Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/00937

 
 

   2018           06             12

           001/ХТ2018/00937

                                            

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,                

            Б-ийн нэхэмжлэлтэй,

            Т-т холбогдох

            3,062,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

             Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1999 онд Япон Улсад үйлдвэрлэгдсэн 2007 онд Монголд орж ирсэн Мицибуши Шариот маркийн 88-57 ДАХ улсын дугаартай автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж, 2017 оны 02 сарын 08-нд 2,000,000 төгрөг, 3 сарын 9-нд бэлнээр 500,000 төгрөг, 4 сарын 5-нд 562,000 төгрөг дансаар төлж нийт 3,062,000 төгрөг өгсөн болно. Уг машиныг авсан өдрөөс эхлэн хар утаа гарч асалт нь удаан, ассан хойноо чичирч байсныг Т-т хэлэхэд масло шинээр солиод л зүгээр гэсэн. Хэлснээр нь үйлчилгээг хийхэд хэвээр байсан. Нэгэнт авсан болохоор өдөр 1 литр масло нэмээд явдаг болсон. Миний явдаг маршрут нь Бирж, ОУХТөвөөс хүнсний зүйл аваад Улаанбаатар гурилын үйлдвэр, орой ажлаа тараад Парк таунд гэртээ ирдэг. Өөр хаашаа ч явдаггүй. Ойролцоогоор өдөрт 25 км явдаг. Өдөрт 1 л масло 13-15 л бензинд 34,750 төгрөг зарцуулдаг. Машин засдаг, мэддэг хүмүүст үзүүлэхэд та нар хулхидуулсан байна. Маш их засвар орноо гэдэг. Энэ тухай Т-т наймаа буцъя гэхэд үгүй гэж олон удаа хэлээд утсаа авахаа больсон. Ийм их зардал гарч байгаа тул 3 сарын 15-нд шууд машинаа тавьж хүнсний зүйлээ хөлсний машинтай гэрээ хийж зөөдөг болсон. 2017 оны 04 сарын 10-нд Улаанбаатар хот руу очиж “Шаг базар” ХХК-д очиж оношлуулсан. Машин чинь насжилт өндөр 18 жил болсон, мотор нь маш их суларсан, бага зэрэг цохио орсон байна. Мотороо солих эсхүл бүрэн ээлж хийх хэрэгтэй гэсэн. Тэр үед Да хүрээ зах дээр хуучин орж ирсэн мотор 1,150,000 төгрөг байсныг миний бололцоо болоогүй. Мотор задлахгүйгээр тусгай шингэнээр засдаг “Авто хими” ХХК-д очиж инженерт нь үзүүлж оношлуулсан. Хөдөлгүүрийн цилиндрийнх нь даралт маш муу, гильц, поршин, кольц их элэгдсэн, тахир гол шатууны механизм нь цохио орсон байна. Мотороо соль эсвэл 100 хувь ээлж хийх хэрэгтэй. Одоо бололцоогүй бол замдаа 10 л масло аваад 30 км бүрд нэмээд бага хазтай зөөлөн явбал Дархан орж магадгүй гэж зөвлөсөн. Баруунхараагийн гүүрэн дээр ирэхэд машин унтарч асахаа больсон. Хотоос гараад 150 км явахад 7 л орчим масло нэмж, бензин 40 гаруй л идэж яваад зогссон. Дарханаас найзыгаа дуудаж чирүүлж ирсэн. Анх энэ машиныг авч байхад үүнтэй ижил машин 3-3,5 сая төгрөгийн үнэтэй байсныг би мэдээгүй юм билээ. Т-т энэ тухай олон удаа хэлсний дагуу 6 сарын сүүлээр гэрийн гаднаас авч явсан. Анхны үнээсээ 2,500,000 төгрөг хас эсвэл бүрэн зассаны дараа чинь авъя гэсэн. Энэ цагаас хойш холбоо бариагүй. Сураг сонсвол зарсан бололтой байсан. Би бүтэн жил гаруй хохирч үлдсэн. Би Т-т итгэсэн, машин мэддэг хүнтэй очоогүй нь миний буруу болсон. Иймд анх өгсөн 3,068,000 төгрөгөө эргүүлэн авах хүсэлтэй байна гэжээ.

          Хариуцагч Т , түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2016 оны 02 сарын 05-нд өөрийн эзэмшиж байсан хар өнгөтэй Мицибуши Чариот маркийн гэр бүлийн 88-57 ДАХ дугаартай жип машиныг зарж борлуулахаар Сайн Орших зарын цэг дээр зар өгсөн. 2016 оны 02 сарын 08-ны өдөр Г.Одгэрэл, Бнар миний засвар хийдэг хашаанд ирж “Машин худалдаж авахаар явж байна. Манай эхнэрийн хөл хугархай өвчтэй удаан явж чадахгүй учир танай машиныг авмаар байна” гэж хэлээд манай машиныг шалгаж үзээд Дархан дотор маш удаан тойрч яван унаж шалгасан. Тэгээд бид авмаар байна, бидэн таалагдаж байна гэсэн. Би “6,500,000 төгрөгт өгнө. Машинд нэмж хийх юм байхгүй, үнэ тохирвол өгнө” гэсэн. Б“бэлнээр 2 сая төгрөг өгье. Үлдэгдэл мөнгийг нь би удаахгүйгээр хувааж төлж дуусгая. Нөхөр бид 2 Улаанбаатар гурилын үйлдвэрийн гуанзыг түрээсэлж ажиллуулдаг. Ямар ч асуудал байхгүй. Төлбөр мөнгийг нь төлөх боломжтой. Санаа зоволтгүй. Одоо машиныг чинь аваад явъя” гээд машиныг аваад явахад нь би “Тос маслыг нь солиорой. Цаг тухайд нь тос, маслыг нь солиод явбал ямар ч асуудал байхгүй. Мэдэхгүй зүйл байвал ирж асууж болно” гэж хэлээд өгч явуулсан. 2016 оны 02 сарын 08-ны өдөр бидний 2 тал нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 03 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг Бминий дансанд хийсэн. 2016 оны 04 сарын 05-наас хойш мөнгө төгрөгөө хийгээч, өгөөч гэж гуйлгаж байж 548,000 төгрөгийг миний дансанд хийсэн. Нийтдээ 3,048,000 төгрөг өгсөн. 2016 оны 04 сарын 05-ны өдөр Б нөхөр Г.Одгэрэлтэй цуг ирж машины масло тос солимоор байна гэхээр нь би өөрийн биеэр сольж өгөөд ямар тос хийж байхыг нь хүртэл хэлж өгсөн. Тэр хоёр “Машин дажгүй сайн байна, ямар ч асуудал алга байна” гэж хэлсэн. 2016 оны 04 сарын 20-нд хуучин Дарханы Төмөр замын 14-р байрны засмал зам дээр манай эхнэр Ц.Алимаа тэр хоёртой таарсан ба эхнэр маань хэлэхдээ “Б  нөхөртэйгээ машиныхаа хойно шуудаатай ногоо, гурил, мах зэргийг ачсан байсан. Ачааны машин аятай хойд тал нь хүнддээд хойшоогоо суусан байсантай таарсан” гэж хэлээд гайхсан байдалтай “тэр машин чинь хүн тээвэрлэх зориулалттай болохоос ачаа ачих зориулалтгүй шүү дээ. Арай дэндүү болсон байна“ гэж хэлж байсан. Үүний дараа 2016 оны 04 сарын 15-ны дотор бүх мөнгөө өгч дуусгах ёстой байсан. Гэтэл бид 2016 оны 05 сарын 05-наас хойш үлдэгдэл мөнгө төгрөгөө авах гэж Б , Г.Одгэрэл нарын араас нэхэл дагал болж, ажил төрлөө алдаж явсан. 2016 оны 06 сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд Баруунхараа өнгөрөөд явж байтал миний өмнө гэрэл нь анивччихсан, асаалттай машин маань Бонго Ж2 маркийн машинд чирүүлээд явж байсан. Үүний дараа манай эхнэр Б ээс мөнгөө нэхэхэд “эвдэрч гэмтсэн талаар юу ч яриагүй. Тэрээр бид гуанзаа түрээслэхээ больсон, Улаанбаатар гурилын үйлдвэр ажиллахаа больсон” гээд худлаа яриад шалтаг тоочсон. Би эхнэртэйгээ яваад очтол манай машин асахгүй, хөдлөхгүй, хаалга үүд нь онгойхгүй, аккумлятор нь нурсан амартизатор тахийсан, салон доторх нь эмх замбараагүй, хогтой заваан байсан. Яагаад ийм болов гээд асуутал мэдэхгүй гэнэт асахаа больсон гэж Б-ийн  аав, ах хоёр нь хэлсэн. Б  рүү ярьтал “Бичиг баримтыг нь ломбарданд 1,500,000 төгрөгөөр тавьсан. Мөнгө төлж байж авна. Та машиныг минь хашаандаа аваачаад юунаас болоод асахгүй байгааг нь оношлоод өгөөч” гэсэн. Эхнэр бид хоёр портерын жолооч дуудаж хашаандаа чирч авчирсан. Миний зүгээс оношлоход:

1. Мотор гэмтсэн. Шалтгаан цлиндирт хүчтэй даралт очсон,

2. Кроп эвдэрсэн,

3. Компьютер шатсан. Цахилгаан дамжуулах эд ангид хүчтэй хуралт бий болсон. Үүнээс болж гуравдугаар цилиндрын кадушка шатсан,

4. Хойд талын амартизатор 1,5 мм-ээр тахийсан.

5. Хаалганы цоожнууд бүгд гацаатай. Өвөл машинаа угаалгаад гадаа тавьснаас болсон. Онгойлгох арга буруу хэрэглэсэн. Асаагуур, газ гэх мэт зүйлээр халааж, цоожны араа автомат түгжээ эвдэрсэн,

6. Касчерын доод талын 14-ийн боолт болон касчераар ямар нэгэн зүйл мөргөсөн гэмтэлтэй, цоорсон,

7. Маслын насосны суурь цуурсан. Шупны уг тахийсан, хөдөлгөөн орсон байсан зэрэг гэмтэлтэй болсон байсан. Миний зүгээс оношлоход ийм байсан тул давхар оношлогооны газар үзүүлж харуулан шалгуулахын тулд машины бичиг баримт шаардлагатай тул Б т хэлтэл “Бичиг баримтыг ломбарданд тавьсан” гэж хэлсэн. Өөрийн нэр дээр шилжүүлэн авч, мөнгө төгрөгөө бүрэн барагдуулаагүй машиныг ломбарданд тавьж мөнгө зээлэн, хууль бусаар ашигласан гэдгээ манай эхнэр Ц.Алимаад ирж хэлсэн. Би Б , Г.Одгэрэл нарт эвдэрсэн, хэмхэрсэн асдаггүй, явдаггүй машин өгөөгүй. Тухайн үед өөрсдөд нь унуулж үзүүлээд жолоодлого хийлгээд Дархан хаалга, Шинэ Дархан, Хуучин Дархан хүртэл явуулж моторын дуу, явах анги, дотор салоны чимээ, пар халуун, хүйтэн үлээх гэх зэргийг бүгдийг нь шалгаж үзүүлээд албан ёсоор хүлээлгэн өгсөн байтал ийнхүү тохиролцооноосоо буцаж, худал үнэн зүйл зохион бичиж, намайг эвдэрхий, хэмхэрхий машин өгсөн мэтээр ойлголт төрүүлж, өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй байна. Хэрвээ энэ машиныг буцааж авахгүй гэвэл машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулахыг нөгөө талаас нэхэмжилж байна гэжээ.

          Хариуцагч Т ын сөрөг нэхэмжлэлд: Миний бие иргэн Б , Г нарт 88-57 Дах Мицибуши Чариот маркийн машиныг 2016 оны 02 сарын 08-ны өдөр 6,500,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ авсан өдрөөс хойш буюу 2016 оны 02 сарын 08-наас 2016 оны 06 сарын 18-ныг хүртэл 4 сарын хугацаанд тухайн машиныг ашиглаж, хэрэглэн эдэлсэн гэж үзэж байгаа. Энэ хугацаанд Б , нөхөр Г-ийн хамтаар өөрийн ажил, төрөл, амьжиргаа, ачаа зөөх, хөдөө гадаа аялал зугаалганд явах зэргээр эдэлж хэрэглэн ашиглаж дараах эд ангиудыг эвдэж гэмтээсэн. Үүнд: Мотор гэмтсэн. Шалтгаан цлиндирт хүчтэй даралт очсон, кроп эвдэрсэн, компьютер шатсан. Цахилгаан дамжуулах эд ангид хүчтэй хуралт бий болсон. Үүнээс болж гуравдугаар цилиндрын кадушка шатсан, хойд талын амартизатор 1,5 мм-ээр тахийсан, хаалганы цоожнууд бүгд гацаатай. Өвөл машинаа угаалгаад гадаа тавьснаас болсон. Онгойлгох арга буруу хэрэглэсэн. Асаагуур, газ гэх мэт зүйлээр халааж, цоожны араа автомат түгжээ эвдэрсэн, касчерын доод талын 14-ийн боолт болон касчераар ямар нэгэн зүйл мөргөсөн гэмтэлтэй, цоорсон, маслын насосны суурь цуурсан. Шупны уг тахийсан, хөдөлгөөн орсон байсан зэрэг гэмтэлтэй болсон байсан. Дээр дурьдсан машинд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр үнэлвэл нийт 2,540,000 төгрөг болж байгаа тул нэхэмжилж байна, эсвэл зарагдсан машины үлдэгдэл дээрхи мөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Б-ийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Т  нь машинд эвдэрч болох бүх зүйлийг бичсэн байна. 7 гэмтэл гарсан гээд 7 удаа Улаанбаатараас өндөр үнээр авчирсан гэсэн хүн үнэмшихийн аргагүй юм бичжээ. Улаанбаатар гурил ХХК руу портероор ачих ачаа байхгүй. Дээд тал нь 50 кг хүртэл ачааг зөөдөг. Миний машин хөлсөлж явах нь энэ хүмүүст хамаарахгүй. Т  нь энэ машиныг хөдөлгүүр бусад эд анги эвдэрнэ гэдгийг сайн мэдэж байсан тул яаралтай мөнгөө авахыг л чухалчилж байлаа. Тийм ч учраас Приус засварын засварчин залууд 2 машины үнээр зарчихлаа гэж ярьж байсан юм. Миний хувьд уг машиныг буцааж авахгүй. Т ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй илт худал байгаа тул намайг залилан авсан 3,068,000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.              

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар хариуцагч Т аас 3,062,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б т олгож, 2,540,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,942 төгрөг, хариуцагчийн 55,590 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т аас улсын тэмдэгтийн хураамж 63,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийдвэрийн шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямбын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2018.02.26-ны 14 тоот магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй гэж хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч машины доголдлыг арилгуулах, эсвэл гэрээ цуцлуулах, зөвхөн 3,600,000 төгрөг гаргуулах гээд байгаагийн аль нь болох тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаад үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Нөгөө талаар 2016.02.08-нд Б т хүлээлгэн өгсөн үеийн машин биш наад зах нь хаалганы цоож бариул, компьютер гэгчлэн 2,540,000 төгрөгийн эвдрэл засвартай болсон машиныг буцаан олго гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй нэг талыг барьснаас нэхэмжлэгчийн шаардлага нотлогдоогүйг анхаарсангүй.

2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, эсхүл гэрээг цуцлах нэхэмжлэлийг нэхэмжлэгч гаргасан мэтээр ханджээ. Нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлага гаргасан бол улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой, шүүх худалдах, худалдан авах гэрээг цуцалсан талаар шийдвэрийн тогтоох хэсэгт дурдах ёстой гэж ойлгож байна.

3. Ямар доголдол гарсан, тэр нь хэнээс учирсан нь тодорхойгүй, нотлоогүй байхад таамгаар хандсан. Тодруулбал, Бямар доголдлыг хаанахын шинжээчээр тогтоолгож, хэр хэмжээний хохирол учирсан талаарх баримт хэрэгт байхгүй байхад мөнгө гаргуулсан явдал үндэслэлгүй байна. Гэрээг цуцлаагүй байж мөнгө буцаалгасан нь ойлгомжгүй юм.

4. Б тос маслыг сольё гэсэн болохоос машинаа буцаах, доголдлыг арилгуулах гомдлын шаардлага гаргах асуудал тавиагүй нь оролцогчдын тайлбараар нотлогдоно. Шүүх нэхэмжлэгч Б ийг автомашины доголдлын талаар 2016.04.05-ны (шийдвэрт оныг 2017 гэж алдаатай бичсэнийг анхаарах) өдөр тос, маслыг хариуцагч Т аар солиулж байх үедээ хэлсэн гэж ташаа ойлгожээ. Машиныг буцаах хэмжээний доголдол гарсан бол 2016.04.05-ны өдөр Бмашины үлдэгдэл мөнгө болох 562,000 төгрөгийг өгөхгүй. Мөн 2016.03.09-нд 500,000 төгрөгийг тус тус өгөх шаардлага байхгүй байсан. Нөгөө талаар гэрээнд зааснаар 2016.04.15-нд төлбөрийг барагдуулж дууссан өдөр ямар нэг асуудал гаргаагүй нь гомдлын шаардлага гаргах асуудал байхгүйг илтгэнэ. Харин тэд үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэж зугтаад алга болсон тул Т  эхнэр Ц.Алимаагийн хамт араас нь Б-ийн ажил дээр буюу “Улаанбаатар гурил”-ын үйлдвэр дээр 2016.06.20-дын үед очсон байдаг. Утсаар нь холбогдох гэсэн боловч утсаа авдаггүй. Үүнээс үзэхэд машиныг буцаах хүн зугтах үйлдэл гаргахгүй нь тодорхой.

5. Хэрэв гомдлын шаардлагын хугацааны талаар Бярих гэж байгаа бол нэхэмжлэл гаргасан 2017.11.10-ны өдрөөр авч үзэх ёстой. Энэ нь жил зургаан сар өнгөрсөн нь Иргэний хуулийн 254.6-д заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энд нэг зүйлийг дурдахад шүүх 2016.06.14-нд машиныг буцаан өгсөн мэт буруу дүгнэлт хийжээ. Тэд Т ын өмчлөлд албан ёсоор биечлэн хүлээлгэж өгсөн гарын үсэг болон машины бичиг баримтыг огт өгөөгүй, техникийн гэрчилгээг 1 сая 500 мянгад барьцаанд тавьсан, одоог хүртэл аваагүй, тэр машинаа байрны гадаа хаясан байгаагаар нотлогдоно. Харин ч бусдын өмчийг Т  хадгалсан хадгалалтын төлбөрийн асуудал ярих ёстой.

6. Б гэрээгээ зөрчиж үлдэгдэл төлбөрөө хийхгүй, хүний машиныг хагас жил эдэлж хэрэглэн эвдчихээд гэрээг цуцална гэх нь бодит байдал, шударга ёсонд нийцэхгүй бөгөөд харин 2016.02.08-ны хүчин төгөлдөр гэрээний 2 болон 5 дахь заалтын дагуу Б ээс үлдэгдэл 3 сая 500 мянган төгрөгийг багасган үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2 сая 540 мянган төгрөгийг гаргуулах Т ын сөрөг нэхэмжлэл хуулийн үндэслэлтэй болно.

7. Б нүдээ аниад тэр машиныг авчихсан биш нөхрийн хамт сайтар шалгаж хойд зүгт 20 км Хар морьтын хөтөл хүртэл, урд зүг 12 км Дархан хаалга хүртэл явж үзсэн. Муу машин байсан бол 6 сая 500 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хасах, багасгах, авахгүй байх эрхтэй. Уг машин 2016.05.29-нд оношлогооны хугацаа дуусах байсан бөгөөд худалдан авагч оношлуулах шаардлага гаргаагүй нь харин ч уг машин доголдолгүйг давхар илтгэнэ. Доголдолтой байсан бол худалдан авагч оношлогоо хийлгүүлэх хугацаа болоогүй ч гэсэн дахин оношлуулах эрх нээлтэй бөгөөд худалдан авагчийн хүсэлтээс шалтгаалах асуудал. Оношлогоо хийлгүүлэхэд хааж боосон, саад хийсэн асуудал худалдагч талаас гаргаагүй. Б2016.04.15-нд мөнгөө төлөх сүүлийн хугацаа хүртэл уг машиныг шалгаж үзсэн гэж ойлгохоор байна. Ийм удаан хугацаагаар машиныг шалгадаг худалдан авагч байхгүй байх. Иймд доголдолгүй, буцаах шаардлагагүй байсан болоод уг машины техникийн гэрчилгээ, бичиг баримтыг ломбарданд тавьсан байдаг.

8. Б доголдлыг мэдсэн юм бол тэр даруйдаа машиныг бичиг баримтын хамт буцаан өгөхгүй зогстол нь унаж ашиглан одоог хүртэл албан ёсоор өгөөгүй нь Иргэний хуулийн 255.1-д дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана. 255.1.1-д “эд хөрөнгө шилжүүлэн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан” гэсэн заалтын дагуу Буг машиныг сайн шалгаж байх үедээ доголдлыг мэдэх боломжтой, худалдагч талаас ямар нэг доголдлыг нуусан, шалгахад болон оношлуулахад саад хийсэн зүйлийг нэхэмжлэгч нотолж чадаагүй.

9. Автотээврийн хэрэгсэл, автомашиныг худалдах, худалдан авах 2016.02.08-ны гэрээнд худалдан авагч тал доголдол, ямар нэгэн учир дутагдалтай байсан бол гэрээний нэмэлт нөхцөл дээр дурдах боломжтой, тийм асуудал гэрээнд байдаггүй. Нэгэнт машиныг сайн шалгаж нөхрийн хамт үзэж авсан болохоор Иргэний хуулийн 251.2 дах заалтыг харгалзан нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон Т ын сөрөг нэхэмжлэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, машины үлдэгдэл мөнгөнөөс 2 сая 540 мянган төгрөгийг Б ээс гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Т ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 14 тоот магадлалыг эс зөвшөөрч хэрэглэх ёстой Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 255.2 дахь заалтуудыг хэрэглээгүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний бие 2016.02.08-ны өдөр тээврийн хэрэгсэл, автомашин худалдах, худалдан авах гэрээгээр хар өнгийн Mitsubishi Chariot маркийн, улсын 88-57 дугаартай автомашиныг Б-ийн өмчлөлд шилжүүлсэн. Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө эд ангийг бүрэн шалгуулж, Дархан суманд хангалттай унаж үзүүлэн, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдсан. Нилээд хугацааны дараа гэмтэлтэй хөрөнгө худалдсан гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй үйлдэл байна. Оношлогоонд орох хугацаа болоогүй болохоор машиныг шалгаад тэд оношлуулах шаардлагагүй гээд машинаа унаад явсан. Энэ нь Иргэний хуулийн 255.1-д дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана. 255.1.1-д эд хөрөнгө шилжүүлэн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан гэсэн заалтын дагуу Буг машиныг сайн шалгаж хүлээн авсан. Бнь худалдан авснаас хойш нилээд хугацааны дараа гэмтэл учирсан хэмээн гэрээнээс татгалзах ноцтой шалтгаангүй байхад гэрээнээс татгалзан хохирол учруулсан нь Иргэний хуулийн 205.1, 205.2.3 дах хэсэгт зааснаар Бнь тээврийн хэрэгсэл, автомашин худалдах, худалдан авах гэрээг өөрийн санаачлагаар гэрээнээс татгалзсаны хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Автотээврийн хэрэгсэл, автомашиныг худалдах, худалдан авах 2016.02.08-ны гэрээнд худалдан авагч тал доголдол, ямар нэгэн учир дутагдалтай байсан бол гэрээний нэмэлт нөхцөл дээр дурдах боломжтой, тийм асуудал гэрээнд байдаггүй. Нэгэнт машиныг сайн шалгаж нөхрийн хамт үзэж авсан болохоор Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" гэсэн заалтыг шүүх анхаараагүй Б-ийн нэр дээр шилжүүлсэн автомашиныг түүнд өгч байх үед шилжүүлэн өгсөн үеийнхээр эргүүлэн өгөх боломжгүй болсон байх тул мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтэй байна. Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 14 тоот магадлалыг хүчингүй болгож, Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

        Нэхэмжлэгч Б хариуцагч Т-т холбогдуулан машины төлбөрт шилжүүлсэн 3,062,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, машинд учирсан хохирол үлдэгдэл төлбөр 2,450,000 төгрөг, эсхүл гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

         2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр талууд харилцан тохиролцож, Т ын өмчлөлийн, MITSUBISHI, CHARIOT маркийн 88-57 ДАХ улсын дугаартай автомашиныг  6,500,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Бнь машины үнийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр тохирч, уг автомашиныг эзэмшилдээ авсан байна.

           Нэхэмжлэгч нь автомашины төлбөрт нийт 3,062,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин автомашинд доголдол үүссэн талаар маргажээ.

          Б нь автомашины доголдлын талаар 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Т-т мэдэгдсэн ба хариуцагч нь маслыг нь солиод зүгээр болно гээд сольж өгсөн, мөн 2016 оны 06 сарын 18-ны өдөр Баруун хараагийн дэргэд 88-57 ДАХ улсын дугаартай автомашин өөр машинд чирүүлж явсан тухай талууд тайлбар гаргажээ.

            Нэхэмжлэгч тал хариуцагчид доголдлын талаар мэдэгдсэн, Т  нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр доголдлыг оношлохоор автомашиныг хүлээн авсан, машин хариуцагчийн өмчлөлд буцсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй, түүний автомашины үнэ гэж шилжүүлсэн мөнгийг гэрээнээс татгалзсаны үр дагавар гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 3,062,000 төгрөгийг Т аас гаргуулж, Б т олгохоор шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

         Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд   зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т нийцсэн гэж үзнэ.   

             Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг машинд учирсан хохирол бус харин машины төлбөр нэхэмжилсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. 

     Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд гэрээний зүйл болох автомашин нэхэмжлэгчийн эзэмшилд байх хугацаандаа замын хөдөлгөөнд орж ашиглагдаж байсан, хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ машины эд анги эвдэрснээс учирсан хохирол гэж 2,540,000 төгрөг нэхэмжлэхдээ моторыг 1,200,000 төгрөг, кропыг 450,000 төгрөгөөр үнэлж, засуулна  гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг 1,650,000 төгрөгийн хэмжээнд хангахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

           Иймд дээрх үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийдвэрийн нэг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Т аас 3,062,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б т олгож, нэхэмжлэгч Б ээс 1,650,000 төгрөг гаргуулж, хариуцагч Т-т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 890,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “63,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б т олгосугай” гэснийг “63,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож, нэхэмжлэгч Б ээс 41,350 төгрөг гаргуулж хариуцагч Т-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 119,540 /нэг зуун арван есөн мянга таван зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАХ

                                   ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН