Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 02064

 

                                                                                     

                                             

 

 

 

 

 

 

2018 оны 9 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02064                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т СӨХ  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК холбогдох,

Дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 865,416 /найман зуун жаран таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ нь 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.  Хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт зэрэг дундын холбоотой эд зүйлсийг хүссэн, эс хүссэн ч хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч СӨХ-д төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4-т “Сууц өмчлөгчид ноогдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчдийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 148.2.1-д “дангаар өмчлөх өмчлөийн зүйлээ эзэмшиж, ашиглаж хадгалж хамгаалахдаа бусад өмчлөлийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүрэгтэй” гэж, 148.3-т “өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, 147.1, 147.2 болон СӨХЭБНЗОСБДӨЭХтХ-ийн 16.2-т “орон сууцны нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө” гэж заасан. Иймээс нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой. Гэтэл хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, СӨХ-ны үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй байгаа учраас “Б” ХХК нь 2017 оны 01-12 сар, 2018 оны 1-6 сар хүртэл нийт 18 сарын төлбөр болох 865,416 төгрөгийг төлөөгүй, түүнд үүргээ биелүүлэхийг сар бүр мэдэгдэж байгаа боловч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас СӨХ бүрэн ажиллаж чадахгүй, татварын болон, ус, дулааны өр төлбөрийн дарамтад орсон ба бусад оршин суугчид СӨХ-оос үйлчилгээг бүрэн авч чадахгүй хохирч байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 149.1.1, 149.1.2, 149.2-р заалтуудыг үндэслэн 865,416 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ИХШХШтХ-д зааснаар нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрдүүлэх үүрэгтэй ба энэ үүргийнхээ хүрээнд Б  ХХК-ийг СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тийм учраас “Бэрэн групп” ХХК хариуцах ёстой гэдэг нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Т” СӨХ нь “Б” ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 865,416 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хуульд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь төлөх үүрэгтэйг нотлосон баримтгүй гэж маргалаа.

 

Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд сар бүр төлөхөөр тогтоосон дүнгээр сар бүр орон сууц өмчлөгч нь хогны төлбөрт 2,800 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 26,458 төгрөг, харуул 10,000 төгрөг, цэвэрлээгийнд 3,500 төгрөг, ариутгал болон гэрэл тус бүр 1,000 төгрөг, баримтны 100 төгрөг хураан авахаар тогтоосны дагуу Төрийн банкны программд сууц өмчлөгч СӨХ-ы төлбөрийг төлдөг гэж тайлбарласныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж маргаж байгаа боловч дээрх зардлуудын алийг зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхойлохгүй байх бөгөөд тухайн СӨХ-ы зардал шийдвэрлэсэн байдалд гомдол гаргаж байгаагүй, түүнчлэн үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэхэд аливаа хүсэлтийг гаргаагүй, орон сууцыг өмчилдөг эсэх талаар маргахгүй байна.

 

Иймд 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 2018 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл хугацааны нийт 18 сарын дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд 865,416 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 25,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 25,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон  сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар “Б  ХХК-иас /РД:2063182/ дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 865,416 /найман зуун жаран таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулж, “Т” СӨХ-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 25,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 25,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ