Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01792

 
 

                                       

 


Ч ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар магадлалтай,

   Ч ийн нэхэмжлэлтэй,

            “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох

        Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30,539,750.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Намайг “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2018 оны 01 сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилсон тул ажиллаагүй хугацааны цалин хөлс 30,539,750 төгрөг гаргуулах, мөн Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч э нь “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д дэд захирал болон ерөнхий инженерээр ажиллаж байгаад “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 32 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ажилд эгүүлэн тогтоолгох, цалин 2,950,000 төгрөг, үр дүнгийн урамшуулал авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Учир нь нотлох баримт хангалтгүй байна гэсэн. Хариуцагч талын гомдлоор давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулж “128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 зааснаар 32 тоот тушаалыг хүчингүй болгож, “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын тушаалыг хүчингүй болгосугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагч талын гомдлоор хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Ч э нь ажилдаа эргэж оръё гэж хэд хэдэн удаа очсон боловч аваагүй. 2018 оны 01 сарын 30-ны өдөр захирлын тушаалаар эгүүлэн ажилд нь томилсон байдаг. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж байна. Цалин хөлсийг тооцоолохдоо сүүлийн 3 сарын цалинг нэмээд 3 хувааж дундаж цалинг гаргаж байна. Ажлын 22 өдрөөр тооцож ажлын нэг өдрийн цалин 122,159 төгрөг бөгөөд ажилгүй байсан 2017 оны 05 сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл 179 хоногоор тооцоод 21,867,000 төгрөг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт зэргийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ч ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч э нь ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2,950,000 төгрөг, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах эрхгүй бөгөөд энэ талаар дээр дурдсанчлан 3 шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр байгаа болно. Иймд нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр байхад энэ талаар дахин маргаж нэхэмжлэл гарган цалин хөлс шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч Ч ийн нэхэмжилж байгаа ажиллаагүй хугацааны цалин хөлс 30,539,750 төгрөгийг ямар ямар нотлох баримтуудыг үндэслэн тооцож гаргасан нь тодорхойгүй, хэдий хугацааны үеийн цалин хөлс эсэх нь тусгагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хариуцагчийн оршин байгаа газар нэр хаягийг тодорхой тусгана гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байсан, энэ нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хариуцагчийг зөв сонгоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 32 тоот захирлын тушаалаар ажлаас халсан байдаг. Энэ тогтоолыг Ч э эс зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, үр дүнгийн урамшуулал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд 55 дугаартай шийдвэр гаргасан байдаг. Угтаа ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх ёстой. Дээрх шаардлагуудаас 3 шаардлагыг хуульд зааснаар нотлох үүргийг Ч э хэрэгжүүлсэн боловч нотолж чадаагүй, одоо гаргаж байгаа шаардлагыг шүүх ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2 т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 55 дугаар шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлаас халагдсан 2017 оны 02 сарын 03-ны өдрөөс шүүхэд гомдол гарган хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 07 дугаартай тогтоол гаргасан 2017 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх шаардах эрх үүсээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрх үүсээгүй гэдгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй гэдгийг хяналтын шатны болон дээд шүүхийн шийдвэрээр тогтоож байсан юм. Цалин хөлс нэхэмжилсэн нь буруу гэх талаар шүүх ямар нэгэн дүгнэлт гаргаагүй, шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй гэж тайлбарладаг. Тэгвэл 55 дугаартай шийдвэр өөрөө 115.1.1, 115.2.2, 116, 128 дугаар зүйлийг удирдлага болгон 69.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. 115.1.1 гэсэн нь юу гэсэн үг гэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдэгдсэн гэдгийг үндэслэсэн, 115.2.2 үндэслэлгүй гэж шийдсэн шийдвэр байгаа юм. Ийм тус шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж байгааг нь гайхаж байна. Тэр байтугай өмнөх шүүхийн шийдвэрт үндэслэн ажилдаа эргэж орсон байгаа юм. 118 дугаар зүйлийг үндэслэл болгон шүүх дүгнэлтээ хийсэн байхад шүүхээс дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. 118.5 бол хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн асуулга юм. ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.3 зааснаар зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч гэм буруугийн асуудал яригдаж байгаа учир гэм буруу байхгүй гэж үзэж байна. 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул өмнө гарсан шийдвэрээр цалин хөлс болон бусад 2 шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хэрвээ шаардах эрх үүссэн гэж үзвэл ажлын 24 хоног юм. Дундаж цалин хөлсийг яаж тодорхойлох вэ гэхээр НХХСайдын тушаалаар сүүлийн 3 сарын хөлсийг тухайн сард нь хувааж гаргана гэж байгаа юм. Ч э 2,178,400, 12 сард 2,242,000, нийлбэр 6,645,000, сарын 2,284,800 төгрөг нэг өдөр 100,990 төгрөг болж байна. Энэ бол бохир дүн, нэхэмжлэгчээс нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан тул нийлбэр дүнг цэвэр дүнгээр тооцоод 1,730,132 төгрөг өдрийнх нь 22 хоногт хувааж тооцно. Хавтаст хэрэгт 02 сарын 13-наас хойш ажиллаагүй байхыг ойлгож байгаа юм. Гэтэл 3 сард бүр өндөр цалин авсан байгаа юм. Тэгээд нэг сарын нэг өдрийн цалин 12 сарын 26-наас ажлын 22 хоногт хуваахаар гарах боломжтой юм. 24 хоногоор үржүүлэхээр 2,142,000 төгрөг болж байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2015 оны 55 дугаар тушаалд зааснаар тодорхойлох журмаар давхардал үүсэх гээд байх тул тодорхойлолт гаргаж өгөөгүй байгаа юм. Үүнийг нэхэмжлэгч тал гаргах боломжтой эсвэл шүүхээр гаргуулах боломжтой байсан боловч одоог хүртэл гаргаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар маргах эрхгүй. Нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байгаа нь шаардах эрх үүсээгүй нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлттэй байна. Тогтоол хүчин төгөлдөр болсноор ажилд 1 сарын 26-нд орсон байгаа юм. Ажилд орсон нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Сайн дурын даатгал хийлгэсэн байгаа нь даатгалын давхардал үүсээд байгаа юм. Хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авсан байх магадлалтай гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 21,744,300 төгрөгийг ажил олгогч хариуцагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч эд олгож, 122,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 310,649 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 266,671 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч эд олгож шийдвэрлэжээ.                          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 616 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч эд нэг удаа нөхөж олгож байгаа ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмаар суутган авч, зохих санд төвлөрүүлэн түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д даалгасугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 77 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул 77 дугаар магадлалд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үндэслэлийг дурдвал, нэхэмжлэгч Ч ийн нэхэмжлэлийн шаардлагыг урьд өмнө нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 сарын 15-ны өдөр хянан шийдвэрлэж 553 дугаартай шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 107 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 07 дугаартай тогтоол тус тус гарсан. Дээрх 3 шатны шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Ч ийг урьд өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэж, бусад шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба энэхүү 3 шатны шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Нэхэмжлэгч Ч ийг ажлаас халсан гүйцэтгэх захирлын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 32 дугаар тушаал гарсан өдрөөс хойш хяналтын шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлс, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ч э дахин шүүхэд хандах эрхгүй байсаар атал түүнийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагуудаа нотолж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Тийм ч учраас 3 шатны шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдэж хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй болно. Иймд энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн 2018 оны Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 77 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ч э хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30,539,750.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан байна.

Тэрээр “... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 553 дугаар шийдвэрээр түүнийг дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажилд томилох тухай тушаал гарсан тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна...” гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Хариуцагчийн төлөөлөгч “... Ч э 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 553 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон, харин ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2,950,000.00 төгрөг, үр дүнгийн шагнал 4,000,000.00 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дахин нэхэмжлэх эрхгүй, 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Ч э нь “Дарханы дулааны Сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай” 32 тоот тушаалаар дэд захирал, ерөнхий инженерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч, шүүхэд хандсан, анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд Ч ийг ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичихийг хариуцагчид даалгаж, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4,000,000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны олговор 2,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 553 тоот шийдвэр гарсан, шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тухай баримт хэрэгт авагджээ.

Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00007 тогтоол гарснаар ажил олгогч нь нэхэмжлэгч Ч ийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс Дэд захирал, ерөнхий инженерийн ажилд томилж ажиллуулахаар “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/24 тоот “Ажилд эгүүлэн томилох тухай тушаал”-ыг гаргасан.

Нэхэмжлэгч Ч э ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар гаргасан нэхэмжлэлдээ ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу “...2017 оны  05 дугаар сарын 16-наас 2018 оны 01 дүгээр сарын 29 хүртэл ажлын 179 хоног, сүүлийн 3 сарын цалингийн нийлбэрээр нэг хоногт тооцох цалин 122,159 төгрөг, нийт 21,867,000.00 төгрөг”-ийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч э нь ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот тушаал гарсан өдрөөс шүүхийн 553 тоот шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг давхцуулан нэхэмжилсэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “...шүүх өмнө нь шийдвэрлэсэн” гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч э нь шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс түүнийг ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн тушаал гарсан өдөр хүртэл ажлын 178 хоногт нийт 21,744,300.00 төгрөгийг ажил олгогч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн гэж үзнэ. 

           Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т зааснаар үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байна.

       Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай шаардлагын талаар үндэслэх хэсэгтээ дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардлагыг нь шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн гэж үзнэ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 266,670.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН