Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02331

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02418 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 228 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2016 оны 4 сарын 18-ны өдөр бараа нийлүүлэх 16/10 тоот гэрээг байгуулж,2.1-т зааснаар  нэхэмжлэгч нь бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагчид  нийлүүлсэн. Хариуцагч хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг тус гэрээний 5.2-т заасны дагуу орон сууц болон бэлэн мөнгөөр төлөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч 19 835 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хариуцагч 2016 оны 5 сарын 18-ны өдөр 1 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 18 365 000 төгрөгийг төлөөгүй.

 

Өнөөдрийн байдлаар 18 635 000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагчийн төлбөр төлсөн өдөр болох 2016 оны 5 сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 4 сарын 04-ний өдөр хүртэл өдрийн 93 175 төгрөг нийт 665 өдрийн алданги 61 961 375 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 9 317 500 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлтэй.

 

Хоёр талын байгуулсан 17/10 тоот гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч "И" ХХК нь 24 420 000 төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн.  Хариуцагч  20 236 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4 184 000 төгрөгийг төлөөгүй.

 

Гэрээний 7.2-т зааснаар  хариуцагчийн хамгийн сүүлд төлсөн өдөр болох 2017 оны 8 сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2018 оны 4 сарын 04-ний өдөр хүртэл өдрийн 20 920 төгрөг нийт 221 өдрийн алданги 4 623 320 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 2 092 000 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлтэй.

 

Төлбөр нийт 22 819 000 төгрөг /18 635 000+4 184 000/ төгрөг, гэрээний 7.2-т заасны дагуу алданги 11 409 500 /9 317 500+2 092 000/ төгрөг нийт 34 228 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч талаас алдангийн хэмжээг 3 сая төгрөгөөр багасгаж эвлэрэх санал таьсан боловч зөвшөөрөөгүй тул алдангийг багасгаж эвлэрэх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид 19 835 000 төгрөгийн, 17/10 дугаартай гэрээгээр 24 420 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн. 16/10 дугаартай гэрээний үлдэгдэл  18 635 000 төгрөгийг төлөөгүй гэдэг боловч хариуцагч нь 20 236 000 төгрөгийг төлж, 16/10 дугаартай гэрээний төлбөрөө хаасан. Үлдэх 1 601 000 төгрөг нь 2 дахь гэрээ буюу 17/10 дугаартай гэрээний дүн болох 24 420 000 төгрөгөөс хасагдсан болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 8 сарын 07-ны өдрийн 17/10 дугаартай  гэрээгээр 22 819 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нь гэрээний 7.2-т зааснаар алдангид 11 409 500 төгрөгийг нэхэмжилжээ. Анзын хэмжээ  хэт өндөр байна,  9 сая төгрөгөөр багасгаж өгөөч гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид нийт 31 228 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 314 093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Алдангид 11 409 500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр 8 409 500 гаргуулж шийдвэрлэсэн. Анх гэрээ байгуулахдаа анзийн хэмжээг хэт өндөр тогтоосон.  Иймд алданги 8 409 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “ К” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг, алдангид нийт 34 228 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “анзын хэмжээ илт их” гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16/10 тоот, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17/10 тоот худалдах худалдах авах гэрээ байгуулж, худалдагч нь чанарын шаардлага хангасан EZCON-HPS(400), EZCON-HPS(300), EZCON-HPS гэх бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөрийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцжээ. / хх-ийн 12-16, 23-26/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Дээрх хоёр гэрээгээр  хариуцагч нь 22 819 000 төгрөгийн төлөөгүй үндсэн үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа,талуудын тайлбараар тогтоогдсон. Уг  төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд талууд маргаагүй. /хх-ийн 12-16, 17, 18-22, 23-26, 27, 28-34/

 

Харин хариуцагч нь гэрээнд алдангийн хэмжээг 0,5 хувиар буюу өндөр тогтоосон гэж үзэж 11 409 500 төгрөгийн анзыг 9 000 000 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ. /хх-ийн 97-101/

 

Талуудын бараа нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг бартераар болон бэлэн мөнгөөр төлөх үүргийг тус тус хүлээсэн ч төлбөрт бартерийн орон сууцыг шилжүүлээгүй, бэлэн мөнгөөр төлбөрийн зарим хэсгийг төлсөн, худалдан авагч буюу хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлахдаа нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалд хамааруулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь зөв дүнэсэн, хэрэгт авагдсан баримтад үндэслэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн тул дахин анзын хэмжээг багасгах үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД