Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2018/00065

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2018/00065

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/01217

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум **-р баг, ****** хороолол, ***-р байрны ** тоотод оршин суух Б овогт Бийн Оийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, ********* хороолол, **-р байрны *** тоотод оршин суух Б овогт Тийн Бт холбогдох,

 

3 062 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч И.А, нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2007 онд Монголд орж ирсэн Мицибуши Шариот маркийн **-** ДА* улсын дугаартай автомашиныг 6 500 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж, 2017 оны 2 дугаар сарын 8-нд 2 000 000 төгрөг, 3 сарын 9-нд бэлнээр 500 000 төгрөг, 4 сарын 5-нд 562 000 төгрөг дансаар төлж нийт 3 062 000 төгрөг өгсөн болно. Уг машиныг авсан өдрөөс эхлэн хар утаа гарч асалт нь удаан, ассан хойноо чичирч байсныг Бт хэлэхэд масло шинээр солиод л зүгээр гэсэн. Хэлснээр нь үйлчилгээг хийхэд хэвээр байсан. Нэгэнт авсан болохоор өдөр 1 литр масло нэмээд явдаг болсон. Миний явдаг маршрут нь Бирж, ОУХТөвөөс хүнсний зүйл аваад Улаанбаатар гурилын үйлдвэр, орой ажлаа тараад Парк таунд гэртээ ирдэг. Өөр хаашаа ч явдаггүй. Ойролцоогоор өдөрт 25 км явдаг. Өдөрт 1 л масло 13-15 л бензин / 34750/ төгрөг зарцуулдаг. Машин засдаг, мэддэг хүмүүст үзүүлэхэд та нар хулхидуулсан байна. Маш их засвар орноо гэдэг. Энэ тухай Бт наймаа буцъя гэхэд үгүй гэж олон удаа хэлээд утсаа авахаа больсон. Ийм их зардал гарч байгаа тул 3 дугаар сарын 15-нд шууд машинаа тавьж хүнсний зүйлээ хөлсний машинтай гэрээ хийж зөөдөг болсон. 2017 оны 4 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хот руу очиж Шаг базар ХХК-д очиж оношлуулсан. Машин чинь насжилт өндөр 18 жил болсон, мотор нь маш их суларсан, бага зэрэг цохио орсон байна. Мотороо солих эсхүл бүрэн ээлж хийх хэрэгтэй гэсэн. Тэр үед Да хүрээ зах дээр хуучин орж ирсэн мотор 1 150 000 төгрөг байсныг миний бололцоо болоогүй. Мотор задлахгүйгээр тусгай шингэнээр засдаг Авто хими ХХК-д очиж инженер Лхагвасүрэнд үзүүлж оношлуулсан. Хөдөлгүүрийн цилиндрийнх нь даралт маш муу, гильц, поршин, кольц их элэгдсэн, тахир гол шатууны механизм нь цохио орсон байна. Мотороо соль эсвэл 100 хувь ээлж хийх хэрэгтэй. Одоо бололцоогүй бол замдаа 10 л масло аваад 30 км бүрд нэмээд бага хазтай зөөлөн явбал Дархан орж магадгүй гэж зөвлөсөн. Баруунхараагийн гүүрэн дээр ирэхэд машин унтарч асахаа больсон. Хотоос гараад 150 км явахад 7 л орчим масло нэмж, бензин 40 гаруй л идэж яваад зогссон. Дарханаас найзыгаа дуудаж чирүүлж ирсэн. Анх энэ машиныг авч байхад үүнтэй ижил машин 3-3,5 сая төгрөгийн үнэтэй байсныг би мэдээгүй юм билээ. Бт энэ тухай олон удаа хэлсний дагуу 6 сарын сүүлээр гэрийн гаднаас авч явсан. Анхны үнээсээ 2 500 000 төгрөг хас эсвэл бүрэн зассаны дараа чинь авъя гэсэн. Энэ цагаас хойш холбоо бариагүй. Сураг сонсвол зарсан бололтой байсан. Би бүтэн жил гаруй хохирч үлдсэн. Би Бт итгэсэн, машин мэддэг хүнтэй очоогүй нь миний буруу болсон. Иймд анх өгсөн 3 068 000 төгрөгөө эргүүлэн авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч И.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 2 дугаар сарын 5-нд өөрийн эзэмшиж байсан хар өнгөтэй Мицибуши Чариот маркийн гэр бүлийн **-** ДА* дугаартай жип машиныг зарж борлуулахаар Сайн Орших зарын цэг дээр зар өгсөн юм. 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Г.О, Б.О нар миний засвар хийдэг хашаанд ирж Машин худалдаж авахаар явж байна. Манай эхнэрийн хөл хугархай өвчтэй удаан явж чадахгүй учир танай машиныг авмаар байна гэж хэлээд манай машиныг шалгаж үзээд Дархан дотор маш удаан тойрч яван унаж шалгасан. Тэгээд бид авмаар байна, бидэн таалагдаж байна гэсэн. Би 6 500 000 д өгнө. Машинд нэмж хийх юм байхгүй, үнэ тохирвол өгнө гэсэн. Б.О бэлнээр 2 сая төгрөг өгье. Үлдэгдэл мөнгийг нь би удаахгүйгээр хувааж төлж дуусгая. Нөхөр бид 2 Улаанбаатар гурилын үйлдвэрийн гуанзыг түрээсэлж ажиллуулдаг. Ямар ч асуудал байхгүй. Төлбөр мөнгийг нь төлөх боломжтой. Санаа зоволтгүй. Одоо машиныг чинь аваад явъя гээд машиныг аваад явахад нь би Тос маслыг нь солиорой. Цаг тухайд нь тос, маслыг нь солиод явбал ямар ч асуудал байхгүй. Мэдэхгүй зүйл байвал ирж асууж болно гэж хэлээд өгч явуулсан. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр бидний 2 тал нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөгийг Б.О миний 5045****** тоот дансанд хийсэн. 2016 оны 4 дүгээр сарын 05-наас хойш мөнгө төгрөгөө хийгээч, өгөөч гэж гуйлгаж байж 548 000 төгрөгийг миний 5045****** тоот дансанд хийсэн. Нийтдээ 3 048 000 төгрөг өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б.О нөхөр болох Г.Отэй цуг ирж машины масло тос солимоор байна гэхээр нь би өөрийн биеэр сольж өгөөд ямар тос хийж байхыг нь хүртэл хэлж зааж өгсөн. Тэр хоёр Машин дажгүй сайн байна, ямар ч асуудал алга байна гэж хэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 20-нд хуучин Дарханы Төмөр замын 14-р байрны засмал зам дээр манай эхнэр Ц.А тэр хоёртой таарсан ба эхнэр маань хэлэхдээ О нөхөртэйгээ машиныхаа хойно шуудаатай ногоо, гурил, мах зэргийг ачсан байсан. Ачааны машин аятай хойд тал нь хүнддээд хойшоогоо суусан байсантай таарсан гэж хэлээд, гайхсан байдалтай тэр машин чинь хүн тээвэрлэх зориулалттай болохоос ачаа ачих зориулалтгүй шүү дээ. Арай дэндүү болсон байна гэж хэлж байсан. Үүний дараа 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор бүх мөнгөө өгч дуусгах ёстой байсан. Гэтэл бид 2016 оны 5 дугаар сарын 5-наас хойш үлдэгдэл мөнгө төгрөгөө авах гэтэл Б.О, Г.О нарын араас нэхэл дагал болж, ажил төрлөө алдаж явсан.

2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд Баруунхараа өнгөрөөд явж байтал миний өмнө гэрэл нь анивччихсан, асаалттай **-** ДА* маркийн машин маань Бонго Ж2 маркийн машинд чирүүлээд явж байсан. ...Үүний дараа манай эхнэр Ц.А Б.Оээс мөнгөө нэхэмжлэхэд эвдэрч гэмтсэн талаар юу ч яриагүй. Тэрээр бид гуанзаа түрээслэхээ больсон, Улаанбаатар гурилын үйлдвэр ажиллахаа больсон гээд худлаа яриад шалтаг тоочсон. ...Би эхнэртэйгээ яваад очтол манай машин асахгүй, хөдлөхгүй, хаалга үүд нь онгойхгүй, аккумлятор нь нурсан амартизатор тахийсан, салон доторх нь эмх замбараагүй, хогтой заваан байсан. Яагаад ийм болов гээд асуутал мэдэхгүй гэнэт асахаа больсон гэж Оийн аав, ах хоёр нь гарч ирж хэлсэн. О рүү ярьтал Бичиг баримтыг нь ломбарданд 1 500 000 төгрөгөөр тавьсан. Мөнгө төлж байж авна. Та машиныг минь хашаандаа аваачаад юунаас болоод асахгүй байгааг нь оношлоод өгөөч гэсэн. Эхнэр бид хоёр портерын жолооч Ныг дуудаж **-** Д*Х дугаартай машинаар хашаандаа чирч авчирсан. Миний зүгээс оношлоход :

1.    Мотор гэмтсэн. Шалтгаан цлиндирт хүчтэй даралт очсон

2.    Кроп эвдэрсэн

3.    Компьютер шатсан. Цахилгаан дамжуулах эд ангид хүчтэй хуралт бий болсон. Үүнээс болж гуравдугаар цилиндрын кадушка шатсан

4.    Хойд талын амартизатор 1,5 мм-ээр тахийсан.

5.    Хаалганы цоожнууд бүгд гацаатай. Өвөл машинаа угаалгаад гадаа тавьснаас болсон. Онгойлгох арга буруу хэрэглэсэн. Асаагуур, газ гэх мэт зүйлээр халааж, цоожны араа автомат түгжээ эвдэрсэн

6.    Касчерын доод талын 14-ын боолт болон касчераар ямар нэгэн зүйл мөргөсөн гэмтэлтэй, цоорсон

7.    Маслын насосны суурь цуурсан. Шупны уг тахийсан, хөдөлгөөн орсон байсан зэрэг гэмтэлтэй болсон байсан

Миний зүгээс оношлоход ийм байсан тул давхар оношлогооны газар үзүүлж харуулан шалгуулахын тулд машинаа чирч явахын тулд тухайн машины бичиг баримт шаардлагатай тул Б.От хэлтэл Бичиг баримтыг нь ломбарданд тавьсан гэж хэлсэн. Өөрийн нэр дээр шилжүүлэн авч, мөнгө төгрөгөө бүрэн барагдуулаагүй машиныг ломбарданд тавьж мөнгө зээлэн, хууль бусаар ашигласан гэдгээ манай эхнэр Ц.Ад ирж хэлсэн. Би Б.О, Г.О нарт эвдэрсэн, хэмхэрсэн асдаггүй, явдаггүй машин өгөөгүй. Тухайн үед өөрсдөд нь унуулж үзүүлээд жолоодлого хийлгээд Дархан хаалга, Шинэ Дархан, Хуучин Дархан хүртэл явуулж моторын дуу, явах анги, дотор салоны чимээ, пар халуун, хүйтэн үлээх гэх зэргийг бүгдийг нь шалгаж үзүүлээд албан ёсоор хүлээлгэн өгсөн байтал ийнхүү анх тохиролцооноосоо буцаж, худал үнэн зүйл зохион бичиж, намайг эвдэрхий, хэмхэрхий машин өгсөн мэтээр ойлголт төрүүлж, өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй байна. ...Хэрвээ энэ машиныг буцааж авахгүй гэвэл машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулахыг нөгөө талаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.Б сөрөг нэхэмжлэл гаргасан шаардлагадаа:

Миний бие иргэн Б.О, Г.О нарт **-** ДА* Мицибуши Чариот маркийн машиныг 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 6 500 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ авсан өдрөөс хойш буюу 2016 оны 2 дугаар сарын 8-наас 2016 оны 6 дугаар сарын 18-ныг хүртэл 4 сарын хугацаанд тухайн машиныг ашиглаж, хэрэглэн эдэлсэн гэж үзэж байгаа. Энэ хугацаанд Б.О, нөхөр Г.Оийн хамтаар өөрийн ажил, төрөл, амьжиргаа, ачаа зөөх, хөдөө гадаа аялал зугаалганд явах зэргээр эдэлж хэрэглэн ашиглаж дараах эд ангиудыг эвдэж гэмтээсэн.

Үүнд:

Мотор гэмтсэн. Шалтгаан цлиндирт хүчтэй даралт очсон, Кроп эвдэрсэн, Компьютер шатсан. Цахилгаан дамжуулах эд ангид хүчтэй хуралт бий болсон. Үүнээс болж гуравдугаар цилиндрын кадушка шатсан, Хойд талын амартизатор 1,5 мм-ээр тахийсан, Хаалганы цоожнууд бүгд гацаатай. Өвөл машинаа угаалгаад гадаа тавьснаас болсон. Онгойлгох арга буруу хэрэглэсэн. Асаагуур, газ гэх мэт зүйлээр халааж, цоожны араа автомат түгжээ эвдэрсэн, Касчерын доод талын 14-ын боолт болон касчераар ямар нэгэн зүйл мөргөсөн гэмтэлтэй, цоорсон, Маслын насосны суурь цуурсан. Шупны уг тахийсан, хөдөлгөөн орсон байсан зэрэг гэмтэлтэй болсон байсан.

Дээр дурьдсан машинд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр үнэлвэл нийт 2 540 000 төгрөг болж байгаа тул нэхэмжилж байна, эсвэл зарагдсан машины үлдэгдэл дээрхи мөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Т.Б нь машинд эвдэрч болох бүх зүйлийг бичсэн байна. 7 гэмтэл гарсан гээд 7 удаа Улаанбаатараас өндөр үнээр авчирсан гэсэн хүн үнэмшихийн аргагүй юм бичжээ. Улаанбаатар гурил ХХК руу портероор ачих ачаа байхгүй. Дээд тал нь 50 кг хүртэл ачааг зөөдөг. Миний машин хөлсөлж явах нь энэ хүмүүст хамаарахгүй. Б нь энэ машиныг хөдөлгүүр бусад эд анги эвдэрнэ гэдгийг сайн мэдэж байсан тул яаралтай мөнгөө авахыг л чухалчилж байлаа. Тийм ч учраас Приус засварын засварчин залууд 2 машины үнээр зарчихлаа гэж ярьж байсан юм. Миний хувьд уг машиныг буцааж авахгүй. Бын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй илт худал байгаа тул намайг залилан авсан 3 068 000 000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Бт холбогдуулан автомашины төлбөрт шилжүүлсэн 3 068 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж, 2017 оны 2 дугаар сарын 8-нд 2 000 000 төгрөг, 3 сарын 9-нд бэлнээр 500 000 төгрөг, 4 сарын 5-нд 562 000 төгрөг дансаар өгсөн нийт 3 062 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь автомашины үлдэгдэл төлбөрийг автомашинд учирсан хохирол 2 540 000 төгрөгөөр тооцон гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Бтай харилцан тохиролцож 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн хэрэгсэл, автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Т.Бын өмчлөлийн, хар өнгийн Мицибуши Чариот / Mitsubishi charoit/ маркын, **-** ДА* улсын дугаартай, 7601 тоот хөдөлгүүртэй, N84W0127850 тоот арлын дугаартай автомашиныг 6 500 000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч Б.О нь машины төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар, төлбөр бүрэн барагдуулсны дараа өмчлөлийн гэрчилгээг шилжүүлэхээр талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь автомашины төлбөрт 2017 оны 2 дугаар сарын 8-нд 2 000 000 төгрөг, 3 сарын 9-нд бэлнээр 500 000 төгрөг, 4 сарын 5-нд 562 000 төгрөг дансаар өгсөн нийт 3 062 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Б.О нь автомашины доголдлын талаар 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр автомашины маслыг хариуцагч Т.Баар солиулж байх үедээ хэлэхэд Т.Б маслыг нь солиод зүгээр болно гэж сольж өгсөн талаар талуудын тайлбараар тогтоогдож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан хугацааны дотор доголдлын талаар мэдэгдэж, 2016 оны 6 дугаар сарын 14-нд автомашиныг хариуцагчийн өмчлөлд өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Т.Б нь машиныг Дархан дотор хангалттай унаж үзээд авсан гэж маргаж байгаа боловч автомашиныг хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр оношлогоонд оруулсан болох нь хэрэгт авагдсан автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож, доголдолгүй байсан талаар нотолж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Т.Баас автомашины үнэнд шилжүүлсэн 3 062 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь маргаан бүхий автомашинд учирсан хохирол тооцож нийт 2 540 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хохирлын дүнгээр тооцож автомашины үлдэгдэл төлбөр 2 540 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр Ц.Аг асууж тайлбар авсан бөгөөд гэрч нь нэхэмжлэгч Б.Оийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулсан талаар нотолж чадаагүй болно.

 

Хариуцагч нь автомашинд учирсан хохирол 2 540 000 төгрөгийг хүснэгтээр гаргаж ирүүлсэн боловч үүнийг нотолж чадаагүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг буулгах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч .... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Баас 3 062 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, 2 540 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,942 төгрөг, хариуцагчийн 55,590 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас улсын тэмдэгтийн хураамж 63,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА