Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00618

 

Бүсийн оношлогоо эмчилгээний төв,

М.Лхам-Осор нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00065 дугаар шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, М.Лхам-Осор нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Батсүхэд холбогдох,

3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн жолооч ажилтай, М.Эрдэнэсайхан, эмч М.Лхам-Осор нар нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын дагуу Toyota хайс маркийн 73-13 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж явсан байдаг. Ийнхүү Орхон аймаг Дэнж багийн Элит 1-6 тоот руу явах замд буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт Баян худалдааны төвийн баруун хойд талын 4 замын уулзвар зам дээр явж байхад Д.Батсүх нь Соната маркын 67-26 ОРО улсын дугаартай авто машиныг жолоодон явсан ба замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмыг зөрчин тээврийн хэрэгслийг мөргөсөн. Үүний улмаас тус төвийн өмчлөлийн 73-13 ОРО улсын дугаартай, Toyota хайс маркийн авто машины урд хэсэг чихэгдэн орсон, дуудлагад явж байсан эмч М.Лхам-Осорын биед хамрын ясны хугарал, хамрын таславчны муруйлт зэрэг гэмтэл учирч эмчилгээ хийлгэж байгаа юм.Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК нь 3 938 000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд үүнээс 1 938 000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргаж олгосон.Иймд Д.Батсүхээс Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 2 000 000 төгрөг, М.Лхам-Осорт эмчилгээний зардалд гарсан 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баян худалдааны төвийн баруун хойд талын 4 замын уулзварт зам тээврийн осол гарсан нь үнэн. Би энэ нэхэмжлэлийн 3 000 000 төгрөгийг төлөх боломж муу. Энэ ослоос миний бие цочролд орж ой санамж алдагдаж аймхай болсон. Ажил хийж цувуулж төлөх бодолтой байна. Эхний удаа боломжоороо 1 500 000 төгрөгийг төлье. 2017 оны 7 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ. 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00065 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Батсүхээс 2 000 000 төгрөг гаргуулан Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, 835 807 төгрөг гаргуулан М.Лхам-Осорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батсүхээс 60 323 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Батсүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хуулийн 10 дугаар зүйлийн даатгалын нөхөн төлбөр олгох тухай 10.2.2-т заасны дагуу хохирлыг даатгалын байгууллага буюу “Практикал” даатгал бүрэн хариуцаж хохирлыг барагдуулах ёстой байтал анхан болон давж заалдах шатны шүүх даатгалын буруутай үйл ажиллагааг үл анзаарч хариуцагч Д.Батсүхийн талд гаргаж байгаа нь алдаатай гэж үзэж байна.Иймд “Практикал” даатгалаас гэрээний дагуу хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулсанаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хариуцагч Д.Батсүхэд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь эд хөрөнгөд учирсан гэм хорын 3 938 000 төгрөг, нэхэмжлэгч М.Лхам-Осор эрүүл мэндэд учирсан гэм хорын 1 000 000 төгрөгийн шаардлага тусгагдсан байна. Хариуцагч Д.Батсүх төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар хариу тайлбар өгснөөр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй гэж үзэхээр боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д.Батсүх нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Соната маркийн 67-26 ОРО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 35 дугаар зүйлийг зөрчиж, дуудлагаар явж байсан түргэн тусламжийн 73-13 ОРО улсын дугаартай, Тоёота хайс маркийн автомашиныг мөргөж, нэхэмжлэгч Орхон аймгийн Бүсийн оншлогооны эмчилгээний төвийн эд хөрөнгөд, мөн автомашинд явж байсан эмч М.Лхам-Осорын эрүүл мэндэд тус тус гэм хор учруулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Хариуцагч Д.Батсүх тухайн осол гарсан болон нэхэмжлэгч нарт гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар түүнийг гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэж үзжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг ба ингэж нотлоогүй нөхцөлд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар гэм хор учруулсан этгээдээс хохирлоо гаргуулахаар шаардсан ба даатгалын байгууллагаас нөхөн төлбөр гаргуулах эсэх асуудал нь тухайн эрх зүйн маргааны зүйл биш байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00065 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН