Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 414

 

“А ДД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02380 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А ДД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ШШГЕГ, НШШГГ-т холбогдох

 

“А ДД” ХХК-ийн төлбөр авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоолгон гэм хорын хохиролд 130 000 төгрөг гаргуулах, “А ДД” ХХК-д холбогдох хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1531 тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхлэнгүүт шүүхээс гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн. Улмаар түдгэлзлийг хүчингүй болсны дараа гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулах гэтэл гүйцэтгэлийн ажиллагааг явуулахаас татгалзсан байсан тул учрыг нь асуухад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гүйцэтгэл битгий явуул гэж утсаар мэдэгдсэн гэдэг. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан гомдол гаргахад 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсэг рүү бичиг явуулсан тэндээс хариугаа ав гэсэн. Багануур дүүрэгт очиж хариугаа авмаар байна гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан байгаа, хариу өгнө гэж хэлдэг. Ингээд дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт очиж хариугаа авах гэхээр маргааш ир, 7 хоноод ир гэсээр бүтэн cap боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэдэг бол шүүхийн шийдвэрт заагдсаны дагуу гүйцэтгэл хийдэг газар болохоос утсаар яриад зогсоодог, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс татгалздаг газар биш. Бид Улаанбаатар Багануурын хооронд зөвхөн дээр дурьдсан хариугаа авах, гүйцэтгэл явуулах ажлаар явсан машины шатахууны зардлыг хохиролд тооцон нэхсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоож гэм хорын хохиролд 130 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулж өгнө үү.

“А ДД” ХХК нь 300 000 000-аад төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудыг гаргуулан авах шийдвэрийг 2013 онд гаргуулсан байдаг ба 2016 онд шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлсэн. 2013 оны шийдвэртэй шууд хамаарал бүхий орон сууцны захиалгын төлбөрийг буцаан авах 100 000 000 төгрөгийн төлбөртэй хамаатай шийдвэрүүд гарч шийдвэр гүйцэтгэл дээр очсон байдаг. Бид 300 000 000-аад төгрөгийн гүйцэтгэлээ хийлгэвэл захиалгын төлбөрийн асуудлыг дор нь шийдэх боломжтой талаар олон удаа харилцан ярилцсан. Улмаар гүйцэтгэлүүд явагдахгүй байдалтай байсан ба манай авах төлбөрийн асуудалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар саатуулсан учир тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл манай нэхэмжлэлийг буцаалгах зорилгоор одоо “Хас банк” ХХК-ийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар дуудлага худалдаанд оруулахаар болсноос гадна “А ДД” ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж айлгаж, нэхэмжлэлээ татан авбал тохиролцох боломжтой гэж дарамтсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулах даалгавраар Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх тасаг хууль бус үйл ажиллагаа явуулж банкнаас барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа учир Багануур дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасаг дээр явагдаж байгаа “А ДД” ХХК-д холбогдох хууль зөрчсөн гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/а дугаар шийдвэрээр “С т” ХХК-аас Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг “А ДД” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчаас дээрх орцны 21, 22, 23, 24, 29, 31 тоот орон сууцуудыг төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирч, уг орон сууцыг төлбөрт албадан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх баримт бичгийг Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт ирүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх орон сууцны өмчлөгчөөр нэр бүхий 6 иргэнийг тогтоож, улмаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10ЗШШ/2017/00027 дугаар шийдвэрээр өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас төлбөр авагч “А ДД” ХХК-д холбогдох иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх чиглэлийг харьяа нэгжид өгөөгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргах эрхийг хуулиар олгосон.

Төлбөр авагч “А ДД” ХХК-аас шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн өргөдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 4-т заасныг үндэслэн дээрх өргөдлийг Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5/1307 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлж, өргөдөл гаргагчийн хуулийн этгээдийн захирал Д.Д-ын харилцах утсаар холбогдож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг танилцуулж, түүнд мэдэгдсэн байна.

Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгээс төлбөр авагчийн тус ерөнхий газарт хандан гаргасан өргөдлийг хянаж 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01/995 дугаар албан бичгээр хариу өгснийг хуулийн этгээдийн захирал Д.Д- гардан авсан. Нэхэмжлэгч “А ДД” ХХК-д өргөдлийн хариуг авахаар Улаанбаатар хотод ирж, буцсанаас гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Шатахууны зардал гэх 130 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч “А ДД” ХХК-ийн тус ерөнхий газартай холбогдуулан өргөдлийн хариу өгөөгүй болохыг тогтоолгох, гэм хорын хохирол буюу шатахууны үнэ гэх 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А захирамжаар “С т” ХХК-аас Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт дутуу баригдаад байгаа 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг гаргуулж “А ДД” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр авагч “А ДД” ХХК дээрх шийдвэрийг гүйцэтгүүлэхээр тус тасагт 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16/13 тоот хүсэлтээр хандсан бөгөөд хүсэлтэд дээрх 15 айлын орон сууцнаас 6 айлын орон сууц буюу 21, 22, 23, 24, 29, 31 тоотууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өөрийн өмчлөлд шилжүүлэхээр зааж нэрлэсэн. Хүсэлт, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 16320405 цахим дугаар олгон бүртгэн авч, зардал, урамшууллын гэрээ байгуулан ажиллагааг эхлүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгч 34 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 айлын иргэд, оршин суугчтай уулзан шүүхийн шийдвэрийг танилцуулан өмчлөл шилжиж байгаа талаар танилцуулан мэдэгдэл гардуулсан ба байрны өмчлөгчийг тодруулах зорилгоор холбогдох бүртгэлийн байгууллагад лавлагаа, мэдээлэл явуулан хариуг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байх үед Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1688 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, дээрх түдгэлзүүлсэн ажиллагааг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1720 дугаар захирамжаар сэргээсэн. Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1765 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2066 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээсэн. Мөн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн байна.

Ингээд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 34 айлын 80 дугаар байрны 21 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Шинэжилийг, 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Бичээхүүг, 23 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Мөнхбаатарыг, 24 тоот орон сууцны өмчлөгчөөр Э.Эрдэнэбулганыг, 29 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Наранхүүг, 31 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Энхтүвшин нарыг тус тус тогтоож шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хөрөнгө бусдын өмчлөл болох нь шүүхээр тогтоогдсон тул Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А дугаар захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

Төлбөр авагч “А ДД” ХХК-д дээрх ажиллагаа дуусгавар болсон ч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасны дагуу биетээр гаргуулах боломжгүй эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлэх шаардах эрх нээлттэй байгаа талаар тус тасгаас тайлбарлан өгсөн. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 138 дугаар шийдвэрээр “А ДД” ХХК-аас 34 640 629 төгрөг гаргуулж А.Наран-Эрдэнэд, мөн шүүхийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийдвэрээр “А ДД” ХХК-аас 15 232 950 төгрөг гаргуулж Д.Уламбадрахад, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар захирамжаар “А ДД” ХХК-аас 14 314 475 төгрөг гаргуулж Д.Чулуунцэцэгт, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 464 дугаар захирамжаар “А ДД” ХХК-аас 10 733 593 төгрөг гаргуулж Э.Анхбаярт, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар захирамжаар “А ДД” ХХК-аас 17 622 725 төгрөг гаргуулж Л.Нямбаярт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр “А ДД” ХХК-аас 11 292 550 төгрөг гаргуулж Ө.Шаарийбууд, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2017/00174 дүгээр шийдвэрээр Д.Д-оос 15 232 950 төгрөг гаргуулж З.Отгонбаярт олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу тус тасаг гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “А ДД” ХХК-ийн өмчлөлийн цамхагт кран КБ-308 2 ширхэг, KIA KERANTO маркийн 57-69 БРА улсын дугаартай автомашин, гагнуурын аппарат /том/, гагнуурын аппарат /жижиг/, вибратор, таслагч, молоток зэрэг хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, Д.Д-ын өмчлөлийн Хас банкны барьцаанд байгаа Багануур дүүргийн 1 дүгээр хороо 78 дугаар байрны 18 тоот, 74,23 м.кв 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэн, хурааж албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/Ш32017/09829 дүгээр захирамжаар дээрх 7 гүйцэтгэх баримт бичигт явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Дуудлага худалдааны явцад “А ДД” ХХК-ийн захирал Д.Д- шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан KIA KERANTO маркийн, 57-69 БРА улсын дугаартай автомашиныг тус тасагт мэдэгдэлгүй хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан байх тул дуудлага худалдаа явагдаж дуусмагц Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох баримт, мэдээллийг хүргүүлэхээр бэлтгэж байсан боловч танай шүүхийн захирамжаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул цагдаагийн байгууллагад хандаагүй болно. Тус тасгаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль, журамд нийцүүлэн явуулж байгаа бөгөөд 2016, 2017 онуудад “А ДД” ХХК болон Д.Д- нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн 7 гүйцэтгэх баримт бичгийн төлбөр авагч нар удаа дараа тус тасаг, Шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүсэлт, өргөдөл, гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “А ДД” ХХК-ийн төлбөр авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоолгон гэм хорын хохиролд 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “А ДД” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай гомдол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 дугаар тогтоолыг зөвшөөрөхгүй тухай гомдлыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа 20 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж шаардлага гаргахыг хүссэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02380 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүхийн шийдвэр (эх хувиараа), албадан гүйцэтгэх захирамж (эх хувиараа), гүйцэтгэх хуудас (эх хувиараа) байгаа тохиолдолд гэрээ байгуулан гүйцэтгэлийн ажиллагаа явагддаг. Манай тохиолдолд шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудастай учир гэрээ байгуулж, мөнгөө төлөөд гүйцэтгэлийн ажиллагаа хийлгүүлсэн. Гэтэл Багануур дахь шийдвэр гүйцэтгэх хэсэг гүйцэтгэл хийгээгүй ба бидэнд ШШГЕГ-аас гүйцэтгэлийг зогсоосон гэдэг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоодог хэдхэн тохиолдол байдаг ба эдгээр тохиолдол үүсээгүй байхад зогсоосон үйлдэлд гомдол гаргасан. Улмаар ШШГЕГ-ыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл манай нэхэмжлэлд зохицуулан Багануур дахь шийдвэр гүйцэтгэх хэсгийг ШШГЕГ-ын НШГА-нд харъяаллыг шилжүүлсэн байдаг.

Бид зөвхөн гүйцэтгэлийн асуудлаар олон удаа явсан. Шүүх үндэслэх хэсэгтээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн гомдол, нотлох баримт байхгүй байхад, хуульд заасан журмаар ажиллаагүй нь тогтоогдоод байхад хуулийн дагуу ажилласан гэдэгт гомдолтой байна.

2. Хас банкнаас 2014 онд иргэний зээл авч үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Гэтэл 2015 оны байгууллагын зээлээр, 2016 онд гарсан компаниас төлбөр гаргуулах шийдвэрээр иргэний банкинд барьцаалагдсан хөрөнгийг барьцаалагч банкны зөвшөөрөлгүй дуудлага худалдаанд оруулсан. Хамгийн гажиг нь 70 сая төгрөгөор хүн худалдан авъя гэхэд 70 сая тегрөгөөр өгөхгүй 40 сая төгрөгөөр төлбөр төлөгчид шилжүүлнэ гээд байгааг шүүх зөвтгөлөө.  Иймд дээрх 2 үндэслэлээр  шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “А ДД” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “А ДД” ХХК-ийн төлбөр авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зогсоож, гомдолд хариу өгөөгүй буруутай болохыг тогтоолгон гэм хорын хохиролд 130 000 төгрөг гаргуулах, “А ДД” ХХК-д холбогдох хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагууд нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А дугаар шүүгчийн захирамжаар “С т” ХХК нь Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан 34 айлын орон сууцны 2 дугаар орц буюу 15 айлын орон сууцыг “А ДД” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1531 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу, нэхэмжлэгчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16/13 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээр Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасаг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 6-9, 11, 98 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасаг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас явуулж болохгүй гэж тайлбарласан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч хариу өгөөгүй түүнд холбогдуулан өргөдлийн хариу өгөөгүй болохыг тогтоолгох, Багануур руу явсан хохирол болох шатахууны үнэ 130 000 төгрөг гаргуулна.” гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй ажиллагааны талаар нэхэмжлэгч “А ДД” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5/1307 дугаартай албан бичгээр гомдлыг шилжүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэг өгч, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 88196300 дугаарын утсаар мэдэгдсэн байна. /хэргийн 29, 36, 35 дугаар тал/

 

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 103ШШ/2017/00027 дугаар шийдвэрээр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан 34 айлын 80 дугаар байрны 21, 22, 23, 24, 29, 31 тоот орон сууцны өмчлөгчөөр нэр бүхий 6 иргэнийг тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А дугаар захирамжийг биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09/209 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэгч “А ДД” ХХК-д энэ талаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 01/995 тоот албан бичгээр мэдэгджээ. /хэргийн 107-111, 114, 52 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч “С т” ХХК-д холбогдох Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 235/А дугаар шүүгчийн захирамжийг албадан биелүүлүүлэхээр Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт хандаж 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16/13 тоот албан бичгээр гаргасан хүсэлтэндээ уг шүүхийн шийдвэрт тусгагдсан 15 орон сууцнаас 2015 онд 1 өрөө байр 2-ыг авч, 15 орон сууцны тоог багасгаж, 6 айлын орон сууц болгон өөрчилж, харилцан тохиролцсон тул Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 80 дугаар байрны 2 дугаар орцны 21 тоот 2 өрөө, 22 тоот 1 өрөө, 23 тоот 2 өрөө, 24 тоот 1 өрөө, 29 тоот 2 өрөө, 31 тоот 2 өрөө нийт 6 айлын орон сууцыг шилжүүлэн авах ажиллагааг хийлгүүлэхийг хүссэн байгаагаас үзэхэд хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу уг хүсэлтэнд заагдсан орон сууцнуудын өмчлөгчөөр өөр этгээдүүд тогтоогдсонтой холбоотойгоор шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, 2013 онд гарсан шүүхийн шийдвэр, түүнийг албадан биелүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас зэрэгт заагдсан орон сууцнуудыг зарим хэсгийг албадан биелүүлүүлэхийн тулд 3 жилийн дараа буюу 2016 онд хариуцагчид хандан гаргасан хүсэлтийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн өөр шийдвэрийн улмаас биелүүлэх боломжгүй болсонд хариуцагч буруугүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнөөс шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулахтай холбоотой хариуцагчийн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу шийдвэрлэгдэнэ гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/02380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                            ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                С.ЭНХТӨР