Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/02228

 

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02064 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

 

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 865 416 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт зэрэг дундын холбоотой эд зүйлсийг хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч СӨХ-д төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4-т “Сууц өмчлөгчид ноогдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчдийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 148.2.1-д “дангаар өмчлөх өмчлөийн зүйлээ эзэмшиж, ашиглаж хадгалж хамгаалахдаа бусад өмчлөлийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүрэгтэй” гэж, 148.3-т “өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, 147.1, 147.2 болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.2-т “орон сууцны нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө” гэж заасан. Гэтэл хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, СӨХ-ны үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй байгаа учраас “Б” ХХК нь 2017 оны 01-12 сар, 2018 оны 1-6 сар хүртэл нийт 18 сарын төлбөр болох 865 416 төгрөгийг төлөөгүй, түүнд үүргээ биелүүлэхийг сар бүр мэдэгдэж байгаа боловч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас СӨХ бүрэн ажиллаж чадахгүй, татварын болон, ус, дулааны өр төлбөрийн дарамтад орсон ба бусад оршин суугчид СӨХ-оос үйлчилгээг бүрэн авч чадахгүй хохирч байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 149.1.1, 149.1.2, 149.2-р заалтуудыг үндэслэн 865 416 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч хуульд зааснаар нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрдүүлэх үүрэгтэй ба энэ үүргийнхээ хүрээнд “Б” ХХК-ийг СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тийм учраас “Б” ХХК хариуцах ёстой гэдэг нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон  сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар “Б” ХХК-иас /РД:2063182/ дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 865 416 төгрөг гаргуулж, “Т” СӨХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 25 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 25 320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу “Б” ХХК нь “Т” СӨХ-ны гишүүн байх ёстой. Гэтэл энэ талаар “Б” ХХК нь тухайн СӨХ-ны гишүүн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас нотлогдохгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” СӨХ нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 865 416 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2/

 

Нэхэмжлэгч “Т” СӨХ нь тухайн Б ХХК нь орон сууцны өмчлөгч, сууц өмчлөгчдийн холбооны гишүүн тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 865 416 төгрөг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар үндэслэжээ.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулах, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь зөвхөн орон сууц өмчлөгчид хамаарах, хуулийн дагуу үүсч буй үүрэг юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй орон сууц нь сууцны зориулалттай эсэх, өмчлөгч нь СӨХ-ны гишүүн мөн эсэхийг тогтоох нь тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Орон сууцны өмчлөх эрхийг бүртгэлд үндэслэн тодорхойлох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь хариуцагчид байх боломжтой учир хариуцагч нь орон сууцны өмчлөгч мөн эсэх буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгө сууцны зориулалттай эсэхийг нотлох үүрэг хариуцагчид ногдоно.

 

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмчлөлийн орон сууцтай холбоотой баримт бичгийг хуулиар тогтоосон шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх шинээр нотлох баримт шаардлагатай, эсхүл нотлох баримт нь шаардлага хангаагүй байгаа нөхцөлд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлөөс сэргийлэх зорилгоор явуулж болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байжээ. /хх-ийн 20-21/

 

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчид өөрт  нь байхгүйн улмаас хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шаардсан хүсэлтийг хангаагүйн улмаас нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох, мэтгэлцэх эрх, боломж хязгаарлагдсан, үүний улмаас хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02064 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД