Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 77

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00217/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30.539.750 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн өмгөөлөгч Г.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ч.Б-эс:

...“Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар намайг дэд захирал бөгөөд ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30.539.750 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Ч.Б- нь “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д дэд захирал болон ерөнхий инженерээр ажиллаж байгаад “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Шүүхэд “ажилд эргүүлэн тогтоолгох, цалин 2.950.000 төгрөг, үр дүнгийн урамшуулал авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” нэхэмжлэл гаргасан байдаг. Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ч.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг нотлох баримт хангалтгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлоор хянаж “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 32 тоот тушаалыг хүчингүй болгосугай гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагч талын гомдлоор хяналтын шатны шүүхээс хэргийг хянаад  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсний улмаас Ч.Б-ийг. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр захирлын тушаалаар эргүүлэн ажилд нь томилсон. Иймд Ч.Б- нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж 179 хоногоор тооцоод үүнийг нэг өдрийн цалингаар үржүүлээд 21.867.000 төгрөг гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Гантуул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30.539.750 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Нэхэмжлэгч Ч.Б- нь ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2.950.000 төгрөг, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр олгогдох ёстой байсан жилийн үр дүнгийн шагнал 4.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах эрхгүй бөгөөд энэ талаар дээр дурдсанчлан 3 шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр байгаа болно. Иймд нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр байхад энэ талаар дахин маргаж нэхэмжлэл гарган цалин хөлс шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа мөн нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжилж байгаа ажиллаагүй хугацааны цалин хөлс 30.539.750 төгрөгийг ямар ямар нотлох баримтуудыг үндэслэн тооцож гаргасан нь тодорхойгүй, хэдий хугацааны цалин хөлс эсэх нь тусгагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Б- нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн оршин байгаа газар, нэр, хаягийг тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу, энэ нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хариуцагчийг зөв сонгоогүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот захирлын тушаалаар ажлаас халсан байдаг. Энэ тогтоолыг Ч.Б- эс зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, үр дүнгийн урамшуулал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд шийдвэр гаргасан байдаг. Дээрх шаардлагуудаас 3 шаардлагыг Ч.Б- нотолж чадаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл ажлаас халагдсан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд гомдол гарган хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 0007 дугаартай тогтоол гаргасан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх эрх үүсээгүй юм. гэж өмгөөлөгчийн зүгээс хараад байна. Эрх үүсээгүй гэдгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй гэдгийг хяналтын шатны болон дээд шүүхийн шийдвэрээр тогтоож байсан байгаа юм. Цалин хөлс нэхэмжилсэн нь буруу гэх талаар шүүх ямар нэгэн дүгнэлт гаргаагүй, шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй гэж тайлбарладаг. ...3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул өмнө гарсан шийдвэрээр цалин хөлс болон бусад 2 шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хэрвээ шаардах эрх үүссэн гэж үзвэл ажлын 24 хоног юм. Дундаж цалин хөлсийг яаж тодорхойлох вэ гэхээр НХХСайдын тушаалаар сүүлийн 3 сарын хөлсийг тухайн сард нь хувааж гаргана гэж байгаа 24 хоногийн 2.142.000 төгрөг болж байна. Нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байгаа нь шаардах эрх үүсээгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлттэй байна. Тогтоол хүчин төгөлдөр болсноор ажилд 1 дүгээр сарын 26-д ажилд орсон гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 21.744.300 төгрөгийг ажил олгогч хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож, 122.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 310.649 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 266.671 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

1. ...Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хариуцагч нь хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг тусгасан байна гэж хуульчилсан бөгөөд аж ахуйн нэгж бол захирлаар нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тусгаж шаардлага гарахаар хуульчлаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуульд заасан шаардлага бий болсон байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2. ...нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүхээр шийдүүлээд хэрэгсэхгүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр одоог хүртэл үйлчилж байгаа. Ажлаас халсан тушаал гаргасан 2017 оны 2 дугаар сарын 13-ны  өдрөөс Монгол улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Харин маргааныг эцэслэн шийдвэрлээд гаргасан 2017 оны 12 дугаар сарын 26-аас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл дундаж цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг зөвшөөрч байна. Нийт ажиллагаагүй байсан 24 хоногийн цалин 2.423.760 төгрөгийг хариуцагчаас гаргах боломжтой.

3. Ч.Б-ийг ажлаас халсан тушаал гарсан 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс Монгол улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэлийн шаардлагад багтаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин шүүхэд дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хуулиар журамласан байхад анхан шатны шүүх уг зүйл хэсгийг зөрчиж, дахин гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Б- хариуцагч Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 30.539.750 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага анх  гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 16-наас 2018 оны 01 дүгээр сарын 29 хүртэл ажлын 179 хоногийн 21.867.000 төгрөг нэхэмжилж шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч ...нэхэмжлэгч Ч.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 553 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2.950.000 төгрөг, үр дүнгийн шагнал 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалин 21.744.300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-д олгож, 122.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо 3 үндэслэл дурдсан ба үндэслэл тус бүрээр нь дүгнэлт хийлээ.

1.  Хариуцагчийн давж заалдсан гомдолд дурдсан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хариуцагч нь хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг тусгасан байна гэж хуульчилсан бөгөөд аж ахуйн нэгж бол захирлаар нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тусгаж шаардлага гарахаар хуульчлаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуульд заасан шаардлага бий болсон байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн гомдлын хувьд, хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулан иргэний хэрэг хэрэг үүсгэсэн тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д  холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл тус компаний захирал Д.Гантуулд холбогдуулж хэрэг үүсгээгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.  

2. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүхээр шийдүүлээд хэрэгсэхгүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр одоог хүртэл үйлчилж байгаа. Ажлаас халсан тушаал гаргасан 2017 оны 2 дугаар сарын 13-ны  өдрөөс Монгол улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэсэн гомдлын тухайд,

- Шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргаанд “нэхэмжлэгч Ч.Б-ийг ажлаас халсан тушаал гарсан 2017 оны 2 дугаар сарын 13-ны  өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 553 дугаар шийдвэр гарсан хугацааны цалин хөлс нэхэмжилж түүнийг шүүх шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсныг ойлгоно”.

- Хэргийн баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч анх ажлаас халсан тушаал гарсан өдрөөс ажилд эргэж орсон хүртэлх хугацааны цалинг анх нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж залруулан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилд эргэж орсон өдөр хүртэл хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн байна гэж үзнэ.

- Анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 553 дугаар шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргаж эцэслэн шийдвэрлэгдэж Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдөр хүртэлх хугацааг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасанд хамруулж шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т заасныг зөрчөөгүй болно.

Анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч Ч.Б-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон өдөр хүртэлх хугацаагаар цалин хөлсийг тооцож нэхэмжлэгчид олгосныг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

            Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай шаардлагын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт энэ шаардлагыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан байх тул   нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 616 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад: 

“Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар  нэхэмжлэгч Ч.Б-д нэг удаа нөхөж олгож байгаа ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмаар суутган авч, зохих санд төвлөрүүлэн түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д даалгасугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266.670 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ