Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00046

 

 

                           Бүсийн оношилгоо эмчилгээний төв, М.Лхам-Осор

                             нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00065 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Орхон аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, М.Лхам-Осор нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Батсүхэд холбогдох

“3.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Наранцацрал, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн жолооч ажилтай, Мөнхбаатар овогтой Эрдэнэсайхан, эмч Мягмарын Лхам-Осор нар нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын дагуу Toyota хайс маркийн 73-13 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр хойшлуулашгүй албан үүргээ гүйцэтгэж явсан байдаг. Ийнхүү Орхон аймаг Дэнж багийн Элит 1-6 тоот руу явах замд буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт Баян худалдааны төвийн баруун хойд талын 4 замын уулзвар зам дээр явж байхад Дашням овогтой Батсүх нь Соната маркын 67-26 ОРО улсын дугаартай авто машиныг жолоодон явсан ба замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмыг зөрчин тээврийн хэрэгслийг мөргөсөн. Үүний улмаас тус төвийн өмчлөлийн 73-13 ОРО улсын дугаартай, Toyota хайс маркийн авто машины урд хэсэг чихэгдэн орсон, дуудлагад явж байсан эмч М.Лхам-Осорын биед хамрын ясны хугарал, хамрын таславчны муруйлт зэрэг гэмтэл учирч эмчилгээ хийлгэж байгаа юм. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК нь 3 938 000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд үүнээс 1 938 000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргаж олгосон. Иймд Д.Батсүхээс Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 2 000 000 төгрөг, М.Лхам-Осорт эмчилгээний зардалд гарсан 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Батсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян худалдааны төвийн баруун хойд талын 4 замын уулзварт зам тээврийн осол гарсан нь үнэн. Би энэ нэхэмжлэлийн 3 000 000 төгрөгийг төлөх боломж муу. Энэ ослоос миний бие цочролд орж ой санамж алдагдаж аймхай болсон. Ажил хийж цувуулж төлөх бодолтой байна. Эхний удаа боломжоороо 1 500 000 төгрөгийг төлье. 2017 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг осол гарсан өдөр эмнэлгийн ажилчдын баяр байсан ба уг машин дуудлаганд яваагүй, хүнсний зах дээр явж байсан талаар хүмүүс хэлдэг. Мөн дуут дохиогоо ажиллуулаагүй байсан ба осол болсны дараа ажиллуулсан байдаг. Жолооч зорчигч хоёр хоёулаа хамгаалах бүсээ зүүгээгүйгээс хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн. Хамгаалах бүсийг хэрэглэх тухай дүрэм журмыг зөрчсөн тул учирсан хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Д.Лхам-Осор хүн эмчлэх эрхгүй, дадлагжигч эмч. Даатгалын компаниас бүтэн төлбөр гарах байтал хагас төлбөр гарч байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00065 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Батсүхээс 2 000 000 төгрөг гаргуулан Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, 835 807 төгрөг гаргуулан М.Лхам-Осорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164 193  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батсүхээс 60 323 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдсан гомдолдоо: Хариуцагч Д.Батсүх нь зам тээврийн осол гарагсан буруутай үйлдэлтэй. Гэв1-Монгол Улсын Албан журмын даатгалын дагуу жолоочийн хариуцлагын даатгал хийлгэж “Практикал ХХК”-тай гэрээг хийсэн. Практикал ХХК-тай гэрээ хийсний дагуу тухайн компаны даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хохирлыг 100% барагдуулах үүрэгтэй учир анхан шатны шүүх хуралдаанд Практикал ХХК-г гуравдагч этгээдээр оролцуулса-боловч анхан шатны шүүх үүнийг авч хэлэлцээгүй нь алдаатай байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч М.Лхам-Осорын хувьд шүүх жолооч Эрдэнэсайхан Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хамгаалах бүс зүүгээгүйгээс гэмтэл учирсан гэж шүүх үзсэн байтлаа хариуцагч Д.Батсүхээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж байна. Жолооч М.Эрдэнэсайхан нь замын худөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөний улмаас зорчигч буюу эмч гэмтсэн гэж үзэж байна.

Түргэн тусламжийн машины жолооч М.Эрдэнэсайхан нь зорчигчийн аюулгүй байдлыг хангаагүй гэх бүрэн үндэслэлтэй тул Лхам-Осорын нэхэмжлэлийн хариуцагч нь М.Эрдэнэсайхан байх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатнь шүүхийн 142 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Практикал даатгалаас хохирлыг бүрэн гаргуулж, нэхэмжлэгч Лхам-Осорын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр авто тээврийн ослын улмаас байгууллагын автомшинын эвдрэл гэмтэлд 3.938.000 төгрөгний хохирол учирснаас 1.938.000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргаж олгосон. Эмч М.Лхам-Осорын хувьд эмчилгээний зардлаа өөрөө хариуцан 1.000.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн тул хариуцагч Д.Батсүхээс Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 2.000.000 төгрөг, М.Лхам-Осорт эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нийт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар хохирлыг даатгалын байгууллага төлөх ёстой гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.Батсүх нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Соната маркын 67-26 ОРО улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 35 дугаар зүйлийг зөрчсөний улмаас түргэн тусламжийн 73-13 ОРО улсын дугаартай, Toyota хайс маркийн авто машины урд хэсэг чихэгдэн эвдрэл гэмтэл учирсан, дуудлагад явж байсан эмч М.Лхам-Осорын биед хамрын ясны хугарал, хамрын таславчны муруйлт зэрэг гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх 164 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасантай нийцсэн байна.

Бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй ба гагцхүү гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх, гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлийг Иргэний хуульд заасан ба шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Лхам-Осорт учирсан хохирол 928674 төгрөгний 10 хувь буюу 92867 төгрөгөөр багасгасаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.Батсүх нь жинхэнэ хариуцагч мөн болох нь тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар өөр этгээдийг татаж оролцуулах тухай хүсэлт гаргаагүй, Даатгалын байгууллагаас хохиролыг бүрэн хэмжээгээр хариуцуулах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан “... Даатгалын компани хохиролыг бүрэн хариуцна, түргэн тусламжийн машины жолооч М.Эрдэнэсайхан нь зорчигчийн аюулгүй байдлыг хангаагүй тул  нэхэмжлэлийн хариуцагч нь М.Эрдэнэсайхан байх ёстой тул нэхэмжлэгч Лхам-Осорын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Батсүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ