Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00681

 

“Т”СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00619 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаар магадлалтай,

“Т”СӨХ-ны нэхэмжлэлтэй

“Б Г” ХХК-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 291 540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Т”СӨХ-ийн төлөөлөгч Б.Ганзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т”СӨХ нь 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ХД-36А байрны 111 тоотын 136.04 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгч “Б Г” ХХК нь 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх 24 сарын төлбөр нийт 1 291 540 төгрөгийг төлөөгүй, түүнд Иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Хариуцагч байгууллага тухайн орон сууцанд цэцэрлэгийн үйл ажиллуулж байгаа учраас үйлдвэрлэл үйлчилгээ, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж компани нь оршин суугчидтай адилхан дундын өмчлөлийн засвар, үйлчилгээг ижил тарифаар төлөх нь зохимжгүй учраас 1 м.кв талбайгаас авдаг 200 төгрөгийг 300-500 төгрөгийн хэлбэлзэлтэй, ямар үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан авахаар бүх гишүүдийн хурлаас тогтоож өгсөн. Тиймээс төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иймд “Б Г” ХХК-иас 1 291 540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Г” ХХК нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ХД-36А байрны 111 тоотын 136.04 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн засвар, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг төлж байсан. Гэтэл “Т”СӨХ нь 2017 оны 4 дүгээр сараас төлбөрийг үндэслэлгүйгээр төлбөрийг нэг дахин нэмэгдүүлсэн үндэслэлээ тайлбарлаж, шийдвэрээ танилцуулаагүй. Манайх анхны тариф болох сарын 33 098 төгрөгөөр төлөхөд татгалзах зүйлгүй. Харуул хамгаалалтын зардлыг манайх хариуцахгүй гэж мэдэгдэж байсан атлаа сар болгоны төлбөр дээр харуул, хамгаалалтын төлбөр нэмдэг байсан. Манай өмчлөлийн орон сууцанд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг анхны тогтоосон тариф болох 33 098 төгрөгөөр тооцож 813 792 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж байна гэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00619 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б Г” ХХК-иас 814 342 /найман зуун арван дөрвөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т”СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 477 198 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39 754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 24 094 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т”СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх болон Нийслэлийн давж заалдах шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Иргэний Хуулийг зөрчсөн юм. Тодруулбал манай компанийн өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж аваагүй, мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг минь эдлүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №1020 дугаар Магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т”СӨХ нь хариуцагч “Б Г” ХХК-д холбогдуулан 2017 оны 1 сараас 2018 оны 12 сарыг дуустал хугацааны, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1 291 540 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч зардлын хэмжээг маргаж, сар бүр 33 098 төгрөгөөр тооцож, төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 814 342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаараагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байх тул гомдлыг хангах боломжгүй байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах боломжтой байхад шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан нь хүндэтгэх үзэх шалтгаангүй тул анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1,105 дугаар зүйлийн 105.2 дах хэсгийг зөрчөөгүй юм.

“Б Г” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, “Т”хотхоны 36А байрны 111 тоот, 136.04 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч боловч уг орон сууцанд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг үйл баримт тогтоогджээ.

Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч этгээд заавал тухайн холбооны гишүүн байхыг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т заасан тул сууц өмчлөгч “Б Г” ХХК нь “Т”СӨХ-ны гишүүн болно.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “Б Г” ХХК орон сууцыг зориулалтаар нь бус аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсний улмаас дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлын хэмжээг талууд маргасан шүүх маргааны зүйлийн талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, нотлох баримтын хүрээнд сар бүрийн төлбөрийг 33 098 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хуульд нийцсэн, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Сууц өмчлөгчдийн холбоо тогтоосон зардлыг сууц өмчлөгчөөс шаардах эрх хуулиар үүсдэг. Харин орон сууцыг өөр зорилгоор буюу аж ахуйн зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа бол Сууц өмчлөгчдийн холбоо гэрээ байгуулахыг “Б Г” ХХК-иас шаардах, улмаар аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчийн төлбөл зохих дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардлын хэмжээг тогтоох боломжтой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00619 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 сарын 31-ний өдрийн 1020 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА