Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2018/02418

 

 

 

 

2018 оны 10 сарын 01 өдөр                                              Дугаар 184/ШШ2018/02418                                                           Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ”И З С Ө Э” ХХК /Баянгол дүүргийн ... дугаар хороо, ..., “....” компанийн байр, ... тоотод орших, РД ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К к” ХХК /Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, өөрийн байранд оршин байх, РД /-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 34 228 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1.Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бараа нийлүүлэх 16/10 тоот гэрээг байгуулан, гэрээний 2.1-т заасны дагуу нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК нь бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч  “К к” ХХК-д нийлүүлэх, хариуцагч тал нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг тус гэрээний 5.2-т заасны дагуу орон сууц болон бэлэн мөнгөөр төлөхөөр хоёр тал харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч тал нь нийт 19 835 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хариуцагч талд нийлүүлснээс хариуцагч “К к” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 18 365 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Хоёр талын байгуулсан 16/10 тоот гэрээний 5.5, 5.7-д заасны дагуу хариуцагч “К к” ХХК нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан нэмэлтийн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийн байдлаар 18 635 000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 16/10 тоот гэрээний 7.2-т заасны дагуу хариуцагч “К к” ХХК нь төлбөр төлсөн өдөр болох 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл өдрийн 93 175 төгрөг нийт 665 өдрийн алданги 61 961 375 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 9 317 500 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлтэй.

 2.Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бараа нийлүүлэх 17/10 тоот гэрээг байгуулан, гэрээний 2.1-д заасны дагуу бетон зуурмагийн нэмэлтийг хариуцагч талд нийлүүлэх, хариуцагч тал “К к” ХХК нь гэрээний 5.3-т заасны дагуу сар бүрийн 1-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл авсан бүтээгдэхүүний төлбөрийг 18-ны өдөр, 15-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл авсан бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 3-ны дотор төлж барагдуулахаар хоёр тал харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан 17/10 тоот гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК нь 24 420 000 төгрөгийн нэмэлтийг хариуцагч талд нийлүүлсэн боловч хариуцагч “К к” ХХК нь нийт 20 236 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4 184 000 төгрөгийг төлөлгүй, 17/10 тоот гэрээний 4.4, 5.3-т заасныг зөрчсөн тул гэрээний 7.2-т заасны дагуу хариуцагч “К к ” ХХК-ийн хамгийн сүүлд төлсөн өдөр болох 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл өдрийн 20 920 төгрөг нийт 221 өдрийн алданги 4 623 320 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 2 092 000 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл “К к” ХХК нь 16/10, 17/10 тоот гэрээний 2.1, 4.4-т заасны дагуу нэхэмжлэгч талаас хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр нийт 22 819 000 төгрөг /18 635 000+4 184 000/ төгрөг, гэрээний 7.2-т заасны дагуу алданги 11 409 500 /9 317 500+2 092 000/ төгрөг нийт 34 228 500 төгрөгийг нэхэмжлэгч  ”И З С Ө Э” ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчид хандан 16/10, 17/10 тоот гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр тооцоогоо төлж барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байсан боловч хариуцагч “К к” ХХК нь төлбөрийг төлөх талаар ямар ч арга хэмжээ авалгүй, нэхэмжлэгчийг хохироож байна. Иймд нийт 34 228 500 төгрөгийг хариуцагч “К к ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “К к” ХХК нь 16/10 дугаартай гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 19 835 000 төгрөгийн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс худалдан аваад 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1 200 000 төгрөгийг төлөөд 18 635 000 төгрөгийн үлдэгдэлтэй тул гэрээний 7.2-т зааснаар сүүлийн төлбөр төлөгдсөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 665 хоногийн алданги хоногийн 0.5 хувиар тооцоход 93 175 төгрөг болж, гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа тул 9 317 500 төгрөгийн алданги, 17/10 гэрээний дагуу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 24 420 000 төгрөгийн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан аваад  2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 20 236 000 төгрөгийг төлсөн, 4 184 000 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээний 7.2-т зааснаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 221 хоногийн алдангийг  мөн 50  хувиар тооцож 2 092 000 төгрөг, нийт хоёр гэрээний дагуу үндсэн төлбөр 22 819 000 төгрөг, алданги 11 409 500 төгрөг нийт 34 228 500 төгрөгийг нэхэмжилж байгаа. Талууд өмнө нь мөн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь төлбөрийг төлөхгүй шүүхийн шийдвэр гарч, Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүртэл асуудлаа шийдвэрлүүлж байсан бөгөөд 2  дахь удаа боломж олгож, итгэл хүлээлгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд үүргээ биелүүлэхгүй байгаа тул арга буюу дахин шүүхэд хандсан. Хариуцагч тал төлбөрөө төлнө л гэдэг боловч төлдөггүй. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх санал гаргаж алдангийг 3  сая төгрөгөөр багасгая гэсэн ч  хариуцагч тал зөвшөөрөөгүй тул бид алдангийг багасгаж, эвлэрэх боломж байхгүй. Манай компани ч эдийн засгийн хувьд хүнд байгаа. Нэхэмжлэгч нь уг бүтээгдэхүүнийг БНСУ-аас бас л зээлээр оруулж ирж хариуцагчид өгдөг, хариуцагч төлбөрөө төлөөгүйгээс бид мөн алданги төлж байгаа учир аль алин нь эрсдэлээ хүлээх ёстой. Алдангийг 0.5 хувиар тогтоосон нь хуулиар зөвшөөрсөн хэмжээ. Тухайн үед хүсэлт зоригоо илэрхийлээд л уг гэрээг байгуулсан. Иймд алдангийг багасгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү  гэжээ.      

Хариуцагч “К к” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК болон “К к” ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 16/10 дугаартай “Бараа нийлүүлэх гэрээ”, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 17/10 дугаартай “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулагдсан. Нэхэмжлэлд дурдсанаар 16/10 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 19 835 000 төгрөгийн, 17/10 дугаартай гэрээгээр 24 420 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 16/10 дугаартай гэрээний үлдэгдэл болох 18 635 000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэдэг боловч хариуцагч нь 20 236 000 төгрөгийг төлж, 16/10 дугаартай гэрээний төлбөрөө хаасан байдаг. Үлдэх 1 601 000 төгрөг нь 2 дахь гэрээ буюу 17/10 дугаартай гэрээний дүн болох 24 420 000 төгрөгөөс хасагдсан болно. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17/10 дугаартай “Бараа нийлүүлэх гэрээ”-ний 22 819 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нь гэрээний 7.2-т зааснаар алдангид 11 409 500 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэний хуулийн 232.6-д алдангийн талаар заасан байдаг бөгөөд гэрээний талууд анх гэрээг байгуулахдаа анзын хэмжээг хэт өндөр тогтоосон байна. Хариуцагч “К к” ХХК нь нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК-аас авсан бүтээгдэхүүнээрээ бетон зуурмаг үйлдвэрлэж хувь хүн, хуулийн этгээд, байгууллагуудад худалдсан боловч тэдгээр байгууллаг, хуулийн этгээд нь цаг хугацаандаа төлбөрөө өгөхгүй, зарим нэг хүмүүс залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж манай компанийг эдийн засгийн хүнд байдалд оруулаад байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид цаг тухай бүрд нь төлбөрт өгөх боломжтой бүхий л зүйлсээ санал болгодог ч голж шилээд авдаггүй. Иргэний хуулийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар анзын хэмжээ хэт өндөр байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 11 409 500 төгрөгийн алдангийг шүүх эрх мэдлийнхээ хүрээнд багасгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 16/10, 17/10 дугаартай гэрээнүүдийг байгуулж, уг гэрээнүүдийн дагуу 19 835 000 төгрөг, 24 420 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч талаас худалдан авсан үнийн дүнд маргах зүйл байхгүй. Эхний гэрээний төлбөрт 18 635 000 төгрөгийг төлөөгүй гэдэг ч  20 236 000 төгрөгийг төлж эхний гэрээний төлбөрөө хаасан байдаг. Иймд эхний гэрээний төлбөр төлөгдсөн гэж бид бодсон. Гэхдээ 2  гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүнд бид маргахгүй. Мөн алдангийн тооцоололд маргахгүй ч манай компанийн бетон зуурмаг нийлүүлсэн байгууллагууд төлбөрөө төлөөгүйгээс эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаагаас өдий хүртэл нэхэмжлэгчид гэрээний төлбөрийг төлөөгүй, төлөх боломжгүй тул алдангийг зөвшөөрөхгүй. Түүнчлэн гэрээнд алдангийн хэмжээг 0.5 хувиар буюу өндөр тогтоосон гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 232.8-д зааснаар шүүх алдангийн хэмжээг 9 сая төгрөгөөр багасгаж өгөөч гэж хүсэж байна гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК нь хариуцагч “К к” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид нийт 34 228 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь “бетон зуурмаг нийлүүлсэн байгууллагууд төлбөрөө төлөөгүйгээс манай байгууллага эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа, гэрээнд алдангийн хэмжээг өндөр тогтоосон тул 9 сая төгрөгөөр багасгаж өгөөч” гэж маргажээ.

 

 Хавтас хэрэгт цугларсан баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

 

Нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК нь хариуцагч “К к” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Бараа нийлүүлэх гэрээ”-ний 2.1, 2.2-т зааснаар “EZCON-HPS /400/”-ийг нэгжийн үнийг 2 750 000 төгрөг, “EZCON-HPS /300/”-ийг нэгжийн үнийг 2 420 000 төгрөг, “EZCON-HS” бүтээгдэхүүнийг нэгжийн үнийг 2 750 000 төгрөгөөр тус тус тооцон, 3  хоногийн дотор нийлүүлэх,  хариуцагч “К к” ХХК  нь гэрээний 5.2-т зааснаар бүтээгдэхүүний нийт төлбөрийн 70 хувийг бартераар буюу ..... дүүргийн 14 дүгээр хороо, Орос эмнэлгийн зүүн талд байрлан Сувдан сондор хотхоны 58 тоот 40.3 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1 750 000 төгрөг, нийт 70 525 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлэх, 30 хувийг бэлэн мөнгөөр буюу 30 225 000 төгрөгөөр тус тус тооцох, гэрээний нийт дүн 100 750 000 төгрөг байх, гэрээний 5.7-д зааснаар талууд сар бүрийн 15-ны болон 1-ний өдөр тооцоо нийлж акт үйлдэх, акт үйлдсэн өдрөөс хойш ажлын 3  хоногт багтаан тооцоо нийлсэн дүнгээр төлбөрийг шилжүүлэх, гэрээний 7.2-т зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алдангийг худалдагч талд төлөхөөр тохиролцсон,  

Мөн талууд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Бараа нийлүүлэх гэрээ”-г дээрх гэрээний нөхцлөөр байгуулан, дээрх хоёр гэрээний дагуу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь нийт 43 055 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хариуцагч талд нийлүүлж, хариуцагч “К к” ХХК нь нийт 20 236 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, 22 819 000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан талуудын хооронд байгуулагдсан 16/10, 17/10 дугаартай гэрээнүүд болон төлбөрийн баримт, зарлагын баримт, зарлагын хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч байгууллагын гаргасан тооцоолол гэх баримтуудаар тогтоогдож байх ба зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ. 

/хх-ийн 12-16, 17, 18-22, 23-26, 27, 28-34 дүгээр тал/

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх санал гаргаж алдангийг 3  сая төгрөгөөр багасгая гэсэн ч  хариуцагч тал зөвшөөрөөгүй, алдангийг 0.5 хувиар тогтоосон нь хуулиар зөвшөөрсөн хэмжээ тул багасгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй” гэж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “алдангийн тооцоололд маргахгүй байгаа  ч бетон зуурмаг нийлүүлсэн байгууллагууд төлбөрөө төлөөгүйгээс манай байгууллага эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа. Гэрээнд алдангийн хэмжээг 0.5 хувиар буюу өндөр тогтоосон гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 232.8-д зааснаар шүүх алдангийн хэмжээг 9 сая төгрөгөөр багасгаж өгөөч” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Зохигч нь  хүсэл зоригоо илэрхийлэн, хэн нэгнийхээ өмнө эрх эдэлж, үүрэг хүлээж хүчин төгөлдөр гэрээ байгуулагдан, гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй нөхцөлд, нөгөө тал нь үүргийн биелэлтийг шаардах эрх үүсдэг.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,  мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасантай талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний заалтууд нийцжээ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 18, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус тус байгуулагдсан “Бараа нийлүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК нь хариуцагч “К к” ХХК-д бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг бартераар болон бэлэн мөнгөөр төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон ч хариуцагч нь төлбөрт бартерийн орон сууцыг шилжүүлээгүй, бэлэн мөнгөөр төлбөрийн зарим хэсгийг төлсөн, нэхэмжлэгч нь мөн төлбөрийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр авч, үлдэх хэсгийг мөн бэлэн мөнгөөр авахаар тохирсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба худалдан авагч “К к ” ХХК нь  гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсон алдангийг төлөхгүйн тулд үүргээ хугацаанд нь биелүүлэх, хугацаа хэтрүүлсэн бол аль болох богино хугацаанд үүргээ гүйцэтгэх ёстой.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээний зүйлийн чанар байдлын талаар болон нийлүүлсэн барааны үнэ, төлсөн төлбөр, төлбөрийн үлдэгдэл, алдангийн тооцооллын талаар маргахгүй байх боловч хариуцагч нь гэрээнд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар буюу өндөр тогтоосон, алдангийг төлөх санхүүгийн боломжгүй гэж маргаж, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч нотлоогүй тул түүний тайлбараар шүүх хариуцагчийг алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Харин хариуцагч “К к” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу 16/10 гэрээний төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс, 17/10 дугаартай гэрээний төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тус тус төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул дээрх төлбөрийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийн хамт хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх санал гаргаж алдангийг 3  сая төгрөгөөр багасгая гэсэн ч  хариуцагч тал зөвшөөрөөгүй” гэх тайлбарыг өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан тул хариуцагчийн дээрх гэрээнүүдийн төлбөрийн зохих хэсгийг төлсөн байдлыг нь харгалзан алдангид 11 409 000 төгрөг төлөх үүргээс                      3 000 000 төгрөгийг багасгах боломжтой гэж үзлээ.

 

Иймд хариуцагч “К к” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22 819 000 төгрөг, алдангид 8 409 500 төгрөг нийт 31 228 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К к ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 314 093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4,               232.8-д заасныг баримтлан хариуцагч “К к” ХХК-аас худалдах-худалдан авах  гэрээний үүрэгт болон алдангид нийт 31 228 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ”И З С Ө Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К к” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 314 093  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ