Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2018/00616

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00217/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Ч.Б /РД: ..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, өөрийн байранд байрлах “ДДС” ТӨХК /Утас: .../-д холбогдох

 

“Ажиллаагүй хугацааны цалин хөлс 30,539,750 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “...Намайг “ДДС” ТӨХК-ний захирлын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилсон тул ажиллаагүй хугацааны цалин хөлс 30,539,750 төгрөг гаргуулах, мөн Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ч.Б нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж байна. Цалин хөлсийг тооцоолохдоо сарын дундаж цалин хөлс тодорхойлох сайдаас баталсан журмын дагуу сүүлийн 3 сарын цалинг нэмээд 3 хувааж дундаж цалинг гаргаж байна. Ажлын 22 өдрөөр тооцож ажлын нэг өдрийн цалин 122,159 төгрөгийн цалинтай гэж гарсан. Нэг өдрийн ажлын хөлсийг ажилгүй байсан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр  хүртэл 179 хоногоор тооцоод үүнийг нэг өдрийн цалингаар үржүүлээд 21,867,000 нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт зэргийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Ч.Б нь ДДС ТӨХК-нд дэд захирал болон ерөнхий инженерээр ажиллаж байгаад ДДС ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнд: Ажилд эргүүлэн тогтоолгох, цалин 2,950,000 төгрөг, үр дүнгийн урамшуулал авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Учир нь нотлох баримт хангалтгүй байна гэсэн. Хариуцагч талын гомдлоор давж заалдаад давж заалдах магадлалаар өөрчлөлт оруулж 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 зааснаар 32 тоот тушаалыг хүчингүй болгож, ДДС ТӨХК-ны захирлын тушаалыг хүчингүй болгосугай гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагч талын гомдлоор хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Б нь ажилдаа эргэж оръё гэж хэд хэдэн удаа очсон боловч аваагүй. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр захирлын тушаалаар эргүүлэн ажилд нь томилсон байдаг. Иймд ажилгүй байсан 179 хоногийн цалин хөлсийг авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Ч.Б гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ажиллаагүй хугацааны цалин хөлс 30,539,750 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Нэхэмжлэгч Ч.Б нь ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2,950,000 төгрөг, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах эрхгүй бөгөөд энэ талаар дээр дурдсанчлан 3 шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр байгаа болно. Иймд нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр байхад энэ талаар дахин маргаж нэхэмжлэл гарган цалин хөлс шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа мөн нэхэмжлэгч Ч.Б нэхэмжилж байгаа ажиллаагүй хугацааны цалин хөлс 30,539,750 төгрөгийг ямар ямар нотлох баримтуудыг үндэслэн тооцож гаргасан нь тодорхойгүй, хэдий хугацааны үеийн цалин хөлс эсэх нь тусгагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс 2018 оны 02 сарын 13-ны өдөр ДДС ТӨХК-нд захирал Гантуулд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хариуцагчийн оршин байгаа газар нэр хаягийг тодорхой тусгана гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байсан, энэ нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хариуцагчийг зөв сонгоогүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот захирлын тушаалаар ажлаас халсан байдаг. Энэ тогтоолыг Ч.Б эс зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, үр дүнгийн урамшуулал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд 55 дугаартай шийдвэр гаргасан байдаг. Угтаа ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх ёстой. Дээрх шаардлагуудаас 3 шаардлагыг хуульд зааснаар нотлох үүргийг Ч.Б хэрэгжүүлсэн боловч нотолж чадаагүй, одоо гаргаж байгаа шаардлагыг шүүх ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2 –т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 55 дугаар шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл ажлаас халагдсан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд гомдол гарган хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 0007 дугаартай тогтоол гаргасан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх шаардах эрх үүсээгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс хараад байна. Эрх үүсээгүй гэдгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй гэдгийг хяналтын шатны болон дээд шүүхийн шийдвэрээр тогтоож байсан байгаа юм. Цалин хөлс нэхэмжилсэн нь буруу гэх талаар шүүх ямар нэгэн дүгнэлт гаргаагүй, шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй гэж тайлбарладаг. Тэгвэл 55 дугаартай шийдвэр өөрөө 115.1.1, 115.2.2, 116, 128 дугаар зүйлийг удирдлага болгон 69.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. 115.1.1 гэсэн нь юу гэсэн үг гэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдэгдсэн гэдгийг үндэслэсэн, 115.2.2 үндэслэлгүй гэж шийдсэн шийдвэр байгаа юм. Ийм тус шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж байгааг нь гайхаж байна. Тэр байтугай өмнөх шүүхийн шийдвэр үндэслэн ажилдаа эргэж орсон байгаа юм. 118 дугаар зүйлийг үндэслэл болгосон шүүх дүгнэлтээ хийсэн байхад шүүхээс дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. 118.5 бол хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн асуулга юм. ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.3 зааснаар зохигч түүний төлөөлөгч өмгөөлөгч гэм буруугийн асуудал яригдаж байгаа учир гэм буруу байхгүй гэж үзэж байна. 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул өмнө гарсан шийдвэрээр цалин хөлс болон бусад 2 шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хэрвээ  шаардах эрх үүссэн гэж үзвэл ажлын 24 хоног юм. Дундаж цалин хөлсийг яаж тодорхойлох вэ гэхээр НХХСайдын тушаалаар сүүлийн 3 сарын хөлсийг тухайн сард нь хувааж гаргана гэж байгаа юм. Б 2,178,400, 12 сард 2,242,000, нийлбэр 6,645,000, сарын 2,284,800 төгрөг нэг өдөр 100,990 төгрөг болж байна. Энэ бол бохир дүн, нэхэмжлэгчээс нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан тул нийлбэр дүнг цэвэр дүнгээр тооцоод 1,730,132 төгрөг өдрийнх нь 22 хоногт хувааж тооцно. Хавтаст хэрэгт 02 сарын 13-наас хойш ажиллаагүй байхыг ойлгож байгаа юм. Гэтэл 3 сард бүр өндөр цалин авсан байгаа юм. Тэгээд нэг сарын нэг өдрийн цалин 12 сарын 26-наас ажлын 22 хоногт хуваахаар гарах боломжтой юм. 24 хоногоор үржүүлэхээр 2,142,000 төгрөг болж байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2015 оны 55 дугаар тушаалд зааснаар тодорхойлох журмаар давхардал үүсэх гээд байх тул тодорхойлолт гаргаж өгөөгүй байгаа юм. Үүнийг нэхэмжлэгч тал гаргах боломжтой эсвэл шүүхээр гаргуулах боломжтой байсан боловч одоог хүртэл гаргаагүй байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар маргах эрхгүй. Нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байгаа нь шаардах эрх үүсээгүй нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлттэй байна. Тогтоол хүчин төгөлдөр болсноор ажилд 1 дүгээр сарын 26-нд ажилд орсон байгаа юм. Ажилд орсон нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Сайн дурын даатгал хийлгэсэн байгаа нь даатгалын давхардал үүсээд байгаа юм. Хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт гаргаж өгөх ёстой байгаа юм. Нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авсан байх магадлалтай байгаа.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч “ДДС” ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 30 539 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагаа ... 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 553 дугаар шийдвэрээр дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажилд томилох тухай тушаал гарсан тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна... гэж тодорхойлж байгаа, хариуцагчийн төлөөлөгч ...Нэхэмжлэгч Ч.Б 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 553 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2 950 000 төгрөг, үр дүнгийн шагнал 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байгаа.

Нэхэмжлэгч Ч.Б нь ДДС ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай” 32 тоот тушаалаар дэд захирал, ерөнхий инженерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн  ажилтан бөгөөд түүний Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар   зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа мөн хуулийн 9.4.4-  учруулсан хохирлыг арилгуулах, 9.4.7 бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох байдлаар иргэний эрх зүйн хамгаалалтаа тодорхойлон хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахдаа 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаалыг хүчингүй болгон, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлж, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагналыг бүрнээр, ажил эрхлэх боломжгүй болсон хугацааны цалин олговруудыг буруутай этгээдээр төлүүлэн  гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан байна.

Дээрх 4 шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх  хуралдаанаар хянан хэлэлцээд Ч.Б-ийг ДДС ТӨХК-ийн дэд захирал, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлж, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4 000 000 төгрөг, ажил эрхлэх боломжгүй болсон хугацааны цалин олговор 2 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 553 тоот шийдвэр гарсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад тогтоол гаргасан бол гэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэснээр Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/хт2018/00007 тогтоол гарснаар ажил олгогч ДДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/24 тоот “Ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар ажилтан Ч.Б-ийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс Дэд захирал, ерөнхий инженерийн ажилд томилж ажиллуулахаар  болжээ.

Дээрх үйл явдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэснээр дахин нэхэмжлэлийн  шаардлага гаргахгүй гэж хуульчилсан хэдий ч хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлж, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагналыг бүрнээр, ажил эрхлэх боломжгүй болсон хугацааны цалин олговруудыг буруутай этгээдээр төлүүлэн гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байхад дахиж нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэр гаран, ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарах хүртэлхи хугацааны цалин болон 2017 оны 02 дугаар сарын 13-наас шүүхийн шийдвэр гарах хүртэлхи цалин гэж   нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, энэ талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тодотгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ...2017 оны  05 дугаар сарын 16-наас 2018 оны 01 дүгээр сарын 29 хүртэл ажлын 179 хоног, сүүлийн 3 сарын цалингийн нийлбэрээр нэг хоногт тооцох цалин 122 159 төгрөг нийт 21 867 000 төгрөг нэхэмжилж байгаа гэж багасгасан байна.

Дээрх үйл явдлаас үзвэл нэхэмжлэгч Ч.Б ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаал гарсан өдрөөс шүүхийн хүчин төгөлдөр болсон 553 тоот шүүхийн шийдвэр гарах хүртэлхи хугацааны цалинг давхцуулан нэхэмжлээгүй нь тодорхой болсон.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул нэхэмжлэгч Ч.Б нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон ажилтан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэснээр шүүхийн   шийдвэр хүчин төгөлдөр болсон, түүнийг ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн тушаал гарсан өдөр хүртэл ажлын 178 хоног, 1 өдөрт тооцох цалин 122,159 төгрөг нийт 21 744 300 төгрөгийг ажил олгогч хариуцагч ДДС ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1  Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэснээр түүний ажилгүй байсан хугацааг тоолсон болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” ын 7-д  ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэснээр дундаж цалин хөлс 2 687 500 төгрөг, түүнийг ажлын 22 өдөрт хуваахад 1 өдрийн ажлын хөлс 122,159 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, дээрхи журмын дагуу шүүхээс тооцоход 2016 оны 12 дугаар сард авсан цалин 2 242 000 төгрөг, даатгалд ажил олгогчоос 483 460 төгрөг, ажилтнаас 192 000 төгрөг нийт 2 917 400 төгрөг, ажлын 22 хоног, тооцоход 2017 оны 01 дүгээр сард авсан цалин 2 245 000 төгрөг, даатгалд ажил олгогчоос 516 350 төгрөг, ажилтнаас 224 500 төгрөг нийт 2 958 800 төгрөг, ажлын 22 хоног, 2017 оны 02 дугаар сард авсан цалин 3 575 667  төгрөг, даатгалд ажил олгогчоос 822 403 төгрөг, ажилтнаас 357 566  төгрөг, нийт 2 958 800 төгрөг, ажлын 20 хоног, үүнээс ажлын дундаж хоног 21,2 хоног, нийт  цалин 10 658 800 төгрөг, 1 хоногт тооцох цалин 166 543 төгрөг байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэснээр түүнд нэг удаа олгож байгаа ажилгүй байсан хугацааны цалингаас шимтгэлийг зохих журмаар суутган авч, зохих санд төвлөрүүлэн бичилт хийхийг ажил олгогч, хариуцагч ДДС ТӨХК-д даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч Ч.Б сүүлийн 3 сард авч байсан цалингийн хэмжээ өндөр гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэснээр ажилтан Ч.Бд олгох үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журмын талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 21 744 300 төгрөгийг ажил олгогч хариуцагч ДДС  ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, 122 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 310 649 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДДС ТӨХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 266,671 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

 

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ