгаагаас нарны зайны хөлний үнэлгээ байхгүй тул нэхэмжлэхээс татгалзаж үлдэх дараах 4 төрлийн эд хөрөнгө байна.

1.Цэвэр хар тарлан тугал 2 500 000 төгрөг,

2.Турба 15 ширхэг 168 000 төгрөг,

3.Суурин таслагч 280 000 төгрөг,

4.Татлага 1 ком 50 000 төгрөг,

Иймд Төв аймаг, Борнуур сум, Нарт баг, Өнжин гэх газар байрлах Ц.Ганбаатарын эзэмшилд буй эд хөрөнгөөс 23 төрлийн эд зүйлсийг биет байдлаар, биет байдлаар байхгүй нийт 4 төрлийн эд хөрөнгийн үнэлгээ 2 998 000 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, газрын кадастр, малын эм, тарианы мөнгө, машины торгууль, телевизийн төлбөр болох 420 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Баярмагнай нь 12 913 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг албадан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, кадастр, малын эм тарианы үнэ болох 420 000 төгрөгийг гаргуулах тухай дурьджээ. Миний бие 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк хаягт "54 толгой малтай, 3 галуутай, 10 тооны тахиатай, хадлан газар тариалангийн зориулалт бүхий 60 га газартай, 2 га талбайтай өрхийн хэрэгцээний хашаажуулсан өмчлөлийн газартай, 2 байшинтай, контейнертай, пронтер маркийн машин, пад трактор, бойшиг сав, багаж хэрэгслэл болон энэ фермерийн аж ахуйд хэрэглэж байсан бусад хэрэглээний эд зүйлстэй нь иж бүрнээр зарна" гэсэн зарын дагуу тэнд бичсэн 89385757 дугаарын утас руу залгахад Н.Түвшинжаргал гэдэг эмэгтэй хүн утсыг аваад энэ зард тусгасан газар нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Өнжин гэдэг газарт байдаг ба миний аав, ээж тэр аж ахуйг эрхэлж байгаа. Аав ээж маань өндөр настай болж байгаа, бас зээ охиноо сургуульд оруулж харж хандан хот бараадах шаардлагатай байгаа юм гэсэн. Тэгээд би тэр зарах гээд байгаа объект, эд зүйлсийг нь газар дээр нь очиж үзээд, өөрийн амьдарч байсан иж бүрэн Солонгосын оргинал тавилгатай, засвар хийсэн хуучны 30 мкв, одоогоор 58 мкв хэмжээтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололдбайршилтай, 14 дүгээр байрны 170 тоот 2 өрөө байрыг 100 000 000 төгрөгт, Герман улсад үйлдвэрлэгдсэн, анхны үнэ нь 40 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан,  Монгол улсад орж ирээд 5 жил хэрэглэгдсэн, Volkswagen Touareg маркийн машиныг 20 000 000 төгрөгт бодож, фермерийн аж ахуйн объектийг 120 000 000 төгрөгөөр үнэлэн харилцан хоёр талаас тохирч наймаа хийхээр болсон. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 21-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, зарим эд зүйлийг ам хэлцлээр тохирч дээр дурьдагдсан объект эд зүйлс, мал амьтдыг аваад оронд нь өөрийнхөө байр, машиныг шилжүүлэн өгсөн.

Гэтэл бидний хооронд энэ ажиллагаа явагдсанаас хойш 3 сарын дараа С.Баярмагнай та нараас авсан машин чинь засвартай байна гэхэд нь бид 2 талаасаа ярилцаж тохиролцоод пронтер машинаа буцааж аваад зараад манай өгсөн машиныг засуулахаар болсон /энэ үед пронтер машиныг манай нэр дээр шилжүүлээгүй байсан ба өөрсдөө уг машиныг буцааж авах саналыг анх тавьсан юм/ бөгөөд пронтерийг 7 000 000 төгрөгөөр зарна гэж байсан. Мөн С.Баярмагнай гуай 11 сарын дундуур "Манай нөхөр Нараа ах чинь нэг газарт манаач хийх гэж байгаа тэнд тоггүй тул нарны акумлятор /280 000 төгрөг/,110 вольтын хөлдөөгч /620 000 төгрөг/, 120 вт толь /180 000 төгрөг/, пад тракторын шинэ акумлятор 1 ширхэг /300 000 төгрөг/ зэргийг хавар болтол хэрэглэж байгаад эргүүлж өгнө гэж хэлээд авсан боловч одоо болтол эргүүлж өгөөгүй. Уг нь эдгээр зүйл нь манайд зарсан объектод багтаж байсан юм. Мөн Монгол улсын хуульд зааснаар газрыг бусдад шилжүүлсэн хүн нь татвараа өөрөө төлөх ёстой байхад биднээс 10 дугаар сарын 22-нд "453 568 төгрөгийг газрын төлбөрт төлнө, эгчид нь мөнгө алга танайх гаргачих" гэж гуйгаад охин Н.Түвшинжаргалын Хаан банкны данс руу бэлэн бусаар гүйлгээ хийлгэж авсан. Дараа бас 11 сарын 12-нд 5 газрын кадастрын мөнгө, малын эм тарианы мөнгө, DDSH-ний төлбөр гээд 300,000 төгрөгийг бэлнээр авсан. Бас 15 тооны хонь, ямаа нийлсэн бог малыг буцааж авсан. Ингээд манайд анх наймаандаа оролцуулж өгсөн эд зүйлсээсээ 10 000 000 гаруй төгрөгийн эд зүйлийг биднийг гуйж, дарамталж, буцааж авчихаад одоо хуулийн байгууллагаар далайлган дахин 10 000 000 гаруй төгрөг авахаар нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ хүмүүс нь заримдаа саймшраад сайн сайхан залуучуудтай орох орон, унаа тэрэгний наймаа хийлээ, өгсөн авсандаа өлзий болог гээд билэгшээгээд сайхан зан ааш гаргаад байхаар нь бид ч хүн чанар гаргаад машинаа өгч явуулахдаа Volkswagen Touareg машинд шинэ акумлятор аваарай гэж 300 000 төгрөгийг охин Н.Түвшинжаргалын Хаан банкны данс руу бэлэн бусаар гүйлгээ хийж байсан. Энэ байдлаар настай хүмүүс гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандаад байсан чинь улам ахиж даамжраад эрх шилжүүлэх гэрээ хийж шилжүүлсэн 5 газраасаа 14 га талбайтай нэг газрыг буцааж авна гээд хэрүүл хийгээд байхаар нь нэгэнт хийсэн наймаагаа нэг нэгээр нь буцааж авсаар байгааг чинь юу гэж ойлгох вэ гэхэд "сайн дураараа өгөхгүй бол хүчээр авна" гэж заналхийлээд явсны дараа сумын Засаг дарга тэр буцааж авах гээд байсан 14 га газрыг нь манай нэр дээр эзэмшлээр олгохгүй "хурааж авлаа" гэж амаар мэдэгдсэн. Энэ байдлаас үзэхэд С.Баярмагнай гуайд би төлөх ямар ч өр төлбөр байхгүй, харин ч эзэмшил газраа ямар ч асуудалгүй шилжүүлээд өгчихнө гээд 120 000 000 төгрөгөөр үнэлсэн объектдоо оруулж тооцсон 14 га талбайтай газар тариалангийн зориулалттай 1 газар, хадлангийн зориулалттай 5 га газрыг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж өгөөгүй залилан мэхэлсээр байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргах болно. Мөн хэл амаар доромжилсон, заналхийлсэн, нэр хүндийг гутаасан, санаа сэтгэлд дарамт учруулсан, хуурч мэхлэсэн, гэмт үйл ажиллагаанд төрийн эрх бүхий ажилтныг ашиглаж байгаа зэрэг хууль зөрчсөн асуудлуудыг нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ гэж бодож байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуудан гаргасан шаардлага тодруулсан, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн дурьдаад байгаа гаргуулах хөрөнгө нь талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээнд багтсан зүйл байхад өөрөөр хэлбэл фермерийн аж ахуйн бүрдэл хэсэгт багтсан эд зүйлийг гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Нэг. Гаргуулах эд хөрөнгийн хувьд, нэр дурьдсан эд хөрөнгөөс:

1.Гунжин үхэр нь арилжааны гэрээгээр шилжүүлсэн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан, ямар зүстэй үхрийг хэлж байгаа нь ойлгомжгүй

2.Цэвэр хар тарлан тугал нь мөн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан, энэ тугал өнгөрсөн 03 сард үхсэн.

3.Хар тарлан идэшний үхэр нь мөн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан. Идэш болгох байсан бол арилжаа хийх үед салгаж авах боломжтой байхад авч үлдээгүй.

4.Нэхэмжлэлийн 5 дугаарт байгаа нарны зайны хөл, 10 дугаарт байгаа турбанууд, 21 дугаарт байгаа тосон шприц, 22 дугаарт байгаа 50м хэмжээстэй татлага зэрэг нь манайд байхгүй.

5.Бусад эд зүйл нь байгаа, эдгээр нь фермийн иж бүрдэл, арилжааны гэрээнд багтсан зүйлс учир буцааж өгөхгүй.

Хоёр. Төлсөн гэх мөнгөний хувьд:

1.Үл хөдлөхийн татварт төлсөн гэх 182 700 төгрөгийн хувьд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан бөгөөд хэн аль нь үнийн зөрүү гаргаагүй учир татвар төлөөгүй.

2.Кадастрт төлсөн гэх 75 000 төгрөгийн хувьд аль хөрөнгийн кадасртыг хэлж байгаа нь ойлгомжгүй

3.Малын эм тарианы мөнгөний хувьд хариуцагч нэхэмжлэгчээс эм тариа авч, хийж өгөхийг хүсээгүй

4.Машины торгууль нь хэзээ хариуцагчийн эзэмшилд ямар машин байх үед гаргасан ямар зөрчилд ногдуулсан торгууль болох нь тодорхойгүй

5.Телевизорын төлбөр нь хэзээнээс хэзээ хүртэлх хугацааны ямар дугаартай төхөөрөмжийнх болох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар С.Баярмагнайн нэхэмжлэлтэй Ц.Ганбаатарт холбогдох “23 төрлийн эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах, биет байдлаар байхгүй 4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2 998 000 төгрөг /цэвэр хар тарлан тугал 2 500 000 төгрөг, труба 15 ширхэг 168 000 төгрөг, суурин таслагч 280 000 төгрөг, татлага 1 ком 50 000 төгрөг/ гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын үнэ 182 000 төгрөг, газрын кадастрын үнэ 75 000 төгрөг, малын эм, тарианы үнэ 117 000 төгрөг, машины торгууль 25 000 төгрөг, DDSH TV-ийн төлбөр 20 000 төгрөг нийт 420 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 615 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.19-ний өдрийн 00946 тоот шийдвэрийг нэхэмжпэгч С.Баярмагнай эс зөвшөөрч доорх үндэслзлээр давж заалдаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд 2018.09.21-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулжээ. Гэрээний талууд нэр бүхий эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлж арилжааны гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон буюу зохигчдын хооронд хуульд заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна гэж дүгнэсэн. Талууд маргааны зүйлийн талаар уг гэрээнд огт тусгаагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгөтэй огт холбогдолгүй.

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Харилцан бие биенийхээ өмчлөлд шилжүүлээгүй, /гэрээнд тусгагдаагүй/ тул 23-н төрлийн эд хөрөнгө, биет байдлаар байхгүй 4-н төрлийн эд хөрөнгийн үнэ 2 998 000 төгрөг, мөн 420 000 төгрөг гаргуулах

гэжээ.

Харин хариуцагч татгалзалаа тухайн нэхэмжилсэн эд хөрөнгийг арилжааны гэрээнд тусгагдаагүй боловч аман хэлцлээр тохирч харилцан өмчлөлдөө шилжүүлснээс гадна нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэггүй боловч энэ үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүулээгүй байна гэж. Тухайлбал: хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулаагүй, хөрөнгийн үнэлгээний тайлан ирүүлээгүй, хариуцагч тал нэхэмжилж буй эд хөрөнгийг арилжааны гэрээнд тусгаагүй ч аман хэлцэл  хийж тохирсон гэж тайлбар гаргасан гэж. зөвхөн хариуцагч талын тайлбарт үндэслэн хуульд хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохирсон бол хэлцэл хийсэн гэж үзэхээр заажээ.  Талуудыг   амаар хэлэлцэн тохирсон байдлаар хариуцагчийн үгэнд хэт их хөтлөгдөж аман гэрээ байгуулсан гэж шүүхээс дүгнэлт өгсөнийг хүлээн зөвшөөрөхгуй байна.

Шүүх Иргэний хуулийн 106.1 дэх үндэслзлээ шаардсан заалтыг үүргийн эрх зүйн шаардах эрх бус, харин гэрээний бус үүрэг буюу дундын өмчөөс үүсэх үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үндэслэлгүй хөрөнгөжих, зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарахаар байна.

Зохигчидын хооронд маргаан үүссэн шалтгааныг газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсэн гэрээнээс үудэлтэй гзж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагад энэ тухай дурьдаагүй, хэрэгт авагдсан газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлсэн гэрээ /хх-20-25/ хуульд заасан нотлох баримтыг шаардлага хангахгүй байгаа гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний эрх зүйи хамгаалалт нь зерчигдсөн эрхийг сэргээх зорилготой,

№ИХШХШ тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.11 хэсэг, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал. 65.2. эсхүл түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө гэсэн заалтыг удирдлага болгон шүүхээс нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, дахин гаргах, нотлох баримт өгөх, гаргах боломж олгох үүднээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан.

Хэрвээ шүүхээс бидний хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол арилжаагаар арилжих хөрөнгийн унийг талууд 120,000,000 төгрөг гэж тохиролцсон.Энэ үнэ дзэр талуудын хэн аль нэг нь маргаагүй. Гэтзл Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 1 дэх заалтаар: Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрвнгийн үнэ тэнцүү биш бол үнийн зөрүүг менгөөр тооцож болно гэж хуульчилсан байна. Энэ заалтаар ч нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөх боломж бий. Гэтэл шүүх энэ маргааны талаар нзхэмжлэгчийг дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгосонд маш их гомдолтой байна. Нэхэмжпэгч би хариуцагчид ямар хзмжээний ямар ямар эд хөоенгө өгсөн талаар давж заалдзх шатны шүүхэд дэлгэрэнгүй бичихэд:

1. 49 га газар тариалангийн газар 49,000,000 тегрөгөөр

2. 11 га хадлангийн газраа зүгээр өгсөн.

3. 51 үхрээ 51,000,000 төгрөгөөр,

4. Үхрийн фермийн хоёр байшин нэг 20х9 харьцаатай, нөгөө нь 16x9-ийн хэмжээтэй тус бүрдээ адилхан мөртлөө нэгийг нь палкаар нөгөө нь болокоор, палкаар барьсан байшингаа гадна талаар нь темерлөсөн, болокоор барьсан байшингаа хар модоор доторлосон. 2 га газартаа фермийн гадуур хойд талаараа хар модон банзаар хашаа урд талаар нь тор хийсэн,

5. Ферм байгаа газар нь 2 га талбайг хамарч байгаа энэ нь дээрх 49 га газарт орсогүй. Мөн мөнгөөр үнэлээгүй.

6. Хүн суух зориулалттай өвлийн байшин 2 нэг нь 8х4-ийн хзмжээтэй тоосгон төмөр дээвэртэй, нөгөөдөх нь 10x5 хэмжээтэй тоосгон,

7. Хоёр машины гарж тус тусдаа хаалгатай хзмжэз нь 6x5

8. 5 тн-ийн нүхэн зоорь дээрээ хаалгатай.

9. 3x4 хэмжээтэй болокоор барьж доторлосон төмөр дээвэртэй өвлийн шувууны байр

10. 6x4 харьцаатай шувууны байрыг битүү тороор торлож нарлагаа хийсэн.

11. Дарш шаар хийх зориулалттай 9-тн-ийи нүх цутгаж хийсэн. /Цементээр /

12. Хадуур тармууртай 4-н дугуй нь шинэ бүх запас сэлбэгтэй нь

13. Хоёр үхэр зэрэг саадаг шинэ саалтуур запас сэлбэгтэйгээ эдгээр эд зүйлээ фермийн дагалдах эд зүйлд өгсөн үнэ нь 50,000,000 төгрөгөнд бодоод хоорондоо тохирсон 120,000,000 төгрөгөнд дээрх эд зүйлүүдийг өгсөн.

Харин доорх эд зүйлүүдийг бэлэглэсэн. Энэ нь шүүх хурлын тэмдэглэлд дурьдагдсан байна. Тодруулбал: Газар дээр нь шүүхээс үзлэг хийх явцад нэхэмжлэгч зарим эд зүйлийг бэлэглэсэн гэдэг мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Арилжааны гэрээний асуудлаас үүссэн маргаан юм уу? бэлэглэгчээ гомдоосноос үүссэн маргаан юм уу, эсвэл хадгалалтаас үүдсэн маргаан юм уу? ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага тодорхойгүй байна гэж хэлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд өгсөн хариу тайлбартаа ч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байна гэдгээ бас бичсэн байдаг.

Нэг. Нэхэмжлэгчээс бэлэглэсэн зүйлүүд

  1. 40 л битон 5 ширхэг, үүнээс 3-н шинэ
  2. 2. Коструль 10л, 50л орлог тус бүр нэг нэг
  3. Цэвэр усны сав 66л- 4 ширхэг
  4.  120 литер усны сав 2 ширхэг
  5. DDISH ТV-гийн антен, хүлээн авагч төхөөрөмж болон шинэ телевизор
  6. Мод хөрөөддөг хөрөө 1 ширхэг бензинээр ажилладаг шинэ
  7. Өвсний сэрэээ 9-н ширхэг
  8. Тармуур 4 ширхэг
  9. Лоом 4 ширхэг
  10. Сүх 2 ширхэг
  11. Хувин 10 ширхэг
  12. Шанага 6 ширхэг, аяга халбага, халуун сав 2 ширхэг
  13. Шинэ тоос сорогч 1 ширхэг
  14. Хөлдөөгч 2 ширхэг 250 летр, 300л-ын багтаамжтай
  15. Гэрлийн хөргөгч 1 ширхэг
  16. Лисва плетик 1 ширхэг
  17. Хадуур тармуурын ир 3 ширхэг
  18. 2500 юанаар аюсан унадаг дугуй цэнэглэдэг
  19.  Арван таван хонь ямаа 5 эм ямаа, 10 эм хонь өгсөн. Энэ бэлгээ буцаагаад авахдаа 5 эм хонь, 2 эм ямаа дутуу авсан. Эдгээрийг идсэн гэж хэлсэн.
  20. Би Жинсүүж гэх хүний 6 га талбайг түрээслэн өөрөөсөө 3 900 000 төгрөгийн

зардал гаргаж байж ногоон тэжээл тарьсан. Эд нарыг ирэхэд би энэ тэжээлээ хурааж байсан. Энэ тэжээлээ өөрийн малаа үлдээсэн учир өгсөн.

  1. Мөн би Зүүн-хараагаас Цэнгэл гэдэг будаа тарьдаг залуугаас хоёр тн будааг

2019 оны 09 сарын эхээр 900 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр будаагаа тэр чигээр нь мөн өгсөн.

  1. Фермерийн хашаан дотроо 40 сот газарт манжин тарьсан. Үүнийг тарихад

надаас 500 000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг би мөн орхисон.

  1. Бүх үхэрт хээлтүүлэг зохиомлоор зархаасаа өмнө хийж өгсөн. Нэг үхэр 25

000-30 000 төгрөгөөр бодож

            Одоогийн нэхэмжлээд байгаа дараа ирж авна гэж үлдээсэн зүйлүүд

1. Гунжин үхэр /Энэ намайг сүүлд шүүхээс үзлэг хийх гэж очиход тугалсан байсан/

2. Цэвэр хар тарлан тугал / Сүү хувьцаат компаниас надад бэлэглэсэн/

З. Хар тарлан идэшний үхэр /Өвөл идшинд хнрэглэх гэж үлднэсэн/

4. 20 тн-ий контейнер

5. Opop хоёр нүдний дуран нарны зайны хөл

6. Гэрийн тооноос уядаг 25 кг туухай

7. Усны шинэ шланк боодолтойгоо хадаас тавлагч

8. Цэргийн майхан 4,5x3,5, 30 л шинэ кастрюл тагтай 2 ширхэг

9. Жи мобайл антен

10. Турба 32 ширхэг 2,5 м уртгай

11. Хашааны тор 4 боодол

12. Хаалга темер 2 ширхэг

13. 120л усны сав 2 ширхэг

14. 40 л битон 2 ширхэг мөөгөн толгойтой

15. Шинэ баасны тэрэг

16. Төмөр огтлогч 220-д залгадаг суурин хөрөө

17. Өвсний сэрээ 1 ширхэг

18. Суурин таслагч

19.Тармуур 1 ширхэг

20. Лоом 1 ширхэг

21. Хөнгөн цагаан 1,6 тн-ийн ёмкость

22. Орон сууцны усанд ордог ванн

23. Тосон шприз

24. 50 метр хэмжээтэй татлага.

Эдгээр зүйлээ дараа ирж авна гэж үлдээсэн. Иймд их үхэр малтай байж өвөл хилийн мах авч иднэ гэж хот орохгүй нь хэнд ч ойлгомжтой. Энэ үед би ногоон тэжээл тариад хүйтрэхээс өмнө түүнийгээ арчлан хурааж авах гээд хамаг анхаарал түүнд чиглэсэн байсан. Цас бороо хольж ороод налж унаад байсан. Идэш идэхэд араы эрт байсан учир тухайн үед хийгээгүй сүрэгт нь орхисон. Би 2018 оны 09 сарын 23-ны нүүсэн нүүхдээ гэрээ 61-ийн гарам дээр байдаг барилга барьж байсан дүүдээ гэрээ түр бариулахаар өгсөн. Энэ хүн өөрийнхөө пронтер машинтай ирж гэрийг ачиж явсан. Би эдний өгсөн жижиг тэргэнд ойр зуурын багтах юм аа авч явсан. Үүнийг гэрч Ганцэцэг үнэн хэлсэн байна. Дараа нь Ганбаатар би уул нь танай юмнуудыг өгье гэж бодчон чинь охин чинь надтай хэрэлдээд салаавч өгөөд байсан тэгэхээр нь өгөхөө больсон гэж шүүхээс үзлэг хийхэд шүүгчийн дэргэд хэлсэн. Дээрх эд зүйлийг шүүхээс үзлэг хийхэд бараг бүх зүйл байсан. Харин татлага, огтлогч, нарны зайны хөл, цэвэр хар тарлан эр тугал зэрэг зүйлүүд байхгүй байсан. Тугалын үхсэн он сарыг шүүхээс үзлэг хийх гээд очиход Ганбаатар нь 10 сард  үхсэн. Сарангэрэл нь шүүхэд өгсөн тайбартаа 3-н сард үхсэн, Малын эмч болохоор 12 сард гэдэс нь дүүрээд 2 удаа очиж эмчлээд зүгээр болсон гэж хэлсэн. Надыг 11 сарын 12-нд ирэхэд зүгээр байсан. Малын тооноор үхсэн малаас хасагдаагүй байсан. Цэвэр хар тарлан үйлдэрийн тугал учраас үнэтэй зарсан гэж үзэж байна.

Хариуцагч тал эдгээр зуйлүүдийг фермийн иж бүрдэлд хүлээн авсан гэдэг боловч шүүхээс үзлэг хийхэд зарим эд зүйлийг хаана байгааг нь мэдэхгүй байсан. Тэдгээр нь яг миний тавьсан орхисон газарт байсан. Шүүх хурлын тэмдэглэлд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: шүүхээс үзлэг хийхэд зарим зүйлүүдийг хаана байгаа мь мэдэгдэхгүй байсан мэдэхгүй байсан зүйлд нь миний санаж байгаагаар тармуур болон түрбо гэх зүйлүүдийг мэдэхгүй байсан, ижил төстэй таслагч, хөрөв гзх зүйлүүдийг үзлэг хийснээр нэхэмжлэгч миний эд зүйл гэж тодорхойлсон байдаг. Хариуцагчийн мэдэхгүй байж байгаад гарч ирсэн зүйлүүд бол С.Баярмагнайгийн эд зүйлүүд байж болно гэж зөвшөөрсөн мэдүүлэг нь бичигдсэн байна. Мөн нэхэмжлэгчийн 3-н удаа ирсэн гадгийг хүлээн зөвшөөрдөг. Хүнд бүх эд хөрөнгөө арилжаалсан бол юу гэж буцаад 3-н удаа эргэж буцаж наймаа хийсэн хүн дээрээ очоод байх вэ? дээ. Очсон талаар rap утсандаа тэмдэглэж шүүхээр үзлэг хийлгэсэнн байгаа. Энэ байдлаас эд зүйлийг фермийн дагалдах эд зүйлд тооцон  хүлээн авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Мөн эд зүйлийг буцаан өгөх гэсэн боловч танай зарим газрыг Засаг дарга хураан авсан, та Засаг даргатайгаа нийлж авсан   учир өгөхгүй гэж бидний хооронд маргаан үүссэн. Энэ байдлуудаас манайх  дараа авна гэж орхисон, эд зүйлээ авахаар очсон, хариуцагч эд зүйлийн дагалдах зүйлд тооцож аваагүй гэдэг нь тодорхой болж байгаа. Мөн хариуцагч тайлбартаа ферм иж бүрдлийн хамт зарна гэсэн зарлал байсан гэдэг. Гэтэл нзхэмжлэгчийн нотлох баримтаар хэрэгт өгсөн зараас харахад үхрийн ферм зарна гэж зар байгаа болохоос иж бүрдлийн хамт зарна гэж шүүхэд өгсөн нотлох баримтаас харагдахгүй байна.

Хариуцагч Ганбаатарын гаргасан тайлбар бүгд худал Ганбаатар нь 2018 оны 11-р сард нөхөр бид хоёрыг би Солонгос явна виз гарсан хэд хоног мал маллаад өгөөчээ би та хоёрыг гомдоохгүй цалин мөнгийг нь өгнө гээд 15 хоног ажиллуулсан. Тэр ажиллуулсаны хөлс гэж 300,000 өгсөн болохоос ДДШ-ийн төлбөр эм тарианы мөнгө гэж 300,000 өгөөгүй. Би гэртээ байсан эд зүйлээ авч явсныг надад өгсөн зүйлээ буцаагаад аваад өгөөгүй, 15 тооны хонь ямаагаа буцааж авсан, миний охины нэр дээр түүний ззэмшлийн пронтер машиныг түр хэрэглэж байснаа өөрт нь өгсөн болгож, мөн машины эвдрэлд тооцож өгсөн чинь надыг буцааж өгөөгүй мэтээр намайг гүтгэсэн байна.

Үхрийн хувьд шүүхээс үзлэг хийхэд миний зүслээд үлдээсэн үхэр энэ байна гээд намайг заахад шүүгчийн дэргэд Ганбаатар толгой дохиод зогсож байсан. Үлдээсэн 3-н үхрийн хувьд нэгийг нь саалиндаа, нэгийг нь өвлийн идшинд, нөгөах нь миний шагналын үхэр байсан юм. Шүүхээс эвлэрэх боломжтой юу? гэхэд 4-н зүйл л дутуу байна. Бусад нь байна. Та ав гэсэн. Сүүлд шүүхээс үзлэг хийхэд эвлэрч болно харин 20 тн-ийн кантенер, 1,6 тн-ийн ёнкось хоёрыг өгөхгүй гэсэн учир эвлэрээгүй.

Хоёр дахь шаардлагын хувьд эрх шилжүүлэхтэй холбоотой татвар нийт 1 272 137 төгрөг болсон. Үүнийг Ганбаатар эхлээд та төлчих дараа нь би төлнө гэхээр би төлсөн. Энэ тохиролцооны дагуу Ганбаатар дээрх мөнгөнөөс манай охины данс руу 453 900 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 182 700 төгрөгийг дараа өгнө гэсэн. Иймд бид өөрийнх нь зөвшөөрсөн мөн хагасыг төлсөн мөнгөний үлдэгдэл болох 182 700 төгрөгийг нэхэмжилсэн. Түүнээс үндэслэлгүй юм нэхэмжлээгүй.

75 000 төгрөгний хувьд Ганбаатарын нэр дээр кадастр шилжихэд нэг кадастраас 15 000 болж намайг төлчих би дараа өгнө гэсэн. Малын эм тарианы хувьд 117 000 тариа эм зардаг хамгийн сайн газраас өөрсдийнх нь хүсэлтээр авч ирж өөрөө бүх үхэрт нь тарьж өгсөн. 117 000 төгрөгний баримтыг нь ч мөн өгсөн. Харин эдгээр мөнгөний баримтыг шүүхэд манай өмгөөлөгч өг гэж хэлээгүй учир өгч чадаагүй байсан. Машины торгуулийн хувьд танай портерыг өөрийн машиныг засвараас гараад ирэх хүртэл түр унаж малдаа явж байгаад өгье гэсэн. Энэ хугацаандаа буюу 2018.10.18-ны өдөр 25 000 төгрөгөөр торгууль бичигдэж энэ мөнгийг би охиндоо өгсөн. Телевзерын төлбөрийн хувьд намайг 11-р сард түр мал маллахаар очиход нэг суваг гарч байсан. Тэгээд би мөнгийг нь охин руугаа шилжүүлж хоёр сарын төлбөр болох 20,000 төгрөгийг төлсөн. Эдгээр нотлох баримтуудыг дахин өгөх боломж олгохгүйгээр шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би ийм их эд зүйл өгчихөэд байхад Ганбаатар нь 120 000 000 төгрөгөнд надад хотын Баянзүрх дүүрэгт байрлах 2 өрөө 30 мкв байрыг 80 000 000 /31-н жил болсон байр хуучин/ 2004 оны Voikswong Toureg машиныг 20 000 000 сая-д өгсөн. Машинаа 100 000 000 гэж хэлж байгаа. Өөр зүйл өгөөгүй. Машин нь их эвдрэлтэй байсан учир авснаасаа 1 сарын дараа өөрт нь хэлсэн. Энэ машиныг зах дээр зарах гэхэд 8 000 000 - 9 000 000 үнэ хүрч байсан. Бид авснаасаа хойш 5 000 000 төгрөгөөр засуулсан. Энэ машинд юу юу авч тавьсан эвдэрсэн талаар анхан шатны шүүхийн тэмдэглэлд маш тодорхой бичсэн байгаа. Мөн засвар хийлгэсэн зарим баримтаа ч өгсөн.

Байшингийн хувьд засвар хийсэн тавилгатай байшин өгсөн гэж бас худал бичсэн байна. Засвар хийгээгүй бид өөрсдөө засвар хийсэн. Бүрэн тавилга гэдэг нь худлаа нэг тогооны хуучин шүүгээ, хуучин хувцасны шкаф хоёр байсан. Байшингийн үнэлгээ нь 8 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Машин нь 10 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Ер нь бид намар болж сэрүүн орж авсан байраа засаж янзлах, тухайн үед зарим авч явах зүйлийг ачиж явах унаа тэрэг байхгүй байсан тул дараа авахаар зарим зүйлээ итгээд орхчож явсан. Тэр газрын хумүүст надыг манай хамаатан эгчийн хүүхэд гэж та хэлээрэй тэгэхгүй бол намайг танихгүй улсууд миний малыг хулгай хийнэ. Тийм учраас гэрч Ганцэцэгт эгч нь одоо нүүлээ манай фермийг эгчийн хамаатан авч байгаа гэж хэлсэн болохоос бүх зүйлээ худалдсан гэж хэлээгүй. Буцаагаад авах гээд орхисон зүйлүүдээ өөр айлд тавьж болох байсан боловч би Ганбаатарт маш их итгэсэн. Би хүмүүст манай эгчийн хүүхэд, манай хамаатан байгаа юм гээд хэлчихсэн учир санаа зовсон. Мөн гэртээ хэрэглэж байсан 2 шинэ хивсээ үлдээсэн. Бурханыхаа эд зүйлийг, мөн хоёр тортой ойр зурын хэрэглэх ахуйн эд зүйлээ орхисон гэтэл эдгээр зүйлийг хаячихсан гээд өгөөгүй. Настай хүмүүсийг элэг барин далимдуулан одоо болохоор миний бэлэглэсэн, дараа авахаар дараа авахаар орхисон эд зүйлүудийг фермийн иж бурдэлд авсан юм шиг худал хэлж миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж өөрсдөө болохоор 120 000 000 төгрөгөнд хоёр хуучин зүйл өндөр үнээр өгсөн. Хариуцагч   талын хүсэлтээр мэдүүлэг өгсөн Отгонбаяр гэрч арилжаөны гэрээгээр юу юу солилцсон гэдгийг та мэдэх үү гэж асуухад: Тэрээр мэдэж байна. 2 өрөө байр, машинтайгаа егсөн. 50 гаруй тооны үхэр солилцсон байхаа гэсэн болохоос бэлэглэсэн, орхисон эд зүйлүүдийн болон маргаж байгаа зүйлүүдийн талаар арилжсан гэсэн уг огт хэлээгүй байна.

Иймд бид арилжааны гэрээгээр харилцан тохиролцож  120 000 000 төгрөгөнд эд зүйлээ өгч, харилцан солилцож байгаа хөренгийн үнэ хэт их, тэнцүү биш байгаа байдлыг харгалзан эд хөрөнгийн үнийн зөрүүг мөнгөөр буюу эд хөрөнгөөр тооцож гаргуулах, буцааж шаардах, нэхэмжлэл гаргах, мөн бэлэглэгчийг гомдоосон тул бэлэглэсэн зүйлээ буцаан авах, надад гэм хор учирсан бусад зардал гаргасан зүйлийг нэхэмжлэх, нотлох баримт гаргах боломж олгох үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчөөр С.Сувдмааг оролцуулах хүсэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөв хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, үндэслэлийг зөв тодорхойлох ажиллагаа хийхгүйгээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Баярмагнай хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулан 24 төрлийн нэр бүхий эд зүйлийг биетээр нь, боломжгүй бол үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид дараа ирж авна гэж зарим эд зүйлээ үлдээгээд явсан гэх үндэслэлээр 24 нэр төрлийн эд зүйлийг биетээр нь, байхгүй бол үнэ 15 741 000 төгрөг, зардал 420 000 төгрөгийн хамт  гаргуулахаар  нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч дээрх эд зүйлсийг зохигчдын хооронд хийсэн арилжааны хэлцлийн зүйлд хармааралгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь арилжааны гэрээний зүйл болж байгаа буюу тухайн хэлцлээр шилжүүлсэн фермерийн аж ахуйн дагалдах зүйл болж байгаа хөрөнгө гэж  маргажээ.

Дээрх мэтгэлцээнээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодорхой ажиллагаа хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар үүсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөхдөө тухайн зохицуулалтыг буруу тайлбарлаж, “Иргэний хуулийн 106.1. дэх хэсгийн заалт нь үүргийн эрх зүйн шаардах эрх бус, харин гэрээний бус үүргийн буюу дундын өмчөөс үүсэх үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарахаар байна” гэжээ.

Шүүх үүргийн эрх зүйг гэрээний болон гэрээний бус үүргийн эрх зүй гэж ангилдаг Иргэний эрх зүйн онолын ойлголтод төөрөгдсөнөөс гадна эд юмсын эрх зүйн буюу өмчлөгчийн шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсгийн заалтыг үүргийн эрх зүйн шаардах эрх биш гэж үгүйсгэсэн атлаа  гэрээний бус үүргийн шаардах эрхэд буюу дундын өмчөөс үүсэх үүрэг, хуулийн дагуу үүсэх үүрэг, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцааны шаардах эрх үзсэн нь хууль зүйн логикийн хувьд зөрчилтэй болохын зэрэгцээ Иргэний хуулийг хууль зүйн үндэслэлгүй буруу тайлбарласан алдаа гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 106.1. дэх хэсэгт заасны дагуу үүсэхээр дүгнэсэн атлаа арилжааны гэрээний Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1. дэх хэсгийн заалтаар зохигчдын хооронд үүссэн эрх маргааныг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хуульд нийцүүлэн зөв тодорхойлоогүйгээс зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, улмаар тухайн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгон зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримт болон хэргийн нөхцөл байдал бодитой тогтоогдоогүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс анхан шатын шүүхийн алдааг залруулах боломжгүй болно.

Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тул дахин шийдвэрлүүлэхээр буцаах  талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1.-д  заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2019/00946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч С.Баярмагнай давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 615 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар  нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдсугай.  

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

 ШҮҮГЧИД                                                               Г.БОЛОРМАА

 

                                                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР