Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2017/00065

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2017/00065

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ОАБОЭТ

            Нэхэмжлэгч: М.Л

            Хариуцагч: Д.Б

3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , нэхэмжлэгчдийн өмгөөлөгч М.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Н , гэрч М.Э , Б.Б , П.Т , иргэдийн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь БОЭТийн жолооч ажилтай, М овогтой Э , эмч М ын Л нар нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын дагуу Toyota хайс маркийн *** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр хойшлуулашгүй албан үүргээ гүйцэтгэж явсан байдаг. Ийнхүү Орхон аймаг Дэнж багийн Э *** тоот руу явах замд буюу Орхон аймаг Баян-Өндөр сум У багийн нутаг дэвсгэрт Баян худалдааны төвийн баруун хойд талын 4 замын уулзвар зам дээр явж байхад Д овогтой Б нь Соната маркын *** ОРО улсын дугаартай авто машиныг жолоодон явсан ба замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмыг зөрчин тээврийн хэрэгслийг мөргөсөн. Үүний улмаас тус төвийн өмчлөлийн *** ОРО улсын дугаартай, Toyota хайс маркийн авто машины урд хэсэг чихэгдэн орсон, дуудлагад явж байсан эмч М.Л ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчны муруйлт зэрэг гэмтэл учирч эмчилгээ хийлгэж байгаа юм. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “АБ ” ХХК нь 3 938 000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд үүнээс 1 938 000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргаж олгосон. М.Л ын хувьд эмчилгээний зардалаа өөрөө хариуцан 1 000 000 төгрөгний эмчилгээ хийлгээд байгаа бөгөөд цаашид гадаад улсад өндөр өртөг бүхий хагалгаанд орох зайлшгүй шаардлага байгаа билээ. Уг осол гарахад Д.Б буруутай болох нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Жолооч М.Э , М.Л ын эрүүл мэндэд хохирол учруулчихаад энэ талаар санаа зовсон шинжгүй, хайхрамжгүй хандаж байгаад гомдолтой байна. Иймд Д.Б ээс Орхон аймаг дахь БОЭТд 2 000 000 төгрөг, М.Л т эмчилгээний зардалд гарсан 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян худалдааны төвийн баруун хойд талын 4 замын уулзварт зам тээврийн осол гарсан нь үнэн. Би энэ нэхэмжлэлийн 3 000 000 төгрөгийг төлөх боломж муу. Энэ ослоос миний бие цочролд орж ой санамж алдагдаж аймхай болсон. Иймд төлбөрийг багасгах боломж байна уу. Ажил хийж цувуулж төлөх бодолтой байна. Эхний удаа боломжоороо 1 500 000 төгрөгийг төлье. 2017 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг осол гарсан өдөр эмнэлгийн ажилчдын баяр байсан ба уг машин дуудлаганд яваагүй, хүнсний зах дээр явж байсан талаар хүмүүс хэлдэг. Мөн дуут дохиогоо ажиллуулаагүй байсан ба осол болсны дараа ажиллуулсан байдаг. Жолооч зорчигч хоёр хоёулаа хамгаалах бүсээ зүүгээгүйгээс хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн. Хамгаалах бүсийг хэрэглэх тухай дүрэм журмыг зөрчсөн тул учирсан хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Д.Л хүн эмчлэх эрхгүй, дадлагжигч эмч. Даатгалын компаниас бүтэн төлбөр гарах байтал хагас төлбөр гарч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч нар даатгалын компаниас хохирлоо гаргуулж авах учиртай тул бид хариуцан төлөх үндэслэлгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Орхон аймгийн БОЭТ, М.Л нар нь хариуцагч Д.Б эд холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа төлбөрийг төлөх боломж муутай учир хэсэгчилэн төлөх тухай санал ирүүлсэн боловч шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

            Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахад буюу яаралтай дуудлагын дагуу тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж явахад Д.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны үр дагаварт БОЭТийн эмч М.Л ын эрүүл мэндэд 1 000 000 төгрөгийн хохирол, *** ОРО улсын дугаартай тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгсэлд 2 000 000 төгрөгний хохирол, нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг. 

            Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: БОЭТийн *** ОРО улсын дугаартай автомашин дуудлаганд явдаггүй, осол болсон өдөр эмнэлгийн ажилчдын өдөр байсан тул хүнсний зах орчим явж байсан, дадлагажигч эмч хүн эмчлэх эрхгүй, /2 тохиолдлоос бусад үед/, дуудлага гарсан эсэхийг цагдаа шалгаагүй, тусгай дохиог осол болохоос өмнө хэрэглээгүй байж осол болсны дараа асаасан, хохирогч хамгаалах бүс хэрэглээгүй нь хохиролын хэмжээнд нөлөөлсөн, даатгалын байгууллага хохиролыг бүрэн хариуцах тул хариуцагч мөнгийг төлөх үндэслэлгүй, хариуцагч биш гэж тайлбарладаг.

            2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БОЭТийн *** ОРО улсын дугаартай тоёото хайс маркийн автомашины жолооч М.Э нь яаралтай дуудлагын дагуу эмч М.Л ын хамтаар тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулан ажил үүргээ гүйцэтгэж явахад *** ОРО улсын дугаартай соната маркийн автомашиныг жолоодож явсан Д.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны улмаас БОЭТ болон М.Л нарт гэм хорын хохирол учруулсан гэм буруутай болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар болон гэрчүүдийн мэдүүлэгээр батлагдаж байх бөгөөд осол гарсан талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч гэм хорын хохиролыг хариуцан арилгах үндэстэй.

            Дээрхи ослын улмаас нэхэмжлэгч БОЭТийн эзэмшилийн *** ОРО улсын дугаартай тоёото хайс маркийн автомашинд 3 938 000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан болох нь АБ ХХК-н үнэлгээгээр тогтоогдсон ба жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу Д.Б ийн даатгуулсан Практикал даатгалаас 1 938 000 төгрөг төлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд тайлбарласан мэдүүлэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Практикал даатгалын төлөөлөгч Т.Н ын мэдүүлэг, тайлбар, М.Э ы Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбараар тус тус нотлогдож байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.

            2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум У багийн нутаг дэвсгэрт байрлах дөрвөн замын уулзвар дээр болсон ослын улмаас Орхон аймаг дахь БОЭТийн дадлагажигч эмч М.Л ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт  үүссэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 707 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, *** ОРО улсын дугаартай автомашинд эвдрэл хохирол үүссэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 95 дугаартай ЗЦГ-ын шинжээчийн дүгнэлт, АБ ХХК-н 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдхийн 767 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар, М.Л нь ажил үүргээ гүйцэтгэж байсан эмч болох нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Орхон аймаг дахь БОЭТийн дадлагажигч эмч ажиллуулах тухай ** дугаартай захирлын тушаал, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудасаар, *** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь БОЭТийн эзэмшилийнх болох нь *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр болон үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт, орлогын падаан, гэрч М.Э ы.яаралтай дуудлагад дохиогоо ажиллуулаад орчноо хараад уулзвар нэвтэрсэн, бусад машинууд зогсож байхад Д.Б ийн машин ирээд мөргөсөн..., гэрч П.Т ий ...дуудлага хүлээн аваад хэргийн газарт хойшлуулашгүй ажиллагаа хийсэн... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрхи ослоос гэмтэл авсан М.Л ын дадлагажигч эмч болох нь Д.Б ийн  буруутай үйлдэлд хамааралгүй бөгөөд хариуцагчийг хохиролын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн бол нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байх тул хохирогчийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хамгаалах бүс хэрэглээгүй нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын хангагдах үнийн дүнгийн 10 хувийг багасгаж тооцсон болно.

Хариуцагчийн төлөөлөгч энэ хэргийн хариуцагч биш гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлийн талаархи холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн жолоочийн үйл ажиллагааг давхар даатгуулаагүй тул 100 хувь хохирол төлөх үндэслэлгүй 50 хувиар бодож хохирол төлбөр гаргасан гэсэн тайлбарын талаар мэтгэлцээгүй болно.

Иймд хариуцагч Д.Б ээс 2 000 000 төгрөг гаргуулан Орхон аймаг дахь БОЭТд, 835 807 төгрөг /баримтаар 928 674 төгрөг- 92 867 төгрөг/ гаргуулан М.Л т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нар шүүхэд төлөөлөх эрхийг М.М т олгосон нь хуульд заасан хэлбэрээр олгосон хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзнэ.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 63 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Б ээс 60 323 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

           

     

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б ээс 2 000 000 төгрөг гаргуулан Орхон аймаг дахь БОЭТд, 835 807 төгрөг гаргуулан М.Л т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164 193  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б ээс 60 323 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.АРИУНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧИД                                        Б.БЯМБАСҮРЭН

                                                                                                       Б.ХИШИГДАВАА