Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2017/02380

 

 

 

 

2017 оны 12 сарын 05 өдөр               Дугаар 182/ШШ2017/02380     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:5466075/, Багануур дүүрэг 1-р хороо, 78-р байр, 18 тоот

 

Хариуцагч:  ШШГЕГ

 

Хариуцагч: НШШГГ

 

            “А” ХХК-ийн төлбөр авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоолгон гэм хорын хохиролд 130.000 төгрөг гаргуулах, “А” ХХК-д холбогдох хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч ШШГЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч НШШГГ, Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, иргэдийн төлөөлөгч Н.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                                                  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 сарын 22-ны өдрийн 1531 тоот шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхлэнгүүт шүүхээс гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн. Улмаар түдгэлзлийг хүчингүй болсны дараа гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулах гэтэл гүйцэтгэлийн ажиллагааг явуулахаас татгалзсан. Учрыг нь асуухад ШШГЕГаас гүйцэтгэл битгий явуул гэж утсаар мэдэгдсэн гэдэг. Ингээд ШШГЕГт хандан гомдол гаргахад 2017 оны 07 сарын 21-ний өдөр Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсэг рүү бичиг явуулсан тэндээс хариугаа ав гэсэн. Багануур дүүрэгт очиж хариугаа авмаар байна гэхэд ШШГЕГт хандсан байгаа, хариу өгнө гэж хэлдэг. Ингээд дахин ШШГЕГт очиж хариугаа авах гэхээр маргааш ир, 7 хоноод ир гэсээр бүтэн сар боллоо. ШШГЕГ гэдэг бол шүүхийн шийдвэрт заагдсаны дагуу гүйцэтгэл хийдэг газар болохоос утсаар яриад зогсоодог, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс татгалздаг газар биш юм. Бид Улаанбаатар Багануурын хооронд зөвхөн дээр дурьдсан хариугаа авах, гүйцэтгэл явуулах ажлаар явсан машины шатахууны зардлыг хохиролд тооцон нэхсэн болно. Иймд шийвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусааг зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоож гэм хорын хохиролд 130.000 төгрөг ШШГЕГаас гаргуулж өгнө үү.

“А” ХХК нь 300.000.000-д төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудыг гаргуулан авах шийдвэрийг 2013 онд гаргуулсан байдаг ба 2016 онд шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлсэн. 2013 оны шийдвэртэй шууд хамаарал бүхий орон сууцны захиалгын төлбөрийг буцаан авах 100.000.000 төгрөгийн төлбөртэй хамаатай шийдвэрүүд гарч шийдвэр гүйцэтгэл дээр очсон байдаг. Бид 300.000.000-аад төгрөгийн гүйцэтгэлээ хийлгэвэл захиалгын төлбөрийн асуудлыг дор нь шийдэх боломжтой талаар олон удаа харилцан ярилцсан. Улмаар гүйцэтгэлүүд явагдахгүй байдалтай байсан ба манай авах төлбөрийн асуудалд ШШГЕГын дарга нар саатуулсан учир тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл манай нэхэмжлэлийг буцаалгах зорилгоор одоо “Х банк” ХХК-ийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар дуудлага худалдаанд оруулахаар болсноос гадна “А” ХХК-ийн захиралд Эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж айлгаж, нэхэмжлэлээ татан авбал тохиролцох боломжтой гэж дарамталлаа. Өөрөөр хэлбэл ШШГЕГт холбогдох Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулах даалгавраар Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх тасаг хууль бус үйл ажиллагаа явуулж банкнаас барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа учир Багануур дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасаг дээр явагдаж байгаа “А” ХХК-д холбогдох хууль зөрчсөн гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

 

Хариуцагч ШШГЕГаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/а дугаар шийдвэрээр “С” ХХК-аас Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчаас дээрх орцны 21, 22, 23, 24, 29, 31 тоот орон сууцуудыг төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирч, уг орон сууцыг төлбөрт албадан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх баримт бичгийг Багануур дүүрэг дэхь Шийдвэр гүйцэтгэх хэсэгт ирүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх орон сууцны өмчлөгчөөр нэр бүхий 6 иргэнийг тогтоож, улмаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 103ШШ/2017/00027 дугаар шийдвэрээр өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байна. ШШГЕГаас төлбөр авагч “А” ХХК-д холбогдох иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх чиглэлийг харьяа нэгжид өгөөгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргах эрхийг хуулиар олгосон.

Төлбөр авагч “А” ХХК-аас шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн өргөдлийг ШШГЕГт хандан 2017 оны 07 сарын 05-ны өдөр гаргасан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д “Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина" мөн зүйлийн 4-д “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ" гэж заасныг үндэслэн дээрх өргөдлийг Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/1307 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлж, өргөдөл гаргагчийн хуулийн этгээдийн захирал Д.Дын харилцах утсаар холбогдож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг танилцуулж, түүнд мэдэгдсэн байна.

Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгээс төлбөр авагчийн тус ерөнхий газарт хандан гаргасан өргөдлийг хянаж 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/995 дугаар албан бичгээр хариу өгснийг хуулийн этгээдийн захирал Д.Д гардан авсан, нэхэмжлэгч “А“ ХХК-д өргөдлийн хариуг авахаар Улаанбаатар хотод ирж, буцсанаас гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, шатахууны зардал гэх 130.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч “А” ХХК-ийн тус ерөнхий газартай холбогдуулан өргөдлийн хариу өгөөгүй болохыг тогтоолгох, гэм хорын хохирол буюу шатахууны үнэ гэх 130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч НШШГГаас хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2013 оны 10 дугаар сарыи 18-ны өдрийн 235/А захирамжаар “С” ХХК-аас Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт дутуу баригдаад байгаа 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр авагч “А" ХХК дээрх шийдвэрийг гүйцэтгүүлэхээр тус тасагт 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16/13 тоот хүсэлтээр хандсан бөгөөд хүсэлтэд дээрх 15 айлын орон сууцнаас 6 айлын орон сууц буюу 21, 22, 23, 24, 29, 31 тоотууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өөрийн өмчлөлд шилжүүлэхээр зааж нэрлэсэн. Хүсэлт, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 16320405 цахим дугаар олгон бүртгэн авч, зардал, урамшууллын гэрээ байгуулан ажиллагааг эхлүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгч 34 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 айлын иргэд, оршин суугчтай уулзан шүүхийн шийдвэрийг танилцуулан өмчлөл шилжиж байгаа талаар танилцуулан мэдэгдэл гардуулсан ба байрны өмчлөгчийг тодруулах зорилгоор холбогдох бүртгэлийн байгууллагад лавлагаа, мэдээлэл явуулан хариуг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байх үед Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1688 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, дээрх түдгэлзүүлсэн ажиллагааг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1720 дугаар захирамжаар сэргээсэн байна. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1765 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2066 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээсэн байна. Мөн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн байна.

Ингээд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 34 айлын 80 дугаар байрны 21 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Шинэжилийг, 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Бичээхүүг, 23 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Мөнхбаатарыг, 24 тоот орон сууцны өмчлөгчөөр Э.Эрдэнэбулганыг, 29 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Нг, 31 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Э нарыг тус тус тогтоож шийдвэрлэжээ.    Дээрх шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хөрөнгө бусдын өмчлөл болох нь шүүхээр тогтоогдсон байх тул Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А дугаар захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх хэсэгт заасны дагуу Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

Төлбөр авагч “А” ХХК-д дээрх ажиллагаа дуусгавар болсон ч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасны дагуу биетээр гаргуулах боломжгүй эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлэх шаардах эрх нээлттэй байгаа талаар тус тасгаас тайлбарлан өгсөн болно. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 138 дугаар шийдвэрээр “А” ХХК-аас 34.640.629 төгрөг гаргуулж А.Нд, Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийдвэрээр “А” ХХК-аас 15.232.950 төгрөг гаргуулж Д.Уд, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар захирамжаар “А” ХХК-аас 14.314.475 төгрөг гаргуулж Д.Чт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 464 дугаар захирамжаар “А” ХХК-аас 10.733.593 төгрөг гаргуулж Э.Ат, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар захирамжаар “А” ХХК-аас 17.622.725 төгрөг гаргуулж Л.Нт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр “А” ХХК-аас 11.292.550 төгрөг гаргуулж Ө.Шд, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2017/00174 дүгээр шийдвэрээр Д.Доос 15.232.950 төгрөг гаргуулж З.Орт олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу тус тасаг гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “А” ХХК-ийн өмчлөлийн цамхагт кран КБ-308 2 ширхэг, КIА КЕRANТО маркийн 57-69 БРА улсын дугаартай автомашин, гагнуурын аппарат /том/, гагнуурын алпарат /жижиг/, вибратор, таслагч, молоток зэрэг хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, Д.Дын өмчлөлийн “Х” банкны барьцаанд байгаа Багануур дүүргийн 1 дүгээр хороо 78 дугаар байрны 18 тоот, 74,23 м.кв 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэн, хурааж албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/Ш32017/09829 дүгээр захирамжаар дээрх 7 гүйцэтгэх баримт бичигт явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Дуудлага худалдааны явцад “А” ХХК-ийн захирал Д.Д шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан КIА КЕRANТО маркийн, 57-69 БРА улсын дугаартай автомашиныг тус тасагт мэдэгдэлгүй хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан байх тул дуудлага худалдаа явагдаж дуусмагц Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох баримт, мэдээллийг хүргүүлэхээр бэлтгэж байсан боловч танай шүүхийн захирамжаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул цагдаагийн байгууллагад хандаагүй болно. Тус тасгаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль, журамд нийцүүлэн явуулж байгаа бөгөөд 2016, 2017 онуудад “А” ХХК болон Д.Д нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн 7 гүйцэтгэх баримт бичгийн төлбөр авагч нар удаа дараа тус тасаг, Шийдвэр гүйцэтгэх алба, ШШГЕГт хүсэлт, өргөдөл, гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Шүүх нэхэмжлэл, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, “А” ХХК-аас ШШГЕГт гаргасан гомдол, шүүхийн гүйцэтгэх хуудас, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, шийдвэр гүйцэтгэх газрын өргөдөл гомдлын хяналтын карт, “А” ХХК-аас ШШГЕГт гаргасан гомдлын хариу, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан “А” ХХК-ийн хүсэлт, гомдол шийдвэрлэсэн тухай албан бичиг, гомдлын хариу, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагч ШШГЕГаас “А” ХХК-ийн төлбөр авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоолгон гэм хорын хохиролд 130.000 төгрөг гаргуулах, хариуцагч НШШГГын “А” ХХК-д холбогдуулж явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

            Хариуцагч ШШГЕГ Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгээс төлбөр авагчийн тус ерөнхий газарт хандан гаргасан өргөдлийг хянаж 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/995 дугаар албан бичгээр хариу өгснийг хуулийн этгээдийн захирал Д.Д гардан авсан, нэхэмжлэгч “А“ ХХК-д өргөдлийн хариуг авахаар Улаанбаатар хотод ирж, буцсанаас гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, НШШГГ, Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль, журамд нийцүүлэн явуулж байгаа гэж маргаж байна.

 

            Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/а дугаар шийдвэрээр “С” ХХК-аас Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагчаас дээрх орцны 21, 22, 23, 24, 29, 31 тоот орон сууцуудыг төлбөрт авахаар тохиролцож, уг орон сууцыг төлбөрт албадан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр Багануур дүүрэг дэхь Шийдвэр гүйцэтгэх тасагт хандаж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

 

Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байсан ба ШШГЕГаас хүлээлгэсэн гэсэн тул түүнд гомдол гаргасан, гэтэл хариу өгөөгүй гэсэн үндэслэлээр ШШГЕГт холбогдуулан өргөдлийн хариу өгөөгүй болохыг тогтоолгох, гэм хорын хохирол буюу шатахууны үнэ гэх 130.000 төгрөг гаргуулахыг шаардсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна. Нэхэмжлэгч ШШГЕГт энэ тухай гомдлыг 2017 оны 07 сарын 05-ны өдөр гаргажээ.

 

ШШГЕГ Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/1307 дугаартай албан бичгээр шилжүүлж, ингэхдээ шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагааг шуурхай зохион байгуулж, биечлэн хяналт тавьж, өргөдөл гаргагчид түүгээрээ хариу өгч, үүргийн биелэлтийг 8 дугаар сарын 20-ны дотор илтгэхийг мэдэгдсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх орон сууцны өмчлөгчөөр нэр бүхий 6 иргэнийг тогтоож, улмаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 103ШШ/2017/00027 дугаар шийдвэрээр өмчлөх эрхтэй болохыг тогтоожээ.

 

Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгээс дээрх шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хөрөнгө бусдын өмчлөл болох нь шүүхээр тогтоогдсон байх тул Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А дугаар захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх хэсэгт заасны дагуу Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай зааж 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/995 дугаар албан бичгээр “А” компанид мэдэгдсэнийг захирал хүлээн авсан байна.

 

Нэхэмжлэгчийн ШШГЕГаас дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон, нэхэмжлэгчийн гомдолд хариу өгөөгүй гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд ШШГЕГт гаргасан төлбөр авагчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй, Багануур дүүрэг хотын хооронд явсан унааны зардалд нэхэмжлэгчид 130.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

НШШГГ нь мөн “А” компанид холбогдуулж Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 96, 138, 282, 348, 464 дугаар шийдвэрүүд, 2017 оны 13, 174 дүгээр шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, “А” компанийн Х банкинд барьцаалсан барьцааны хөрөнгө болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 18 тоот 4 өрөө орон сууцыг, зарим нэг хөдлөх эд хөрөнгийн хамт битүүмжлэн хурааж, албадан худалдах ажиллагааг явуулж байна.

 

Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа НШШГГ хууль зөрчиж байна, хүчингүй болгуулна гэх ба яг ямар ажиллагааг гэж тухайлан заахгүй байна. Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас харахад Х банкинд барьцаалсан барьцааны хөрөнгийг өөр бусдын төлбөрт авах гэлээ гэсэн гомдол, мөн түүнчлэн Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/а дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 дугаар тогтоолыг зөвшөөрөхгүй тухай гомдол байна, нэхэмжлэгч ч үүнийг зөвшөөрч байна. Эдгээр гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч шийдвэрлэхээр гомдол байх тул шүүх шууд хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Х банк барьцааны хөрөнгийг 63 сая төгрөгөөр худалдахаар бусадтай тохиролцсон байтал шийдвэр гүйцэтгэгч зөвшөөрөхгүй, 40.6 сая төгрөгөөр өөрийн хамаатанд өгөх гэлээ, иймд 20 сая төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүллээ гэх боловч нэхэмжлэлээ бүрдүүлбэр хангаж бичгээр гаргаагүй, хүсэлтийн шатанд яригдаагүй тул нэхэмжлэл гарсан гэж үзэх боломжгүй байна.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 118, 117 дугаар зүйлийн 117.1-ийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

 

1.         Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан хариуцагч ШШГЕГаас “А” ХХК-ийн төлбөр авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоолгон гэм хорын хохиролд 130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.         НШШГГт холбогдох “А” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай гомдол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 дугаар тогтоолыг зөвшөөрөхгүй тухай гомдлыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа 20.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж шаардлага гаргахыг хүссэн хүсэлтийг хангахгүй орхисугай.

 

 

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

5.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                   С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   Ж.БАЙГАЛМАА

                                                                                             

                                                                                              Н.НАРАНГЭРЭЛ