Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00865

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02380 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 414 дүгээр магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ш, Н-уудад холбогдох

“А” ХХК-ийн төлбөр авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоолгон гэм хорын хохиролд 130 000 төгрөг гаргуулах, “А” ХХК-д холбогдох хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваа-Очир, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1531 тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхлэнгүүт шүүхээс гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн. Улмаар түдгэлзлийг хүчингүй болсны дараа гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулах гэтэл гүйцэтгэлийн ажиллагааг явуулахаас татгалзсан байсан тул учрыг нь асуухад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гүйцэтгэл битгий явуул гэж утсаар мэдэгдсэн гэдэг. Ингээд Шт хандан гомдол гаргахад 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсэг рүү бичиг явуулсан тэндээс хариугаа ав гэсэн. Багануур дүүрэгт очиж хариугаа авмаар байна гэхэд Шт хандсан байгаа, хариу өгнө гэж хэлдэг. Ингээд дахин Шт очиж хариугаа авах гэхээр маргааш ир, 7 хоноод ир гэсээр бүтэн cap боллоо. Ш гэдэг бол шүүхийн шийдвэрт заагдсаны дагуу гүйцэтгэл хийдэг газар болохоос утсаар яриад зогсоодог, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс татгалздаг газар биш. Бид Улаанбаатар Багануурын хооронд зөвхөн дээр дурдсан хариугаа авах, гүйцэтгэл явуулах ажлаар явсан машины шатахууны зардлыг хохиролд тооцон нэхсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоож гэм хорын хохиролд 130 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулж өгнө үү.

“А” ХХК нь 300 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудыг гаргуулан авах шийдвэрийг 2013 онд гаргуулсан байдаг ба 2016 онд шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлсэн. 2013 оны шийдвэртэй шууд хамаарал бүхий орон сууцны захиалгын төлбөрийг буцаан авах 100 000 000 төгрөгийн төлбөртэй хамаатай шийдвэрүүд гарч шийдвэр гүйцэтгэл дээр очсон байдаг. Бид 300-гаад сая төгрөгийн гүйцэтгэлээ хийлгэвэл захиалгын төлбөрийн асуудлыг дор нь шийдэх боломжтой талаар олон удаа харилцан ярилцсан. Улмаар гүйцэтгэлүүд явагдахгүй байдалтай байсан ба манай авах төлбөрийн асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар саатуулсан учир тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл манай нэхэмжлэлийг буцаалгах зорилгоор одоо Хас банк ХХК-ийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар дуудлага худалдаанд оруулахаар болсноос гадна “А” ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж айлгаж, нэхэмжлэлээ татан авбал тохиролцох боломжтой гэж дарамталсан. Өөрөөр хэлбэл, Шт холбогдох Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулах даалгавраар Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх тасаг хууль бус үйл ажиллагаа явуулж банкнаас барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа учир Багануур дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасаг дээр явагдаж байгаа “А” ХХК-д холбогдох хууль зөрчсөн гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрт байгаа хөрөнгөөр бусдын хөрөнгөөр барагдуулахаар 2 ариун цэврийн өрөөтэй, 4 өрөө сууцыг 150 сая төгрөгөөр зарах гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзүүлсэн гээ зарагдаагүй, эндээс 20 сая төгрөгийн алдагдалд орсон тул энэ 20 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/а дугаар шийдвэрээр Суман тэрх ХХК-иас Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчаас дээрх орцны 21, 22, 23, 24, 29, 31 тоот орон сууцуудыг төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирч, уг орон сууцыг төлбөрт албадан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх баримт бичгийг Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт ирүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10ЗШШ/2017/00027 дугаар шийдвэрээр дээрх 6 орон сууцны эзэмшигч нь өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас төлбөр авагч “А” ХХК-д холбогдох иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх чиглэлийг харьяа нэгжид өгөөгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргах эрхийг хуулиар олгосон.

Төлбөр авагч “А” ХХК-иас шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн өргөдлийг Шт хандан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 4-т заасныг үндэслэн дээрх өргөдлийг Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5/1307 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлж, өргөдөл гаргагч хуулийн этгээдийн захирал Д.Даваа-Очирын харилцах утсаар холбогдож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг танилцуулж, түүнд мэдэгдсэн байна.

Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгээс төлбөр авагчийн тус ерөнхий газарт хандан гаргасан өргөдлийг хянаж 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01/995 дугаар албан бичгээр хариу өгснийг хуулийн этгээдийн захирал Д.Даваа-Очир гардан авсан. Нэхэмжлэгч “А” ХХК-д өргөдлийн хариуг авахаар Улаанбаатар хотод ирж, буцсанаас гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Шатахууны зардал гэх 130 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч “А” ХХК-ийн тус ерөнхий газартай холбогдуулан өргөдлийн хариу өгөөгүй болохыг тогтоолгох, гэм хорын хохирол буюу шатахууны үнэ гэх 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А захирамжаар Суман тэрх ХХК-иас Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт дутуу баригдаад байгаа 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр авагч “А” ХХК дээрх шийдвэрийг гүйцэтгүүлэхээр тус тасагт 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16/13 тоот хүсэлтээр хандсан бөгөөд хүсэлтэд дээрх 15 айлын орон сууцнаас 6 айлын орон сууц буюу 21, 22, 23, 24, 29, 31 тоотууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өөрийн өмчлөлд шилжүүлэхээр зааж нэрлэсэн. Хүсэлт, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 16320405 цахим дугаар олгон бүртгэн авч, зардал, урамшууллын гэрээ байгуулан ажиллагааг эхлүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгч 34 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 айлын иргэд, оршин суугчтай уулзан шүүхийн шийдвэрийг танилцуулан өмчлөл шилжиж байгаа талаар танилцуулан мэдэгдэл гардуулсан ба байрны өмчлөгчийг тодруулах зорилгоор холбогдох бүртгэлийн байгууллагад лавлагаа, мэдээлэл явуулан хариуг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байх үед Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1688 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, дээрх түдгэлзүүлсэн ажиллагааг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1720 дугаар захирамжаар сэргээсэн. Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1765 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2066 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээсэн. Мөн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн байна.

Ингээд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 34 айлын 80 дугаар байрны 21 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Шинэжилийг, 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Бичээхүүг, 23 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Мөнхбаатарыг, 24 тоот орон сууцны өмчлөгчөөр Э.Эрдэнэбулганыг, 29 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Наранхүүг, 31 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Энхтүвшин нарыг тус тус тогтоож шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хөрөнгө бусдын өмчлөл болох нь шүүхээр тогтоогдсон тул Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А дугаар захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

Төлбөр авагч “А” ХХК-д дээрх ажиллагаа дуусгавар болсон ч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасны дагуу биетээр гаргуулах боломжгүй эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлэх шаардах эрх нээлттэй байгаа талаар тус тасгаас тайлбарлан өгсөн. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 138 дугаар шийдвэрээр “А” ХХК-иас 34 640 629 төгрөг гаргуулж А.Наран-Эрдэнэд, мөн шүүхийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийдвэрээр “А” ХХК-иас 15 232 950 төгрөг гаргуулж Д.Уламбадрахад, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар захирамжаар “А” ХХК-аас 14 314 475 төгрөг гаргуулж Д.Чулуунцэцэгт, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 464 дугаар захирамжаар “А” ХХК-аас 10 733 593 төгрөг гаргуулж Э.Анхбаярт, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар захирамжаар “А” ХХК-аас 17 622 725 төгрөг гаргуулж Л.Нямбаярт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр “А” ХХК-иас 11 292 550 төгрөг гаргуулж Ө.Шаарийбууд, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2017/00174 дүгээр шийдвэрээр Д.Даваа-Очироос 15 232 950 төгрөг гаргуулж З.Отгонбаярт олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу тус тасаг гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “А” ХХК-ийн өмчлөлийн цамхагт кран КБ-308 2 ширхэг, KIA KERANTO маркийн 57-69 БРА улсын дугаартай автомашин, гагнуурын аппарат /том/, гагнуурын аппарат /жижиг/, вибратор, таслагч, молоток зэрэг хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, Д.Даваа-Очирын өмчлөлийн Хас банкны барьцаанд байгаа Багануур дүүргийн 1 дүгээр хороо 78 дугаар байрны 18 тоот, 74,23 м.кв 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэн, хурааж албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/Ш32017/09829 дүгээр захирамжаар дээрх 7 гүйцэтгэх баримт бичигт явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Дуудлага худалдааны явцад “А” ХХК-ийн захирал Д.Даваа-Очир шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан KIA KERANTO маркийн, 57-69 БРА улсын дугаартай автомашиныг тус тасагт мэдэгдэлгүй хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан байх тул дуудлага худалдаа явагдаж дуусмагц Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох баримт, мэдээллийг хүргүүлэхээр бэлтгэж байсан боловч танай шүүхийн захирамжаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул цагдаагийн байгууллагад хандаагүй болно. Тус тасгаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль, журамд нийцүүлэн явуулж байгаа бөгөөд 2016, 2017 онуудад “А” ХХК болон Д.Даваа-Очир нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн 7 гүйцэтгэх баримт бичгийн төлбөр авагч нар удаа дараа тус тасаг, Шийдвэр гүйцэтгэх алба, Шт хүсэлт, өргөдөл, гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02380 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “А” ХХК-ийн төлбөр авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоолгон гэм хорын хохиролд 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “А” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай гомдол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 дугаар тогтоолыг зөвшөөрөхгүй тухай гомдлыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа 20 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж шаардлага гаргахыг хүссэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 414 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/0280 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 414 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Төлбөр төлөгч “А” ХХК, төлбөр авагч нь иргэд байдаг. Төлбөр төлөгч “А” ХХК нь иргэний хуулийн 25 дугаар зүйлд заагдсан өөрийн нэрээр эрх олж авсан, өөрийн хөрөнгөтэй хуулийн этгээд. Төлбөр авагч “А” ХХК нь 2013 оны шийдвэрээр 15 айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон ба үүнээс 6 айлын орон сууц нь “нууц шийдвэр”-ээр өөр өмчлөгчтэй болсон ба одоо шийдвэр гүйцэтгэлээр хийгдэх 9 айлын орон сууцтай. Мөн барилгын техник, эд хөрөнгөтэй.

Гэтэл “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлгүй, Хас банкны зээлийн барьцаанд 2016 онд барьцаалагдсан иргэний орон сууцыг хураан авч дуудлага худалдаа явуулсан байдаг. Энэ үйлдэл хууль бус.

2. Хас банкны барьцаанд байгаа байр нь 2 ширхэг 00-ын буюу ариун цэврийн өрөөтэй 4 тусдаа өрөөтэй учир сонирхогч хүмүүс үзээд 70 сая төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаа төлбөрөө Хас банкинд төлөөд үлдэгдэл төлбөрийг зээлээр авахаар тохироод 8%-ийн зээл нь батлагдаад гарсан байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч М.Нямжанцан, Т.Одгэрэл гэгч этгээдүүд 70 сая төгрөгөөр худалдахыг зөвшөөрөхгүй гээд дуудлага худалдаанд 40 сая төгрөгөөр оруулахаар болсон үед нь зогсоосон. Энэ үйлдэл хууль бус, уг байрыг өөрсдөө авах сонирхолтой байсан.

3. 15 айлын орон сууцанд гүйцэтгэл хийлгэнэ гэхэд урамшууллын мөнгө өгөхгүй бол хийхгүй гэхээр нь өөртөө байгаа бүх мөнгөөр 6 айлын урамшууллын мөнгийг төлсөн. Энэ 6 айлд гүйцэтгэл хийгээгүй удсанаар тэр 6 айлын иргэд Одгэрэл гэгчийг хариуцагчаар татаад өмчлөгч “А” ХХК-ийг оролцуулалгүй “нууц шүүх хурал” хийж өмчлөгчөөр тогтоогдсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч М.Нямжанцан, Т.Одгэрэл нар нь “Танайх 6 айлын төлбөр төлсөн. Тэр 6 айлын хүмүүс нь өмчлөгч болсон учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болголоо” гэсэн. Үлдсэн 9 айлд өмнөх мөнгөөр гүйцэтгэл хийлгэе гэхэд ахин урамшуулал төлөхийг шаардлаа. Юу ч хийгээгүй, хуулиа зөрччихөөд биднээс 1 200 000 төгрөгийн зардал урамшуулал авч болдог ямар хууль байгааг мэдэхгүй байна.

Гүйцэтгэл дуусаагүй ахиад 9 айл байхад дуусгавар болгосон тогтоол гаргаж болдог юм уу. Иймд дээрх илэрхий хууль бус үйлдлийг дэмжсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож зөвхөн Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн эрхээ хамгаалах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Шт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөхгүй буруутай байгааг тогтоож, гэм хорын хохиролд 130 000 төгрөг гаргуулах”-аар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Багануур дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт явагдаж байгаа “А” ХХК-д холбогдох хууль зөрчсөн гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Шт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

1. Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А дугаар захирамжаар “Суман тэрх” ХХК нь Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан талаар зохигчид маргаагүй байна.

“А” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдэхгүй байгаа, Шт 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №17/07 тоот гомдол гаргасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас “...хүсэлтийг судлан шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгаж...”, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/1307 тоотоор Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгийн дарга Б.Раднаасүрэнд хугацаатай үүрэг өгсөн байна.

Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэг гомдлыг шалгаж, 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 01/995 тоотоор “А” ХХК, хуулийн зөвлөх А.Эрдэнэбилэг нарт гомдлын хариуг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул Шт холбогдуулан гаргасан “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй...” гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2. Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хооронд явж, шатахуунд 130 000 төгрөгийн зардал гаргаж хохирсон гэх шаардлага баримтаар нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь баримтад үндэслэгдсэн байх тул Шт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар “А” ХХК-иас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн  хүчин төгөлдөр 7 шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байгаагаас чухам ямар ажиллагааг нэхэмжлэгч хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан нь тодорхойгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчигдсөн, гомдлыг холбогдох албан тушаалтан, байгууллагад гаргаагүй талаарх анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэл бүхий байна.

Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлтэй хэргийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан үндэслэлээр 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

4. “...Хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас 20 сая төгрөгийн алдагдалд орсон тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх...” тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлсэн гэх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг хангаагүй буюу нэхэмжлэлийг бичгээр гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах...” гомдлоо нэхэмжлэгч эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 414 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02380 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасныг баримтлан Наас “А” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09/209 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах..” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн.,  3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 4., 5. дахь заалтын дугаарыг 3., 4. болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Д.Даваа-Очир, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Д.Даваа-Очироос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ    

      ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД