Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00525

 

“И З С Ө Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний 184/ШШ2018/02418 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2331 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “И З С Ө Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “К К” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 34 228 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзулын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бараа нийлүүлэх 16/10 тоот гэрээг байгуулж, 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн. Хариуцагч хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг тус гэрээний 5.2-т заасны дагуу орон сууц болон бэлэн мөнгөөр төлөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч 19 835 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хариуцагч 2016 оны 05 дугаар сарын18-ны өдөр 1 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 18 365 00 төгрөгийг төлөөгүй. Гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагчийн төлбөр төлсөн өдөр болох 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл өдрийн 93 175 төгрөг нийт 665 өдрийн алданги 61 961 375 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 9 317 500 төгрөгийг алданги төлөх үндэслэлтэй.

Хоёр талын байгуулсан 17/10 тоот гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч “И Зэт Сү Өү Эн” ХХК нь 24 420 000 төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн. Хариуцагч 20 236 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4 184 000 төгрөгийг төлөөгүй.

Гэрээний 7.2-т зааснаар хариуцагчийн хамгийн сүүлд төлсөн өдөр болох 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл өдрийн 20 920 төгрөг нийт 221 өдрийн алданги 4 623 320 төгрөг болж байгаа ч хуульд заасны дагуу 2 092 000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй.

Төлбөр нийт 22 819 000 төгрөг /18 635 000+4 184 000/ төгрөг, гэрээний 7.2-т заасны дагуу алданги 11 409 500 /9 317 500+2 092 000/ төгрөг нийт 34 228 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид 19 835 000 төгрөгийн, 17/10 дугаартай гэрээгээр 24 420 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн. 16/10 дугаартай гэрээний үлдэгдэл 18 635 000 төгрөгийг төлөөгүй гэдэг боловч хариуцагч нь 20 236 000 төгрөгийг төлж, 16/10 дугаартай гэрээний төлбөрөө хаасан. Үлдэх 1 601 000 төгрөг нь 2 дахь гэрээ буюу 17/10 дугаартай гэрээний дүн болох 24 420 000 төгрөгөөс хасагдсан болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17/10 дугаартай гэрээгээр 22 819 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нь гэрээний 7.2-т зааснаар алдангид 11 409 500 төгрөгийг нэхэмжилжээ. Анзын хэмжээ хэт өндөр байна, 9 сая төгрөгөөр багасгаж өгөөч гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 01-ний 184/ШШ2018/02418 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг баримтлан хариуцагч  К К ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид нийт 31 228 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И З С Ө Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И З С Ө Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  К К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 314 093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2331 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Нэхэмжлэгч нь гэрээний 7.2-д заасан “Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алдангийг нийлүүлэгч талд үл маргах журмаар төлнө” гэж зааснаар алдангид 11 409 500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2418 тоот шийдвэрээр хариуцагчаас алдангид 8 409 500 гаргуулж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзийг алданги гэнэ” гэж заасан байдаг бөгөөд гэрээний талууд анх гэрээ байгуулахдаа анзийн хэмжээг хэт өндөр тогтоосон гэж үзэж байна.

“Каяак конкрит” ХХК нь алданги 8 409 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2418 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2331 дугаартай  магадлалын алданги 8 409 500 төгрөгт холбогдох хэсгийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “И З С Ө Э” ХХК нь хариуцагч “ К К” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алдангид нийт 34 228 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “ К К” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, алдангийн хэмжээг их гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16\10, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17\10 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээж, худалдан авагч тал төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0,5% алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.

Хариуцагч “К К” ХХК нь гэрээний төлбөрөөс 22 819 000 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.4.-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд  зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Мөн зүйлийн 232.6.-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50%-иас илүү байх учиргүйгээс гадна уг хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болдог.

Худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч “ К” ХХК-ийг алдангиас чөлөөлөх, эсхүл алдангийн хэмжээг багасгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний 184/ШШ2018/02418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2331 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 149 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН