Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 14

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01217/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Б-т холбогдох

          “Машины үнэ 3.062.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Т.Б-, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч Т.Б-, түүний өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О-ээс:

1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2007 онд Монголд орж ирсэн MITSUBISHI, CHARIOT маркийн 88-57 ДАХ улсын дугаартай автомашиныг 6.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж, 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 2.000.000 төгрөг, 3 дугаар  сарын 9-ний өдөр бэлнээр 500.000 төгрөг, 4 дүгээр сарын 5-ны өдөр 562.000 төгрөг дансаар төлж нийт 3.062.000 төгрөг өгсөн болно. Уг машиныг авсан өдрөөс эхлэн хар утаа гарч асалт нь удаан, ассан хойноо чичирч байсныг Т.Б-т хэлэхэд масло шинээр солиод л зүгээр гэсэн. Хэлснээр нь үйлчилгээг хийхэд хэвээр байсан. Нэгэнт авсан болохоор өдөр 1 литр масло нэмээд явдаг болсон.

 Би ойролцоогоор өдөрт 25 км явдаг. Өдөрт 1 л масло 13-15 л бензин 34.750 төгрөг зарцуулдаг.

Машин засдаг, мэддэг хүмүүст үзүүлэхэд та нар хулхидуулсан байна. Маш их засвар орно гэдэг. Энэ тухай Т.Б-т наймаа буцъя гэхэд үгүй гэж олон удаа хэлээд утсаа авахаа больсон. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны Улаанбаатар хот руу очиж “Шаг базар” ХХК-д очиж оношлуулсан. Хөдөлгүүрийн цилиндрийнх нь даралт маш муу, гильц, поршин, кольц их элэгдсэн, тахир гол шатууны механизм нь цохио орсон байна. Мотороо соль эсвэл 100 хувь ээлж хийх хэрэгтэй. Одоо бололцоогүй бол замдаа 10 л масло аваад 30 км бүрд нэмээд бага хазтай зөөлөн явбал Дархан орж магадгүй гэж зөвлөсөн. Баруунхараагийн гүүрэн дээр ирэхэд машин унтарч асахаа больсон. Хотоос гараад 150 км явахад 7 л орчим масло нэмж, бензин 40 гаруй л идэж яваад зогссон. Дарханаас найзыгаа дуудаж чирүүлж ирсэн. Т.Б-т энэ тухай олон удаа хэлсний дагуу 6 сарын сүүлээр гэрийн гаднаас авч явсан. Анхны үнээсээ 2.500.000 төгрөг хас эсвэл бүрэн зассаны дараа чинь авъя гэсэн. Энэ цагаас хойш холбоо бариагүй. Би бүтэн жил гаруй хохирч үлдсэн. Иймд анх өгсөн 3.068.000 төгрөгөө  авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Т.Б-аас:

Би 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр өөрийн эзэмшиж байсан хар өнгөтэй “MITSUBISHI, CHARIOT” маркийн гэр бүлийн 88-57 ДАХ дугаартай жип машиныг зарж борлуулахаар “Сайн Орших” зарын цэг дээр зар өгсөн.  2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Г.Одгэрэл, Б.О- нар ирж машиныг унаж, үзэж, шалгаад энэ машиныг авмаар байна гэж хэлсэн. Би 6.500.000 төгрөгөнд өгнө. Машинд нэмж хийх зүйл байхгүй гэсэн. Б.О- бэлнээр 2 сая төгрөг өгье. Үлдэгдэл мөнгийг нь би удаахгүйгээр хувааж төлж дуусгая ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн.

Би тос маслыг нь цаг тухайд нь сольвол өөр асуудал байхгүй гэж хэлээд өгч явуулсан. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр бид нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийтдээ 3.048.000 төгрөг өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б.О- нөхөр болох Г.Одгэрэлтэй цуг ирж машины масло тос солимоор байна гэхээр нь би өөрийн биеэр сольж өгөөд ямар тос хийж байхыг нь хүртэл хэлж, зааж өгсөн. Тэр хоёр машин дажгүй сайн байна, ямар ч асуудал алга байна гэж хэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор бүх мөнгөө өгч дуусгах ёстой байсан. Гэтэл бид 2016 оны 5 дугаар сарын 5-наас хойш үлдэгдэл мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор Б.О-, Г.Одгэрэл нарын араас нэхэл дагал болж, ажил төрлөө алдаж явсан гэжээ.

Хариуцагч Т.Б- сөрөг нэхэмжлэлдээ:

Хэрвээ энэ машиныг буцааж авахгүй гэвэл машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулахыг нэхэмжилж байна. Мотор гэмтсэн шалтгаан цилиндирт хүчтэй даралт очсон, кроп эвдэрсэн, компьютер шатсан. Цахилгаан дамжуулах эд ангид хүчтэй хуралт бий болсон. Үүнээс болж гуравдугаар цилиндрын кадушка шатсан, хойд талын амартизатор 1.5 мм-ээр тахийсан, хаалганы цоожнууд бүгд гацаатай. Өвөл машинаа угаалгаад гадаа тавьснаас болсон. Онгойлгох арга буруу хэрэглэсэн. Асаагуур, газ гэх мэт зүйлээр халааж, цоожны араа автомат түгжээ эвдэрсэн, касчерын доод талын 14-ын боолт болон касчераар ямар нэгэн зүйл мөргөсөн гэмтэлтэй, цоорсон, маслын насосны суурь цуурсан. Шупны уг тахийсан, хөдөлгөөн орсон байсан зэрэг гэмтэлтэй болсон байсан. Дээр дурьдсан машинд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр үнэлвэл нийт 2.540.000 төгрөг болж байгаа тул нэхэмжилж байна, эсвэл зарагдсан машины үлдэгдэл дээрх мөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.О- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Т.Б- нь машинд эвдэрч болох бүх зүйлийг бичсэн байна. 7 гэмтэл гарсан гээд 7 удаа Улаанбаатараас өндөр үнээр авчирсан гэсэн хүн үнэмшихийн аргагүй юм бичжээ. “Улаанбаатар гурил” ХХК руу портероор ачих ачаа байхгүй. Дээд тал нь 50 кг хүртэл ачааг зөөдөг. Миний машин хөлсөлж явах нь энэ хүмүүст хамаарахгүй. Т.Б- нь энэ машиныг хөдөлгүүр бусад эд анги эвдэрнэ гэдгийг сайн мэдэж байсан тул яаралтай мөнгөө авахыг л чухалчилж байлаа. Тийм ч учраас Приус засварын засварчин залууд 2 машины үнээр зарчихлаа гэж ярьж байсан юм.   Миний хувьд уг машиныг буцааж авахгүй. Т.Б-ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй илт худал байгаа тул намайг залилан авсан 3.068.000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Б-аас 3.062.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, 2.540.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.942 төгрөг, хариуцагчийн 55,590 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 63.942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б-, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба нар давж заалдсан гомдолдоо:

Машиныг худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө нэхэмжлэгч тал эд ангийг бүрэн шалгаж, үзэж  харж авсан. Нилээд хугацаа өнгөрсний дараа гэмтэлтэй эд хөрөнгө худалдсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа бол Б.О-ийн нэр дээр шилжүүлсэн машиныг түүнд өгч байх үед шилжүүлэн өгсөн үеийнхээр эргүүлэн өгөх боломжгүй болсон байх тул мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож машины үлдэгдэл мөнгө болох 2.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.О- хариуцагч Т.Б-т холбогдуулан “машины төлбөрт шилжүүлсэн 3.062.000 төгрөгөө багасгаж 3.062.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Б- худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, машины үлдэгдэл төлбөр 2.450.000 төгрөгийг Б.О-ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Т.Б-тай харилцан тохиролцож 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Т.Б-ын өмчлөлийн, хар өнгийн MITSUBISHI, CHARIOT маркийн  88-57 ДАХ улсын дугаартай автомашиныг 6.500.000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч Б.О- нь машины төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохирчээ. /хэргийн 5 дахь тал/

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн гэрээ болно.

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн буруу учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх, талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг. Ердийн худалдах, худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх буюу төлөх хугацааг тохирч болно. Энэ нь үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ,  хугацааг тохирсон  агуулга бөгөөд ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ эцсийн дүндээ нэмэгдээгүй байдгаараа зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай тул зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Б.О- нь автомашин худалдан авсаны төлбөрт нийт дүнгээр 3.062.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Харин зохигчид маргааны зүйл болох автомашинд доголдол үүссэн талаар маргасан бөгөөд нэхэмжлэгч Б.О- нь автомашины доголдлын талаар 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Т.Б-т мэдэгдсэн ба хариуцагч Т.Б- уг автомашины маслыг нь солиод зүгээр болно гэж сольж өгсөн, мөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баруун хараагийн дэргэд 88-57 ДАХ улсын дугаартай автомашин өөр машинд чирүүлж явсан нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан хугацааны дотор нэхэмжлэгч тал хариуцагчид доголдлын талаар мэдэгдсэн гэж үзнэ.

Доголдол үүссэн гэсэн үндэслэлээр хариуцагч Т.Б- 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр автомашиныг оношлохоор хүлээн авч хариуцагчийн өмчлөлд машин шилжсэн одоо машин Т.Болбаатарт байгаа талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагч Т.Б- нь маргааны зүйл болох хар өнгийн MITSUBISHI, CHARIOT маркийн  88-57 ДАХ улсын дугаартай, машиныг анхнаасаа доголдолгүй байсан талаар хуульд заасан үүргийнхээ дагуу шүүхэд нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар автомашины үнэнд шилжүүлсэн 3.062.000 төгрөгийг хариуцагч Т.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгосныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.О-ийн машины үнэнд шилжүүлсэн мөнгө нь гэрээнээс татгалзсан үр дагавар байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, ...харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар машины үнэнд шилжүүлсэн 3.062.000 төгрөгийг Т.Б-аас гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч нь маргаан бүхий автомашинд учирсан хохирлыг тооцож нийт 2.540.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хохирлын дүнгээр тооцож автомашины үлдэгдэл төлбөр 2.540.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулсан нь машинд учирсан хохирол гэж үзэхгүй, харин машины төлбөр нэхэмжилсэн байна гэж үзлээ.  

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн машины үнэ 3.062.000 төгрөг нэхэмжилсэн байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан гэрээ цуцлахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийдвэрийн шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.532 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ               

                                        ШҮҮГЧИД                                                  С.ЭНХЖАРГАЛ                                          

                                                                                                           С.ОЮУНЦЭЦЭГ